Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 908

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “И” ХХК

Хариуцагч: Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, 

Нэхэмжлэлийн шаардлага: Аж үйлдвэрийн сайдын 2016 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 59 тоот тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Газрын тос боловсхуулах үйлдвэр барих төсөл”-д хөрөнгө оруулж, төслийг хэрэгжүүлэх, үндэсний компани/ууд/-ын оролцоотой консорцимыг сонгох уралдаант шалгаруулалтын баримт бичгийн Хавсралт 1 Уралдаан шалгаруулалтын хуваарьт уралдаан шалгаруулалтад хүсэлт ирүүлэх “2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр” гэсэн хэсгийг хүчингүй болгож, уг хугацааг бодит тооцоо судалгааны үндсэн дээр буюу хамгийн багадаа 3 сар байхаар тогтоохыг даалгах”, шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч “И” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Очхүү нар оролцов.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “И” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.П болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Монгол Улсын Аж үйлдвэрийн яамнаас “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөлд хөрөнгө оруулж, төслийг хэрэгжүүлэх үндэсний компаниудын оролцоотой консерциумыг сонгох уралдаант шалгаруулалтыг 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаж, уралдаант шалгаруулалтад оролцох хүсэлт гаргагч буюу консерциум 2016 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 15 цагийн дотор хүсэлтээ ирүүлэхээр зарласан. Манай “И” ХХК нь “А” ХХК, “М*******” ХХК, “Э*******” ХХК, “М*******” ХХК, “Т*******” ХХК, “Л*******” ХХК, “Т*******” ХХК, “Э*******” ХХК болон ИБУИНВУ-ын “K*******” зэрэг компаниудын хамтарсан консерциум болон “Хэнтий аймгийн ******* суманд жилд 2,3 сая тонн хүртэл хүчин чадалтай газрын газрын тос боловсруулах үйлдвэрт хөрөнгө оруулж, төслийг хэрэгжүүлэх консерциумыг шалгаруулах уралдаант шалгаруулалт”-нд оролцох хүсэлтээ 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Аж үйлдвэрийн яаманд илэрхийлсэн болно. 

Манай консорциум нь Аж үйлдвэрийн яамнаас тухайн уралдаант шалгаруулалт”-нд оролцох хүсэлтээ 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч судлан танилцахад уг сонгон шалгаруулалтын бичиг баримтад “30 жилийн хугацаатай бизнес төсөл”-ийг 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авах буюу зөвхөн энэ хугацаанд ирүүлэх шаардлагыг тавьсан байна.

Манай консерциум нь хамтрагч компани болох газрын тос боловсруулах салбарт 100 гаран жил үйл ажиллагаа явуулж байгаа “K*******” компанитай тус уралдаант шалгаруулалтын баримт бичгийн дагуу бэлтгэх “30 жилийн хугацаатай бизнес төсөл”-ийг боловсруулан бэлтгэхэд хангалттай мэдээллүүдийг тусгаагүй, ойлгомжгүй, дутуу байгаа юм.

Тухайлбал, яамнаас өгсөн мэдээллүүдэд говийн бүсэд газрын тос боловсруулах үйлдвэрийн урьдчилсан техник эдийн засгийн үндэслэл дэх ойлгомжгүй болон дутуу хийгдсэн ажлуудаас дурдвал:

Яамны бэлтгэсэн газрын тосны зах зээлийн судалгаа нь төсөл бичих хэмжээнд хийгдээгүй, дутуу, нэмж судалгаа хийх шаардлагатай. Зах зээлийн судалгааг бодит байдалд нийцүүлэн үнэн зөв бүрэн хийхэд ихээхэн хугацаа шаардлагатай байгаа. Мөн зах зээлд нөлөөлж болох бүхий л гадаад болон дотоод хүчин зүйлсийг харгалзаж үзээгүй. Яамнаас хийсэн, Говийн бүсийн техник эдийн засгийн үндэслэл /цаашид ТЭЗҮ гэх/-д суурь болгож авсан мэдээлэл нь 2013 оны мэдээлэл байгаа нь төслийг бэлтгэхэд үндэслэл болговол бодит бус болох юм.

Мөн түүхий тосны үнийн тооцоолол учир дутагдалтай дутуу, газрын тос зөөвөрлөх хоолойн үйлдвэрийн зардлын газрын тосны үйлдвэрийн үйл ажиллагааны зардалд нөлөөлөх нөлөөлөл бүрэн тодорхойлогдоогүй. Газрын тос зөөвөрлөх хоолойн талаарх мэдээлэл бүрэн биш байгаа учир эдгээр мэдээллийг шинэчлэх, олж авах, үйлдвэрийн үйл ажиллагааны зардалд тооцох зэрэг ажлууд хийгдэх шаардлагатай ба үүнд хамгийн багадаа 2 сарын хугацаа шаардлагатай. Түүхий тосны хангамжийн асуудал бүрэн шийдэгдээгүй ба ойлгомжтой биш. Нөөц газруудын тогтоогдсон нөөц нь 19 жилд дуусахаар ажиглагдаж байгаа. Түүхий эдийн нөөц дууссан тохиолдолд газрын тосны үйлдвэрийг өөр эх үүсвэрээс хангах, импортоор авах түүхий тосны шинж чанар тодорхой биш учраас тухайн үед импортоор авсан түүхий тосыг боловсруулахын тулд техникийн хөрөнгө оруулалт давтан хийгдэх шаардлагатай болох.

Гадаадын болон дотоодын зах зээл, олон улсын эдийн засаг, улс төрийн хүчин зүйлсийн нөлөө, эрх зүйн тогтвортой байдлын нөлөөллийн судалгаа зэргийг 30 жилээр тусгах, энэ чиглэлээр судалгаа хийхэд Яамнаас тавьсан 1 сарын хугацаа хангалтгүй байна.

Яамнаас тавьсан шаардлагын дагуу 30 хоногийн хугацаанд Газрын тос боловсруулах үйлдвэр барих хөрөнгө оруулалтын төлөвлөгөө боловсруулж, барьж байгуулах төлөвлөгөө, төслийг боловсруулах, судлах, улмаар хэрэгжүүлэх төлөвлөгөөг 30 жилийн хугацаагаар тооцоолж, бүрэн зөв хийх ямар ч боломжгүй бөгөөд тэр тусмаа газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл нь маш их тооцоолол шаарддаг ба буруу тооцооллоос гарч болох үр дагавар нь эдийн засаг, хөрөнгө оруулалтын асар их эрсдэл дагуулдаг, цаашлаад уг төсөл бодит байдалд дээр хэрэгжихгүй байх, улс орны хэтийн төлөвлөлтөд сөргөөр нөлөөлөх юм. Мөн түүнчлэн сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн консерциумын зүгээс жилд 2,3 сая тонн хүртэл хүчин чадалтай газрын тос боловсруулах үйлдвэрт хөрөнгө оруулалт хийх, улмаар хэрэгжүүлэх төслийг 1 сарын хугацаанд бэлтгэнэ гэдэг нь бодит нөхцөл байдалд боломжгүй бөгөөд дэлхийн жишигт хамгийн багадаа 3 сар, цаашлаад 1 жилийн хугацаанд бэлтгэдэг билээ.

Олон улсын жишгээр төслийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулахад тавьдаг жишиг хугацаа нь 3-12 сар байдаг. Дээрх бүх нөхцөл байдлыг дүгнэж үзвэл Аж үйлдвэрийн яамнаас зарласан “Газрын тос боловсруулах үйлдвэр барих, хөрөнгө оруулалт хийх, хэрэгжүүлэгчийн” сонгон шалгаруулалт нь тухайн зах зээлд өрсөлдөж буй аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулалт нэрийн дор зах зээлээс шахан гаргах, тухайн зах зээлд өрсөлдөх боломжгүй болгох, сонгон шалгаруулалтад шударгаар өрсөлдөж үйл ажиллаагаа явуулах, газрын тос боловсруулах үйлдвэрлэлийн зах зээлд нэвтрэх боломжийг хязгаарласан шийдвэр болсон гэж үзэх магадлалтай юм. Иймээс яамны зүгээс дээрх байдлаар хугацааны хувьд төсөлд оролцох буюу бодит тооцоо судалгааг үндэслэн төсөл, төлөвлөгөө бэлтгэх боломжгүй нөхцөл шаардлагыг тавьж байгаа нь манай компанийн шударгаар өрсөлдөх нөхцөлийг хязгаарлаж байх тул Аж үйлдвэрийн сайдын 2016 оны 59 дүгээр тушаалын дагуу явуулж буй “Хэнтий аймгийн ******* суманд жилд 2,3 сая тонн хүртэл хүчин чадалтай газрын тос боловсруулах үйлдвэрт хөрөнгө оруулж, төслийн хэрэгжүүлэх консерциумыг шалгаруулах уралдаант шалгаруулалт”-ын баримт бичиг болон түүнд холбогдох бусад үйл ажиллагаа, тушаал, шийдвэр зэргийг хянан шалгаж тухайн сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэж буй манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах талаар дараахь шийдвэрийг гаргаж өгөхийг хүсье. 

Аж үйлдвэрийн сайдын 2016 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 59 тоот тушаалаар баталсан “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-д хөрөнгө оруулж, төслийг хэрэгжүүлэх үндэсний компани/ууд/-ын оролцоотой консорциумыг сонгох уралдаант шалгаруулалтын баримт бичгийн Хавсралт 1 Уралдаант шалгаруулалтын хуваарьт заасан “2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Уралдаант шалгаруулалтын санал ирүүлэх” гэсэн хэсгийг хүчингүй болгож, уг хугацааг бодит тооцоо судалгааны үндсэн дээр буюу хамгийн багадаа 3 сар байхаар тогтоохыг даалгах” гэжээ.

Хариуцагч Аж үйлдвэрийн сайд шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5.12 дахь хэсэгт Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын эрхлэх ажил үүрэгт газрын тос, хүнд үйлдвэрийн асуудал хамаарахаар болсон билээ. Үүнтэй холбогдон Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн Геологи, уул уурхайн, хүнд үйлдвэрийн салбарын хүрээнд авч хэрэгжүүлэх зорилтын 2.70-д “...газрын тос боловсруулах үйлдвэр байгуулна” гэж тусгагдсан.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Уул уурхайн, хүнд үйлдвэрийн яамнаас газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн талаар санал боловсруулж, Засгийн газарт 2016 оны 10 дугаар сард танилцуулсан бөгөөд Засгийн газраас тус асуудалтай холбогдуулан төр, хувийн хэвшлийн хувь эзэмшил, хөрөнгө оруулалт, санхүүжилт, байршил болон өмнө энэ талаар төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан эрх зүйн акт баримт бичиг зэргийг дахин нарийвчлан, ул суурьтай судлах чиглэлийг өгөөд байна. Дээрхи чиглэлийн дагуу шаардлагатай судалгаа, шинжилгээний ажлыг зохион байгуулж, санал дүгнэлт боловсруулан Засгийн газарт танилцуулж, холбогдох шийдвэрийг гаргуулах арга хэмжээг авна. Үүнд тодорхой хугацаа шаардлагатай болох юм.

Иймд Аж үйлдвэрийн сайдын 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн тушаалаар зарлагдсан “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-д хөрөнгө оруулж, төслийг хэрэгжүүлэх, үндэсний компаниудын консорциумыг сонгох уралдаант шалгаруулалтыг үргэлжлүүлэн зохион байгуулах боломжгүй байгаа болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх “И” ХХК-ны гаргасан Аж үйлдвэрийн сайдын 2016 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 59 тоот тушаалаар баталсан “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-д хөрөнгө оруулж, төслийг хэрэгжүүлэх үндэсний компаниудын оролцоотой консерциумыг сонгох уралдаант шалгаруулалтын баримт бичгийн Хавсралт 1 Уралдаант шалгаруулалтын хуваарьт заасан “2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Уралдаант шалгаруулалтын санал ирүүлэх” гэсэн хэсгийг хүчингүй болгож, уг хугацааг бодит тооцоо судалгааны үндсэн дээр буюу хамгийн багадаа 3 сар байхаар тогтоохыг даалгах“ тухай нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж  шийдвэрлэлээ.

Хариуцагчийн төлөөлөгч нь “Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5.12 дахь хэсэгт Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын эрхлэх ажил үүрэгт газрын тос, хүнд үйлдвэрийн асуудал хамаарахаар болсон. 

Үүнтэй холбогдон Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын хүрээнд авч хэрэгжүүлэх зорилтын 2.70-д “...газрын тос боловсруулах үйлдвэр байгуулна” гэж тусгагдсан. 

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн талаар санал боловсруулж, Засгийн газарт 2016 оны 10 дугаар сард танилцуулсан бөгөөд Засгийн газраас тус асуудалтай холбогдуулан төр, хувийн хэвшлийн хувь эзэмшил, хөрөнгө оруулалт, санхүүжилт, байршил болон өмнө энэ талаар төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан эрх зүйн акт баримт бичиг зэргийг дахин нарийвчлан, ул суурьтай судлах чиглэлийг өгөөд байна. 

Дээрх чиглэлийн дагуу шаардлагатай судалгаа, шинжилгээний ажлыг зохион байгуулж, санал дүгнэлт боловсруулан Засгийн газарт танилцуулж, холбогдох шийдвэрийг гаргуулах арга хэмжээг авна үүнд тодорхой хугацаа хэрэгтэй байна”  гэсэн тайлбарыг гаргажээ.

 “А” ХХК, “Интер Стандарт Нефть” ХХК, “Монхидроконстракшен” ХХК, “Э*******” ХХК, “М*******” ХХК, “Т*******” ХХК, “Л*******” ХХК, “Т*******” ХХК, “Эрдэнэбаригч” ХХК-иудын хамтарсан консорциумын хурлын шийдвэр 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдөр гарч уг шийдвэрээр Консорциумын оролцогч гишүүн И ХХК, түүний гүйцэтгэх захирал Ц.П, Бизнес Хөгжлийн газрын дэд захирал Ш.Чулуунбаатар нарт Аж үйлдвэрийн сайдад холбогдуулан хууль шүүхийн байгууллагад Консерциумыг төлөөлөх бүрэн эрхийг итгэмжлэн олгосон байна.

Үүний дагуу “И” ХХК нь “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл” хэрэгжүүлэх консорциумыг сонгох уралдаант шалгаруулалтын хугацааг тогтоох асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Монгол Улсын Аж үйлдвэрийн яамнаас “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл-д хөрөнгө оруулж, төслийг хэрэгжүүлэх үндэсний компаниудын оролцоотой консорциумыг сонгох уралдаант шалгаруулалтыг 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаж, уралдаант шалгаруулалтад оролцох хүсэлт гаргагч буюу консерциум 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 15 цагийн дотор хүсэлтээ ирүүлэхээр зарласан байна.

Улмаар Аж үйлдвэрийн сайдын 2016 оны 04 дүгээр сарын 06 ны өдрийн “Уралдаант шалгаруулалтын комисс байгуулах тухай” 59 дүгээр тушаал батлагдаж уг тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөлд хөрөнгө оруулж, төслийг хэрэгжүүлэх үндэсний консерциумыг сонгох уралдаант шалгаруулалтын бичиг баримт буюу уг уралдаант шалгаруулалтад оролцогчийн саналыг хүлээн авах, шалгаруулах үйл ажиллагаа явагдахаар болсон байна.

Нэхэмжлэгч “...уралдаант шалгаруулалтад оролцогчийн санал хүргүүлэх хугацааг 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр байхаар заасан байгаа нь бодит нөхцөл байдалд нийцээгүй, оролцохыг хүсэж буй компанид газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөлд хөрөнгө оруулж төслийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулж бэлтгэхэд хангалттай бус, энэ хугацаанд гүйцэтгэх ямар ч боломжгүй хугацааг тулгаж байна ...” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ. 

  Аж үйлдвэрийн яамнаас оролцогч байгууллагад “Газрын тос боловсруулах ерөнхий мэдээллийг” хүргүүлсэн байх ба уг мэдээлэлд “30 жилийн хугацаатай бизнес төсөл”-ийг боловсруулан бэлтгэхэд хангалттай мэдээллүүдийг тусгаагүй, ойлгомжгүй, дутуу тухайлбал Газрын тосны зах зээлийн судалгаа нь төсөл бичих хэмжээнд хийгдээгүй, дутуу, нэмж судалгаа хийх, зах зээлийн судалгааг бодит байдалд нийцүүлэн үнэн зөв бүрэн гаргаагүй, мөн зах зээлд нөлөөлж болох бүхий л гадаад болон дотоод хүчин зүйлсийг харгалзаж үзээгүй яамнаас хийсэн говийн бүсийн техник эдийн засгийн үндэслэл суурь болгож авсан мэдээлэл нь 2013 оны мэдээлэл байгаа нь бодит бус, мөн түүхий тосны үнийн тооцоолол учир дутагдалтай, дутуу, газрын тосны зөөвөрлөх хоолойн үйлдвэрийн зардлын газрын тосны үйлдвэрийн үйл ажиллагааны зардалд нөлөөлөх нөлөөлөл бүрэн тодорхойгүй. Гадаадын болон дотоодын зах зээл, олон улсын эдийн засаг, улс төрийн хүчин зүйлсийн нөлөө, эрх зүйн тогтвортой байдлын нөлөөллийн судалгаа зэргийг 30 жилээр тусгах, энэ чиглэлээр судалгаа хийхэд яамнаас тавьсан 1 сарын хугацаа хангалтгүй байна гэж үзсэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлтэй байна.

Аж үйлдвэрийн сайдын 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 59 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-д хөрөнгө оруулж, төслийг хэрэгжүүлэх үндэсний консерциумыг сонгох уралдаант шалгаруулалтын бичиг баримтад заасан уралдаант шалгаруулалтын журмын 15 дугаар зүйлийн 15.5-т “Аж үйлдвэрийн яам уралдаант шалгаруулалтын санал ирүүлэх хугацааг өөрийн санаачлагаар болон уралдаант шалгаруулалтад оролцогчийн хүсэлтийн дагуу сунгах буюу уралдаант шалгаруулалтын хуваарийг өөрчилж болно” гэж заасан байхад хариуцагч санал хүлээн авах хугацааг сунгахаас үндэслэлгүйгээр татгалзсан нь хууль бус болсон байна.

Мөн “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-д хөрөнгө оруулж, төслийг хэрэгжүүлэх үндэсний компаниудийн оролцоотой консерциумыг сонгох уралдаант шалгаруулалтын баримт бичгийн 6 дугаар хэсгийн 6.4.8-т зааснаар “Уралдаант шалгаруулалтад шалгарч, гэрээ байгуулах эрх авсан оролцогч газрын тос боловсруулах үйлдвэрийн урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэлийн төлбөр 1.5 тэрбум төгрөгийг төрд төлөх” үүргийг хүлээх бөгөөд богино хугацаанд боловсруулсан санал нь эдийн засгийн учир дутагдалтай байх магадлалтай төдийгүй сөрөг үр дагавар үүсгэхээр байна.

Иймд нэхэмжлэгч “И” ХХК-ний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хариуд огт мэтгэлзээгүй болохыг дурьдах нь зүйтэй байна. 

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, мөн хуулийн 421 дүгээр зүйлийн 421.1, 421.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “И” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Аж үйлдвэрийн сайдын 2016 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 59 дугаар тушаалаар баталсан “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-д хөрөнгө оруулж, төслийг хэрэгжүүлэх үндэсний компаниудын оролцоотой консорциумыг сонгох уралдаант шалгаруулалтын баримт бичгийн Хавсралт 1 Уралдаант шалгаруулалтын хуваарьт заасан “2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Уралдаант шалгаруулалтын санал ирүүлэх” гэсэн хэсгийг хүчингүй болгож, уг хугацааг бодит тооцоо судалгааны үндсэн дээр буюу хамгийн багадаа 3 сар байхаар тогтоохыг хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.                    

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        О.ОЮУНГЭРЭЛ