| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргал Батзориг |
| Хэргийн индекс | 2403003500480 |
| Дугаар | 2024/ДШМ/1192 |
| Огноо | 2024-10-29 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ч.Батбаатар |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 2024/ДШМ/1192
2024 10 29 2024/ДШМ/1192
Б.Үэд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ч.Батбаатар,
шүүгдэгч Б.Үэ,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Оюунтунгалаг даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/914 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Үийн давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2403003500480 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б.Ү
Шүүгдэгч Б.Үэ нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Баянзүрх захын хойд талын замд 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнийн 01 цаг 09 минутын орчимд “Тоёота Приус-30” загварын ...УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахгүй мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Н.Оийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Б.Үийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Шүүгдэгч Б.Үийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Үээс 14,520,000 төгрөг гаргуулж хохирогч Н.От төлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Үэ давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... тухайн үед явган зорчигч харагдах орчин хязгаарлагдмал харанхуй орчинд гарцгүй газраар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гарч ирсний улмаас осол гарсан. Шүүх хуралдаанаар явган зорчигч Н.О болон Б.Үэ намайг 50:50 хувийн буруутайд тооцож надад жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж Н.От сэтгэл санааны хохирол 14,520,000 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн. Мөрдөн байцаалтын шатанд Н.Оийн эмчилгээний зардал болон бусад зардлыг өгсөн бөгөөд Н.Оийн зүгээс нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэдэг тайлбар өгсөн байдаг. Б.Үэ миний бие 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдөр согтуу жолоочийн буруугаас өөрийн ээжийг авто ослын улмаас алдаад жил ч болоогүй байна. Уг авто ослоор миний ээж, төрсөн эгч 2 маань амиа алдсан боловч согтуу жолоочийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүйн улмаас уг этгээд амиа хорлосон үндэслэлээр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЗ/87 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож бидэнд сэтгэл санааны хохирол байтугай оршуулгын зардал ч олдоогүй аав 2 охин дүүгийн хамт үлдэж сэтгэл санааны хувьд маш хүнд байдалтай байгаа бөгөөд өмгөөлөгч авах ч боломжгүй байна. Хэдийгээр энэ хоёр хэрэг хоорондоо холбоогүй ч бидний өнөөгийн амьдралын нөхцөл байдал, явган зорчигч өөрөө нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг зэргийг харгалзан үзэж шийтгэх тогтоолоор оногдуулсан сэтгэл санааны хохирол 14,520,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Гэм буруутай үйлдлээ ойлгож гэмшиж байгаа бөгөөд оногдуулсан торгуулийн ялыг төлж барагдуулах болно.” гэв.
Прокурор Ч.Батбаатар шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Хохирогч Н.О нь уг гэмт хэргийн улмаас биедээ олон тооны хугарал авч хүндэвтэр гэмтэл учирсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гомдолтой байгаагаа илэрхийлж бүрэн эдгэрээгүй талаараа хэлдэг. Иймд сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг журамд заасны дагуу тогтоож шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлээж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Үэ нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Баянзүрх захын хойд талын замд 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнийн 01 цаг 09 минутын орчимд “Тоёота Приус-30” загварын ...УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахгүй мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Н.Оийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
хохирогч Н.Оийн “... арслантай гүүрний зүүн урд талд байдаг болохоор салж би замын хойд талаас такси барих гээд зам хөндлөн гарч явах үедээ автомашинд мөргүүлсэн. Хэсэг хугацаанд шоконд ороод сэргэхэд зам дээр хэвтэж байсан ба манай найз түргэн болон цагдаад дуудлага өгөөд түргэний эмч ирж үзээд шинэ гэмтлийн эмнэлэгт хүргэж өгөхөөр нь хэвлий, аарцаг, гарын рентген зураг авахад аарцгийн ясны хугаралтай /цуурсан/ байна гэсэн. ...” /хх 19/,
иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Э.Бын “... гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, явган зорчигчид учирсан хохирлыг төлж барагдуулна. ” /хх 27-30/,
Б.Үийн “... би 2024 оны 5 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө 01 цагийн үед Сансрын и-мартын тэндээс аавын эзэмшлийн Тоёота Приус-30 загварын ...УНҮ улсын дугаартай автомашиныг жолоодон гэртээ харихаар бөхийн өргөөний гэрлэн дохиотой уулзвараар баруун гар тийш эргэж ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлд нэг талдаа 2 эгнээтэй замын 1 дүгээр эгнээгээр явж байхад замын урд талаас явган зорчигч гэнэт гарч ирээд яах ийхийн зуургүй машины зүүн талын урд хэсэгт мөргүүлж унасан. Тэгээд би машинаасаа буугаад харахад замын 2 дугаар эгнээд бараан өнгийн хувцастай 20 гаруй насны эмэгтэй хажуу талаараа харсан байдалтай хэвтэж байхаар нь түргэн болон цагдаа дуудчихаад тэр эмэгтэйгийн биеийн байдлыг асуухад аймар өвдөж байна гээд орилоод байсан. ...” /хх 61-62/ гэсэн мэдүүлгүүд,
хяналтын камерын бичлэг бүхий сидинд үзлэг хийсэн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн тэмдэглэл /хх 14-15/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 7379 дугаартай шинжээчийн “... Н.Оийн биед баруун суудал ясны хугарал, бүсэлхийн 5-р нугалмын баруун талын хөндлөн сэртэн ууц ясны баруун латерал масс хамарсан хугарал, баруун тохойд шарх, баруун сарвуунд цус хуралт, баруун шуу, баруун гуянд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” /хх 39-40/ дүгнэлт,
Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 1183 дугаартай “... Тоёота приус 30 загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Үэ нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. Мөн Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино... гэсэн заалтыг тус зөрчсөний улмаас осол болох шалтгаан нөхцөл болсон байна. Явган зорчигч Н.О нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.6. “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна.” гэсэн заалтыг зөрчсөн байна. ...” /хх 52-53/ магадлагаа,
хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоогдсон акт, ослын хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх 7-12/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг хангалттай нотолжээ.
Анхан шатны шүүхээс Б.Үийг “автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байх ба түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Түүнчлэн шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохирол төлбөрийг барагдуулсан нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Шүүгдэгч Б.Үийн гаргасан “хохирогчийн сэтгэцэд учирсан хохирол гэх 14,520,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.
Хавтаст хэрэгт авагдсан баримтаар хохирогч Н.Оийн сэтгэцэд учирсан хор уршгийг 3 дугаар зэрэглэлээр тогтоож /хх 21/, түүнд танилцуулсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгчээс 14,520,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй хэдий ч давж заалдах шатны шүүхээс хохирогч Н.Оюунчимэгийн сэтгэцэд учирсан хор уршгийн хэмжээг тооцохдоо гэмт хэрэг гарсан нөхцөл байдал буюу уг хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлснийг үндэслэн багасгах боломжтой гэж дүгнэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 660,000 төгрөгийг Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын Гуравдугаар зэрэглэлийн хамгийн багаар буюу 13 дахин нэмэгдүүлснээр тооцож, 660,000х13=8,580,000 төгрөгийг гаргуулж, шийтгэх тогтоолын 5 дахь заалтад зохих өөрчлөлт оруулав.
Харин анхан шатны шүүхээс энэ талаар дүгнэлт хийхдээ сэтгэцэд учирсан хор уршгийн 3 дугаар зэрэглэлээр тогтоосныг 4 дүгээр зэрэглэл гэж алдаатай дүгнэж бичсэнийг тэмдэглэв.
Иймд, дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Б.Үийн “сэтгэцэд учирсан хохирлыг хэрэгсэхгүй болгох” талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/914 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтын “... шүүгдэгч Б.Үээс 14,520,000 төгрөг ..:.” гэснийг “... шүүгдэгч Б.Үээс 8,580,000 төгрөг ...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч Б.Үийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Г.ГАНБААТАР
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ