| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргал Батзориг |
| Хэргийн индекс | 2403003160441 |
| Дугаар | 2024/ДШМ/1199 |
| Огноо | 2024-10-30 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ч.Батбаатар |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 2024/ДШМ/1199
2024 10 30 2024/ДШМ/1199
Ц.Бд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ч.Батбаатар,
хохирогч Б.Нийн өмгөөлөгч О.Төрболд,
шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Э.Батжаргал,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/917 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Батжаргалын гомдлоор Ц.Бд холбогдох эрүүгийн 2403003160441 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Ц.Б
Шүүгдэгч Ц.Б нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Офицеруудын ордны хойд замд 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 11 цагийн орчимд “Тоёота Харриэр” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 16.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж тус тус заасныг зөрчиж явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигч Б.Нийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Ц.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц.Быг Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Баас 100,000 төгрөг, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар 9,900,000 төгрөг, нийт 10,000,000 төгрөг гаргуулан, хохирогч Б.Нэд олгох, мөн хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Баас 155,973 төгрөгийг гаргуулан, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд тус тус олгохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ц.Бын өмгөөлөгч Э.Батжаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “.... миний үйлчлүүлэгч өөрийн гэм буруутай маргаагүй бөгөөд хууль зүйн талаас дүгнэлт хийхдээ практикт гардаг зүйлсийг харгалзалгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлгүй болсон гэж үзэж байгаа бөгөөд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шалгагдах нөхцөл байдал байсан байна. Учир нь, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй, бүрэн, зөв тогтоож чадаагүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй гарсан байхад шүүх тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
...Бодит байдалд нийцээгүй тухайд:
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 6675 дугаар шинжээчийн дүгнэлтээр Б.Нийн биед гэмтлийн зэрэг тогтоох зорилгоор дүгнэлт гарсан боловч бодит байдалд нийцсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Учир нь, шинжээчийн дүгнэлтээр 2014 оны Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан” гэх үндэслэлийг дурдсан байх боловч хохирогчид учирсан гэмтэл нь уг хугацаанд хамаарахгүй гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, зам тээврийн осол 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр гарсан бөгөөд хохирогчоос 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр мэдүүлэг авч, шинжээчийн дүгнэлт мөн өдөр гарсан, прокурор мөн адил хохирогчийн өгсөн мэдүүлэг “би ослоос болж хичээлдээ явж чадахгүй байгаа, үеийнхээсээ хоцорч байна, мөн гэмтэл авсандаа гомдолтой байна” гэх мэдүүлгийг яллах дүгнэлтийн үндэслэлээ болгодог ч цаг хугацааны хувьд шинжээчийн дүгнэлт хохирогчийн мэдүүлэг өгсөн өдөр тус тус нэг өдөр байдаг нь эргэлзээ төрүүлж байна. Эрүүл мэндтэй холбоотой бусад журам болон зааварт хохирогчид учирсан гэмтлийг дөрвөн долоо хоногоос дээш хугацаагаар сарниулсан гэх зүйл байхгүй, мөн дээрх процессын хувьд ч шинжээч сарниулсан гэдгийг зөв тогтоогоогүй байдаг. Энэ тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дахин шинжээч томилох байсан байна. Миний хувьд мөн адил хохирогчид учирсан гэмтэлтэй төстэй буюу ахар сүүлний 3, 4 дүгээр нугалмын зөрүүгүй хугаралтай хэрэг маргаан дээр ажиллаж байхад 3 болон 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт хийгээд хөнгөн зэрэгт хамаарна гэж дүгнэж байсан. Дээрх нөхцөл байдал нь анхан шатны шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдал байсныг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан нь шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болж байгаа ба мөн адил шүүхийг хуулийг буруу тайлбарлаж хэрэглэхэд хүргэсэн гэж харахаар байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тухайд:
Энэхүү хэрэгт мөрдөгчийн 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 996 дугаартай “Мөрдөгчийн магадлагаа” гарч яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолд тус тус үндэслэл болсон байдаг. Үүнээс харахад магадлагаа нь шинжээчийн дүгнэлтийн адил үнэлэгдэж байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг зөрчиж байна.
Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж хэргийг шийдвэрлэхэд нөлөөлсөн гэж үзэхээр байна. Мөн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай нотолж, хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Түүнчлэн мөрдөгч, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй, хэргийн бодит байдлыг тогтоож чадаагүй, ажиллагааны алдаа гаргасан.
Анхан шатны шүүх эрүүгийн хариуцлагын тухайд Эрүүгийн хуулийн буруу тайлбарлаж хэрэглэсэн нөхцөл байдал байдаг. Тодруулбал, хохирол, төлбөр төлөгдөөгүй зэргийг харгалзан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн байдаг.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.
Миний хувьд шийтгэх тогтоол бичгээр гарсны дараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. Анх хугацаандаа амжиж гомдол гаргахын тулд хэргийн нөхцөл байдлыг бүрэн судлаагүй байхдаа 3 үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан. Өнөөдрийн шүүх хуралдаанд уг үндэслэлүүдийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэлийг дэмжихгүй, зөвхөн эрүүгийн хариуцлага хүлээлгэсэнтэй холбоотой хэсгийг дэмжиж, гомдлоо тайлбарлана. Учир нь, энэ хугацаанд хэргийн нөхцөл байдал, бусад зүйлсийг судлаад гэмтэл учирсан, гэм буруугийн талаар маргах зүйлгүй юм байна гэж өөрсдөө үзсэн. Анхан шатны шүүхийн эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нөхцөл байдлын хувьд, Ц.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эхнээс гэм буруугийн талаар маргаагүй, хохирогчийг Гэмтлийн эмнэлэгт үзүүлж гарсан зардлыг нь тухай бүр өгч байсан. Харин анхан шатны шүүхээс сэтгэл санааны хохиролд 9,900,000 төгрөг, бусад эмчилгээний зардлыг баримттай гээд 100,000 төгрөгөөр, нийт 10,000,000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн. Энэ талаар Ц.Б маргахгүй, төлөхөө илэрхийлж байгаа. Гагцхүү 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь хохирол төлөх нөхцөл байдалд нөлөөлж байна. Тодруулбал, Ц.Б нь Нарантуул худалдааны төвд монгол гутал худалдаалдаг ба үүнтэй холбоотой тодорхойлолт, түрээсийн гэрээ, мөн Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан мөнгийг төлсөн баримт зэрэг баримтыг гаргаж өгч байна. Мөн давж заалдах шатны шүүх хуралдаан болох хугацаанд Ц.Баас хохирогчид 1,000,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл мөнгийг ажлын нөхцөл байдлаас шалтгаалж төлж чадаагүй байдалтай байна. 11 дүгээр сараас 01, 02 дугаар сар хүртэл ажлын эрэлттэй үе байдаг бөгөөд энэ үед монгол гутал ховорддог учраас байгаа мөнгөөрөө урьдчилаад бараагаа авч, 11 дүгээр сараас борлуулж хохирогчийн мөнгийг төлөх боломж бүрдэнэ. Энэ талаар хохирогчийн аав, ахтай ярилцсан. хохирогч тал хохирол мөнгөө барагдуулж авах байр суурьтай байгаа. Иймд 2,000,000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож өгнө үү” гэв.
Шүүгдэгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчийн хохирлыг маш хурдан барагдуулж дуусна. Анхан шатны шүүх хуралдаанд прокуророос намайг торгох ял шийтгэнэ гэж байгаад шүүх хуралдаан завсарлаад орж ирэхэд 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн. Миний ажлын эрэлттэй үе болж байгаа учраас харгалзаж үзэхийг хүсч байна.” гэв.
Хохирогч Б.Нийн өмгөөлөгч О.Төрболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Давж заалдах гомдлын ялтай холбоотой хэсэгт хохирогч талаас хэлэх зүйл байхгүй. Хохирол хурдан барагдаж, хохирогчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол хурдан сэргээгдэхэд анхаарч, үүнтэй холбоотойгоор ямар байр суурьтай байгаа талаар үйлчлүүлэгчтэйгээ холбогдсон. “Хохирол аль болох хурдан төлөгдөж байвал ямар ял шийтгүүлэх нь хамаагүй, саналгүй. Хохирол хурдан төлүүлэх арга хэмжээ авч өгнө үү” гэсэн. Өөр хэлэх зүйлгүй.” гэв.
Прокурор Ч.Батбаатар шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал болон ажил хөдөлмөр эрхэлж орлого олдог эсэх, хохирол төлөгдөөгүй зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан. Үүнийг улсын яллагчийн зүгээс үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь, анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа боловч хохирол төлөгдөөгүй. Мөн орлого олдог, ажил хөдөлмөр эрхэлдэг талаараа баримтаа гаргаж өгөөгүй.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ц.Б нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Офицеруудын ордны хойд замд 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 11 цагийн орчимд “Тоёота Харриэр” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 16.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж тус тус заасныг зөрчиж явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигч Б.Нийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
хохирогч Б.Нийн “... Хаан банкны харалдаа явган хүний гарцаар гарч байх үед урдаас хойш чиглэлтэй замын 2 дугаар эгнээнээс нэг цагаан өнгийн тээврийн хэрэгсэл намайг гарцан дээр баруун ташаа хэсгээс мөргөөд зогссон. Би мөргүүлээд унахдаа хоёр хөлөө тэлээд бөгсөн хэсгээрээ хүчтэй зам дээр унасан. Намайг зам дээр хэвтэж байхад мөргөсөн машины жолооч болон тэнд байсан хүмүүс ирээд хэдэн талаас өргөөд мөргөсөн машины арын суудал дээр суулгаад гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. ...” /хх 13/,
Ц.Бын яллагдагчаар өгсөн “... офицеруудын ордны тойргоос хойш эргээд Хаан банкны баруун талын зорчих хэсгийн 2 дугаар эгнээнд явган хүний зам руу урдаасаа хойш чиглэлтэй гарцаар гарсны дараа би машинаа хөдөлгөтөл баруун талаас зүүн чиглэлтэй нэг эмэгтэй гарч ирснийг анзаараагүй тээврийн хэрэгслийнхээ зүүн урд талаар мөргөөд тухайн мөргүүлсэн эмэгтэй зүүн хойл тал руугаа уначихсан. Би тэр дороо тээврийн хэрэгслээ зогсоогоод аваарын гэрлээ асаагаад машинаасаа буугаад мөргүүлсэн эмэгтэйг ...тэнд байсан хүмүүсээс гуйж байгаад гурван талаас нь дамжилж босгоод машины арын суудал дээр суулгаад гэмтлийн эмнэлэг орсон. ...” /хх 67/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 6675 дугаартай шинжээчийн “Б.Нийн биед ахар сүүлний 2 дугаар нугалмын их биеийн хугарал, баруун мөрөнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” /хх 22-24/ дүгнэлт,
Камерын бичлэгт үзлэг хийсэн 2024 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн тэмдэглэл /хх 84-87/,
Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 996 дугаартай магадлагаа /хх 57/,
хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоогдсон акт, ослын хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-10/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг хангалттай нотолжээ.
Анхан шатны шүүхээс Ц.Быг “автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байх ба түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Батжаргалын “... нийтэд тустай ажил хийлгэх ялаас өөр ял оногдуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх боломжгүй байна.
Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс Ц.Бд оногдуулсан ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Батжаргал нь давж заалдах шатны шүүхэд гаргасан “... шинжээчийн дүгнэлт болон мөрдөгчийн магадлагааг эс зөвшөөрсөн ” гомдлын үндэслэлээсээ шүүх хуралдааны явцад татгалзсан болохыг дурдаж байна.
Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/917 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Батжаргалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/917 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Батжаргалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ