| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргал Батзориг |
| Хэргийн индекс | 2205036000012 |
| Дугаар | 2024/ДШМ/1180 |
| Огноо | 2024-10-24 |
| Зүйл хэсэг | 17.4.2.2., |
| Улсын яллагч | Г.Ариунзул |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 2024/ДШМ/1180
2024 10 24 2024/ДШМ/1180
О.Тт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Ариунзул,
хохирогч “Э” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ц.Э, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа,
шүүгдэгч О.Т, түүний өмгөөлөгч К.Манлай,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/656 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч “Э” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ц.Эын гомдлоор О.Тт холбогдох эрүүгийн 2205036000012 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
О.Т
Шүүгдэгч О.Т нь 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Э” ХХК-д борлуулалтын албаны даргаар ажиллаж байхдаа үргэлжилсэн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулан өгсөн жимсний борлуулалтын орлогоос 173,887,229 төгрөгийг завшиж, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: О.Тийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч О.Тийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг 20,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Тийн цагдан хоригдсон 53 хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгөөр тооцож, түүнд оногдуулсан торгох ялаас 795,000 төгрөгийг хасаж, түүнд оногдуулсан торгох ялыг 19,205,000 төгрөгөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Тт оногдуулсан торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Төөс 72,455,299 төгрөгийг гаргуулан хохирогч “Э” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.
Хохирогч “Э” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ц.Э давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... шүүхээс О.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр гэмт хэрэг үйлдсэн байхад түүнийг 20,000,000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй, ял хөнгөдсөн гэж үзэхээр байна. Учир нь, шүүгдэгч О.Тийн хувьд, өөрийн гэм бурууг ойлгож ухамсарласан зүйл байхгүй ба манай компанийн зүгээс О.Тт боломж олгон хэлсэн хугацаа бүрийг хүлээн авч 2 жил хохирлоо барагдуулахыг хүлээж ирсэн боловч энэ хугацаанд хилээр гарч зугтахыг оролдож, орон сууцаа зарж хохирлыг бүрэн барагдуулна гэж худал хэлж, итгэл найдвар төрүүлэн эрүүлээд тус мөнгөө дахин койн, бусад өр төлбөртөө ашигласан байсан төдийгүй шүүхээс түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулсан үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, гэм буруутайд тооцсоны эцэст аргагүйн эрхэнд манай компани хохирлыг увуулж, цувуулж хийх болсон. Шүүгдэгч О.Т нь өөрийн үйлдлийн үр дагаврыг урьдаас мэдэх ёстой байсан, түүнээс зайлсхийх боломжийг ашиглаагүй, цаашлаад хохирол учруулахгүй байх боломжтой байтал мэдсээр байж гэмт хэргийг санаатай үйлдсэн. Шүүгдэгч нь биднийг үл тоож, хохирлоо төлөхөөс илт зайлсхийж, утасны дуудлага зэргийг авахгүй, хаана байгаа зэрэг нь тодорхой бус болж байгаа нь түүнийг өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ огтхон ч гэмшихгүй байгааг илэрхийлж байна.
Иймд шүүгдэгч О.Тийн хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг шударга ёсны зарчмын хүрээнд, хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээгээгүй буюу нийгэмд аюултай шинж чанарыг багасгаагүй нөхцөл байдал харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.
Хохирогч “Э” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ц.Эын өмгөөлөгч Н.Нарантуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Үйлчлүүлэгчийнхээ гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүх хохирлыг бүрэн төлсөн эсэхийг Эрүүгийн хуулийн ерөнхий өнгийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэхдээ харгалзаж үзэх ёстой гэж бодож байна. Гэвч миний үйлчлүүлэгчийн хохирол, гомдол бүрэн барагдаагүй. Шүүгдэгчээс хохирлыг бүрэн төлсөн зүйлгүй. Сэтгэл санаа, бусад зардыг огт нэхэмжлээгүй байхад бодит байдал дээр өнөөдрийг хүртэлх хугацаанд шүүгдэгч нь гэмшсэн, уучлал хүссэн, хүлээн зөвшөөрсөн асуудал нэг ч байхгүй. Хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хэрэглэх боломжгүй нөхцөлийг гаргаж байсан.” гэв.
Шүүгдэгч О.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие 2020 оноос 2022 оны хооронд “Э” ХХК-д борлуулалтын албаны даргаар ажиллаж байхдаа компанийнхаа төлөөлөл, хамт олондоо хохирол учруулсан. Энэ хугацаанд гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байх хооронд маш их зүйлийг ухаарч, гэмшсэн бөгөөд учруулсан хохирлоос 173 сая төгрөгөөс 101 сая төгрөгийг төлж барагдуулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш 2.200.000 төгрөгийг төлж барагдуулсан. Би 2017 оноос хойш “Л” ХХК-д нягтлан бодогч хийж байгаа ба цалингаа авч давж заалдах шатны шүүхийн шатанд 2.200.000 төгрөгийг төлсөн. Би аль болох түргэн хугацаанд компанид учруулсан хохирлоо төлж барагдуулна.” гэв.
Шүүгдэгч О.Тийн өмгөөлөгч К.Манлай тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 2024 оны 09 дүгээр сарын 16, 17-ны өдрүүдэд хохиролд 2.200.000 төгрөг төлсөн баримтыг өөрийн буруугаас болж шүүх хуралдаан эхлэхэд гаргаж өгч чадсангүй. Одоо энэ талаарх 5 хуудас баримтыг гаргаж өгөх саналтай байна. Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх байр суурьтайгаар шүүх хуралдаанд оролцож байна. Миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг 2 жилийн хугацаанд төлүүүлэхээр ял шийтгэсэн. Прокуророос 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох санал гаргасан. Миний зүгээс болон хохирогчийн өмгөөлөгч Н.Нарантуяагаас тусгайлсан саналгүй тухайгаа илэрхийлсэн. Гэм буруугийн хэлэлцүүлэгт хохирогчоос гомдол, саналгүй гэдгээ илэрхийлсэн. Энэ бүх нөхцөл, саналыг харгалзан шүүхээс прокурорын 15.000 нэгжийг давуулан буюу 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон. Энэ нь шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу болон хохиролд тохирсон ял шийтгэл гэж үзэж байна. Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглээгүй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Шүүхээс гаргуулахаар шийдвэрлэсэн 72,455,299 төгрөгийг О.Т нь өөрийн чадал хэмжээгээр төлж байгааг харгалзаж үзнэ үү.” гэв.
Прокурор Г.Ариунзул шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад О.Т 101,431,930 төгрөгийг, түүнээс хойш 2,200,000 төгрөг төлснөө илэрхийлж баримтаар гаргаж өгч байна. Анхан шатны шүүх хуралдаанд хохирогч, шүүгдэгч талаас эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан гаргах саналгүй оролцсон. Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч нь хохирол төлбөрийг боломж бололцоогоороо, түргэн нөхөн төлөхөө илэрхийлж, 2,200,000 төгрөгийг төлсөн байгааг хохирол төлбөрөө төлж байна гэж үзэх үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч О.Т нь 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Э” ХХК-д борлуулалтын албаны даргаар ажиллаж байхдаа үргэлжилсэн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулан өгсөн жимсний борлуулалтын орлогоос 173,887,229 төгрөгийг завшиж, бусдад их хэмжээний хохирол учруулсан болох нь:
хохирогч “Э” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ц.Эын “... манай компанийн борлуулалтын албаны даргаар ажиллаж байсан О.Т нь 2022 оны 3 дугаар сард байгууллагын мөнгө хувьдаа завшсан нь байгууллагын санхүүгийн шалгалтаар тогтоогдсон. Эхний ээлжинд 70 орчим сая төгрөгийн тооцоо дутсан, манай санхүүч бүх харилцагч нартайгаа тооцоо нийлэн холбогдсоны эцэст манай “Э” ХХК-д 186,553,356 төгрөгийн хохирол үүссэн байсан ба би О.Тт өөрт нь хэлж тайлбарлахад хүлээн зөвшөөрч хэдэн төгрөгийг хувьдаа завшсанаа мэдэхгүй явж байсан. Бүх тооцоо нийлсэн актаараа Ттэй нягтлан бодож үзэхэд Т нь хүлээн зөвшөөрч машин, утасны дугаараараа хохирол барагдуулахаар ярьж байгаад 2022 оны 3 дугаар сарын 20-ноос утсаар яриад л дандаа худлаа яриад байхаар нь өмгөөлөгч аваад цагдаагийн байгууллагад хандсан. ... 2020 оны 01 сараас анх ажилд ороод 2022 оны 3 дугаар сард мэдээд ажлаас нь халсан. ... Т нь өөрийн хувийн дансаараа болон бэлнээр бас эхнэрийнхээ дансаар авсан байсан нь харилцагч нарын гаргаж өгсөн дансны хуулгаар нотлогдож байгаа. ...” /1хх 82-84, 86-87/,
гэрч Х.Мөнхжаргалын “... 2021 онд тооцоог харилцагч нартайгаа нийлэхэд Т нь нийтдээ 18 харилцагч нараас тооцооны үлдэгдэл мөнгийг бэлнээр болон өөрийн дансаар шилжүүлэн хувьдаа ашигласан байсан. Үүнийг санхүүгийн баримтаар гаргаж ирэн Тт танилцуулахад өөрөө хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, мөн төлж барагдуулахаа илэрхийлсэн боловч одоог хүртэл нэг ч төгрөг төлөөгүй тул бид цагдаагийн байгууллагад хандсан. ...манай компани зөвхөн өөрсдийн нягтлангаар харилцагч нартай тооцоо нийлэхэд бүгд Тийн хувийн данс болон түүнд бэлнээр үлдэгдэл тооцоог шилжүүлсэн байсан. Энэ мөнгөнүүдийг Т нь “Э” ХХК-д тушаалгүйгээр хувьдаа ашигласан байсан. ...” /1хх 89/,
шинжээч М.Гомбодоржийн “... “У” ХХК нь “Э” ХХК-ийн 17 харилцагчийн тооцоо нийлсэн актаар 186,553,356 төгрөгийн дүгнэлт гаргасан боловч Шүүх шинжилгээний ерөнхий газарт 15 харилцагчийн материал гаргаж өгсөн учир миний гаргасан дүгнэлт 173,887,299 төгрөг гарсан. Хоёр харилцагч байгууллагын баримт ирээгүй учраас дүгнэлт зөрүүтэй гарсан. УХХК-ийн мөнгөн дүн зөрүүтэй байсан тул үндэслэлгүй. “Э” ХХК-д бодит баримтаар 173,887,299 төгрөгийн хохирол учирсан. ...” /1хх 177-178/,
О.Тийн яллагдагчаар өгсөн “... 2022 оны 01 дүгээр сард харилцагчаас тооцоо нийлэхэд 30,000,000 төгрөг илүү гарсан. Тухайн мөнгийг учрыг нь олтол Энэтхэг койн авч өөрийн гадаад дансанд хадгалсан. Оросын холбооны улс, Украйн руу халдсанаар койны ханш огцом унаж 30,000,000 төгрөгийн койн маань төгрөгөөр 5,000,000 төгрөг болтлоо ханш унасан. Агуулахын нягтлан 2021 оны 12 дугаар сарын 27-нд шивэх ёстой байсан харилцагчийн буцаалтын баримтыг 2022 оны 3 дугаар сард дотоод санхүүгийн программ бүртгэснээр илүү гарсан 30,000,000 төгрөгийг би буцаан төлөх шаардлагатай болсон. Буцааж төлөхөөр болсон боловч надад 25,000,000 төгрөг дутсан, тэгээд 25,000,000 төгрөгийг барагдуулах зорилгоор бөөний харилцагчийн барааны бэлэн мөнгөнөөс хувьдаа өсгөх зорилгоор хэрэглэсэн боловч улам их хэмжээний өрөнд ороод байсан. 2022 оны 3 дугаар сарын сүүлээр “Э” ХХК-ийн удирдлагад өрөнд орсноо өөрийн биеэр тайлбарлаж хэлсэн. ... Бөөний харилцагчийн орлого бэлэн болон дансаар миний дансаар дамжиж “Э” ХХК нь тооцоогоо хийдэг байсан. ...Ажлын онцлогоос шалтгаалж их хэмжээний борлуулалт миний хэлцлээр надаар дамжиж хийгддэг байсан. ...Нарийн тодорхой мэдэхгүй байна. 140,000,000 төгрөгийг хувьдаа хэрэглэсэн байх. ...Буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. …Бодит хохирол 140,000,000 төгрөг орчим байгаа. 173,887,299 төгрөгийн хохирол учирсан нь бөөний харилцагчийн бүх өглөгийг 100 хувь над дээр тавьсан байна. Бөөний 2-3 харилцагчийн авлагыг аваагүй над дээр тавьсан байна, би өөрийн бодит учруулсан хохирлоо барагдуулна. ...Барсын З, Р-ийн 12,000,000 орчим төгрөгийн өрнөөс тооцоо тулж “Э” ХХК-д өгөх өглөгийг өгвөл миний учруулсан бодит хохирол гарна. …” /1хх 197-198/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 51 дугаартай шинжээчийн “... шинжилгээнд ирүүлсэн баримтаар “Э” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн хоорондох борлуулалтын орлогоос төлөгдөөгүй дүн 173,887,299 төгрөг байгааг мөрдөн байцаалтаар тогтоохоор байна. ... шинжилгээнд ирүүлсэн баримтаар “Э” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн хугацаан дахь борлуулалтыг тулган үзэхэд 15 харилцагч байгууллагын эхний үлдэгдэл 17,593,281.12 төгрөг, О.Т нь 15 харилцагч байгууллагатай нийт 2,781,745,892.00 төгрөгийн борлуулалт хийснээс “Э” ХХК-ийн 5890442255 тоот дансаар 1,791,955,000.00 төгрөг, борлуулалтын буцаалт 23,280,672.80 төгрөг, 700,559,639.50 төгрөгөөр авлага өглөгийн тооцоог хаасан 109,656,561.92 төгрөгийн авлага бүртгэгдэж 173,887,299.00 төгрөгийн анхан шатны баримтын бүрдэл хангахгүй байх тул “Э” ХХК-ийн борлуулалтын орлогоос дутагдсан нь шинжилгээгээр тогтоогдож байна. ...” гэх дүгнэлт /1хх 139-173/,
тооцоо нийлсэн акт /1хх 20-21/, “Э” ХХК-д төлбөр барагдуулах тооцоолол /1хх 40/, О.Тийн бусдаас авсан барааны борлуулалтын өр төлбөр /1хх 60-61/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч О.Тийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Шүүгдэгч О.Тийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч О.Тт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршиг, түүний хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан ялын төрөл, хэмжээний дотор буюу 20,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байхаас гадна эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Хохирогч “Э” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ц.Эын гаргасан “... шүүгдэгч О.Т нь өөрийн үйлдсэн гэмт хэрэгт огт гэмшихгүй байгаа бөгөөд түүнд оногдуулсан ял хөнгөдсөн ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээх авах үндэслэлгүй.
Учир нь, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд болно.
Шүүгдэгч О.Т нь нийт учруулсан хохирол болох 173,887,299 төгрөгөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 101,431,930 төгрөгийг, анхан шатны шүүхийн хохирогч “Э” ХХК-д гаргуулахаар шийдвэрлэсэн 72,455,299 төгрөгийн хохирлоос давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө 2,200,000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан байна.
Дээрхээс үзэхэд шүүгдэгч О.Т нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, шийтгэх тогтоол гарснаас хойш хохирол төлбөрөөс төлж буй явц зэргээс дүгнэвэл шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөдсөн гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байгаагаас гадна анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан торгох ял нь хуульд заасан ял оноосон ба түүний гэм бурууд тохирсон гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч “Э” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ц.Эын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/656 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч “Э” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ц.Эын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ