Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 2024/ДШМ/1193

 

       2024           10           29                                        2024/ДШМ/1193

 

 

Б.Ад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Анхбаяр,

шүүгдэгч Б.Агийн өмгөөлөгч Д.Жаргал, Ч.Энхбаяр,

хохирогч "Т" ХХК-ийн өмгөөлөгч И.Хонгор,

иргэний нэхэмжлэгч "А" ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ч.Б, түүний өмгөөлөгч А.Зоригтбаатар,

 нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/966 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч иргэний нэхэмжлэгч "А" ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ч.Б болон түүний өмгөөлөгч А.Зоригтбаатар нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Б.Ад холбогдох эрүүгийн 1908026211563  дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 16-ны дөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б.А

Шүүгдэгч Б.А нь Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр, 22-ын товчоо дээр үйл ажиллагаа явуулдаг "Т" ХХК-д борлуулалтын менежерээр ажиллаж байхдаа үргэлжилсэн үйлдлээр,

-2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ...улсын дугаартай Toyota Corolla Fielder загварын тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр шилжүүлэн авч, улмаар "А" ХХК-ийн "С" нэртэй барьцаалан зээлдүүлэх газраас 6,000,000 төгрөгийг зээлэхдээ тухайн тээврийн хэрэгслийг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангах үүднээс "А" ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн,

2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гаалийн бичигтэй Монгол улсад орж ирсэн 2012 онд үйлдвэрлэгдсэн Toyota Prius-30 загварын автомашиныг өөрийн төрсөн дүү Б.Агийн нэр дээр шилжүүлж, улмаар "А" ХХК-ийн "С" нэртэй барьцаалан зээлдүүлэх газраас 10,000,000 төгрөгийг зээлэхдээ зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангах үүднээс тухайн тээврийн хэрэгслийг "А" ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн,

2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гаалийн бичигтэй Монгол улсад орж ирсэн 2010 онд үйлдвэрлэгдсэн Toyota Prius 30 загварын автомашиныг өөрийн найз С.Гийн нэр дээр шилжүүлж, улмаар "А" ХХК-ийн "С" нэртэй барьцаалан зээлдүүлэх газраас 8,000,000 төгрөгийг зээлэхдээ зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангах үүднээс тухайн тээврийн хэрэгслийг "А" ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн,

2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр гаалийн бичигтэй Монгол улсад орж ирсэн 2011 онд үйлдвэрлэгдсэн Lexus CT-200 загварын автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлж "А" ХХК-ийн "С" нэртэй барьцаалан зээлдүүлэх газраас 9,000,000 төгрөгийг зээлэхдээ зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангах үүднээс тухайн тээврийн хэрэгслийг "А" ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн буюу бусдын өмчлөлийн эд хөрөнгийг хувьдаа захиран зарцуулж, бусдад 71,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

шүүгдэгч Б.Аг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар "үргэлжилсэн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн" гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Ад 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 7 хоногийг эдлэх ялд нь оруулан  тооцож, 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Агээс 71,000,000 төгрөгийг гаргуулж хохирогч “Т” ХХК-д олгохоор тогтож, энэхүү хохирол төлбөрт тооцуулахаар 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 21 дугаартай тогтоолоор битүүмжилсэн 71 сая төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслүүдийг битүүмжлэлээс чөлөөлж, хохирогч “Т” ХХК-д шилжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, мөн түүнээс 30,083,340 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч “А” ХХК-д олгохоор тус тус шийдвэрлэжээ.

Иргэний нэхэмжлэгч "А" ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ч.Б болон түүний өмгөөлөгч А.Зоригтбаатар нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “… Гэтэл хохирогч “Т” ХХК нь шүүгдэгч Б.Ад тухайн автомашинуудыг худалдан борлуулах эрх олгосон байдаг бөгөөд уг эрхийн дагуу Б.А, Б.А, С.Г нар нь “А” ХХК-ийн “С” ломбардад тухайн автомашинуудыг бодитоор үзүүлж, фидуцийн гэрээ байгуулж, зээл авах хүсэлтээ илэрхийлсэн. Ингээд өөрсдийнх нь хүсэл зоригийн дагуу автомашины эрхийн зөрчилтэй эсэх, маргаантай эсэхийг лавлан тодруулсны үндсэн дээр зээл, фидуцийн гэрээнүүдийг тус тус байгуулж, дээрх этгээдүүдэд мөнгийг олгосон.

Өөрөөр хэлбэл, Б.А, Б.А, С.Г нар нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө Монгол улсын Үндсэн хуульд заасны дагуу захиран зарцуулж “А” ХХК-ийн “С” ломбарднаас зээл авч, тээврийн хэрэгслийг фидуцийн гэрээний дагуу өмчлөлийг шилжүүлж өгсөн нь Монгол улсын хуулийг зөрчсөн үйлдэл биш юм. Ингээд тус гэрээний хугацаа дуусч, зээлдэгч нар гэрээний үүргээ биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлийг фидуцийн гэрээний зүйл болох тээврийн хэрэгслүүдийг бодитоор эзэмшилдээ авснаар гэрээ дуусгавар болсноор хууль ёсны өмчлөгч нь иргэний нэхэмжлэгч “А” ХХК юм.

Гэтэл анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт чухал ач холбогдолтой нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй шийдвэр гаргасан. … улсын дугаартай тээврийн хэрэгслүүд нь Авто тээврийн үндэсний төвийн албан бичиг болон 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн, 2018 оны 12 дугаар сраын 20-ны өдрийн, 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн, 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн фидуцийн гэрээнүүдэд тус тус заасны дагуу өнөөдрийг хүртэл “А” ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгө хэвээр байна. Харин “Т” ХХК нь тус автомашинуудын өмчлөгч биш болохыг шүүх анхаарч үзээгүй.

Тухайлбал, “А” ХХК-тай байгуулсан гэрээ нь Иргэний хуульд заасан зохицуулалтын дагуу байгуулсан гэрээ бөгөөд гэрээ байгуулагдах үед “А” ХХК Б.А дээрх тээврийн хэрэгслүүдийг итгэмжлэн хариуцуулсан хөрөнгө завшиж шилжүүлэн авсан болохыг мэдээгүй байхдаа гэрээ байгуулж, зээл олгож, Б.А, Б.А, С.Г нарын өмчлөлийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд хөрөнгийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ. Тухайн хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон болохыг мэдсээр байж авсан болох нь тогтоогдвол шүүх уг эд зүйл, хөрөнгө, орлогыг бусдын өмчлөлд шилжүүлсэн хэлцлийг хүчингүйд тооцож, хөрөнгө, орлогыг хураан авч хохирлыг нөхөн төлүүлнэ.” гэж заасны дагуу “А” ХХК нь тус … улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн өмчлөгчөөр үлдэх хуулийн зохицуулалттай. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь дээрх зохицуулалтыг анхаарч үзэлгүй орхигдуулж дүгнэлт гаргасан.

2. “А” ХХК болон иргэн Б.А, Б.А, С.Г нарын хооронд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /цаашид "фидуци" гэх/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ байгуулагдсан ба тус гэрээ нь тухайн цаг хугацаанд хүчин төгөлдөр байгуулагдсан гэрээ юм. Учир нь Б.А, Б.А болон С.Г нар нь Б.Агийн зааж өгсөнчлөн тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигчийн нэрийг өөрсдийн нэр дээр шилжүүлэн авсныхаа дараа тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч хэмээн өөрсдийгөө танилцуулж /тээврийн хэрэгслийг жолоодон ирсэн/ улмаар зээл авах хүсэлт гаргасан ба энэ тохиолдолд “А” ХХК нь зээлийн гэрээ байгуулах үүрэгтэй /гэрээ байгуулахаас татгалзах эрхгүй/ юм.

Мөн талуудын хооронд байгуулагдсан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.6-д зааснаар үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэмэгдэл үүрэг буюу үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга хэлбэр юм. Өөрөөр хэлбэл, Үндсэн үүрэг болох зээлийн гэрээний харилцаа хүчин төгөлдөр тохиолдолд нэмэгдэл үүрэг болох үүргийн гүйцэтгэлийг хангах арга хэлбэр нь Иргэний хуульд тусгайлан заасан зохицуулалтыг зөрчсөнөөс бусад тохиолдолд хүчин төгөлдөр байдаг. Гэтэл анхан шатны шүүх Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэг, мөн хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.6 дахь хэсгийн зохицуулалтыг хэрэглээгүй.

3. Нөгөөтэйгүүр, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т “Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелуулээгуй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг уурэг гуйцэтгуулэгч бодитойгоор гаргуулан авснаар уургийн гуйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно" гэж заасны дагуу дуусгавар болох бөгөөд зээлдэгч /Б.А, Б.А, С.Г/ нар нь зээлийн гэрээний үүргээ зөрчсөн тул “А” ХХК нь энэ тохиолдолд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т зааснаар … улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн бодит ашиглалтыг зээлдэгч нараас гаргуулан авснаар тухайн зээлийн гэрээний болон фидуцийн гэрээний харилцаа дуусгавар болсон.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 236 дугаар зүйл /үүрэг гүйцэтгэснээр үүрэг дуусгавар болох/-ийн 236.1.2-т “үүрэг гүйцэтгүүлэгч нь гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан” бол гэж заасны дагуу “А” ХХК нь … УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн ашиглалт, эзэмшлийг бодитоор гаргуулан авсан тул талуудын хооронд байгуулагдсан гэрээний харилцаа, үүрэг бүхэлдээ дуусгавар болсон. Гэтэл анхан шатны шүүх хуулийн дээрх зохицуулалтыг хэрэглэлгүй орхигдуулсан бөгөөд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4, мөн хуулийн 236 дугаар зүйлийн 236.1 2-т зааснаар үүргийн харилцаа аль хэдийн дуусгавар болсон байхад тухайн тээврийн хэрэгслүүдийн өмчлөх, эзэмших эрхэд дүгнэлт хийж, “А” ХХК-ийн өмчлөл, эзэмшлээс гаргуулан хохирогч байгууллагад олгохоор шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлгүй юм.

4. Нөгөөтэйгүүр, … улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Б.А, Б.А, С.Г нарын нэр дээр хамгийн анх Авто тээврийн үндэсний төвд бүртгэгдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон бөгөөд “А” ХХК нь эдгээр этгээдүүдийн нэр дээр бүртгэгдсэн тээврийн хэрэгслийн гэрчилгээг нь үндэслэн зээлийн болон фидуцийн гэрээ байгуулсан. /Тээврийн хэрэгслийн гэрчилгээнд нэр нь бичигдэж, тухайн тээврийн хэрэгслийг бодитоор эзэмшиж, ашиглаж буй Б.А, Б.А, С.Г нарыг “А” ХХК нь бусдын эд хөрөнгийг завшсан гэж мэдээгүй буюу ийнхүү мэдэх ямар ч боломж, бололцоо байхгүй нь илэрхий юм/

 Мөн Иргэний хуулийн 91 дүгээр зүйл /Эд хөрөнгө эзэмшигчийг өмчлөгч гэж тооцох/-ийн 91.2.1-д “Эд хөрөнгийг өмчлөх эрх улсын бүртгэлд үндэслэсэн бол” гэж заасны дагуу зээлийн гэрээ болон фидуцийн гэрээ байгуулагдах цаг хугацаанд тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч нь Б.А, Б.А, С.Г нар байсан ба харин хохирогч компанийг тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч гэж үзэх хууль зүйн үндэслэл байгаагүй. /Хохирогч компанийн эзэмшил дуусгавар болсон байсан/

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 183 дугаар зүйл /Улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл үнэн зөв байх/-ийн 183.1-д “Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” гэж заасны дагуу “А” ХХК-ийн хувьд зээлдэгч нар нь тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч гэж тооцогдох юм.

Гэтэл анхан шатны шүүх Иргэний хуулийн дээрх зохицуулалтыг хэрэглэлгүй орхигдуулсан бөгөөд улсын бүртгэл үнэн зөв байх зарчмыг зөрчиж, тухайн тээврийн хэрэгслийг одоогийн шударга өмчлөгч болох “А” ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

6. Энэхүү гэмт хэрэг үйлдэгдэх орчин нөхцөлийг хохирогч байгууллага өөрөө бүрдүүлсэн атал анхан шатны шүүх дээрх үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй орхигдуулсан. Учир нь хохирогч байгууллага нь компанийн захирлын гарын үсэгтэй, хуулийн этгээдийн тамга дарагдсан олон тооны албан бичгийг шүүгдэгч Б.Ад хариуцуулан үлдээсэн байх ба эдгээр албан бичиг болон тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнд аливаа хэлбэрээр хяналт тавьж байгаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан оролцогчдын мэдүүлгээр тогтоогддог.

Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, нөхцөлийг хохирогч компани өөрөө бүрдүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон бөгөөд хэрэв хохирогч компани нь энэхүү нөхцөлийг бүрдүүлээгүй байсан тохиолдолд “А” ХХК-д аливаа хэлбэрээр хохирол учрахгүй байх байсан. Гэтэл анхан шатны шүүх дээрх үйл баримтын талаар огт дүгнэлт хийлгүйгээр тухайн тээврийн хэрэгслийг “А” ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Тухайлбал, анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6- д заасны дагуу “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл”-ийг тогтоох үүрэгтэй боловч энэхүү үүргээ хэрэгжүүлээгүй бөгөөд гэмт хэрэг үйлдэх шалтгаан, нөхцөлийг бүрдүүлсэн хохирогчид тээврийн хэрэгслийг олгуулахаар шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй юм.

Мөн шүүгдэгч Б.А мөрдөн байцаалтын шатанд оргон зайлсан, түүнчлэн хохирогч нарт учирсан хохирол төлбөрийг төлөөгүй, энэ жил 5 гаруй хугацаанд Япон улс руу оргон зайлж, хохирол төлбөр төлөх талаар үйлдэл санаачилга огт гаргаагүй зэргийг харгалзан ял оногдуулах байтал анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй, дүгнэлт хийлгүйгээр эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй хэмээн дурдаж, дөрвөн жилийн хорих ял оногдуулсан нь илт үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 8 дугаар зүйлд өөрчлөлт оруулж, “Тоёота приус-30” загварын …, “Тоёота приус-30” загварын .. “Лексус СТ” загварын … “Тоёота Пилдэр” загварын … улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг “А” ХХК-д бодитоор олгож өгнө үү.” гэв.

 

Хохирогч “Т” ХХК-ийн өмгөөлөгч И.Хонгор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэний нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийн 56.1.1 дэх заалтад зааснаас 56.1.10 дахь заалтад зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл биш гэж яриад байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийн 56.1.8 дахь заалтад … хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэлийг хүчин төгөлдөр бус байхаар заасан. 4 машиныг зарлаа гэдэг байдлаар “Т” ХХК-ийн захирал удирдлагуудаас зөвшөөрөл авсан тохиолдол байхгүй. Үүнийг гэрч Долгион, Т нар гэрчилж мэдүүлдэг. Иймд хуульд заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцлээр “А” ХХК-нд очсон юм. Иргэний хуулийн 94 дүгээр зүйлд заасан эд хөрөнгийг завших эзэмших эрхгүй буюу энэ эрхээ алдсан шударга эзэмшигч нь уг эд хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцаан өгөх үүрэгтэй. Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй гэсэн. Хууль ёсны эзэмшигчээс нь шаардаад байдаг. Уг гэмт хэргийг үйлдчихээд гэмт хэрэг үйлдсэний дараа “А” ХХК-нд шилжсэн. Хууль ёсоор шилжээгүй, гэмт хэргийн улмаас шилжсэн гэдгийг анхан шатны шүүх тодорхой дүгнэж өгсөн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Б.Агийн өмгөөлөгч Ч.Энхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монгол улсын иргэн үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө шударгаар олж авах эрхтэй. Шударгаар олж авсан эрхээ сэргээлгэх эрхтэй гэж хуулиар олгосон байдаг. Уг тохиолдолд “Т” ХХК нь эд хөрөнгөөрөө хохирсон гэдгийг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд тодорхой заасан байгаа. Хохирогч “Т” ХХК-ийн хөрөнгийг шүүгдэгч Б.А эд хөрөнгийг хариуцсан байх үедээ өөрийн болгож авч компанийг хохироосон үйлдэл нотлогдсон байдаг. 4 авто машиныг “А” компанийн барьцаанд тавихдаа үндсэн үнийн дүнгийн 40-50 хувиар бодож тавьсан. Иймд анхан шатны шүүх “А” ХХК-ийн өмчлөлд шилсэн гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

Шүүгдэгч Б.Агийн өмгөөлөгч Д.Жаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

Прокурор Н.Анхбаяр шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Иргэний нэхэмжлэгчээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт “Иргэний нэхэмжлэгч нь шүүхийн тогтоол, магадлалын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргаж болно” гэж зааснаар гомдол гаргасан байна. Анхан шатны шүүх автомашинуудыг хохирогчид олгосон нь үндэслэлтэй гэж үзэж байна. Энэ асуудлаар анхан шатны шүүх хуралдаанд мэтгэлцээний үндсэн дээр хуулийн хэрэглээтэй холбоотой асуудлаар нилээн мэтгэлцсэн. Иргэний нэхэмжлэгч автомашинуудыг манай эзэмшилд шилжүүлж өгөх нь зүйтэй гэсэн байр суурийг хэлсэн. Эрүүгийн хуульд зааснаар уг гэмт хэргийн улмаас хохирогч эд хөрөнгөөрөө хохирсон байна. Хохирогчийн эд хөрөнгийг процессийн дагуу иргэний нэхэмжлэгчийн ажиллуулдаг ломбарданд тавьж иргэний нэхэмжлэгчид эд хөрөнгийн хохирол учруулсан гэдэг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон. Анхан шатны шүүхээс мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон нөхцөл байдлуудыг хуульд нийцүүлж дүгнэсэн гэж үзэж байна. Эхлээд гэмт хэргийн улмаас хохирогчид шууд учирсан хохирлыг олгох нь зүйтэй гэж үзсэн. Уг гэмт хэргийн улмаас хууль бусаар иргэний нэхэмжлэгчийн эзэмшилд шилжсэн үйлдэл нь процессийн хувьд дараагийн асуудал байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.А нь Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр, 22-ын товчоо дээр үйл ажиллагаа явуулдаг "Т" ХХК-д борлуулалтын менежерээр ажиллаж байхдаа үргэлжилсэн үйлдлээр,

-2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ...улсын дугаартай Toyota Corolia Fielder загварын тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр шилжүүлэн авч, улмаар "А" ХХК-ийн "С" нэртэй барьцаалан зээлдүүлэх газраас 6,000,000 төгрөгийг зээлэхдээ тухайн тээврийн хэрэгслийг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангах үүднээс "А" ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн,

2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гаалийн бичигтэй Монгол улсад орж ирсэн 2012 онд үйлдвэрлэгдсэн Toyota Prius-30 загварын автомашиныг өөрийн төрсөн дүү Б.Агийн нэр дээр шилжүүлж, улмаар "А" ХХК-ийн "С" нэртэй барьцаалан зээлдүүлэх газраас 10,000,000 төгрөгийг зээлэхдээ зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангах үүднээс тухайн тээврийн хэрэгслийг "А" ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн,

2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гаалийн бичигтэй Монгол улсад орж ирсэн 2010 онд үйлдвэрлэгдсэн Toyota Prius 30 загварын автомашиныг өөрийн найз С.Гийн нэр дээр шилжүүлж, улмаар "А" ХХК-ийн "С" нэртэй барьцаалан зээлдүүлэх газраас 8,000,000 төгрөгийг зээлэхдээ зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангах үүднээс тухайн тээврийн хэрэгслийг "А" ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн,

2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр гаалийн бичигтэй Монгол улсад орж ирсэн 2011 онд үйлдвэрлэгдсэн Lexus CT-200 загварын автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлж "А" ХХК-ийн "С" нэртэй барьцаалан зээлдүүлэх газраас 9,000,000 төгрөгийг зээлэхдээ зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангах үүднээс тухайн тээврийн хэрэгслийг "А" ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн буюу бусдын өмчлөлийн эд хөрөнгийг хувьдаа захиран зарцуулж, бусдад 71,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан болох нь:

хохирогч “Т” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Тын “… Манай компани 2018 оны 10 дугаар сарын сүүлээр хотын төвд 2 дахь салбараа нээснээс болж 22-ын товчоо дээр гүйцэтгэх захирал байх боломжгүй болсон тул тухайн үед ажиллаж байсан А, Агэх борлуулалтын менежер нарт 22-ын товчооны салбарыг хариуцуулан үлдээхээр болоод тухайн үед зарах гэж байгаа автомашинууд болон автомашинуудын хилээр орж ирсэн талаарх гаалийн бичиг, автомашин худалдан авсан үед худалдан авагчид автомашины эрхийг шилжүүлэхэд ашигладаг компанийн тамгатай, гарын үсэгтэй албан тоотуудыг үлдээсэн. Уг хоёр менежер маань автомашинуудын худалдаа болон худалдан авсан тохиолдолд худалдан авагчид автомашины эрх шилжүүлэх асуудлыг бүрэн хариуцаж худалдан авалтыг өөрсдөө хийж автомашиныг зарахаас өмнө автомашины эрхийг шилжүүлэх талаар удирдах албан тушаалтанд мэдэгдэж зөвшөөрөл авсны дагуу автомашины эрхийг шилжүүлэх худалдан авах хүнд албан тоотоор шилжүүлэн өгдөг байсан. ... Тэгсэн А нь ажиллаж байх хугацаандаа буюу 2018 оны 10 дугаар сараас 2019 оны 03 дугаар сарын хооронд, манай компанийн эзэмшлийн 2018 оны 02 сард Монголд орж ирсэн Тоёота королло фейлдэр загварын ...улсын дугаартай сувдан цагаан өнгийн автомашиныг А өөрийн нэр дур мэдэн шилжүүлж, 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр “С” ломбардад 6,000,000 төгрөгийн барьцаанд тавьж, фидуцийн гэрээ байгуулан зээл авсан. Дараа нь 2018 оны 01 дүгээр сард Монгол улсад орж ирсэн Тоёота приус-30 загварын цагаан өнгийн 2012 онд үйлдвэрлэгдсэн гаалийн бичигтэй автомашиныг 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр өөрийн төрсөн дүү болох Агийн нэр дээр дур мэдэн шилжүүлж "С” ломбардад 100,000,000 төгрөгийн барьцаанд тавьж, фидуцийн гэрээ байгуулан зээл авсан. Мөн 2018 оны 01 дүгээр сард Монгол улсад орж ирсэн Тоёота приус-30 загварын сувдан цагаан өнгийн 2010 онд үйлдвэрлэгдсэн, гаалийн бичигтэй автомашиныг 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр өөрийн найз Гийн нэр дээр дур мэдэн шилжүүлж "С" ломбардад 8,000,000 төгрөгийн барьцаанд тавьж, фидуцийн гэрээ байгуулан зээл авсан. 2018 оны 10 сард Монгол улсад орж ирсэн Лексус СТ-200 загварын цагаан өнгийн 2011 онд үйлдвэрлэгдсэн, гаалийн бичигтэй автомашиныг 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр өөрийн нэр дээр дур мэдэн шилжүүлж "С" ломбардад 9,000,000 төгрөгийн барьцаанд тавьж, фидуцийн гэрээ байгуулан зээл авсан байсан. …Манай компанийн хажууд байх "С ломбарданд 4 автомашиныг өөр өөр цаг хугацаанд нийтдээ 33,000,000 төгрөгийн барьцаанд тавьсан байна. Манай байгууллагаас анх автомашин худалдан авсан гаалийн үнээрээ нийтдээ 101,000,000 төгрөг нэхэмжилж байна. …” /1хх 25-26/,

гэрч А.Долгионы “…2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22-ын товчоон дээр байх салбарт ирээд талбай дээр бэлэн байсан 50 гаруй автомашины бичиг баримтуудыг тоолоод тулгаж үзэхэд 5 автомашины гаалийн бичиг, япон экспорт сертификат байхгүй байсан. Тэгээд тухайн үедээ Атэй холбогдож чадаагүй тул орхисон. Тэгсэн өдөр нь 14 цагийн үед манай компанийн хажууд байдаг “С” ломбардны ажилтан гэнэт ирээд танай компанийн 4 автомашин манай ломбардны барьцаанд байгаа, тэдгээр автомашинаа хурааж авна, автомашины түлхүүрээ авъя гэхэд нь ямар учиртайг тодруулан асуухад А компанийн эзэмшилд байсан дугааргүй, гаалийн бичигтэй 4 автомашиныг зээлээр ломбарданд барьцаанд тавьж мөнгө авсан байсан. С ломбарданд 4 автомашиныг өөр цаг хугацаанд нийтдээ 33,000,000 төгрөгийн барьцаанд тавьсан байсан. ...” /1хх 28-29/,

гэрч С.Гийн “… А “чиний нэр дээр автомашины гэрчилгээ авах гэсэн юм” гэж хэлсэн.Тэгэхээр нь “би яах гэж байгаа юм” гэхэд энэ автомашиныг ломбардах гэж байгаа юм гэсэн. Би тэр үед “болж байгаа юм уу” гэхэд “зүгээр ээ компани мэдэж байгаа” гэж надад хэлсэн. Тэгээд А надад автомашины гэрчилгээ олгодог газрыг зааж өгөөд “тийшээ очоод эдгээр бичиг баримтыг өгөөд өөрийнхөө нэр дээр автомашиныг шилжүүлээд тэндээсээ автомашиныхаа гэрчилгээг аваарай” гэсэн. Тэгээд би приус-30 загварын автомашинтай холбоотой бичиг баримтуудыг аваад автомашины гэрчилгээ олгодог газар очиж уулзаад өөрийнхөө нэр дээр автомашины гэрчилгээг шилжүүлэн аваад ...улсын дугаар авсан. Тэгээд А рүү ярихад А “хажуу талд байгаа "С" ломбардад очоод наад автомашинаа өөрийнхөө автомашин гэж хэлээд 8,000,000 төгрөгөнд барьцаанд тавиарай” гэсэн. Тэгээд би "С" ломбарданд очоод “приус-30 загварын автомашин барьцаанд тавих гэсэн юм” гээд бичиг баримтаа өгөөд 12 сарын хугацаатай, 3 хувийн хүүтэй зээлийн болон фидуцийн гэрээ байгуулан автомашиныг "С" ломбардны нэр дээр шилжүүлэн 8,000,000 төгрөгийг бэлнээр аваад мөнгийг шууд Ад өгчихөөд явсан. …” /1хх 35/,

гэрч Б.Агийн “… 2018 оны 12 дугаар сарын 20-ний өдөр над руу манай төрсөн ах А залгаад “манай ажил дээр хүрээд ирээч, завтай байна уу” гэсэн, тэгэхээр нь “би яах гэж байгаа юм” гэж асуухад “манай компаниас зөвшөөрөөд нэг автомашины бичиг баримтыг чиний нэр дээр шилжүүлээд ломбардад тавиад мөнгийг авах хэрэгтэй” байна гэсэн. Тэгэхээр нь би ахын ажилтай холбоотой гэж бодоод 14 цагийн үед А ахын ажил болох Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо 22-ын товчоонд байрлах "Т" ХХК-ийн байранд очоод Атэй уулзсан. Тэгсэн А ах “чиний нэр дээр автомашины гэрчилгээ авах гэсэн юм” гэж хэлээд миний нэр дээр приус-30 загварын автомашиныг шилжүүлсэн байсан. Тэгээд А ах надад “автомашины гэрчилгээ олгодог газарт очоод эдгээр бичиг баримтыг өгөөд өөрийнхөө нэр дээр автомашиныг шилжүүлээд тэндээсээ автомашиныхаа гэрчилгээг аваад дугаар аваарай” гэсэн. Тэгээд би приус- 30 загварын автомашинтай холбоотой бичиг баримтуудыг аваад А ахын хамт автомашины гэрчилгээ олгодог газар очиж уулзаад өөрийнхөө нэр дээр автомашины гэрчилгээг шилжүүлэн аваад дугаар авсан, дугаарыг С санахгүй байна. Тэгээд тэндээсээ А ахын хамт "С" ломбардад орж миний бичиг баримтыг өгөөд автомашиныг үнэлүүлээд 24 сарын хугацаатай, 3 хувийн хүүтэй зээлийн болон фидуцийн гэрээ байгуулан автомашиныг "С" ломбардны нэр дээр шилжүүлэн 10,000,000 төгрөгийг бэлнээр аваад мөнгийг шууд бэлнээр А ахад өгчихөөд явсан. …” /1хх 37/,

гэрч Ш.С-ийн “… 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр өөрийгөө хувиараа автомашины ченж хийдэг гэж танилцуулсан Б- А гэх залуу Тоёота королла Фейлдэр загварын ...улсын дугаартай сувдан цагаан өнгийн Б.Агийн өөрийн нэр байх автомашиныг 6,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд унаж явах хэлбэрээр фидуцийн гэрээ, зээлийн гэрээ байгуулан нотариатаар орж баталгаажуулсан. Б.Ад 6,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай 4 хувийн хүүтэйгээр бэлнээр өгч явуулсан. Үүнээс хойш зээлийн хүүгийн мөнгийг сар бүр төлж явж байгаад 2019 оны 4 дүгээр сараас эхлэн зээлийн төлбөр өгөхгүй алга болсон. 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр приус-30 загварын дугаартай Б-н Агийн нэр дээр бүртгэлтэй автомашиныг унаж явах хэлбэрээр барьцаанд тавимаар байна гээд А гэх эмэгтэй ирээд 10,000,000 төгрөгийн барьцаанд 24 сарын хугацаатай3 хувийн хүүтэй зээлийн гэрээ болон фидуцийн гэрээ байгуулан барьцаанд тавьсан. Уг автомашины төлөлтийг 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хийгээд дахин төлөлт хийгдээгүй. 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр приус-30 загварын … улсын дугаартай С-ийн Гийн нэр дээр бүртгэлтэй автомашиныг унаж явах хэлбэрээр барьцаанд тавимаар байна гээд Г гэх хүн ирээд 8,000,000 төгрөгийн барьцаанд 12 сарын хугацаатай 3 хувийн хүүтэй зээлийн гэрээ болон фидуцийн гэрээ байгуулан барьцаанд тавьсан. Уг автомашины төлөлтийг авснаас хойш огт төлөөгүй. 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Лексус СТ-200 загварын … улсын дугаартай автомашиныг Б.Агийн нэр дээр бүртгэлтэй автомашиныг унаж явах хэлбэрээр барьцаанд тавимаар байна гээд А ирээд 9,000,000 төгрөгийн барьцаанд 12 сарын хугацаатай 4 хувийн хүүтэй зээлийн гэрээ болон фидуцийн гэрээ байгуулан барьцаанд тавьсан. Уг автомашины төлөлтийг авснаас хойш огт төлөөгүй. Тухайн хүмүүсийн нэр дээр автомашин гэрчилгээ бүртгэлтэй байсан тул автомашин худалдан авч байгаа хүмүүс байна гэж бодсон. Дээрх 4 төрлийн автомашины зээлийн хугацаа хэтрээд байсан. Тэгэхээр нь А гэх залууг хайж хавь ойроор асууж сураглахад “Т” ХХК-д борлуулагч хийдэг гэсэн. Тэгэхээр нь “Т” ХХК-ийн удирдлагатай уулзахад А гэх борлуулалтын менежер залуу нь компанийн эзэмшлийн гаалийн бичигтэй автомашинуудыг өөрийн болон танилуудынхаа нэр дээр шилжүүлэн манай байгууллагад барьцаанд тавьсан талаар мэдсэн. …” /1хх 40/,

иргэний нэхэмжлэгч “А” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Гантөмөрийн “… 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Бн А гэх залуу Тоёота королло Фейлдер загварын ...улсын дугаартай сувдан цагаан өнгийн Б.Агийн өөрийн нэр байх өөрийн өмчлөлийн автомашиныг 6,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд унаж явах хэлбэрээр фидуцийн гэрээ, зээлийн гэрээ байгуулан нотариатаар орж баталгаажуулан 6,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай 4 хувийн хүүтэйгээр зээл авсан. 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Тоёота приус-30 загварын Бн Агийн нэр дээр бүртгэлтэй автомашиныг унаж явах хэлбэрээр А гэх эмэгтэй 10,000,000 төгрөгийн барьцаанд 24 сарын хугацаатай, 3 хувийн хүүтэй зээлийн гэрээ болон фидуцийн гэрээ байгуулан барьцаанд тавьсан. ...2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр приус-30 загварын … улсын дугаартай Самданпүрэвийн Гийн нэр дээр бүртгэлтэй автомашиныг унаж явах хэлбэрээр 8,000,000 төгрөгийн барьцаанд 12 сарын хугацаатай, 3 хувийн хүүтэй зээлийн гэрээ болон фидуцийн гэрээ байгуулан барьцаанд тавьсан. 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Лексус СТ-200 маркийн … улсын дугаартай автомашиныг Бн Агийн нэр дээр бүртгэлтэй автомашиныг унаж явах хэлбэрээр 9,000,000 төгрөгийн барьцаанд, 12 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэй зээлийн гэрээ болон фидуцийн гэрээ байгуулан барьцаанд тавьсан. Тоёота королло Фейпдэр загварын ...улсын дугаартай сувдан цагаан өнгийн автомашины эхний 5 сарын төлөлт болох үндсэн төлбөр болон хүүгийн төлбөр нийлээд 3,500,000 төгрөгийг төлсөн. Үүнээс үндсэн зээлэнд 2,500,000 төгрөгийг төлөөд зээлийн хүүд 1,000,000 төгрөгийг төлсөн. Приус-30 загварын дугаартай Б.А гэх эмэгтэй эхний 1 сарын төлөлт болох үндсэн төлбөр болон хүүгийн төлбөр нийлээд 717,000 төгрөгийг төлсөн. Үүнээс үндсэн зээлэнд 416,666 төгрөг төлөөд зээлийн хүүд 300,000 төгрөг төлсөн. Манай байгууллагаас мөнгө биш байгууллагын өмчлөлд байгаа эдгээр 4 автомашиныг нэхэмжилж байна. …” /1хх 44-45/,

иргэний нэхэмжлэгч “А” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ч.Бын “… Уг Б.А, Б.А, С.Г нар нь өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг манай “А” ХХК-д үзүүлж, автомашинуудыг унаж явах нөхцөлтэйгөөр фидуцийн гэрээ байгуулж зээл авах хүсэлтээ илэрхийлсэн. Ингээд өмчлөгч нарын өөрсдийнх нь хүсэл зоригийн дагуу дээрх тээврийн хэрэгслүүдийн эрхийн зөрчилтэй эсэхийг лавлан тодруулсны үндсэн дээр зээл, фидуцийн гэрээ байгуулж, өмчлөгч нар тухайн үед мөнгийг бэлнээр хүлээн авсан. Тус эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтуудаар … улсын дугаартай автомашинууд нь “А" ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгө болох нь авто тээврийн үндэсний төвөөс гаргаж өгсөн нотлох баримтууд болон талуудын хооронд байгуулсан зээл, фидуцийн гэрээгээр нотлогддог. …Улмаар Б.А, Б.А, С.Г нар нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй зээлийн гэрээний хугацаа дууссан өдрөөс эхэлж үүрэг гүйцэтгүүлэгч “А” ХХК нь зээл, фидуцийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шилжүүлэн авсан нийт хөрөнгө буюу … улсын дугаартай автомашинуудыг бодитоор гаргуулан авч гэрээний үүргийг хангуулах эрхтэй юм. Өнөөдрийн байдлаар С.Гийн фидуцийн гэрээний зүйл болох Тоёота приус-30 загварын … улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрээний хугацаа 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр дууссан, 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 8 сая төгрөг, 1895 хоногийн хүү 15,160,000 төгрөг, алданги 4 сая төгрөг нийт 27,160,000 төгрөг, Б.А нь … улсын дугаартай Тоёота приус-30 загварын тээврийн хэрэгслийн гэрээний хугацаа 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр дууссан, 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 9,583,340 төгрөг, 1893 хоногийн хүү 18,141,250 төгрөг, алданги 4,791,670 төгрөг нийт 32,516,260 төгрөг, Б.А нь Лексус СТ загварын тээврийн хэрэгслийн гэрээний хугацаа 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр дууссан, 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 9,000,000 төгрөг, 1847 хоногийн хүү 16,623,000 төгрөг, алданги 4,500,000 төгрөг нийт 30,123,000 төгрөг, Б.А нь … улсын дугаартай, Тоёота пилтер загварын тээврийн хэрэгслийн гэрээний хугацаа 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр дууссан, 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 3,500,000 төгрөг, 1031 хоногийн хүү 6,408,500 төгрөг, алданги 1,750,000 төгрөг нийт 11,658,500 төгрөгийн үлдэгдэлтэй, эдгээр мөнгийг тус тус төлж барагдуулаагүй байна. Иймд “А” ХХК-ийн өмчлөлийн .. улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг “А” ХХК-д бодитоор олгож өгнө үү. …Нийт үндсэн зээлийн үлдэгдэл 30,083,340 төгрөг, хүү 56,332,750 төгрөг, алданги 15,041,670 төгрөг, нийт 101,457,760 төгрөг байна. …” /2хх 62-64/,

Б.Агийн яллагдагчаар өгсөн “… Ажиллаж байх хугацаандаа унаж байсан болон зарж байсан компанийн эзэмшлийн тээврийн хэрэгслүүдийг өөрийн найз, дүү нарын нэр дээр шилжүүлээд дараа нь “С” нэртэй авто ломбарданд машин барьцаалж зээл авсан үнэн. Тухайлбал: 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр компанийн эзэмшлийн ...улсын дугаартай Тоёота королла пильдер загварын автомашин унаж байгаад компанийн бэлэн албан тоот дээр тухайн машиныг Б.Агийн нэр дээр бүртгэж өгнө үү гэсэн утгатай албан тоот өөрөө бичиж өөрийн нэр дээр шилжүүлж “С” авто ломбарданд унах нөхцөлтэйгээр 6,000,000 төгрөг авсан, 2019 оны 01 дүгээр сард манай компани зарж байсан цагаан өнгийн улсын дугааргүй приус-30 загварын автомашиныг өөрийн төрсөн дүү Бн Агийн нэр дээр албан тоот бичин шилжүүлж 49-06 улсын дугаар авч Агийн нэр дээр “С” авто ломбарданд унаж явах нөхцөлтэйгөөр 10,000,000 төгрөгийн барьцаанд тавьсан, 2019 оны 02 дугаар сард манай компани дээр зарагдаж байсан цагаан өнгийн приус-30 загварын автомашиныг найз Самданпүрэвийн Г гэх найзынхаа нэр дээр шилжүүлж унаж явах нөхцөлтэйгөөр “С” ломбарданд найзынхаа нэр дээр 8,000,000 төгрөгөнд барьцаанд тавьсан, /ямар улсын дугаар авсан гэдгийг санахгүй байна/, 2019 оны 03 дугаар сарын эхээр улаан өнгийн лексус СТ-200 загварын автомашинд 19-33 улсын дугаар авч өөрийн нэр дээр шилжүүлж өөрийн нэр дээр “С” ломбарданд 9,000,000 төгрөгийн барьцаанд тавьсан, 2018 оны 02 дугаар сард 29 сая төгрөгөөр зарагдахаа Тоёота королла пильдер, 2010 онд цагаан өнгийн приус-30 загварын автомашин 19,500,000 төгрөгөөр, 2012 онд цагаан өнгийн приус-30 загварын тээврийн хэрэгсэл 20,500,000 төгрөгөөр, лексус СТ200 загварын тээврийн хэрэгсэл нь 30,500,000 төгрөгөөр тус тус манай компани дээр Япон улсаас орж ирээд тухайн үнийн дүнгээр зарж байсан санагдаж байна. Тухайн үед би өөр хүмүүст өртэй байсан болохоор “Т” ХХК-ийн ерөнхий захирлын гарын үсэгтэй тамгатай бланк надад байдаг байсан учир би машин зарах үедээ худалдан авагчийн нэр дээр тээврийн хэрэгслийн гэрчилгээг гаргахад шаардлагатай албан бичгийг бичиж өгдөг байсан юм. Тэгээд тухайн 4 тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрийн найз болон дүүдээ гарган өгч улмаар тухайн хүмүүсийн нэр дээр “С” авто ломбарданд тавьж мөнгийг би өөртөө зарцуулсан нь үнэн. Би өмнөх гурван тээврийн хэрэгслийн хүүг төлөхийн тулд хамгийн сүүлд барьцаанд тавьсан гэх лексус СТ200 загварын тээврийн хэрэгслийг “С” ломбарданд 9,000,000 төгрөгийн барьцаанд тавьж мөнгийг нь эхний барьцаанд тавьсан гурван машины хүү, алданги зэрэгт төлсөн. …” /2хх 54-56/ гэсэн мэдүүлгүүд,

барьцаат зээлийн тооцооны хуудас “С” авто ломбард нь Б.Агийн нэр дээрх Toyota Corolla fielder загварын ...улсын дугаартай … арлын дугаартай, цагаан өнгийн суудлын автомашиныг барьцаалж олгосон зээлийн хэмжээ 6,000,000 төгрөг, зогсоолын дүн 240,000 төгрөг, нийт 6,240,000 төгрөг /1хх 48/,

“С” авто ломбард нь Б.Агийн нэр дээр бүртгэлтэй Lexus CT-200Н загварын ... улсын дугаартай, .. арлын дугаартай, улаан өнгийн суудлын автомашиныг барьцаалж олгосон зээлийн хэмжээ 9,000,000 төгрөг, зогсоол дүн 360,000 төгрөг, нийт 9,360,000 төгрөг /1хх 49/,

“С” авто ломбард нь Б.Агийн нэр дээр бүртгэлтэй Тоёота приус 30 загварын ... улсын дугаартай, арлын дугаартай, цагаан өнгийн суудлын автомашиныг барьцаалж олгосон зээлийн хэмжээ 10,000,000 төгрөг, зогсоолын дүн 300,000 төгрөг, нийт 10,300,000 төгрөг /1хх 50/,

“С” авто ломбард нь С.Гийн нэр дээр бүртгэлтэй Тоёота приус 30 загварын ... улсын дугаартай, … арлын дугаартай, мөнгөлөг өнгийн суудлын автомашиныг барьцаалж олгосон зээлийн хэмжээ 8,000,000 төгрөг, зогсоолын дүн 240,000 төгрөг, нийт 8,240,000 төгрөг /1хх 51/,

2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 13800396 дугаартай Б.Атай байгуулсан зээлийн гэрээ /10,000,000 төгрөг/ болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ (1хх 52-55),

2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 13900326 дугаартай Б.Атэй байгуулсан зээлийн гэрээ /9,000,000 төгрөг/ болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ (1хх 56-59),

2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 13800051 дугаартай Б.Атэй байгуулсан зээлийн гэрээ /6,000,000 төгрөг/ болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ (1хх 60-63),

2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 13900101 дугаартай С.Гтой байгуулсан зээлийн гэрээ /8.000.000 төгрөг/ болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ (1хх 64-67),

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 641 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланд: “...Тоёота корола фейлдэр загварын ...улсын дугаартай сувдан цагаан өнгийн 2014 онд үйлдвэрлэгдсэн автомашин 15,000,000 төгрөг /элэгдэл бодогдов/, Тоёота приус-30 загварын сувдан цагаан өнгийн 2010 онд үйлдвэрлэгдсэн машин 15,000,000 төгрөг, Тоёота приус-30 загварын цагаан өнгийн 2012 онд үйлдвэрлэгдсэн автомашин 17,000,000 төгрөг, Лексус СТ-200 загварын цагаан өнгийн 2011 онд үйлдвэрлэгдсэн автомашин 24,000,000 төгрөг, нийт 71,000,000 төгрөг, ...” гэсэн (1хх 114-117) зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Б.Аг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч Б.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршиг, түүний хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан ялын төрөл, хэмжээний дотор буюу 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байхаас гадна эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

 

Шүүгдэгч Б.А нь"Т" ХХК-д борлуулалтын менежерээр ажиллаж байхдаа үргэлжилсэн 4 удаагийн үйлдлээр, гаалийн бичигтэй Монгол улсад орж ирсэн 4 автомашиныг өөрийн болон бусдын нэр дээр шилжүүлж "А" ХХК-ийн "С" нэртэй барьцаалан зээлдүүлэх газраас нийт 33,000,000 төгрөгийг зээлэхдээ зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангах үүднээс тухайн тээврийн хэрэгслүүдийг "А" ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн буюу бусдын өмчлөлийн эд хөрөнгийг хувьдаа захиран зарцуулж, бусдад 71,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн бөгөөд анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдэж олсон хууль бус орлого болох 33,000,000 төгрөгийг хураалгүй орхигдуулж хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй зөрчил гаргажээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.” гэж заасны дагуу шүүгдэгчээс 33,000,000 сая төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байх ба энэ нь заавал хэрэгжүүлэх хуулийн зохицуулалт тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй гэж үзлээ.

 

Мөн түүнчлэн, иргэний нэхэмжлэгч “А” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ч.Б, тэдгээрийн өмгөөлөгч А.Зоригтбаатар нар “... битүүмжлэгдсэн тээврийн хэрэгслийг хохирогч байгууллагад олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, фидуцийн гэрээний дагуу тээврийн хэрэгслүүдийг “А” ХХК-д олгуулж өгнө үү ...” гэсэн агуулга бүхий гомдол гаргажээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг шуурхай олж тогтоон шударгаар ял оногдуулахын зэрэгцээ гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх замаар хүний хууль ёсны эрх ашиг сонирхлыг нь хамгаалахад оршдог бөгөөд анхан шатны шүүхийн хохирогч “Т” ХХК-д учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр битүүмжлэгдсэн эд хөрөнгийг бүхэлд нь хохирогчийн өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

 

Хэргийг судлан үзвэл, иргэний нэхэмжлэгч “А” ХХК нь Б.Атэй 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 13800051, 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 13900326 тус тус дугаартай, Б.Атай 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 13800396 дугаартай, С.Гтой 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 13900101 дугаартай тус тус фидуцийн гэрээ байгуулсан байх ба уг гэрээний үндсэн дээр иргэний нэхэмжлэгч “А” ХХК болон шүүгдэгч Б.А, гэрч Б.А, С.Г нарын хооронд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /цаашид "фидуци" гэх/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан хүчин төгөлдөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуцийн гэрээ/-ний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд хэдийгээр уг эд хөрөнгө нь гэмт хэрэг үйлдэх замаар бусдын өмчлөлд шилжсэн байх боловч энэ байдлыг мэдэлгүй дээр дурдсан гэрээг байгуулж мөнгө зээлдүүлсэн иргэний нэхэмжлэгч нь энэ нөхцөлд энэ хэрэгт битүүмжлэгдсэн 4 тээврийн хэрэгслийг худалдан борлуулсан орлогоос өөрт учирсан хохирлоо хохирогчийн адил гаргуулах эрхтэй гэж үзлээ. 

 

  Мөн түүнчлэн, хохирогч “Т” ХХК-ийн өөрийн буруутай үйл ажиллагаа буюу захирлын гарын үсэгтэй, хуулийн этгээдийн тамга дарагдсан албан бичгүүдийг шүүгдэгчид хариуцуулан үлдээснээр хохирогч өөрөө гэмт хэрэг үйлдэгдэх нөхцөлийг бий болгосон байдлыг мөн харгалзан үзлээ.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн тээврийн хэрэгслүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэж үзэн хохирогч иргэний нэхэмжлэгчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхээр шийдвэрлэв.

 

Харин иргэний нэхэмжлэгчийн зүгээс гаргасан “... уг тээврийн хэрэгсэл нь хуулийн дагуу манай эзэмшилд байгаа тул манайд олгож өгнө үү ...” гэх гомдлын хувьд иргэний нхэмжлэгч байгууллага нь уг тээврийн хэрэгслүүдийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор өөрийн нэр дээр шилжүүлж олгосон зээлийн хэмжээ нь уг тээврийн хэрэгслүүдийн зах зээлийн бодит үнэлгээнд үндэслээгүй тул энэ талаарх гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр иргэний нэхэмжлэгч “А” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ч.Б, тэдгээрийн өмгөөлөгч А.Зоригтбаатар нарын гаргасан гомдлоос зарим хэсгийг хүлээн авч, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/966 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Б.Агийн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл нийт 56 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/966 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Агээс гэмт хэрэг үйлдэж олсон орлого 33,000,000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож, 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 21 дугаартай тогтоолоор битүүмжлэгдсэн тээврийн хэрэгслүүдийг хураан авч хохирогч “Т” ХХК, иргэний нэхэмжлэгч “А” ХХК нарт учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй.” гэсэн нэмэлт заалтыг оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтын ”Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Агээс 71,000,000 төгрөгийг гаргуулж хохирогч “Т” ХХК-д олгохоор тогтож, энэхүү хохирол төлбөрт тооцуулахаар 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 21 дугаартай тогтоолоор битүүмжилсэн 71 сая төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслүүдийг буюу Toyota Corolla fielder маркийн арлын дугаартай суудлын машин, Тоёота приус-30 маркийн ZVW30-1611653 арлын дугаартай суудлын автомашин, Тоёота приус-30 маркийн арлын дугаартай суудлын автомашин, Lexus CT-200H маркийн … арлын дугаартай суудлын автомашинуудыг битүүмжлэлээс чөлөөлж, хохирогч “Т” ХХК-д шилжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хохирогч “Т” ХХК нь түрээсийн төлбөр болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Агээс нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.” гэснийг ”Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Агээс 71,000,000 төгрөгийг гаргуулж хохирогч “Т” ХХК-д олгохоор тогтож, хохирогч “Т” ХХК нь түрээсийн төлбөр болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Агээс нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.” гэж өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж, иргэний нэхэмжлэгч “А” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ч.Б болон түүний өмгөөлөгч А.Зоригтбаатар нарын гаргасан гомдлын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл нийт 56 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                Б.АРИУНХИШИГ

ШҮҮГЧ                                                Г.ГАНБААТАР

ШҮҮГЧ                                                Б.БАТЗОРИГ