Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2022/00646

 

 

 

 

2022 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2022/00646

 

 

 

                                      М.Ггийн нэхэмжлэлтэй

                                               иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2022/00154 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М.Ггийн хариуцагч Ц.Дд холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 25,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хишигжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баатарцогт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

1.1 Нэхэмжлэлийн шаардлага: Ц.Даас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 25,000,000 төгрөг гаргуулна.

1.2 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: М.Г 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Ц.Дтай автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулж ...УНП улсын дугаартай Киа Рено маркийн тусгай зориулалтын автомашиныг худалдсан. Төлбөрийг 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 184/ШШ2017/02772 дугаар шийдвэрээр Ц.Дыг эрэн сурвалжлуулсан. Нэхэмжлэгч автомашиныг Сүхбаатар аймгийн ...хүлээлгэж өгөх үүргээ биелүүлсэн. Гэтэл Ц.Д төлбөрөө төлөхгүй зугтаасан гэжээ.

2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулгад: Ц.Д 2016 онд  М.Ггээс Киа Рино маркийн бохирын машин авахаар болсон. Гэвч машиныг хүлээлгэж өгөөгүй Сүхбаатар аймгийн ...хүлээлгэж өгсөн. М.Г нь Улаанбаатар хотод ирээд автомашин худалдах, худалдан авах гэрээг байгуулж, нотариатаар баталгаажуулсан. Хариуцагч нь одоог хүртэл автомашиныг өөрийн эзэмшилд шилжүүлж аваагүй. М.Ггийн эгч автомашины гэрчилгээг 2,000,000 төгрөгтэй аваад явсан. 2018 онд эмнэлэгт хэвтэж байхад 800,000 төгрөг буцаан өгсөн. ...Засаг даргаас машины төлбөрийг авахаар болсон таньд хамааралгүй болсон гэж хэлсэн. Нэхэмжлэгчид автомашины гэрчилгээг өгсөн боловч шилжүүлж аваагүй, тээврийн хэрэгслийн гэрчилгээг буцааж авсан. Машины өмчлөх эрхийг хариуцагч талд шилжүүлж өгөөгүй. Тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь байхгүй учраас мөнгө төлөх үндэслэлгүй гэжээ.

 3. Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Даас 25,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Гд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282,950 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ц.Даас 282,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Гд олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна.

4.1. Үйл баримтын талаар

4.1.а. М.Г, Ц.Д нарын хооронд 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан боловч М.Г гэрээний үүргээ биелүүлээгүй буюу автомашины өмчлөх эрхийг Ц.Ды нэр дээр шилжүүлж өгөөгүй. Гэрээний зүйл болох ...УНЛ улсын дугаартай, ... арлын дугаартай, автомашины өмчлөх эрхийг Ц.Ды нэр дээр шилжүүлээгүй болохыг нотлох үүднээс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Авто тээврийн үндэсний төвөөс өмчлөх эрхийн түүхчилсэн лавлагааг гаргуулах хүсэлтийг гаргасан нэхэмжлэгч М.Ггийн нэр дээр байгаа болохыг нэхэмжлэгчийн итгэмжлэгч төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн. Шүүх хэргийн үйл баримтад буруу дүгнэлт хийж, хууль хэрэглээний алдаа гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: ... Хариуцагчийн гаргасан гомдол үндэслэлгүй. Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2 дахь хэсэгт худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол хүлээн авсанд тооцно гэж заасан. Ц.Д нь 2016 оны 08 дугаар сарын 07-ны өдөр автомашиныг Улаанбаатар хотоос М.Ггээр жолоодуулж Сүхбаатар аймгийн ...хүргэж өгч бэлэглэсэн. Улаанбаатар хотод буцаж ирээд маргааш нь нотариатын газар дуудаж, гэрээ байгуулж бичиг баримтуудыг авч явсан. Хариуцагчийг эрэн сурвалжлуулж 2021 оны 08 дугаар сард байгаа газрыг нь олсноор нэхэмжлэл гаргасан. Тухайн үед гэрээ байгуулж, дагалдах бүх бичиг баримтуудыг хүлээлгэж өгсөн. Шүүх хуралдааны өмнө автомашины татвар төлсөн эсэхийг шалгахад автомашин М.Ггийн нэр дээр байсан боловч бодитоор автомашиныг хүлээлгэж өгсөн. Анхнаасаа Ц.Дд мөнгө өгөх тохиролцоо хийгээгүй учраас мөнгөний яриа байхгүй. Мөн эгчид нь мөнгө өгсөн гэж тайлбарладаг боловч эгч нь нас бараад 2-3 жил болсон хамааралгүй хүнтэй холбож тайлбарласан нь үндэслэлгүй. Анхан шатны шүүх хэргийг тал бүрээс нь үнэлж дүгнэн шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шийдвэр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч М.Г хариуцагч Ц.Даас автомашины үнэ  25,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, шаардлагын үндэслэлээ “гэрээний зүйлийг  хариуцагчийн заасан газарт хүлээлгэн өгсөн” гэж тайлбарласныг хариуцагч эс зөвшөөрч “машиныг надад хүлээлгэж өгөөгүй, Сүхбаатар аймгийн ...засаг даргад өгсөн, машины өмчлөх эрхийг шилжүүлж өгөөгүй, тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрсдөө авсан, төлбөр төлөх үндэслэлгүй” гэж маргаж байна.

3. Зохигчид 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Япон улсаас оруулж ирсэн ...УНЛ улсын дугаартай цагаан өнгийн Киа Рино маркийн автомашиныг 25,000,000 төгрөгөөр худалдаж, худалдан авах гэрээ байгуулсан, нэхэмжлэгч нь автомашиныг хариуцагчийн нэрлэн заасан Сүхбаатар аймгийн ...Засаг даргын тамгын газарт хүлээлгэн өгсөн үйл баримт хэрэгт авагдсан автомашин худалдах, худалдан авах гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдсон. Гэрээний зүйлийг Сүхбаатар аймгийн ...Засаг даргын тамгын газарт хүлээлгэн өгсөн байх тул Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч гэрээний үүргээ гүйцэтгэсэн, автомашины өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болсон гэж үзэхээр байна.

4. Маргаан бүхий тээврийн хэрэгслийн гэрчилгээ нэхэмжлэгч М.Ггийн нэр дээр байгаа талаар зохигчид маргаагүй бөгөөд нэхэмжлэгчийн “тээврийн хэрэгслийн бичиг баримтыг хариуцагчид өгсөн, автомашины гэрчилгээг Ц.Д өөрөө хүсэлт гаргаж гаргуулах боломжтой” гэх тайлбарыг хариуцагч няцааж чадаагүй. Иймд нэхэмжлэгч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

5. Хариуцагч нь “М.Ггийн эгч автомашины гэрчилгээг буцааж авсан, 2,000,000 төгрөг авсан” гэх тайлбараа баримтаар нотлоогүй.

6. Автомашины үнийг 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулах үүргээ хариуцагч биелүүлээгүй байх ба нэхэмжлэгчийн шаардах эрхийг үгүйсгэх үндэслэл тогтоогдсонгүй. 

7. Нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох автомашиныг хариуцагчийн нэрлэн заасан этгээдэд шилжүүлэн өгсөн, хариуцагч автомашины өмчлөх эрхийг шилжүүлэн авах талаар Автотээврийн үндэсний төвд хандан шийдвэрлүүлэх боломжтой байх тул энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2022/00154 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 283,000 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ИЧИНХОРЛОО

 

                ШҮҮГЧИД                                   Д.БЯМБАСҮРЭН

 

                                                             А.МӨНХЗУЛ