Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 877

 

                        

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

Улсын яллагч А.Сайнбаяр,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.Бт холбогдох 1706035291063 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг харъяаллын дагуу 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол улсын иргэн, С аймгийн С хотод 19 оны 0 дугаар сарын -ны өдөр төрсөн,  настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл , эхнэр  хүүхдийн хамт Б дүүргийн  дугаар хороо, Д хорооллын  дугаар байрны  тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн гэх, Х овогт Б Б /РД:

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Б.Б нь 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Д хорооллын орчим иргэн Б.Б маргалдаж улмаар нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Б өгсөн: “... 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 10 цагийн орчим  дүүргийн  дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Д хороололын гадна харуул М, Д, камерын хянагч 2 залуугийн хамт үүдний автомашин ордог хаалтыг янзлаад зогсож байхад  дугаар байрны  тоотын Б гэх залуу орж гарч ирээд 103 дугаар байрны 6 давхарт байрлах оффисыг гаргасангүй, оффис дотор амьдармааргүй байна, албан бичиг өгсөнгүй гэж хэлээд уурлан хэл амаар доромжилж шүлсээ хаян бөгжтэй гараараа миний зүүн талын хацар хэсэгт 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх.18/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Мөнхбатын өгсөн: “... 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 10 цагийн орчим Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүнжингарав хороололд ажиллаж байгаад граж руу орчихоод гарч ирэхэд СӨХ-ын Батболд нэг оршин суугчтай маргалдаад зогсож байсан. Юу гэж маргалдсаныг нь мэдэхгүй. Тухайн оршин суугч залуу Батболдын зүүн хацар хэсэгт нэг удаа цохихоор нь би боль гэж болиулаад Батболд тэр хоёр хоорондоо маргалдаад байсан. Тэгж байгаад Батболд үлдээд тухайн оршин суугч машинд суугаад явсан...” гэх мэдүүлэг /хх.37-38/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлэгийн шинжилгээний газрын шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 13110 дугаартай дүгнэлтэд:  

“1. Б.Батболдын биед зүүн хацарт шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой ...” гэх дүгнэлт /хх.35/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Бын гэрчээр өгсөн: “... Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Дүнжингарав" хорооллын 103 дугаар байрны 5 давхарын 9 тоотод амьдардаг. Манай байрны 6 давхарын 11 тоотод Хятадын компани үйл ажиллагаа явуулдаг. Энэ компани нь байнга чимээ шуугиан гаргаж шөнө унтуулахгүй, өдөрт 40-50 хүн орж гарч, байнга Хятад хүмүүс яваад хүүхэд ганцаараа орж гарч чадахгүй байнгын эрх ашиг зөрчдөг. 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 10-11 цагийн орчим гэрээсээ гараад 11 тоот руу шуугилдаад байна гэж хэлэхээр орсон. Тэгтэл оффисын ширээ сандал тавьсан 2 монгол залуу, 3 хүүхэн, 4 хятад эрэгтэй байсан. Тэгээд орон сууцны зориулалтаар барьсан байранд оффис хийж байнга чимээ гаргаж эрх ашиг зөрчиж байна гэж хэлсэн. Тэгээд удалгүй гаднаас СӨХ-ийн байцаагч Батболд орж ирсэн. Батболд тэнд байсан хүмүүстэй нийлээд энэ байр хувь хүний өмч ямар журмаар ашиглах нь чамд хамаагүй гэж хэлсэн. Байрны эзэн нь залуу нь СӨХ-д мөнгө өгсөн гэхэд Батболд мөнгөө төлсөн байгаа, чи дандаа хэл ам хийж байдаг гэж хэлээд тамхины иш над руу шидчихээр гараад зугатаасан. Батболд гадаа гараад зогссон. Би араас нь очоод тамхины иш шидэхэд миний урдаас зөрүүлээд дахиад тамхины иш шидсэн. Тэгээд Батболд урдаас хүрч ирээд нүүрнээс маажихаар би зөрүүлээд нүүрэн тус газар нь гараараа 1 удаа алгадсан. Тэгээд нэг харуул голоор ороод салцгаасан. Би машин ирчихсэн байсан болохоор машиндаа суугаад Сэлэнгэ аймаг руу явсан...” гэх мэдүүлэг /хх.31/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Б.Б нь 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав хорооллын орчим иргэн Б.Батболдтой маргалдаж улмаар нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Батболдын өгсөн: “... Болдбаатар гэх залуу орж гарч ирээд 103 дугаар байрны 6 давхарт байрлах оффисийг гаргасангүй, оффис дотор амьдармааргүй байна, албан бичиг өгсөнгүй гэж хэлээд уурлаж хэл амаар доромжилж шүлсээ хаяж бөгжтэй гараараа миний зүүн талын хацар хэсэгт 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх.18/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Мөнхбатын өгсөн: “... Тухайн оршин суугч залуу Батболдын зүүн хацар хэсэгт нэг удаа цохихоор нь би боль гэж болиулаад Батболд тэр хоёр хоорондоо маргалдаад байсан...” гэх мэдүүлэг /хх.37-38/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлэгийн шинжилгээний газрын шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 13110 дугаартай дүгнэлт  /хх.35/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Бын гэрчээр өгсөн: “... Би араас нь очоод тамхины иш шидэхэд миний урдаас зөрүүлээд дахиад тамхины иш шидсэн. Тэгээд Батболд урдаас хүрч ирээд нүүрнээс маажихаар нь би зөрүүлээд нүүрэн тус газар нь гараараа 1 удаа алгадсан. Тэгээд нэг харуул голоор ороод салцгаасан...” гэх мэдүүлэг /хх.31/ зэрэг болно.

Шүүгдэгч Б.Бын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Б.Бын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Быг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар Б.Бын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцсон болно.

Б.Б нь хохиролд 50.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч Б.Батболд нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэжээ.

             Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Б.Быг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.           

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Б.Бын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Б.Бт эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад тус тус зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Б.Бт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Бт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, Б.Бт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулсугай.

5. Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 50.000 төгрөг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Батболд нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлд заасан давж заалдах эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                               С.ӨСӨХБАЯР