Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 393

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,

Улсын яллагч З.Энхжаргал,  

Шүүгдэгч Н.Тэмүүжин түүний өмгөөлөгч Д.Бум-аюуш нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайчууд овогт Нэргүйн Тэмүүжинд холбогдох эрүүгийн 1809006490230 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Голден” караоке бааранд бармен ажил хийдэг, ам 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүрэг 6 дугаар хороо, Тоосгоны 14 дүгээр гудамж 283 тоотод оршин суух, урьд 1 удаа ял шийтгэгдэж байсан, Тайчууд овогт Нэргүйн Тэмүүжин, /РД:ФБ91041650/,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Н.Тэмүүжин нь Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр “Япон улсын виз гаргаж өгнө” гэж хохирогч Ж.Чингисийг төөрөгдөлд оруулан 1.500.000 төгрөгийг залилан авч бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Н.Тэмүүжин нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв…” гэв.

Эрүүгийн 1809006490230 дугаартай хэргээс:

Шүүгдэгч Н.Тэмүүжин нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би Чингисийг урьдны танил багаасаа нэг газар өссөн байнгийн харилцаатай байдаг байсан юм. 2017 оны 4 дүгээр сард би Японд байхад Чингис тэнд байсан тэгээд нэг газар хамт амьдарч байгаад ирээд 2017 оны 09 сард хамт явахаар болоод Чингис визнийхээ материалыг өөрөө бүрдүүлээд надад хандаад, виз гарахад тусалж дэмжих хүн байна уу гэсэн. Тухайн үед надад орчуулгын товчоонд ажилладаг элчинд танилтай Бүрнээ гэдэг нэг ах байсан юм. Тэр хүнд хандах гэж байсан юм. Тэгэж байж байгаад 2017 оны 10 дугаар сард Япон улс руу явсан ба 2018 оны 02 дугаар сард ирсэн. Тухайн өгсөн гэх 1.500.000 төгрөгийг Чингис надад виз гарахад туслалцаад өг гэж өгсөн болохоос би виз гаргаж өгнө гэж аваагүй юм. Тухайн үедээ би “гарсан гараагүй хамаагүй шүү” гэхэд өөрөө “за” гэсэн юм. Тэрнээс биш би виз гаргаж өгнө 1.500.000 төгрөг байдаг гэж би мөнгө аваагүй юм…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/,

 

                 Хохирогч Ж.Чингис мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...Ханын материалын орчим гэр нь байдаг Тэмүүжин гэдэг залуутай 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр уулзаж ярилцаад өөртөө Япон улсын виз гаргуулахаар тохиролцон Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо Засгийн газрын ордны ард явж байгаад гар утаснаасаа Тэмүүжингийн 5006907812 дугаартай Хаан банкны дансруу 1.500.000 төгрөг шилжүүлэн өгсөн. Надад Япон улсын виз гаргаж өгнө гэж 1.500.000 төгрөг авсан. Түүнээс хойш холбогдоход мөнгийг чинь удаахгүй өгнө гэж хэлдэг байсан ч сүүлдээ утас нь холбогдохоо больсон…" гэсэн мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/

 

Эд мөрийн баримтаар тооцох тогтоолоор:

-“…Эрүүгийн 1809006490230 дугаартай хэрэгт хохирогч Ж.Чингисийн “Хаан” банкны 5111210950 дугаартай дансны хуулга 1 хуудас, яллагдагч Н.Тэмүүжингийн 5006907812 дугаартай “Хаан” банкны дансны хуулга 2 хуудас зэргийг эд мөрийн баримтаар тооцов…” гэжээ /хх-ийн 17 дугаар хуудас/

 

Хохирогч Чингисийн “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга:

-“…2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 5006907812 гэсэн данс руу 1.500.000 төгрөг шилжсэн…” /хх-ийн 18 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Н.Тэмүүжингийн “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга:

-“…2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр 5111210950 данснаас 1.500.000 төгрөг шилжиж орж ирсэн…” /хх-ийн 20 дугаар хуудас/,

Гэрч А.Энхнарангийн мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/, гэрч Н.Ариунцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/, Алтан ковш ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 30 дугаар хуудас/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 37 дугаар хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 38 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 39 дүгээр хуудас/, Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 40 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Н.Тэмүүжин нь Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр “Япон улсын виз гаргаж өгнө” гэж хохирогч Ж.Чингисийг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан 1.500.000 төгрөгийг залилан авч бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан болох нь шүүгдэгч Н.Тэмүүжингийн  шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Чингисийн мэдүүлэг, хохирогч Чингисийн  “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга,  шүүгдэгч Н.Тэмүүжингийн “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Шүүх шүүгдэгч Н.Тэмүүжингийн бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдүүлэн өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилан 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд нийгэмд тогтсон шударга байх ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай санаа, зорилгоо хэрэгжүүлсэн нөхцөл байдал шалтгаалсан байна.

Шүүгдэгч Н.Тэмүүжинд ял оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

  Шүүгдэгч Н.Тэмүүжин нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо буцаан өгч хор уршгийг арилгасан байх тул шүүх түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоов.

Хохирогч Ж.Чингисийн бичгээр гаргасан хүсэлтэд “…миний бие хохирлын 1.500.000 төгрөгийг 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүлээж авсан…” /хх-ийн 44/ гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдлаа.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Н.Тэмүүжин нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.