| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2018/0113/Э |
| Дугаар | 276 |
| Огноо | 2018-04-16 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Цогтгэрэл |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 276
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,
Улсын яллагч Г.Цогтгэрэл,
Шүүгдэгч О.Ганболд нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт О.Ганболдод холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн 170901200039 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1970 оны 05 дугаар сарын 02-нд Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Багш мэргэжилтэй, Шатар сургалтын төвд багш ажилтай, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүрэг 18-р хороо 1-р хороолол 1-17 тоотод оршин суудаг,
2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзагдсан, Бага хотгойд овогт О.Г /регистрийн дугаар УС 70050213/,
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Яллагдагч О.Гнь ганцаараа 2017 оны 08 дугаар сарын 29-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Барилгачин” барилгын материал дэлгүүрийн 626 лангуунаас 21 хайрцаг “Жиндэ” фирмийн сантехникийн хуванцар хоолойны ган холбох хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 1.296.600 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
шүүгдэгч О.Ганболд шүүх хуралдаанд “...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн...” гэв,
түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “…би уг зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...барилгын дэлгүүрийг онгойх үед хамгийн эрт очиж хажуу зэргэлдээ байрлах 626 лангуунаас 7 хоног дарааллан сантехникийн хуванцар ган холбох хэрэгслийг нийт 20 гаран ширхгийг хулгайлан аваад явуулын хүмүүст 1 хайрцгийг 10.000-20.000 төгрөгөөр зарж зарсан мөнгөөрөө архи, пиво авч уусан юм. Түүнээс хойш уг лангуун дээр ажиллаагүй юм…” гэсэн мэдүүлэг /хх-25-27/,
Хохирогч Б.Тэгшжаргалын “…Би Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 100 айл Барилгачин барилгын материалын дэлгүүрийн 51, 58, 626 гэсэн лангуунуудыг 2010 оноос хойш одоог болтол түрээслэн ажиллуулж байгаа юм. 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд 625 лангуунаас БНХАУ-д үйлдвэрлэсэн Жиндэ фермийн сантехникийн хуванцар хоолойны ган холбох хэрэгсэл 21 хайрцаг алдсан. 2017 оны 06 дугаар сарын сүүлээр Жиндэ ХХК-с 1.296.600 төгрөгөөр худалдан авч байсан...манай 626 лангууны хажууд 62 дугаар лангуун дээр суудаг Ганболд гэдэг залуу хулгайлсан. 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр ажил дээрээ очтол бараа алга болсон байхаар би бараа алга болсон байна гэж хэлтэл хажуу лангууны Ганболд гүйгээд гараад явсан…” гэсэн мэдүүлэг /хх-13-14/,
Гэрч С.Өнөрзулын "...худалдаж авч байсан 40 ширхэг 4 хайрцгийг 110.000 төгрөгөөр худалдаж авч байсан...одоо байхгүй бүгдийг зарсан...би нийт 220.000 төгрөгөөр зарсан үйлчлүүлсэн хүмүүсийг сайн санахгүй байна...надад Ганболд гэх хүн Гурвалжин барилгын материалын дэлгүүрээс хүнээс өрөндөө авсан гэж хэлсэн. Тэгээд энэ хүнийг гаднаас нь харахад худлаа ярихааргүй хүн байсан. Итгээд авсан …” гэсэн мэдүүлэг /хх-20/,
Шүүгдэгч О.Ганболдын гэрчээр мэдүүлсэн “…би нийт 4-5 удаа өглөө эрт очиж авсан...эхний хайрцгийг Саппарогийн урд явуулын хүмүүст зарсан нилээн хямдхан хэлсэн үнээр нь зарсан. Бусдыг нь 100 айл төвийн тэнд явуулын хүмүүст хямдхан үнээр зарсан.
Тухайн үед архи согтууруулах бүтээгдэхүүн хэрэглэсэн байсан мөнгө бас маш их
хэрэг болсон...мөнгөний хэрэгцээ гараад заримыг нь өрөнд өгсөн үлдсэнээр нь
пиво уусан…” гэсэн мэдүүлэг /хх-18-19/,
Эд зүйлийн үнэлгээ /хх-28/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-60/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-63/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-64/, Шийтгэх тогтоолын хуулбар /хх-66-69/, Хувийн байдлыг тогтоосон баримт /хх-71-76/, хохирлын баримт /хх-32-38/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-77-78/ зэргийг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч О.Гнь ганцаараа 2017 оны 08 дугаар сарын 29-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Барилгачин барилгын материал дэлгүүрийн 626 лангуунаас 21 хайрцаг Жиндэ фирмийн сантехникийн хуванцар хоолойны ган холбох хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 1.296.600 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь дээр дурьдсан хохирогч Б.Тэгшжаргал, гэрч С.Өнөрзул нарын мэдүүлэг, шүүгдэгч О.Ганболдын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон.
Шүүгдэгч О.Ганболдыг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул О.Ганболдыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Тэгшжаргалд 1.296.600 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч О.Ганболд нь дээрх хохирлыг шүүхийн шатанд бүрэн төлж барагдуулсан бөгөөд хохирогч нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч О.Ганболдыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч О.Ганболдын дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй, харин гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, түүний ар гэр, хувийн байдал зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд байдалд харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж үзэв.
Мөн шүүгдэгч О.Ганболдын хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд түүнд хяналт тавихыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгах нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.Ганболд нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч О.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч О.Ганболдод хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.
3.Шүүгдэгч О.Ганболд нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
4.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Ганболдод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР