Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 2024/ДШМ/1191

 

   2024           10            29                                           2024/ДШМ/1191

 

Б.Тод холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Аззаяа,

            нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Шинэхүү даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/980 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Д.Аззаяагийн бичсэн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 50 дугаартай эсэргүүцлээр Б.Тод холбогдох эрүүгийн 2406000000920 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б.Т

Шүүгдэгч Б.Т нь 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 41 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн хэсгийн өрөөнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Ө.Жийг “шалан дээр хаясан шүлсээ арч гэж хэлсэн” гэх асуудлаас болж харилцан маргалдаж, улмаар гараараа Ө.Жийн нүүрэн тус газар цохиж, эрүүл мэндэд халдаж, зүүн дээд үүдэн 1,2-р шүдний сулрал, доод уруулын дотор, салстад цус хуралт, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж Б.Тод яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.Тыг цагаатгаж шийдвэрлэжээ.

Прокурор Д.Аззаяа бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... хэрэгт цугларсан хохирогчийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлтүүд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь бүрэн нотлогдож байна.

Хууль зүйн үндэслэл:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан хохирогчийн мэдүүлэгт тусгагдсан үйл баримт нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдсон, дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтаар үнэлэхэд хангалттай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан идэвхитэй үйлдлийн улмаас бусдад хөнгөн хохирол учруулсан нийгэмд аюултай үйлдэл юм. Б.Тын хохирогч Ө.Жийн эрүүл мэндэд халдсан үйлдэл нь хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхитэй үйлдэл, өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байх бөгөөд Б.Тын гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Цагдаагийн албаны тухай хуульд зааснаар цагдаагийн албан хаагч нь гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, таслан зогсоох, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүргийн хүрээнд гэмт хэрэг, зөрчил үйлдсэнд сэрдэгдэж байгаа хүнийг түр саатуулах зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй байх зорилгоор тодорхой үйлдэл хийх шаардлага тавих бөгөөд цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй. “Хүч хэрэглэн эсэргүүцэх” нь хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан түүний тавьсан шаардлагыг үл тоож, цохих, зодох, боох гэх мэт хууль сахиулагч руу чиглэсэн санаа зорилго, идэвхитэй үйлдлээр илрэх бөгөөд цагдаагийн алба хаагч Ө.Жийн “шалан дээр гоожуулсан шүлсээ арч” гэж хэлсэн асуудал нь албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан Б.Тод тавьсан хууль ёсны шаардлага гэж үзэх үндэслэлгүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийн шинжгүй байна гэж дүгнэсэн болно. Иймд Б.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон шаардлагыг бүрэн хангахаас гадна, шүүхээс хийсэн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн тохиолдолд хууль ёсны ба үндэслэл бүхий болдог учиртай.

 

Прокуророос Б.Тыг 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 41 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн хэсгийн өрөөнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Ө.Жийг “шалан дээр хаясан шүлсээ арч гэж хэлсэн” гэх асуудлаас болж харилцан маргалдаж, улмаар гараараа Ө.Жийн нүүрэн тус газар цохиж, эрүүл мэндэд халдаж, зүүн дээд үүдэн 1, 2-р шүдний сулрал, доод уруулын дотор, салстад цус хуралт, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх Б.Тод холбогдох хэргийг хянан хэлэлцээд, хохирогч Ө.Жийг шүүгдэгч Б.Тыг хууль бусаар саатуулж, улмаар албан үүрэгтэйгээ холбогдолгүй шаардлага тавьж, бусдын биед хууль бусаар халдсан буюу халдлага довтолгоон үргэлжилж байх үед довтолгооныг зогсоох зорилгоор халдлага үйлдэгч этгээд рүү чиглэсэн буюу халдлагыг зогсоосон шинжтэй аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж дүгнэсэн, түүнчлэн дээрх байдлаар дүгнэсэн атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн мөн цагаатгах талаар хийсэн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй байна.

 

Учир нь, аливаа гэмт үйлдэл нь хүний идэвхтэй үйл ажиллагаа төдийгүй түүндээ сэтгэл зүйн хувьд хэрхэн хандсан, ямар хүсэл, зорилго, сэдэлтийг удирдлага болгон хийснийг илтгэн харуулдаг онцлогтой юм. Энэ хүрээнд гэмт үйлдлийн төрөл, аргыг зөв тодорхойлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, хэргийн зүйлчлэл, гэм буруу, ялын асуудал зэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байхыг шаарддаг, өөрөөр хэлбэл, гэм буруутай этгээдийн хууль бус үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол хоорондын шалтгаант холбоо нь уг гэмт хэргийн объектив шинжийг бүрдүүлдэг.

 

Хэргээс үзэхэд, хохирогч Ө.Жийн “... би босоод хажууд нь очоод “би чамайг шал цэвэрлээдэх гэж хэлээгүй, хаясан шүлсээ арчаад ав” гэж хэлтэл шууд миний хамар руу баруун гараараа нэг удаа цохиод авсан. Тэр үед миний хамарнаас цус гарсан, ... би тусгай хэрэгсэл буюу бугуйн гаваар гарыг нь гавлах гэтэл миний нүүр рүү дахин нэг удаа гараа атгаж байгаад цохисон. Тэгээд бид хоёр ноцолдож байтал Т нь үйлдлээ зогсоосон. Тэр үед миний хамарнаас их хэмжээний цус гарсан байсан. ...” /хх 11-12/, Б.Тын яллагдагчаар өгсөн “... “чадахгүй” гэж хэлээд сууж байхад “босоод зогс” гэж хэлээд гараа атгаж байгаад цээж хэсэг рүү 1 удаа сандал дээр суутал цохиход нь босч ирээд “та намайг яасан гэж цохиод байгаа юм“ гэж маргалдахад цаанаасаа хар өнгийн урт бороохой, гав бариад ирэхээр нь цохих гэж байна гэж бодоод нүүр хэсэг рүү нь 1 удаа мөргөхөд зөрүүлж уруул хэсэг рүү 1 удаа цохиж авахад нь зөрүүлж 2 удаа баруун гараараа нүүр хэсэг рүү нь цохиод доош дарж байгаад мөн нүүр хэсэг рүү нь 1 удаа өшиглөж авахад хамраас нь цус гарахад маргалдахаа больж хаалгыг түгжиж ариун цэврийн өрөө орж цусыг нь угаачихаад “алчуур аваад ир” гэхээр нь алчуур авч өгөхөд нүүрээ арчаад ...” /хх 49-50/ гэсэн мэдүүлгүүд авагдсан ба Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 4308 дугаартай дүгнэлтээр Ө.Жийн биед зүүн дээд үүдэн 1, 2 дугаар шүдний сулрал, доод уруулын дотор салстад цус хуралт, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан /хх 18-19/ болох нь тогтоогджээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд зааснаар өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй боловч бусдын эсрэг санаатай өдөөн хатгалт хийсний улмаас үүссэн таарамжгүй харилцааны явцад маргалдаж, улмаар харилцан бие биенийхээ эрх чөлөөнд халдан довтолж санаатай гэмтэл учруулсан нөхцөлд аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.Т нь өөрийн эрүүл мэндэд аюул учрахыг ойлгож өөрийгөө хамгаалах санаа зорилготой бус өөрийг нь цохисон гэх шалтгаанаар хохирогчийг эргүүлэн цохисон үйлдлийг аргагүй хамгаалалт гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх ... хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасан.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг хуульд заасан бүрэн гүйцэд, бодит байдлаар үнэлэхийн оронд “... шүүгдэгч Б.Тоос хохирогч Ө.Жийн биед халдсан үйлдэлдээ маргаагүй, ...шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоох үйл баримтад тодорхой бус нөхцөл байдал гарсан байна гэж дүгнэлээ, ... хохирогч Ө.Ж нь шүүгдэгч Б.Тыг хууль бусаар саатуулж, улмаар албан үүрэгтэйгээ холбогдолгүй шаардлага тавьж, бусдын биед хууль бусаар халдсан буюу халдлага довтолгоон төгсөөгүй үргэлжилж байх үед буюу довтолгоон дуусаагүй байхад уг халдлага довтолгооныг зогсоох зорилгоор халдлага үйлдэгч этгээд рүү чиглэсэн буюу халдлагыг зогсоосон шинжтэй байна. ...” гэх зэргээр харилцан уялдаагүй, нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн дүгнэлтүүдийг хийж илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тогтоолд заасан үндэслэл болох хэргийн бодит байдалд нийцээгүй байхын зэрэгцээ мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.10-д заасан зөрчилд хамаарч байна.

 

Иймд прокурор Д.Аззаяагийн бичсэн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 50 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/980 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, цагаатгагдсан этгээд Б.Тод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/980 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгосугай.

 

 2. Прокурор Д.Аззаяагийн бичсэн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 50 дугаартай эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч цагаатгах тогтоолыг хүчингүй болгосонтой холбоотойгоор цагаатгагдсан этгээд Б.Тод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.АРИУНХИШИГ

ШҮҮГЧ                                                              Г.ГАНБААТАР

ШҮҮГЧ                                                              Б.БАТЗОРИГ