| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Энхжаргал |
| Хэргийн индекс | 191/2025/04751/И |
| Дугаар | 191/ШШ2025/08043 |
| Огноо | 2025-09-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 191/ШШ2025/08043
| 2025 9 26 | 191/ШШ2025/08043 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Монгол улсын иргэн УП******* регистрийн дугаартай, тоотод оршин суух Б******* овогт Э******* Я******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол улсын хуулийн этгээд ******* регистрийн дугаартай, тоотод оршин байрлах М******* ******* ХХК-нд холбогдох,
103,581,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Я*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэн Э.Я******* миний бие 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр М******* ******* ХХК-тай П3-Д-01/35-210 дугаартай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан. Тухайн гэрээний 2.1т зааснаар мкв-ын үнийг 1,700,000 төгрөг гэж тохиролцон 60.93мкв 3 өрөө орон сууцыг 103,581,000 төгрөгөөр захиалан бариулахаар тохиролцсон. Миний бие тогтоосон хугацаанд гэрээний нийт төлбөр 103,581,000 төгрөгийг 100 хувь бүрэн төлж гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн. Харин М******* ******* ХХК нь гэрээний 3.2-т зааснаар орон сууцны барилгыг 2024 оны 4 дүгээр сарын 18 гэхэд ашиглалтанд оруулна гэж заасны дагуу хугацаандаа орон сууцны барилгыг ашиглалтанд оруулах ёстой байсан ч оруулаагүй тул орон сууц захиалан бариулах гэрээг шинэчлэн барилга ашиглалтанд орох хугацааг 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр болгон сунгасан. Гэвч өнөөдрийг хүртэл барилгын ажилд ямар ч ахиц гараагүй ухсан суурь хэвээрээ байгаа бөгөөд заасан хугацаанд ашиглалтанд орох боломжгүй байна. М******* ******* ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй учир тус гэрээний 6.1.1-т гэрээ байгуулснаас хойш аль нэг тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадаагүй бодит нөхцөл бий болсон тохиолдолд нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан. М******* ******* ХХК нь орон сууцны барилгыг заасан хугацаанд ашиглалтанд оруулах боломжгүй тул гэрээний үүргээ биелүүлж чадаагүй бодит нөхцөл бий болсон гэж үзэн орон сууцны төлбөрт өгсөн 103,581,000 төгрөгийг гаргуулан авах хүсэлтэй байна. Иймд орон сууцны төлбөр болох 103,581,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт М******* ******* ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээж, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж өгнө үү гэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд:
Нэхэмжлэгчээс 2023 оны 4 дүгээр сарын 18-ний өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээ, Голомт банк ХК-ийн ******* тоот дансны хуулга, 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Капитрон банкны тоот харилцах дансы хуулга, Капитрон банкны 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн хадгаламжийн дансны хуулгыг тус тус гаргаж өгсөн нь хэрэгт авагдсан.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Э.Я******* нь хариуцагч М******* ******* ХХК-нд холбогдуулан 103,581,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
1.1. Шүүхээс хариуцагч М******* ******* ХХК-нд нэхэмжлэлийн хувийг 2025 оны 7 дугаар сарын 31-ний өдөр гардуулж, 2025 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн дотор, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан тухай тайлбар болон нотлох баримтаа бүрдүүлж, шүүхэд ирүүлэх үүрэгтэйг тайлбарлсан байх боловч хариуцагчаас тайлбар болон ямар нэг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй, 42 дугаар зүйлийн 42.4-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж тус тус зохицуулсан.
Хуульд зааснаар хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг гардан авч, хариу тайлбар нотлох баримт гаргаж өгч мэтгэлцээгүй нь түүнийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох хэдий ч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах эсэхэд хууль зүйн дүгнэлт өгөх нь зүйтэй.
1.2. Шүүх хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг ... 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн ПЗ-Д-01/35-210 дугаартай гэрээний үүргийн дагуу гаргуулна гэж тодорхойлсон.
2.1. Нэхэмжлэгч Э.Я*******, хариуцагч М******* ******* ХХК нарын хооронд 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр ПЗ-Д-01/35-210 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр гүйцэтгэгч М******* ******* ХХК нь тоот 60,93 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьж гүйцэтгэн хүлээлгэн өгөх, захиалагч нь ажлын хөлс 103,581,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан уг гэрээний хуулбараар тогтоогдож байна. /х.х-ийн 4-7 дахь талд/
Нэхэмжлэгчийн тайлбар болон дээрх гэрээний агуулга зэргээс үзэхэд талууд уг гэрээг байгуулж байх тухайн цаг хугацаанд гэрээний зүйл болох орон сууц бодитоор бий болоогүй, хариуцагч шинээр барьж гүйцэтгэхээр хүсэл зоригоо харилцан илэрхийлсэн байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ-ний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан.
2.2. Ажил гүйцэтгэгч тал буюу хариуцагч тус орон сууцны 1 м.кв-ыг 1,00,000 төгрөг, нийт 103,581,000 төгрөгөөр барьж гүйцэтгэх, захиалагч тал буюу нэхэмжлэгч нь 103,581,000 төгрөгийг 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 80,000,000 төгрөг, 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 13,581,000 төгрөг, 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 10,000,000 төгрөгөөр тус тус төлж, ажлын хөлс төлөх үүргээ биелүүлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна. /х.х-ийн 9-11 дэх талд/
Гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т зааснаар хариуцагч тал уг орон сууцыг 2025 оны 2 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулахаар тохиролцсон байна.
Нэхэмжлэгч нь хариуцагч гэрээний зүйл болсон орон сууцыг гэрээнд заасан хугацаанд нь барьж гүйцэтгэхгүй болох нь тодорхой болсон үндэслэлээр гэрээнээс татгалзаж, татгалзсаны үр дагаварыг шийдвэрлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж зохицуулсан нь тул нэхэмжлэгч 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн ПЗ-Д-01/35-210 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ-нээс татгалзаж, хариуцагчид төлсөн 103,581,000 төгрөгийг шаардах эрхтэй байна.
3. Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч М******* ******* ХХК-иас 103,581,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Я*******д олгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.
5. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хуваариалсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118, дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч М******* ******* ХХК-иас 103,581,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Я*******д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 675,855 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 675,855 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Я*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ