Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2022/00354

 

 

 

 

2022 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2022/00513

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                     О.А нэхэмжлэлтэй

                                               иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2021/03080 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч О.А хариуцагч Б.Зхолбогдуулан гаргасан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулж, хохиролд 69,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, Ж.Амгалан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Даваасүрэн нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

1.1 Нэхэмжлэлийн шаардлага: Нотариатч Б.Золзаяагийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгож, учирсан хохиролд 69,000,000 төгрөг гаргуулна.

1.2 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: О.А Л.Таас 97,000,000 төгрөгөөр орон сууц худалдан авахаар нотариатаар гэрээ баталгаажуулахад нотариатч нь Л.Таас үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой ямар ч баримт аваагүй. Нотариатч талуудын иргэний үнэмлэхийг авч гэрээг бичиж байх үед гаднаас үл хөдлөхийн гэрчилгээний хуулбарыг авч ирэхэд гэрээг баталгаажуулсан. О.Агэрээний дагуу үлдэгдэл төлбөрийг сар бүр төлж 9,000,000 төгрөг төлсөн. Гэтэл 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас уг худалдан авсан орон сууцыг битүүмжилсэн. Худалдах, худалдан авах гэрээ хийх үед орон сууц зээлийн барьцаанд байгаа талаар мэдээгүй. Хариуцагч үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг эх хувиар нь Л.Таас шаардан авч гэрээг гэрчлээгүй нь хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл мөн. Л.Тын БСБ Ф ББСБ -тай байгуулсан барьцааны гэрээнд барьцааны зүйлийн өмчлөх эрхийн гэрчилгээ эх хувиараа хадгалагдана гэж заасан. Нэхэмжлэгч 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Л.Тын танил нотариатч Б.Золзаяагийн ажил дээр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулахаар очих үед БСБ Ф ББСБ -ийн зөвшөөрөл, Ү-2206059194 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний эх хувь байхгүй байхад өөрт хадгалагдаж байсан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хувийг ашиглаж гэрчлэл үйлдсэн нь Нотариатын тухай хууль, Нотариатын үйлдэл хийх зааврын ноцтой зөрчсөн гэжээ.  

2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулгад: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр О.А, Л.Т нар ... 69,35 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг зээлээр худалдан авахаар тохиролцож, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Талууд орон сууцыг 97,080,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон бөгөөд гэрээг гэрчлэхдээ гэрээний төлбөрийн нөхцлөө зээлээр, нэмэлт нөхцөл хэсэгт төлбөрөө хэдий хугацаанд хэрхэн төлөх, гэрээ байгуулах үед БСБ Ф ББСБ -ийн зээлийн барьцаанд байгаа талаар тодорхой тусгаж, төлбөр тооцоо дууссан тохиолдолд өмчлөх эрхийг шилжүүлэх талаар тохиролцон гэрээг уншиж танилцаад гарын үсэг зурсан. Нэхэмжлэгчийн худалдан авч байгаа орон сууцаа зээлийн барьцаанд байгааг мэдээгүй гэх тайлбар үндэслэлгүй. Нотариатын тухай хуульд зааснаас бусад тохиолдолд нотариатч үйлчилгээ үзүүлэхээс татгалзах эрхгүй бөгөөд гэрээ хэлцлийг гэрчлэхдээ үндсэн эх бичиг баримт болон түүнтэй адилтгах бичиг баримтыг тулгаж үзсэний үндсэн дээр үйлдэл хийдэг. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Шүүх: Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч О.А хариуцагч Б.Зхолбогдуулан гаргасан 2019 оны 05 сарын 06-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хүчингүй болгуулах, хохирол 69 000 000 гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 573 200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, Ж.Амгалан нарын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна.

4.1 Шүүх “барьцаалагдсан, барьцааны гэрээ нь улсын бүртгэлд бүртгүүлсэн орон сууцыг барьцаалуулагч хэдэн ч хүнд худалдаж, худалдан авах гэрээ байгуулах эрх хуулиар олгогдсон. Зөвхөн гэрээ дээр барьцаатай гэж бичсэн бол барьцаатай үл хөдлөх хөрөнгийг худалдах гэрээг нотариат гэрчлэх эрхтэй. Нотариат худалдах худалдан авах гэрээг гэрчлэхдээ үл хөдлөх хөрөнгийн лавлагаа авах шаардлагагүй байдаг. Тухайн үл хөдлөх хөрөнгө барьцаатай, битүүмжлэлтэй захиран зарцуулах эрхийг хязгаарласан тэмдэглэгээ хийгдсэн эсэх нь гэрээг гэрчлэхэд ямар ч саад болохгүй хуультай гэнэ.  Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээг гэрчлэхэд заавал эх гэрчилгээ шаардлагагүй, гэрчилгээг конандсан байхад гэрээг гэрчлэх эрхтэй. Нотариатын хууль, дүрэмд баригдах албагүй” гэсэн шийдвэр гаргасан.

Нотариатаас гэм хор шаардаж байгаа иргэний хэрэгт гэм хорыг нь арилгах даатгалын байгууллагыг гуравдагч этгээдээр оруулж болохгүй. Даатгалын байгууллага нотариатын танхимтай гэрээтэй байдаг тул нотариатчийн нэр хүндийг унагааж болохгүй гэнэ. Зээлийн гэрээ байгуулж, үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан БСБ Ф ББСБ -ийг хариуцагч, гуравдагч этгээдээр оролцуулах гэхэд шүүх барьцаалагдсан хөрөнгийг бусдад худалдсан үйлдэл барьцаалагчийн эрх ашигт нөлөөлөхгүй гэж үзсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч О.Ахариуцагч Б.Зхолбогдуулан 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн .....  2 өрөө орон сууцыг худалдах, худалдан авах гэрээг гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хүчингүй болгож, хариуцагчийн хууль зөрчсөн үйлдлээс учирсан хохиролд 69,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар шүүгч дангаар хянан шийдвэрлэхээс бусад хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэнэ”, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт шүүгч хуулийн дараахь зүйл, хэсэг, заалтад заасан хэрэг, эрх зүйн маргааныг дангаар хянан шийдвэрлэнэ, 82.1.1-82.1.8-д “Иргэний хуулийн 8.1.1, 8.1.3, 8.1.4, 8.1.6-8.1.8 дахь заалт, хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаан, гэр бүлийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаан, тэтгэврийн харилцаанаас үүссэн маргаан, тэтгэмжийн харилцаанаас үүссэн маргаан, энэ хуулийн 74, 133 дугаар зүйл, шүүх мөнгөн торгууль оногдуулахаар хуульд заасан, бусад хуулиар шүүхэд харьяалуулсан хэрэг, эрх зүйн маргаан хамаарна гэжээ.

Дээрхээс үзэхэд нотариатчийн хууль зөрчсөн үйлдлээс учирсан хохирол гаргуулах нэхэмжлэлийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэхээр байхад шүүгч дангаар хянан шийдвэрлэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.4-т заасан хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэжээ.

4. Нотариатын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Нотариатч баримт бичиг, үйл явдлыг гэрчлэхдээ нотариатын бүртгэл хөтөлж түүнд нотариатчийн хийсэн нотариатын үйлдлийг он, сар өдрийн дарааллаар нь үнэн зөв, засваргүй, гаргацтай, тодорхой бичнэ. Нотариатч гэрчилсэн үйлдлийн цахим бүртгэлийн хэвлэмэл эх хувийг цаасан хэлбэрээр хадгална” гэж заасан.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

Хэрэгт маргааны үйл баримтад ач холбогдолтой нотлох баримт хангалттай авагдаагүй байна. Тухайлбал, нотариатчийн нотариатын үйлдэл хийсэн бүртгэлийн дэвтэр байхгүй байхад хариуцагчийн үйлдлийг хууль болон журамд нийцсэн эсэх талаар шүүхээс дүгнэлт хийх боломжгүй болохыг дурдах нь зүйтэй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5168 дугаар зүйлийн 168.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2021/03080 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 573,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Н.БАТЗОРИГ

 

                                    ШҮҮГЧИД                                    Ч.ЦЭНД

 

                                                                                         А.МӨНХЗУЛ