Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 302/ШШ2025/00355

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн У сумын 10 дугаар багт оршин суудаг, утас 8*****, ТЖ.Е;

Хариуцагч: Б аймгийн Ц сумын 9 дүгээр багт оршин суудаг, утас ******, Б.Б;

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлсэн мөнгөнөөс үлдсэн үндсэн зээл, хүүгийн хамт нийт 13,500,000 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, мал малласны хөлс 8,500,000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: 

Нэхэмжлэгч Ж.Е,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Сьезд

Хариуцагч А.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Айбек,

Гэрч Б.Орден,

Орчуулагч Т.Хуаныш,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ердос нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Ж.Е хариуцагч А.Бд холбогдуулан зээлсэн мөнгөнөөс үлдсэн үндсэн зээл, хүүгийн хамт нийт 13,500,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, хариуцагч А.Б нь нэхэмжлэгч Ж.Ед холбогдуулан мал малласны хөлс 8,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч Ж.Е нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:

1.1.Нэхэмжлэгч Ж.Е нь анх 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 4,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай зээлж авч сар бүрийн хүүд 200,000 төгрөг төлөхөөр болсон. Дараа нь 2022 оны 2 дугаар сарын 09-ний өдөр 4,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй (сарын хүү 200,000 төгрөг) зээлж авсан. 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр бэлэн бусаар А.Бы эхнэрт 1,000,000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь А.Б надаас 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 5,000,000 төгрөгийг байшингийн дээвэр хийнэ гэж надаас зээлж авсан. Ингээд А.Б надаас нийтдээ 14,000,000 төгрөг зээлж авсан.

1.2.Хариуцагч А.Б бид хоёр 2023 оны 07 дугаар сарын 13-ны өдөр тооцоо хийж мал хариулсны мөнгийг хасах буюу тооцоо нийлж бодит байдалд А.Б надад 9,000,000 өгөх ёстой болохыг баталж, зээлж авсан мөнгөний хүүд сар бүр 400,000 төгрөг өгөхөөр гарын баримт үйлдэн юм. Хариуцагч А.Б надад 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр, 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр, 2023 оны 7 дугаар сарын 13-ны өдөр тус бүр 3 баримтыг өөрийн гараар бичиж өгсөн. Миний бие тухай бүрд нь А.Бтай хэлэлцэн тохиролцож байсан ба харин түүний эхнэр Б.Орденийг мэдэхгүй юм байна. Миний бие А.Бы хүсэлтээр түүний бичиж өгсөн Төрийн банк дахь Аятханы Кенжебекийн эзэмшлийн 5192149614 тоот дансаар 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 5,000,000 төгрөг шилжүүлсэн. Тухайн үед А.Б нь надад тусгай данс байхгүй, 5,000,000 төгрөгийг эхнэрийн аав А.Кенжебекийн дансаар шилжүүлээрэй гэсэн.

Уг баримтыг Баян-Өлгий аймгийн аймгйн Цэнгэл сумын төвд гэрт үйлдсэн юм. Гэтэл одоо хүртэл А.Б нь үндсэн зээл 9,000,000 төгрөг, хүүд 4,500,000 төгрөг нийт 13,500,000 төгрөгийг өгөхгүй намайг хохироож байна.

Иймд А.Баас зээлсэн мөнгөнөөс үлдсэн 9,000,000 төгрөг, хүү 4,500,000 төгрөг нийт 13,500,000 төгрөг гаргуулан надад олгож өгнө үү гэсэн байна.

2.Хариуцагч А.Б нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариу тайлбартаа: 

2.1.Миний бие Ж.Еын малыг 2022 оны 11 дүгээр сарын 01-ээс 2023 оны 7 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 9 сар 15 хоног үхэр, хонь, ямаа зэргийг хариулсан. Мал хариулах хөлсийг сар бүр 1, 500,000 төгрөгөөр амаар тохирч нийт 14,250,000 төгрөгөөр тохирсон байгаа. Харин 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 4,000,000 төгрөгийг дараа нь өгөхөөр авсан үүнээс 3,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Ж.Еын Төрийн банк дахь тоот дансанд тушаасан, хүү төлнө гэж гэрээ хийгээгүй. Үлдсэн 1,000,000 төгрөгийг та болон таны эхнэр болох Б.Орден хоёрын мал хариулсан хөлсний үнээс хасна гэж хэлж аваагүй болно. Мөн Ж.Е нь 5,000,000 төгрөгийг малчин А.Б таны эхнэр болох Б.Орден та хоёрын мал хариулсан хөлсөнд өгсөн мөнгө гэж хэлсэн юм. Би байшингийн дээвэр хийх талаар Ж.Еоос ямар ч зээл аваагүй юм. Гэрээ хийж гарын үсэг зураагүй юм. Нэхэмжлэгч Ж.Еын 250 ямаа самнасан, 200 хонийг хяргасан байсан бид хоёрт хөлсийг өгөөгүй чирэгдүүлж байгаа би түүнд муу юм хийгээгүй малыг төлүүлж өөрт бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн юм. Би Ж.Еын малыг хариулснаас болж эрүүл мэндээр хохирсон одоо группэд гаргасан юм. Мөн түүний 60 үхрийг өвлийн цагаар тэжээж, хүйтэнд даарч, халуунд халж явлаа. Хавар 15 толгой үхрийг бойжуулж 15 тугалыг эсэн мэнд хүлээлгэн өгч байсан юм. Төл бойжуулах хөлсийг ч өгөөгүй би маш гомдолтой байна. Иймд Ж.Еын шүүхэд гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байна.

3.Хариуцагч А.Б сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:

3.1.Миний бие Ж.Еын бог, бод малыг 2023 оны 11 дүгээр сарын 01-ээс эхлэн 2024 оны 7 дугаар сарын 15-ны өдөр хүртэл түүний малыг хариулж төлүүлж, малчнаар ажилласан билээ. Эхнэр бид хоёр түүний малыг 9 сар хариулж малчнаар ажиллахад сарын хөлсийг 1,500,000 төгрөгөөр тохирсон байсан юм. Ж.Е нь мал хариулсан хөлснөөс 8, 500,000 төгрөгийг одоо хүртэл өгөөгүй, намайг чирэгдүүлж надаас 13,500,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасанд гомдолтой байна. Иймд би түүнээс 8,500,000 төгрөг гаргуулахаар сөөг нэхэмжлэл гаргаж байна. Иймд мал маллаж малчнаар ажилласан хөлс болох 8,500,000 төгрөгийг иргэн Ж.Еоос гаргуулан намайг хохиролгүй болгож өгнө үү гэсэн байна.

4.Нэхэмжлэгч Ж.Е сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариу тайлбартаа:

4.1.Ер нь А.Б миний малыг 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн хооронд малласан юм. Харин А.Б нь сөрөг нэхэмжлэлдээ бичсэн шиг миний малыг 2023 оны 11 дүгээр сарын 01-ээс эхлэн 2024 оны 7 дугаар сарын 15-ны өдөр хүртэл малласан гэж худлаа бичсэн байна. Хариуцагч А.Б урьд нь шүүхэд бичгээр гаргасан тайлбарт Би Ж.Еын малыг 2022 оны 11 дүгээр сарын 01-ээс 2023 оны 7 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 9 сар, 15 хоног үхэр, хонь, ямаа зэргийг хариулсан юм...гэсэн

4.2.Иймээс А.Б бид хоёр 2023 оны 7 дугаар сарын 13-ны өдөр тооцоо хийж мал маллаж өгсөн хөлсийг хасаад 9,000,000 төгрөг үлдсэн гэдгийг баталж надад гарын баримт бичиж өгсөн. Энэ баримтад мал маллаж өгснөөс үлдсэн 9,000,000 төгрөг, сард 400,000 төгрөгийн хүү төлнө. 9 сая төгрөг үлдсэн. Б гэж бичсэн байгаа. Иймд миний бие А.Бд мал малласны хөлс 8,500,000 төгрөг төлөх үндэслэлгүй тул түүний шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байна.

5.Нэхэмжлэгчээс Монгол Улсын Иргэний үнэмлэхийн хуулбар, хариуцагч Бы 2023 оны 07 дугаар сарын 13-ны өдөр, мөн Бы 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр, 2022 оны 01 дүгээр сарын 4-ний өдөр бичсэн гэх гарын баримт, Төрийн банкны 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Мөнгөн шилжүүлэг-ийн баримт, мөн Төрийн банкны 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Мөнгөн шилжүүлэг-ийн баримт зэрэг бичгийн нотлох баримт гаргаж өгсөн байна. 

6.Хариуцагчаас Монгол Улсын Иргэний үнэмлэхийн хуулбар, Б аймгийн Ц сумын 6 дугаар багийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 19 дугаартай тодорхойлолт, Б.Ордений 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр бичиж нотариатаар гэрчлүүлсэн гарын баримт, 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А.Кенжебекийн гарын баримт, Төрийн банкны 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Мөнгөн шилжүүлэг-ийн баримт зэрэг бичгийн нотлох баримт гаргаж өгсөн байна. 

ҮНДЭСЛЭХ нь:

7.Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

8.Нэхэмжлэгч Ж.Е дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч Ж.Е нь анх 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 4,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай зээлж авч сар бүрийн хүүд 200,000 төгрөг төлөхөөр болсон. Дараа нь 2022 оны 2 дугаар сарын 09-ний өдөр 4,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй (сарын хүү 200,000 төгрөг) зээлж авсан. 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр бэлэн бусаар А.Бы эхнэрт 1,000,000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь А.Б надаас 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 5,000,000 төгрөгийг байшингийн дээвэр хийнэ гэж надаас зээлж авсан. Ингээд А.Б надаас нийтдээ 14,000,000 төгрөг зээлж авсан. Хариуцагч А.Б бид хоёр 2023 оны 07 дугаар сарын 13-ны өдөр тооцоо хийж мал хариулсны мөнгийг хасах буюу тооцоо нийлж бодит байдалд А.Б надад 9,000,000 өгөх ёстой болохыг баталж, зээлж авсан мөнгөний хүүд сар бүр 400,000 төгрөг өгөхөөр гарын баримт үйлдэн юм. Хариуцагч А.Б надад 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр, 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр, 2023 оны 7 дугаар сарын 13-ны өдөр тус бүр 3 баримтыг өөрийн гараар бичиж өгсөн. Гэтэл одоо хүртэл А.Б нь үндсэн зээл 9,000,000 төгрөг, хүүд 4,500,000 төгрөг нийт 13,500,000 төгрөгийг өгөхгүй намайг хохироож байна. Иймд А.Баас зээлсэн мөнгөнөөс үлдсэн 9,000,000 төгрөг, хүү 4,500,000 төгрөг нийт 13,500,000 төгрөг гаргуулан надад олгож өгнө үү гэсэн байна.

7.Хариуцагч А.Б дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн байна. Үүнд: Миний бие Ж.Еын малыг 2022 оны 11 дүгээр сарын 01-ээс 2023 оны 7 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 9 сар 15 хоног үхэр, хонь, ямаа зэргийг хариулсан. Мал хариулах хөлсийг сар бүр 1, 500,000 төгрөгөөр амаар тохирч нийт 14,250,000 төгрөгөөр тохирсон байгаа. Харин 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 4,000,000 төгрөгийг дараа нь өгөхөөр авсан үүнээс 3,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Ж.Еын Төрийн банк дахь тоот дансанд тушаасан, хүү төлнө гэж гэрээ хийгээгүй. Би байшингийн дээвэр хийх талаар Ж.Еоос ямар ч зээл аваагүй юм. Гэрээ хийж гарын үсэг зураагүй юм. Нэхэмжлэгч Ж.Еын 250 ямаа самнасан, 200 хонийг хяргасан байсан бид хоёрт хөлсийг өгөөгүй чирэгдүүлж байгаа би түүнд муу юм хийгээгүй малыг төлүүлж өөрт бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн юм. Иймд Ж.Еын шүүхэд гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байна.

8.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.  Үүнд: 

8.1.Нэхэмжлэгч Ж.Е нь хариуцагч А.Бы хадам аав А.Кенжебекийн 5192149614 тоот дансанд 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн нь Төрийн банкны 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Мөнгөн шилжүүлэг-ийн баримтаар, мөн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн нь Төрийн банкны 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Мөнгөн шилжүүлэг-ийн баримтаар тус тус нотлогдож байна.

8.2.Хариуцагч А.Б нь 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэгч Ж.Еын 91400497100 тоот дансанд 3,000,000 төгрөгийг шилжүүлсэн нь Төрийн банкны 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Мөнгөн шилжүүлэг-ийн баримтаар нотлогдож байна.

8.3.Нэхэмжлэгч Ж.Ед хариуцагч А.Б 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр бичиж өгсөн гарын баримтад 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 4 сая төгрөг авсан. Сард 200,000 (хоёр зуун мянган) төгрөг төлнө. 3 сарын хугацаагаар авсан. Б. 5192149614 Кенжебек, 95420130 Гүлнар, 98898105 Жимобайл дугаар, 80215343 Юнител дугаар гэсэн байна,

мөн хариуцагч А.Бы 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр бичсэн гарын баримтад 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 4 сая төгрөг авсан. Өдөр нь 5 хувийн хүүтэйгээр авсан. Сард 200,000 (хоёр зуун мянган) төгрөг төлнө. Ямар нэгэн асуудал үүсвэл мал маллаж өгнө. Б гэсэн байна,

мөн хариуцагч А.Бы 2023 оны 07 дугаар сарын 13-ны өдөр бичсэн гарын баримтад 2023 оны 07 дугаар сарын 13-ны өдөр. Мал маллаж өгснөөс үлдсэн 9,000,000 (есөн сая) төгрөг. Сард 400,000 төгрөгийн хүү төлнө. 9 сая төгрөг үлдсэн Б гэсэн байна.

Эдгээр нотлох баримтаар нэхэмжлэгч Ж.Е 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 4,000,000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 4,000,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 1,000,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 5,000,000 төгрөг нийтдээ 14,000,000 төгрөгийг хариуцагч А.Бд өгсөн болох нь, мөн хариуцагч А.Б 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 3,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Ж.Ед буцаан төлсөн болох нь тогтоогдож байна.

8.4.Хариуцагч А.Бы 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр бичиж өгсөн гарын баримтад 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 4 сая төгрөг авсан. Сард 200,000 (хоёр зуун мянган) төгрөг төлнө, 3 сарын хугацаагаар авсан гэсэн байна. Энэхүү баримтаар 4,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй буюу сар бүр хүүд 200,000 төгрөг төлөхөөр тохиролцсон байна. Энэхүү баримтаар хариуцагч А.Бы зээл төлөх эцсийн хугацаа нь 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр үндсэн зээл 4,000,000 төгрөг, 3 сарын хүү 600,000 төгрөг, нийтдээ 4,600,000 төгрөг төлөх ёстой байна.

Мөн хариуцагч А.Б нь хоёр дахь удаа 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгч Ж.Еоос 4,000,000 төгрөгийг, сарын 5 хувийн хүүтэй, сард 200,000 (хоёр зуун мянган) төгрөг төлөхөөр зээлдэж авсан ба ямар нэгэн асуудал гарвал мал маллаж өгнө гэж 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр гарын баримт өгсөн боловч үндсэн зээл, хүүгийн хамт буцаан төлөх хугацаа тогтоогоогүй, зээлдэж авсан мөнгө төлж чадахгүй ямар нэгэн асуудал гарвал мал маллаж өгнө гэснээр 4,000,000 төгрөгийг хүүтэй эргэн төлөх нөхцөлтэй байгуулсан гэрээ гэдэг нь эргэлзээтэй тодорхой бус байна.

Эдгээр үйл баримт болон холбогдох нотлох баримтуудаар талуудын хооронд Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1-д зааснаар Зээлийн  гэрээ байгуулагдсан байна. Зээлийн гэрээгээр нэхэмжлэгч (зээлдүүлэгч) Ж.Е зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, хариуцагч (зээлдэгч) А.Б шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Мөн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан байна.

Иймд хариуцагч А.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр бичиж өгсөн гарын баримтаар үндсэн зээл 4,000,000 төгрөг, 3 сарын зээлийн хүүд 600,000 төгрөг, мөн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн гарын баримтаар 4,000,000 төгрөг нийтдээ үндсэн зээл хүүгийн хамт 8,600,000 төгрөгийн зээлийг эгүүлэн төлөх ёстойгоос 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 3,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Ж.Ед буцаан төлж өгснөөр төлөгдөөгүй 5,6000,000 төгрөг үлдсэн болох нь нотлогдож байна.

8.5.Харин нэхэмжлэгч Ж.Еын Төрийн банкаар шилжүүлсэн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 1,000,000 төгрөг болон 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 5,000,000 төгрөгийг хариуцагч А.Бд зээлсэн эсэх нь, мөн зээлийн хүү тогтоосон эсэх нь тодорхойгүй тухайн үед бичгээр хийсэн гэрээ хэлцэл байхгүй байна.

Хариуцагч А.Б нь нэхэмжлэгч Ж.Еын Төрийн банкаар шилжүүлсэн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 1,000,000 төгрөгийг, мөн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 5,000,000 төгрөгийг тус тус мал малласан хөлсөнд авсан гэж хүлээн зөвшөөрсөн боловч нэхэмжлэгч Ж.Е хэзээ хэдэн төгрөгийг мал малласан хөлсөнд өгсөн нь, түүнээс хэдэн төгрөгийг хасаад 9,000,000 төгрөг үлдсэн эх сурвалж нотлох баримт байхгүй байна.

Хариуцагч А.Бы 2023 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн гарын баримтад мал маллаж өгснөөс үлдсэн 9,000,000 (есөн сая) төгрөг. Сард 400,000 төгрөгийн хүү төлнө. 9 сая төгрөг үлдсэн гэж бичсэн үйл баримт нь хөндлөнгийн бусад нотлох баримтаар нотлогдохгүй байна.

8.6.Нэхэмжлэгч Ж.Е нь 2023 оны 11 дүгээр сарын 01-ээс эхлэн 2024 оны 7 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд малыг малласны хөлсөнд өгсөн гэж хариуцагч А.Б маргасан ба хариуцагч А.Бы 2023 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн гарын баримтад мал маллаж өгснөөс үлдсэн 9,000,000 (есөн сая) төгрөг. Сард 400,000 төгрөгийн хүү төлнө. 9 сая төгрөг үлдсэн гэсэн энэхүү баримтаар болон хариуцагч А.Б нь 2023 оны 11 дүгээр сарын 01-ээс эхлэн 2024 оны 7 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нэхэмжлэгч Ж.Еын малыг малласан болох нь талуудын тайлбар болон шүүх хуралдаанд оролцсон гэрч Б.Ордений мэдүүлэг, Б аймгийн Ц сумын 6 дугаар багийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 19 дугаартай тодорхойлолтоор тус тус нотлогдож байна.

Шүүх хуралдаанд оролцсон гэрч Б.Ордений мэдүүлэгт: Миний нөхөр А.Б бид хоёр Цэнгэл сумын 9 дүгээр багт оршин суудаг, бид хоёр 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Улаанхус сумын 10-р багт оршин суудаг Ж.Еын 60 үхэр, 800 хонь ямаа, 10 адууг маллаж өгсөн. Мал маллаж өгсний хөлсөнд сар бүр 1,500,000 төгрөг авахаар тохиролцсон. Одоо хүртэл цалин хөлс өгөөгүй байгаа. Бидэнд 5 сая төгрөгийг та хоёрын цалин хөлс гэж өгсөн ба 4 сая төгрөгийг зээлж аваад 3 сая төгрөгийг банкаар шилжүүлэн буцаан төлж өгсөн, үлдсэн 1 сая төгрөгийг мал төллөх үед хэрэглэх цалин хөлс гэж өгсөн. Бид хоёр Ж.Еын 250 ямааг нь самнасан, 200 хонь хяргасан, 60 үхрийг маллаж, эсэн мэнд 15 тугалыг нь хүлээлгэн өгсөн. Ж.Еын бид нараас авах юм байхгүй, харин бид Ж.Еоос 14,500,000 төгрөг авах ёстой. Бид нар Ж.Еын малыг маллаж өгснийг тус 10-р багийн иргэд мэдэж байгаа. Бид 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл малыг маллаж өгсөн гэсэн байна.

Б аймгийн Ц сумын 6 дугаар багийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 19 дугаартай Тус багийн иргэн Азан овогтой Б, Бекей овогтой Орден нар 2022 оны 11 дүгээр сарын 01-ээс 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Улаанхус сумын 10 дугаар багийн иргэн Жумаханы Еын малчнаар ажиллаж байсан нь үнэн гэсэн байна.

Эдгээр нотлох баримтууд болон талуудын тайлбараар талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан Хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан байна. Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Нэхэмжлэгч Ж.Е хариуцагч А.Б нарын хооронд мал маллах хөлсөөр ажиллах гэрээ амаар байгуулагдсан ба мал малласан хугацааны сарын хөлсийг хэрхэн тохиролцсон талаарх нотлох баримт байхгүй байна.

Иймд хариуцагч А.Б нь 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нэхэмжлэгч Ж.Еын малыг малласны хөлсөнд нэхэмжлэгч Ж.Е Төрийн банкаар 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 1,000,000 төгрөг, мөн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 5,000,000 төгрөгийг тус тус хариуцагч А.Бд шилжүүлснээр хариуцагч А.Б нь 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 15-ны өдөр хүртэл мал малласан хөлсөнд нийтдээ 6,000,000 төгрөг авсан нь нотлогдож байгаа боловч сөрөг нэхэмжлэлийн шаардлага мал малласны хөлсөнд 8,500,000 төгрөг үлдсэн болохыг нотлох баримт байхгүй ба хөдлөнгийн бусад нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

8.7.Хариуцагчаас гаргаж өгсөн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А.Кенжебекийн гарын баримт нь нотариатаар гэрчлүүлээгүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болж чадахгүй болно.

9.Иймд талуудын тайлбар болон дээрх нотлох баримтуудыг үндэслэн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч А.Баас үндсэн зээл хүүгийн хамт 5,600,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Ед олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 7,900,000 төгрөг болон хариуцагч А.Бы ажлын хөлс 8,500,000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

10.Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д , Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225,450 төгрөгийг, мөн хариуцагч А.Бы сөрөг нэхэмжлэлийн шаардлага 8,500,000 төгрөгт төлсөн улсын тэмдэгтийн хураамж 150,950 төгрөгийг тус тус улсын орлого болгож, нэхэмжлэлийн хангагдсан хэмжээ 5,600,000 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 104,550 төгрөгийг хариуцагч А.Баас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч А.Баас үндсэн зээл хүүгийн хамт 5,600,000 (таван сая зургаан зуун мянган) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Ед олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 7,900,000 (долоон сая есөн зуун мянган) төгрөг болон хариуцагч А.Бы ажлын хөлс 8,500,000 (найман сая таван зуун мянган) төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлүүдэд зааснаар нэхэмжлэгч Ж.Еын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225,450 (хоёр зуун хорин таван мянган дөрвөн зуун тавин тавин) төгрөгийг, мөн хариуцагч А.Бы сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 150,950 (нэг зуун тавин мянган есөн зуун тавин) төгрөгийг тус тус улсын орлого болгож, нэхэмжлэлийн хангагдсан хэмжээнд оногдох улсын тэмдэгтийн хураамж 104,550 (нэг зун дөрвөн мянган таван зуун тавин) төгрөгийг А.Баас гаргуулан нэхэмжлэгч Ж.Ед олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах  эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК