| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Мөнхөө |
| Хэргийн индекс | 2403 00319 0452 |
| Дугаар | 2024/ДШМ/1128 |
| Огноо | 2024-10-08 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., |
| Улсын яллагч | Б.Одонтуяа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 2024/ДШМ/1128
Ш.От холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Одонтуяа,
яллагдагч Ш.Оын өмгөөлөгч П.Амгаланбаатар,
нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЗ/2013 дугаар захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Одонтуяагийн бичсэн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 36 дугаартай эсэргүүцлээр Ш.От холбогдох 2403 00319 0452 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Ц овгийн Ш-ийн О, 19... оны ... дүгээр сарын ...-ны өдөр .... аймагт төрсөн, ... настай, э......, бага боловсролтой, ам бүл ...., ...хамт .... дүүргийн ... дугаар хороо, .... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:....../;
Яллагдагч Ш.О нь 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 18 цаг 10 минутын үед .... дүүргийн .... дугаар хороо, Нефтийн зам .... дүгээр байрны урд “Everest” маркийн улсын дугааргүй мотоциклийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1. “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө”, мөн дүрмийн 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 3.7-д “жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 1.3-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч насанд хүрээгүй Д.Э-ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Ш.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Арван найман насанд хүрээгүй хүнээс мэдүүлэг авахын өмнө түүнд хэргийн талаар мэдэх бүх зүйлээ үнэн зөв мэдүүлэхийн чухлыг тайлбарлана. Арван зургаан насанд хүрээгүй гэрч, хохирогчид санаатайгаар худал мэдүүлэг өгвөл хүлээлгэх хариуцлагын талаар урьдчилан сануулахгүй” гэж насанд хүрээгүй хүнээс мэдүүлэг авах, цаашилбал, бага насны хохирогч буюу 13 настай хүүхдээс мэдүүлэг авахдаа түүнд бүх зүйлээ үнэн зөв мэдүүлэхийн чухлыг тайлбарлаж, мэдүүлэг авах учиртай. Гэтэл хавтаст хэргийн 17 дугаар талд авагдсан хэргийн үйл баримтын талаар мэдүүлсэн бага насны хохирогч Д.Ээс мэдүүлэг авахдаа түүнд Эрүүгийн болон Зөрчлийн тухай хууль сануулж, худал хэлбэл хуульд заасан арга хэмжээ авч болох талаар сануулсан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд тооцогдоно.
Түүнчлэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Ш.Оыг 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдөр гэрчээр өөрийнх нь эсрэг мэдүүлэг авч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчжээ. Тодруулбал, хавтас хэргийн 27 дугаар талд Ш.От гэрчийн эрх, үүрэг тайлбарлаж, хууль сануулсан баталгаа гаргуулж, худал хэлбэл, Зөрчлийн болон Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр зааж, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг зөрчсөн.
Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 31.6 дахь хэсгийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар Д.Этэй холбоотой асуудлаар илэрхий сэжиглэл байхад яллагдагчид хуульд заасан эрхийг сануулж, өөрийнх нь зөвшөөрөл авалгүйгээр хэргийн үйл баримтын талаар мэдүүлэг авсан зэрэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчжээ.
Яллагдагч Ш.Оаас 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр мэдүүлэг авсан тэмдэглэлд “...миний бие өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа учраас хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна” гэж мөрдөн байцаалтын ажиллагаа дуусгавар болохоос өмнө мөрдөгч, прокурорт хүсэлт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2, 6 дахь хэсэгт зааснаар шүүхэд хэргийг шилжүүлэхээс өмнө хүсэлтээ илэрхийлсэн байна.
Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурор яллагдагчийн өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг хүлээн авах, эсхүл хүлээн авахаас татгалзах тухай тогтоол гаргаж шийдвэрлэх нь хэргийн оролцогчийн эрхийг хангаж байгаа явдал юм.
Яллагдагч нь мөрдөн байцаалтын шатанд “хүсэлт”-ээ мэдүүлэгт дурдаж, гарын үсэг зурсан нь хүсэлтийг гаргасан гэж үзэхээс тусгайлан өөр цаас, албан бичигт бичигдсэнээр хүсэлтийн хэлбэр хангагдана гэж ойлгож, хүний эрхийг тайлбарлах боломжгүй.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх нь хохирогчийн эрх сэргэх, яллагдагч шүүхээр Эрүүгийн хуульд заасан нөхцөл, боломжийг эдлэх онцгой эрхийг олгосон.
Шүүх эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх боломжгүй гэж үзсэн нөхцөл байдлыг хууль зүйн хувьд тодорхойлох учиртай. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөгч, прокурор хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй тул шүүх мөрдөн шалгах ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүй, мөрдөгч, прокурорын шийдвэрт заагдаагүй бусад ажиллагааны талаар шийдвэртээ нэрлэн заах боломжгүйг дурдан яллагдагч Ш.От холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Тээврийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол Ш.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокурор Б.Одонтуяа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхээс насанд хүрээгүй хохирогчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийг тайлбарлаагүй мэдүүлэг авсан байна гэж үзсэн бөгөөд насанд хүрээгүй хохирогчоор болон хууль ёсны төлөөлөгчөөр нэг өдөр тогтоон мэдүүлэг авсан. Хохирогчийн мэдүүлгийг заавал үнэлэх шаардлагагүй. Учир нь, хохирогчийн ээж нь хууль ёсны төлөөлөгчөөр нэгэн адил эрх үүрэгтэйгээр оролцож байгаа учраас хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлгийг үндэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна.
Мөн яллагдагч Ш.О нь бичиг үсэг мэдэхгүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийг оролцуулсан бөгөөд яллагдагчаар татсан тогтоол болон яллагдагчаар татсан тогтоолыг өөрт нь болон өмгөөлөгчид нь танилцуулан гарын үсэг зуруулсны үндсэн дээр өмгөөлөгчтэй нь байлцуулан мэдүүлгийг авсан учир өөрийнх нь зөвшөөрөл авалгүйгээр мэдүүлэг авсан гэж шүүхээс үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй.
Түүнчлэн, яллагдагч Ш.О нь мэдүүлэг дээрээ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар мэдүүлдэг хэдий ч прокурорт бичгээр болон амаар хүсэлт гаргасан зүйлгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд хялбаршуулах тухай хүсэлтээ бичгээр гаргасан байхаар заасан байдаг. Гэтэл өмгөөлөгч болон яллагдагч нарын зүгээс энэ талаар гаргасан хүсэлт байхгүй тул шүүхээс хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
Иймд анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, дүгнэлтийг шинжлэн судалсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой шалгаж хянасны үндсэн дээр бодит байдлыг тогтоон шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийх боломжтой байтал хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаасан нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн 2024/ШЗ/2013 дугаар захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.
Яллагдагч Ш.Оын өмгөөлөгч П.Амгаланбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцэлд маргасан зүйл байхгүй. Миний үйлчлүүлэгч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатнаас эхлэн үнэн зөв мэдүүлэг өгсөн. Гэрчээр мэдүүлэг авахад нь болсон үйл явдлын талаар тодорхой ярих үүднээс мэдүүлэг өгсөн бөгөөд тухайн үед өмгөөлөгч миний бие байлцсан. Гэрчээр мэдүүлэг авах, эрх, үүрэг тайлбарлах зэрэг асуудалд хайхрамжгүй хандсан асуудал байдаг. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсаны дараа мэдүүлэг өгөхдөө энэ талаар мэдүүлсэн. Хохирол, төлбөр төлсний дараа ял тохиролцох асуудал хөндөгддөг тул хэрэг прокурорт шилжих үед хохирлыг төлсөн байна гэдэг байр суурьтай байсан. Бодит хохирлыг төлж, сэтгэл санааны хохирлыг төлж амжаагүй тул хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэх байр суурийг прокурорт илэрхийлсэн. Миний үйлчлүүлэгч хэргийг хурдан, шуурхай шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Ш.От холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хянав.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, Ш.От холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалган тогтоожээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасны дагуу хэрэгт холбоотой хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, гэрч нарыг шүүх хуралдаанд оролцуулах талаар хүсэлт гарган тэднийг шүүх хуралдаанд оролцуулж, нотлох ажиллагааг хэрэгжүүлэх боломжтой байна.
Түүнчлэн шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас шүүхэд дээрх хүсэлтийг гарган шийдвэрлүүлэх, хэргийн нөхцөл байдлыг мэтгэлцээн явуулж үндэслэлтэй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ.
Шүүгчийн захирамжид заасан “...мөрдөн шалгах ажиллагааны явцад бага насны хохирогч Д.Ээс мэдүүлэг авахдаа түүнд Эрүүгийн болон Зөрчлийн тухай хууль сануулж авсан, яллагдагч Ш.Оыг гэрчээр өөрийнх нь эсрэг мэдүүлэг авсан...” зэрэг хуульд заасан үндэслэл журмыг зөрчин цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэж байгаа эсэхийг харгалзан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэх боломжтой.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд Ш.От холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэх боломжтой байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЗ/2013 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.
2. Яллагдагч Ш.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ