| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2018/0114/Э |
| Дугаар | 277 |
| Огноо | 2018-04-16 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ц.Сүхбат |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 277
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга О.Бадмаараг,
Улсын яллагч Ц.Сүхбат,
Шүүгдэгч Б.Оюун-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Б.Баярням нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Оийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2014250006251 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1996 оны 08 дугаар сарын 02-нд Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эцэг, эх, дүүгийн хамт, Чингэлтэй дүүрэг 11-р хороо 11-160 тоотод оршин суудаг,
2015 оны 04 дүгээр сарын 23-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, тус ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Бямба овогт Б.Оэ /регистрийн дугаар НБ 96080202/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Б.Онь С.Цэлмэгтэй бүлэглэн 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 08 дугаар хороо, Үй Цай бүрэн дунд сургуулийн хашаанд насанд хүрээгүй иргэн Т.Түмэнхүслэнг “утсаар чинь яриад өгье” гэж хуурч Самсунг эс-3 маркийн гар утсыг авч зугтан, бусдын эд хөрөнгийг залилж, 360.000 төгрөгийн,
Б.Онь С.Баясгалантай бүлэглэн 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хороо, Жүр үр бэйкеригийн гадна талд насанд хүрээгүй иргэн Б.Сувдын “утсаар чинь яриад өгье” гэж хуурч Ай фоне-5 маркийн гар утсыг авч зугтан, бусдын эд хөрөнгийг залилж, 400.000 төгрөгийн,
Б.Онь 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хороо, Жүр үр бэйкери дотор насанд хүрээгүй иргэн А.Сувд-Эрдэнийг “утсаар чинь яриад өгье” гэж хуурч Самсунг галакси эс-3 маркийн гар утсыг авч зугтан, бусдын эд хөрөнгийг залилж, 250.000 төгрөгийн,
2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 06 дугаар хороо, 50 дугаар сургуулийн ар талд насан хүрээгүй хохирогч Ч.Хүслэнг “утсаар чинь яриад өгье” гэж хуурч Ай фоне 5-эс маркийн гар утсыг залилж, авч бусдад 350.000 төгрөгийн,
2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ану нэртэй пабад иргэн Б.Тэлмэнг “утсаар чинь ярьчхаад өгье” гэж хуурч Самсунг нөүт 4 маркийн гар утсыг авч залилж 300.000 төгрөгийн,
2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Энжой паб дотор иргэн Д.Бямбасүрэнг “утсаар чинь ярьчхаад өгье” гэж хуурч Самсунг галакси эс 5 маркийн гар утсыг залилан авч, бусдад 240.000 төгрөгийн,
2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Монгол Улсын Их Сургуулийн хичээлийн 7 дугаар байрны хажууд байрлах кофе шопод иргэн Г.Доржтүвдэнгийн “утсаар чинь ярьчхаад өгье” гэж хуурч Самсунг галакси Эс5 маркийн гар утсыг залилан авч, 240.000 төгрөгийн,
2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хавай ресторан дотор иргэн Т.Өсөхбаярын “утсаар чинь ярьчхаад өгье” гэж хуурч Ай фоне 5 эс маркийн гар утсыг залилан авч, бусдад 300.000 төгрөгийн, нийт 2.440.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Оюун-Эрдэнэ шүүх хуралдаанд “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй бөгөөд хохирогч нарт учруулсан хохирлоо бүгдийг нь бүрэн төлж барагдуулсан. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү…” гэв.
түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “…2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 14 цаг болж байхад Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, “Төгөлдөр төвийн урд талд нэг залуу явж байхаар нь утсаараа яриулаач гэж гуйхад “тэг, тэг” гээд утсаа өгсөн. Тэгээд завтай байгаа бол нэг газар орж сууя гэж хэлэхэд тэр залуу тэгье гэж хэлээд... нэг кофе шопт суугаад жаахан юм ярьж суусан. Тэгээд би “утсаараа яриулаач найзыгаа дуудаад ирье” гээд гар утсыг нь авч гараад 64 дүгээр дэлгүүрийн цаад талаар гарч гүйгээд такси бариад Тэди төв рүү яваад гадаа байдаг гар утас авна гээд байдаг хүнд гар утсаа 140.000 төгрөгөөр зараад хоол идээд таксинд суугаад ойр зуур хэрэглээндээ зарцуулаад дууссан. Би өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Цаашдаа дахин ийм асуудалд холбогдохгүй...” гэсэн мэдүүлэг /3-р хавтаст х-83/,
Насанд хүрээгүй хохирогч Т.Түмэнхүслэнгийн “…2014 оны 09 сард санаж байна. Хичээлээ тараад сургуулиасаа гарч ирээд сургуулийн хашаан дотор байдаг модон сандал дээр нэг найзтайгаа хамт суугаад хувцсаа сольж байтал 2 эгч ирээд надаас цаг асуусан юм. Тухайн үед манай найз Жонойлхамаас цаг асуухад нь хэлж өгсөн юм. Тэгснээ надаас дахин цаг асуухаар нь би цүнхнээсээ гар утсаа гаргаж ирээд цаг хэлчхээд ангийнхаа хүүхдүүд дээр очоод байж байтал нөгөө 2 эгч араас ирээд ягаан өмдтэй хүүхдээ утсаар чинь нэг ярьчхаад өгье гэж хэлэхээр нь би утсаа өгөөд ярихыг нь хүлээсэн чинь миний гар утсыг авсан эгч би утсаар чинь яриад дүүгээ аваад ирье гэж хэлээд манай сургуулийг чиглээд явсан юм. Тэгэхээр нь би араас нь дагаж явах гэсэн чинь надтай үлдсэн эгч намайг хүлээж бай, нааш ир, байж бай гэж хэлээд намайг саатуулаад явуулахгүй байсан. Тэгээд байж байтал надтай үлдсэн эгч гүйгээд зугтаачхаар нь би араас нь гүйгээд эгчээ нөгөө эгч хаана байна, би утсаа авах гэсэн юм гэж хэлсэн чинь нөгөө эгч зогсоод залгаадхая гэж хэлээд өөрийнхөө утсыг гаргаж ирээд нөгөө эгч рүү утсаар яриад хаана байгаа юм бэ? гэж асууснаа утсаа салгачихсан юм. Тэгснээ нөгөө газраа байна гэж байна ш дээ чамаас утсаа авсан газраа байна гэнэ за гэж хэлээд гүйгээд явчхаар нь би нөгөө эгчийг дагаад явсан боловч гүйцээгүй юм. Тэгээд тэр эгч алга болчхоор нь би утас өгсөн газраа буюу сургуулийнхаа хашаанд очтол миний гар утсыг авсан эгч байхгүй байхаар нь би багш Лхамсүрэндээ хэлсэн юм...” гэсэн мэдүүлэг /1-р хх-22-23/,
Насанд хүрээгүй гэрч Э.Жонойлхамын “...Хичээлээ тараад Түмэнхүслэнгийн хамтаар сургуулийн хашаанд байдаг сандал дээр сууж байтал 2 эгч бид 2-ын сууж байсан сандал дээр сууж байсан ба тэр 2 эгч цаг хэд болж байна гэж асуухаар нь би... цаг хэлтэл миний утасны цаг худлаа явж байна гэж хэлээд Түмэнхүслэн рүү заагаад чи цагаа хардаа гэж асуусан чинь Түмэнхүслэн утсаа гаргаж ирээд цаг хэлсэн... Бид 2 дүүгээ авах гэж ирсэн юм гэж хэлснээ үсээ задгай тавьсан байсан туранхай эгч Түмэнхүслэнг чи утсаа өгч бай ярьчхаад өгье бид 2 утасгүй байна гэж хэлсэн чинь Түмэнхүслэн утсаа өсөн чинь нэг дугаар луу залгаад байгаа мэт царайлж байсан ба тэр эгч сургуулийн үүд рүү явж байх шиг байсан ба нэг эгч нь болох махлагдуу биетэй эгч Түмэнхүслэн бид хоёртой юм яриад үлдсэн ба нөгөө эгч ирэхгүй удаад байхаар нь нөгөө эгчийг ирэх болж байгаа эсэхийг нь асуусан чинь тэр эгч би араас нь яваад ирье гэж хэлсэн ба тэр эгч утсаа гаргаж ирээд нэг хүнтэй яриад байсан байсан... Түмэнхүслэнгийн утсыг нь авч явсан эгч сургуулийн чинь үүдэн дээр байна гэж хэлэхээр нь бид 2 салаад явсан…” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 34-36/,
Хохирогч Б.Сувдын “...Би 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 15 цагийн үед... миний сууж явсан автобус Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Өргөө" кино театрын зүүн талд нь зогсч “Жүр Үр Бейкери” бялууны газрын үүдэнд хүмүүсээ буулгасан. Би тэнд автобуснаас буугаад үл таних урт үстэй, тайрмал үстэй хоёр охин ирээд гар утсаараа ганц залгуулаач миний утас нэгжгүй болчихлоо найз залуутайгаа яриад өгье гэхээр нь би зөвшөөрч гар утсаа өгсөн. Тэгтэл тайрмал үстэй охин нь миний гар утсыг аваад хойд зүг рүү алхаж явсан. Нөгөө урт үстэй охин нь надтай хамт үлдээд танайх энд 9а. 96 байранд амьдардаг уу, гэхээр нь би тийм манайх энд байдаг гэхэд чамайг харж байсан юм байна, намайг харж байгаагүй юу гэж асууж байсан... Тэгтэл тэр охин манайх 96 байранд байдаг 77 дугаар сургуулийн 10 дугаар ангид сурдаг миний нэрийг Сондор гээд бид хоёр танилцсан.Тэгтэл нөгөө тайрмал үстэй, миний гар утсыг аваад явсан охин хойш яваад алга болсон. Тэгээд би танай найз чинь хаана байна гэхэд найз залуутайгаа уулзсан байх Өргөөгийн урдаас цагаан утаснаас яриадхая гэсэн. Тэгээд бид хоёр Өргөө кино театрын урдаас гар дээрээс цагаан утас ажиллуулдаг эгчээс утас байна уу гэсэн. Тэр эгч байна гээд гар утас гаргаж ирээд нөгөө охин утсаар нь хаана байна гэж асуусан тэгээд утсаа тасалсан. Тэгээд манай найз Жүр үрийн тэнд найз залуутайгаа хамт авто машинд нь сууж байна гэнээ гэж хэлсэн... Тэгээд Жүр үрийн тийшээ явж байгаад энэ нэг л биш байна гэж бодоод буцаад харахад нөгөө охин алга болсон байсан. Тэгээд тэр хавиар машин, нөгөө хоёр охиныг хайхад олдоогүй... Цагаан утсаар яриулсан эгч дээр очиж түрүүн залгасан охин ямар дугаар луу залгасан юм бэ? гэж асуухад тэр эгч утсаа гаргаж ирээд харахад залгасан дугаарууд нь байхгүй устгасан байсан. Хар өнгийн ай фоне 5 маркийн гар утас байсан…” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 214-215, 231/,
Хохирогч А.Сувд-Эрдэнийн “...Би ганцаараа 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 13 цагийн үед Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Апек” нэртэй дэлгүүрээс гэрч ирэхэд үл таних 17-13 орчим насны эгч цаг хэд болж байна гэхээр нь би гар утсаа гаргаж ирээд хараад 13 цаг 34 минут гэж хэлээд ахуйн үйлчилгээний тийш явах гэхэд миний араас нөгөө охин хүрч ирээд чи ямар нэгэн загварын дамжаанд явдаг уу, дуулж бүжиглэх сонирхолтой юу, кинонд тоглох уу, кинонд тоглох хүмүүсийн анкет бөглө гээд намайг дагуулан бид хоёр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жүр үр бэйкери ресторан орсон... Гар утсаа өгч бай найз охиноо дуудна гээд миний гар утасны цэнэг дууссан байна гээд миний гар утсыг аваад Оюукаа байна чи Жүр үрийн доор хүрээд ир чамаас авсан кошлакийг чинь өгье гэж яриад миний утсыг буцааж өгсөн... 10 орчим минутын дараа 89-тэй дугаараас залгаж байсан. Тэгтэл тэр эгч над руу залгаж байна гээд миний гар утсыг аваад чи ирчихсэн юм уу гэж яриад би гараад кошлакыг нь өгөөд ороод ирье гээд гарсан. Тэгтэл буцаж орж ирээгүй. Цэнхэр өнгийн чернилэн ягаан өнгийн гэртэй самсунг галакси эс-3 маркийн гар утас байсан…” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 218/,
Насанд хүрээгүй хохирогч Ч.Хүслэнгийн “…2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 16 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо “Бишрэлт” худалдааны төвийн хажууд явж байх үед нэг эгч таараад миний дүү сэтгүүлч болох уу, эгч нь сэтгүүлч шалгаруулж авдаг юм, гэрээ хийвэл цалин өгдөг гэх мэтээр яриад сонирхвол эгчийнхээ утасны дугаарыг тэмдэглээд авчих гэхээр нь би энд бичээд авчихъя гэтэл энд эвгүй байна “КРС” ресторан руу ороод бичээд авчих гээд тийшээ дагуулж ороод өөрөө 00 орчхоод эргэж ирээд энд манай найз ирэхээр чи явчих... гээд байлгаад байсан. Тэгж байгаад эгч нь утсаар чинь нэг яриад өгье гэхээр нь би нэгж байхгүй гэхэд кэндигээр нэгж аваад ирье гээд цүнхээ орхиод гараад явсан. Гараад явахаар нь араас нь харахад алга болчихсон юм. Цүнхийг нь үзэхэд цүнхэнд нь ямар нэгэн зүйл байгаагүй юм …” гэсэн мэдүүлэг /1-р хавтаст х-98/,
Иргэний нэхэмжлэгч Н.Батсайханы “…2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 13 цэгийн үед өөрийн ажил болох Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өмнийн сэлхи-2” ломбардандаа сууж байтал 20 орчим насны нэг охин “Ай фоне 5 эс” маркийн гар утас барьж орж ирээд 500.000 төгрөгөөр тавина гэхээр нь би авахгүй гэтэл гараад явсан. Тэгтэл 10 минутын дараа эргэж орж ирээд ... 200.000 төгрөгөөр авсан. 20 орчим насны эмэгтэй байсан бөгөөд лавлагаатай нь тулгаж харахад өөрөө мөн байсан учраас бичиг баримтыг нь тулгаж үзэн бичиж аваад утсыг авсан. Б.Огэж РД:НБ96080202 регистрийн дугаартай хүн байсан... Ганцаараа явж байсан. Учирсан хохирлоо нөхөн төлүүлж авмаар байна…” гэсэн мэдүүлэг /2-р хавтаст х-101/,
Хохирогч Б.Тэлмэнгийн “...Миний бие 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 12 цаг өнгөрөөгөөд “Өргөө-2” кинотеатрын хажууд сургууль руугаа орох гээд явж байхад үл таних миний ойролцоо насны охин хүрч ирээд цаг асуусан. Тэгээд чамаас юм асууя гээд бид хоёр юм ярихад чи хаана сурдаг юм бэ гээд би чамайг олон удаа харсан юм байна Хоёулаа танилцъя гээд танилцаад хамтдаа юм ярьж алхаж яваад “Тэнгис”-ийн хажуу талын Ану караоке пабад ороод кофе захиалж уугаад ярилцаж байтал би найздаа нэг гутал өгөх ёстой юм, утсаа өгч байгаач гээд миний утсыг аваад гарсан. Би удалгүй гараад харахад байхгүй болчихсон байсан…” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 208-209/,
Хохирогч Д.Бямбасүрэнгийн “...2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр... эмийн санд эм асууж байтал хажууд зогсож байсан охин цаг хэд болж байна гэхээр нь утасныхаа цагийг харуулчхаад... гартал хойноос нөгөө цаг асуусан охин ирээд уучлаарай утсаараа яриулаач... гэхээр нь утсаа өгтөл залгаж байснаа холбогдохгүй байна, жаахан байж байгаад залгая гэсэн... надтай танилцаад... тантай хамт яваад утсаар чинь яриад найзтайгаа уулзчихъя гээд надтай хамт таксинд суугаад Бөмбөгөр төв орсон юм. Замдаа утсаар яриад Бөмбөгөр төвийн урд ирээд “Энжой пабад орж суусан. Надаас манай найз иртэл түр хүлээж байгаач, утсаар чинь яриад уулзчихъя гээд байсан юм. Тэгэж байгаад манай найз ирчихлээ, гараад оруулаад ирье гээд цүнхээ орхиод гараад явсан ба удалгүй араас нь гарахад алга болчихсон байсан юм... Самсунг эс 5 маркийн... утас байсан юм…” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 228/,
Хохирогч Г.Доржтүвдэнгийн “...2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн Багшийн дээдийн орчим явж байтал нэг эмэгтэй гар утсаараа яриулаач гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр эмэгтэйд гар утсаараа яриулсан. Тэгээд “найзтайгаа уулзах гэж байгаа юм. Чи 5 минут хүлээж байгаач, чиний утас руу залга гээд хэлчихсэн байгаа. Монгол Улсын Их Сургуулийн хичээлийн 7 дугаар байрны ард талд кофе шоптой байранд уулзъя, тэнд хүлээж байя" гэж хэлээд бид 2 тэр кофе шоп руу орж суугаад миний гар утсаар найз руугаа яриад гарч ороод байхаар нь... удаад байхаар нь гараад хартал байхгүй байсан …” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 22/,
Хохирогч Т.Өсөхбаярын “...Би 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 15 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 64 дүгээр дэлгүүрийн автобусны буудал дээр автобус хүлээгээд зогсож байтал үл таних эмэгтэй хүн ирээд цаг асуухаар нь... утсаа гаргаж ирээд харуултал цагаа харчхаад би найзыгаа хүлээж байна, хоёулаа нэг газар хамт сууж манай найзыг хүлээе гэж хэлээд хажуугийн Хавай ресторанд ширээнд суугаад байж байтал миний гар утсаар ярьчхаад буцаагаад өгье гэж хэлээд ширээн дээр хэтэвч үлдээн ресторанаас гарч яваад буцаж орж ирээгүй... Ай фоне 5 эс маркийн гар утас байсан…” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 248-250/,
Гэрч Х.Алтанхуягийн “…Би Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ван Ван гэдэг нэртэй ломбардыг 3 сар орчим ажиллуулж байгаа юм аа... Сүүлд нэг цагдаа 2 охинтой орж ирсэн юм. Тэгэхээр нь баримтаа харахад манай ломбарданд самсунг галакси эс 3 маркийн гар утас 80.000 төгрөгөөр…” гэсэн мэдүүлэг /1-р хх-28-29/,
Гэрч Б.Номондоогийн “...Яг он сарыг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан хичээлээ тараад Жонойлхам, Түмэнхүслэн бид нар гарч ирээд сургуулийн хашаанд байж байтал оюутан бололтой 2 эгч ирээд туранхай эгч нь Түмэнхүслэнгийн утсаар ярьчхаад өгье утсаа өгч бай гэж хэлсэн чинь Түмэнхүслэн утсаа өгсөн юм. Тэгсэн чинь тэр эгч утсаар яриад байх шиг байсан ба гэнэт утсыг нь аваад гүйчихсэн юм аа. Тэгсэн чинь Түмэнхүслэн араас нь явах гэсэн чинь нэг эгч үлдсэн байсан ба Түмэнхүслэнг саатуулаад явуулахгүй байсан юм. Ингэж байж байгаад нөгөө эгч зугтаачихсан юм аа…” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 31-32/,
Уг хэрэгт яллагдагчаар татагдсан С.Баясгалангийн “...Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна... Намайг гараад ирэхэд Оюун-Эрдэнэ нэг охинтой уулзаад байж байсан. Тэгээд намайг яваад очиход надад ай фоне 5 гар утсыг өгөөд “энэ гар утсыг аваад яв” гэж хэлэхээр нь тэр гар утсыг нь аваад Өргөө рүү явж байгаад таксинд суусан. Намайг такси бариад явж байхад Оюун-Эрдэнэ утсаар яриад “хаана байгаа юм бэ” гэж хэлэхэд нь би байгаа газраа хэлсэн юм... Ингээд теди төв дээр очоод уг гар утсыг зарсан... Надад Оюун-Эрдэнэ 50.000 төгрөг өгсөн... Би хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Дахин ийм алдаа дутагдал, гаргахгүй ээ…” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 50/,
Эд зүйлийн үнэлгээ /1-р хх-13-14, 134, 2-р хх-87, 166, 207,245, 3-р хх-20/, Эд зүйл хураан авсан тэмдэглэл /1-р хх-15-17, 2-р хх-84/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /2-р хх-115/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-108/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-69/, Шийтгэх тогтоолын хуулбар /2-р хх-124-127/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-26-30/, Хас банкны дансны хуулга /1-р хх-145-151/, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-88/, Хохирлын тооцоо /3-р хх-50-51/, Хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн баримт /3-р хх 52-54, 126/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /3-р хх-103-110/ зэргийг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Б.Онь С.Цэлмэгтэй бүлэглэн 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 08 дугаар хороо, Үй Цай бүрэн дунд сургуулийн хашаанд насанд хүрээгүй иргэн Т.Түмэнхүслэнг “утсаар чинь яриад өгье” гэж хуурч Самсунг эс-3 маркийн гар утсыг залилан авч, 360.000 төгрөгийн,
Мөн С.Баясгалантай бүлэглэн 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хороо, Жүр үр бэйкеригийн гадна талд насанд хүрээгүй иргэн Б.Сувдын “утсаар чинь яриад өгье” гэж хуурч Ай фоне-5 маркийн гар утсыг залилан авч, 400.000 төгрөгийн,
Мөн Б.Онь дангаараа:
2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хороо, Жүр үр бэйкери дотор насанд хүрээгүй иргэн А.Сувд-Эрдэнийг “утсаар чинь яриад өгье” гэж хуурч Самсунг галакси эс-3 маркийн гар утсыг залилан авч, 250.000 төгрөгийн,
2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 06 дугаар хороо, 50 дугаар сургуулийн ар талд насан хүрээгүй хохирогч Ч.Хүслэнг “утсаар чинь яриад өгье” гэж хуурч Ай фоне 5-эс маркийн гар утсыг залилан авч, 350.000 төгрөгийн,
2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ану нэртэй пабад иргэн Б.Тэлмэнг “утсаар чинь ярьчхаад өгье” гэж хуурч Самсунг нөүт 4 маркийн гар утсыг залилан авч, 300.000 төгрөгийн,
2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Энжой паб дотор иргэн Д.Бямбасүрэнг “утсаар чинь ярьчхаад өгье” гэж хуурч Самсунг галакси эс 5 маркийн гар утсыг залилан авч, 240.000 төгрөгийн,
2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Монгол Улсын Их Сургуулийн хичээлийн 7 дугаар байрны хажууд байрлах кофе шопод иргэн Г.Доржтүвдэнгийн “утсаар чинь ярьчхаад өгье” гэж хуурч Самсунг галакси Эс5 маркийн гар утсыг залилан авч, 240.000 төгрөгийн,
2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хавай ресторан дотор иргэн Т.Өсөхбаярын “утсаар чинь ярьчхаад өгье” гэж хуурч Ай фоне 5 эс маркийн гар утсыг залилан авч, 300.000 төгрөгийн, нийт бусдад 2.440.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дээр дурьдсан насанд хүрээгүй хохирогч Т.Түмэнхүслэн, хохирогч Б.Сувд, А.Сувд-Эрдэнэ, Ч.Хүслэн, Б.Тэлмэн, Д.Бямбасүрэн, Г.Доржтүвдэн, Т.Өсөхбаяр, гэрч Х.Алтантуяа, Б.Номондоо, насанд хүрээгүй гэрч Э.Жонойлхам нарын мэдүүлгүүд, тус хэрэгт яллагдагчаар татагдсан С.Баясгалангийн мэдүүлэг, шүүгдэгч Б.Оюун-Эрдэнийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хэрэгт цугларсан болон талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцүүлсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.
Шүүгдэгч Б.Оюун-Эрдэнийн дээрх үйлдлүүд нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос түүнийг үйлдлүүдийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Өөрөөр хэлбэл прокуророос шүүгдэгч Б.Оюун-Эрдэнэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д “оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ”, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д “энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэсэн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зүйл заалтуудыг зөв журамлаж, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Оюун-Эрдэнийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.Оюун-Эрдэнэ нь дангаараа болон бүлэглэж нийт 8 удаагийн үйлдлээр бусдад нийт 2.440.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд тэрээр мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч нар нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.Оюун-Эрдэнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Оюун-Эрдэнийн дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлүүдэд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Харин түүний үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, хохирогч нарт учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзав.
Шүүх шүүгдэгч Б.Оюун-Эрдэнэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 472 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний урьд цагдан хоригдсон 59 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ялд тооцож, түүнийг энэ тогтоолоор оногдуулсан 472 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг бүрэн эдэлсэнд тооцов.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СиДи 1 ширхгийг, барьцаат зээлийн гэрээ зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж шийдвэрлэв.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хохирогч нар нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
Мөрдөн байцаалтын шатанд прокурорын тогтоолоор шүүгдэгч Б.Оюун-Эрдэнэд холбогдох хэргээс тус хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байсан С.Баясгалан, С.Цэлмэг нарын үйлдлийг 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосныг,
мөн шүүгдэгч Б.Оюун-Эрдэнийн үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг, энэ хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байсан С.Цэлмэгийн үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар тус тус хэрэгсэхгүй болгосныг тэмдэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Бямба овогт Б.Оийг Эрүүгийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оюун-Эрдэнийг 472 /дөрвөн зуун далан хоёр/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар ялтан Б.Оюун-Эрдэнийн цагдан хоригдсон 59 хоногийн нэг хоногийг 8 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялд тооцож, түүнийг энэ тогтоолоор оногдуулсан 472 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи, зээлийн гэрээ зэргийг хэрэгт үлдээсүгэй.
5.Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Оюун-Эрдэнэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР