| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Мөнхөө |
| Хэргийн индекс | 2403 00000 0145 |
| Дугаар | 2024/ДШМ/1127 |
| Огноо | 2024-10-08 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., |
| Улсын яллагч | Б.Одонтуяа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 2024/ДШМ/1127
Г.Тт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Одонтуяа,
хохирогч Х.Д, түүний өмгөөлөгч А.Эрдэнэтулга,
нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/471 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Тын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2403 00000 0145 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Ж овгийн Г-ын Т, 20... оны ... дүгээр сарын ...-ны өдөр .... аймагт төрсөн, ... настай, э...., бүрэн дунд боловсролтой, .... 2 дугаар дамжааны оюутан, ам бүл .... нарын хамт .... дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:....../;
Шүүгдэгч Г.Т нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ буюу 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 06 цаг 50 минутын үед .... дүүргийн ... дугаар хороо, 16 дугаар хорооллын автобусны буудлын замд “Toyota prius” маркийн **-** .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Х.Дг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Г.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ж овгийн Г-ын Т-ыг согтуурсан үедээ замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Г.Тын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Г.Т нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Г.Тын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Г.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Г.Таас нийт 223.000 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар 8.580.000 төгрөгийг гаргуулан хохирогч Х.Дд тус тус олгож, хохирогч Х.Д нь цаашид гарах гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Г.Т гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие жолоодох эрхгүй байж тээврийн хэрэгслийг жолоодон зам тээврийн осол гаргаж, улмаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэлдээ маш их харамсаж байгаа бөгөөд хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн. Гомдол гаргаж байгаа шалтгаан нь миний бие Дотоод хэргийн их сургуулийн эрх зүйн ангийн 2 дугаар курсын оюутан, цаашид дадлага хийх зэрэг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарах сургуулийн ажил байгаа тул надад оногдуулах ялыг өөрчилж өгөхийг хүсэж байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хуулийн боломж гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан шүүх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болох зохицуулалтыг харгалзан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол нөхөн төлсөн нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү.” гэжээ.
Хохирогч Х.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүл мэндийн хохиролд 2.000.000 орчим төгрөг зарцуулсан. Анхан шатны шүүхээс 8.580.000 төгрөгийг шүүгдэгч Г.Таас гаргуулахаар шийдвэрлэсэн боловч одоо болтол төлөөгүй, тэр талаар асуух гээд холбоо барих гэхэд надтай холбогддоггүй.” гэв.
Хохирогч Х.Дгийн өмгөөлөгч А.Эрдэнэтулга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эмчилгээний зардал төлөгдсөн бөгөөд сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг төлж барагдуулаагүй тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг бүрэн арилаагүй гэж үзэж байна. Мөн зорчих эрхийг хязгаарлах ялыг солих зайлшгүй нөхцөл байдал бий болоогүй. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Тын хувийн байдал, эмчилгээний зардалд 2.500.000 төгрөг төлсөн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг тус тус харгалзан үзэж, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан ялын хамгийн доод хэмжээгээр ял оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
Прокурор Б.Одонтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирол, төлбөр бүрэн төлөгдөөгүй нөхцөл байдал тогтоогдсон. Мөн эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлд хамаарахгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гэж үзэж байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай. Шүүгдэгч Г.Т нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдсэн байхад шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “согтуурсан үедээ” гэж бичиглэлийн алдаа гаргасан байгааг дурдаж байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Г.Т нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ буюу 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 06 цаг 50 минутын үед .... дүүргийн .... дугаар хороо, .... дугаар хорооллын автобусны буудлын замд “Toyota prius” маркийн **-** .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Х.Дг мөргөж, эрүүл мэндэд нь баруун тахилзуур ясны дунд 1/3-ийн далд хугарал гэмтэл буюу хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Х.Дгийн “...Би 2024 оны 02 дугаар сарын 27-ны өглөө 06 цаг 40 минутын үед Цайз 16-ын хойд автобусны буудлын явган хүний зохицуулдаггүй гарцаар хойноос урагш чиглэлтэй зам хөндлөн гарч явсан бөгөөд автомашины зүүнээс баруун тийш явах чиглэлийг алхаж өнгөрөөд баруунаас зүүн тийш чиглэлийн зорчих хэсэг рүү алхаад ороход миний баруун талаас нэг машин мөргөсөн. ...” /хх 13/,
шүүгдэгч Г.Тын яллагдагчаар өгсөн “...Цайз 16-ын урд замаар 30-40 орчим км цагийн хурдтай явж байхад явган хүний гарцаар олон хүн гараад дууссан. Эсрэг урсгалд автобус зогсож байсан ба би явган хүний зохицуулдаггүй гарц нэвтрэх үед гэнэт замын хойноос гарцаар хүн хурдтай алхаад гараад ирсэн. Би тэр хүнийг хараад тоормос гишгэхтэй зэрэгцээд машиныхаа зүүн урд хэсгээр явган зорчигчийг мөргөөд зогссон. Ослын дараа би машинд мөргүүлсэн хүнийг Гэмтлийн эмнэлгийн харъяа Түлэнхийн төв эмнэлэгт явган зорчигчийг үзүүлсэн. Тэгэхэд баруун хөл нь цууралттай хугаралтай гэж хариу гарсан. ...Би хохирогчийн эрүүл мэнд болон эмчилгээний зардалтай холбоотой ойролцоогоор 2.200.000 төгрөг өгсөн. ...” /хх 87/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3209 дугаартай “...Х.Дгийн биед баруун тахилзуур ясны дунд 1/3-ийн далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” /хх 32-33/ гэх дүгнэлт,
зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 04-09/, мөрдөгчийн магадлагаа /хх 64/, цагдаагийн ерөнхий газрын бүртгэл хяналтын төвийн лавлагаа /хх 79/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг хангалттай нотолжээ.
Анхан шатны шүүхээс Г.Тыг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Түүнчлэн шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар Баянзүрх дүүргийн бүсчлэлээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Шүүгдэгч Г.Т “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасны дагуу анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол нөхөн төлсөн нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний дотор ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.
Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.
Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэн эрх юм.
Иймд анхан шатны шүүхээс хүлээлгэсэн эрүүгийн хариуцлага нь шүүгдэгч Г.Тын гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдалд тохирсон байх тул “эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлэх” талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад шүүгдэгч Г.Тыг “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ” гэхийг “...согтуурсан үедээ...” гэж, 2 дахь заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлаагүй байх тул зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/471 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...согтуурсан үедээ...” гэснийг “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ...” гэж,
2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч Г.Тын “эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ