Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 2024/ДШМ/76

 

 

   

 

 

 

  2024          10              31                                                         2024/ДШМ/76

 

 

Б.Дт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа, шүүгч А.Цэрэнханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Э.Уянга  

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.О

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.А

Яллагдагч Б.Д 

Яллагдагчийн өмгөөлөгч Р.М, Ж.Э 

Иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Б.М

Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нарыг оролцуулан

            Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж шийдвэрлэсэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааны 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 746 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч яллагдагчийн өмгөөлөгч Р.Мгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн яллагдагч Б.Дт холбогдох эрүүгийн 2334005430135 дугаар хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Цэрэнхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, .......... оны ..... дугаар сарын ..........-ны өдөр Өвөрхангай аймгийн ............ суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт .......... аймгийн ............ сумын ............ багт оршин суух хаягтай,

урьд нь Төв аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 1996 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 118 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 112.2, 239 дугаар зүйлийн 239.3 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 1998 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2004 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 32 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1, 91.2.2 дахь хэсэгт зааснаар 15 жилийн хорих ял оногдуулж, 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 706 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 780 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, Б......... овогт Б......... Д.......... /РД:....................../

2.Яллагдагч Б.Д нь 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 69-38 УБА улсын дугаартай “Мазда Бонго” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг Улаанбаатар-Өвөрхангай чиглэлийн АО301 авто замын 54 дэх км-ийн шонгийн ойролцоо хатуу хучилттай автозам дээр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно, а/согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 18.3-д “хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэснийг зөрчиж зам дээр зогсож байсан 81-08 ТӨҮ улсын дугаартай “Хово” маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөж, зам тээврийн осол гаргаж зам засварын ажил хийж байсан У.Урантөгөл нь хоёр тээврийн хэрэгслийн хооронд хавчуулагдсаны улмаас амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Төв аймгийн прокурорын газраас яллагдагч Б.Дт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

3.Анхан шатны шүүх: Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар яллагдагч Бойтог овгийн Батмөнхийн Дашдондовт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2334005430135 дугаар хэргийг Төв аймгийн Прокурорын газарт буцааж,

Хэргийг прокурорт очтол яллагдагч Б.......... овогт Б...... Д............урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж,

Эрүүгийн 2334005430135 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдаж,

Хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

4.Яллагдагч Б.Дын өмгөөлөгч Р.М давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Төв аймгийн Прокурорын газарт буцаасан захирамж нь хууль ёсны байх шаардлагыг хангаагүй тул давж заалдах гомдлыг гаргаж байна.

1.Шүүхийн захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж хуульчилсан байгаа учраас яллагдагч Батмөнх овогтой Дашдондовын ургийн овог нь зөрүүтэй ойлгомжгүй байна. Яллагдагчийн хувийн байдлыг буруу тогтоосон гэж үзсэн. Өмгөөлөгч миний зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13-6.15-т зааснаар урьдчилан хэлэлцүүлэг хийлгүүлэхээр хүсэлт гаргасан боловч шүүх анхаарч үзэлгүй орхигдууллаа.

2.Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй.

Яллагдагч Б.Дт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамласан гэх боловч анхан шатны шүүх нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 8.2 дугаар зүйлд зааснаар шинжээчийн дүгнэлтийг шүүх шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол тухайн заалтын дагуу шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байхад дахин дүгнэлтийг гаргуулахгүй шийдвэрлэсэн гэж үзэж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон эсэхийг нягтлаагүй. Насанд хүрээгүй хүнээр шөнийн цагт, хориглосон нөхцөлд ажил хийлгэсэн байхад Хөдөлмөрийн тухай хууль, Авто замын тухай хууль, Хөдөлмөр аюулгүй ажиллагааны дүрэм журам, шинжээчийн дүгнэлтийг анхаарч үзсэнгүй.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.8-т заасан "...шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй бол..." ноцтой зөрчил гэж үздэг. Захирамжийн тодорхойлох хэсэгт ...яллагдагчийн өмгөөлөгч Р.М нь "хэргийн газрын нөхөн үзлэг хийх шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах гэсэн утга бүхий хүсэлт гаргасныг шүүх хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв..." гэж бичсэн нь уншиж сонсгосон шийдвэрээс зөрүүтэй байна. Өмгөөлөгч миний бие нь шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах тухай гомдлын агуулгыг өөрчилж, мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг буцаасан шүүгчийн захирамжийн үндэслэх хэсэгт дурдсан ажиллагаа дээр нэмж ажиллагаа хийлгэхээр буцааж өгнө үү гэсэн хүсэлтэй байгаа гэв. 

5.Яллагдагчийн өмгөөлөгч Ж.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Р.М өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна. Хэргийн газрын үзлэгийг дутуу хийсэн гэж үзэж байгаа тул хэргийг прокурорт буцаах нь зүйтэй. Осол гарсан шалтгааныг хөдөлмөрийн аюулгүй байдлыг зөрчсөн байна гэдэг. Засвар хийж байгаа газар ажлын байрны хэсэгт ордог. Шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулснаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг журмыг зөрчсөн юм уу, эсхүл Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн юм уу эсэхийг тогтооно. Тухайн байгууллага нь Хөдөлмөрийн аюулгүй байдлыг зөрчсөн гээд нөхөн олговор өгсөн тухай баримт хэрэгт авагдсан байдаг гэв.

6.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр өмгөөлөгч нарын хүсэлтийг хэлэлцсэн. Нэмэлт ажиллагаа хийлгэх хүсэлт нь шинжээчийн дүгнэлт дахин гаргуулах, хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдалтай холбоотой асуудал байгаа. Энэ хэрэг маш удаан хугацаанд шалгагдсан. Прокурорын байгууллага бүх шатанд өмгөөлөгч нарын гомдол хүсэлтийг хангасан. Энэ хүний үйлдсэн гэмт хэрэг нь прокуророос зүйлчилсэн зүйлчлэлд тохирсон гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасны дагуу хэргийг хэлэлцэх боломжтой. Яллагдагчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.9 дүгээр зүйлд заасан хэргийн бүрэлдэхүүн байхгүй. Тухайн болсон хэргийн нөхцөл байдалд энэ зүйл анги тохирохгүй. Бүтэн жил өнгөрчхөөд байхад хэргийн газрын үзлэг хийнэ гэж байхгүй. Одоо тэнд юу ч байхгүй. Тухайн үедээ хэргийн газрын үзлэг хийчихсэн, тэмдэглэл хөтөлсөн, фото зургаар бэхжүүлсэн. Хохирогчийн зүгээс анхан шатны шүүхийн хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг үндэслэлгүй гэж үзэж байна. Гэм буруугийн шүүх хуралдааныг зарлуулах хүсэлтэй байна гэв.

7.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчтэйгөө санал нэг байна. Энэ хэргийг хурдан шийдүүлмээр байна гэв.

8.Прокурор Э.Уянга давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 746 дугаар шүүгчийн захирамжаар яллагдагч Б.Дт холбогдох эрүүгийн хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд прокурорт буцааж шийдвэрлэсэн. Ингэхдээ яллагдагчийн ургийн овог яллах дүгнэлтээс зөрүүтэй тул хувийн байдлыг тогтоох шаардлагатай гэж үзсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “гэмт хэргийг хэн үйлдсэн” гэж заасан бөгөөд энэ нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтаас гадна шүүх хуралдааны явцад ч нотлох ажиллагаа болохыг шүүх анхаараагүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчийн урд шийтгэгдэж байсан эсэхийг тухайн хүний регистрийн дугаараар хайлт хийж шалган тогтоодог бөгөөд яллагдагч Б.Дын хувьд өөрийнх нь регистрийн дугаараар хайлт хийж шалгаад урд өмнө нь ял шийтгэгдэж байсан лавлагаа мэдээлэл, шүүхийн шийтгэх тогтоолууд бүгд хавтаст хэрэгт авагдсан. Иргэний Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас авсан лавлагаа мэдээллээр Б.Дын регистрийн дугаар давхардсан талаарх лавлагаа мэдээлэл авагдаагүй, ургийн овгоо сольсон талаарх бүртгэл авагдаагүй. Мөн Монгол Улсын иргэн бүрд Иргэний улсын бүртгэлийн тухай хуулиар дахин давтагдашгүй үсэг, цифрийн хосолмол регистрийн дугаарыг олгодог. Ял шалгах хуудаст ургийн овгийг Туг гэж бичсэн боловч түүний овог нэр, регистрийн дугаарыг үнэн зөв бүртгэсэн болох нь хэргийн материалд авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын лавлагаа, Цагдаагийн ерөнхий газрын мэдээллийн сан дахь жолооны үнэмлэхийн лавлагаа, урд ял шийтгэл эдэлж байсан талаарх шүүхийн тогтоол зэрэг нотлох баримтуудаар Б.Д нь тухайн регистрийн дугаараар бүртгэлтэй болох нь нотлогдоно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.8-т заасан шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг нь гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй бол ноцтой зөрчил гэж үздэг. Захирамжийн тодорхойлох хэсэгт хэргийн газрын нөхөн үзлэг хийх шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах гэсэн утга бүхий хүсэлт гаргасныг шүүх хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв гэж бичсэн нь уншиж сонсгосон шийдвэрээс зөрүүтэй байна. Шүүх урьдчилсан хэлэлцүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлд заасан журмаар явуулсан эсэх нь тодорхойгүй, хэлэлцүүлгээр мөн зүйлийн 6 дахь хэсэгт заасан 17 асуудлаас аль асуудлыг нь хэлэлцсэн эсэх нь шийдвэрт тусгагдаагүй зэрэг нь шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 746 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

9.Иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Б.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Надад хэлэх тайлбар байхгүй гэв.

10.Яллагдагч Б.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Надад хэлэх тайлбар байхгүй гэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар яллагдагч Б.Дт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ яллагдагчийн өмгөөлөгч Р.Мгийн гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэж, шүүгчийн захирамжийг хүчингүй болгон шийдвэрлэлээ.

1.Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, хэргийг прокурорт буцаах, түдгэлзүүлэх, харьяалах шүүхэд шилжүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэх ба шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар явуулж болохоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан.

2.Анхан шатны шүүх яллагдагчийн өмгөөлөгч Р.Мгийн гаргасан хүсэлтийг үндэслэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, түүний хүсэлтийг хэлэлцсэн байх ба шийдвэр гаргахдаа шүүх хуралдаанаар хэлэлцээгүй, талуудын мэтгэлцээгүй асуудлын талаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь шүүх хуралдааны явцыг хөтөлсөн 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 746 дугаар тэмдэглэлд тусгагджээ. /2-р хх-ийн 241/

3.Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина гэсэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчмыг баримталж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болон Шүүхийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2-т зааснаар оролцогчийг шүүх хуралдаанд мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжоор тэгш хангах, хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоож, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд яллагдагчийн гэм буруутай эсэх, гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон эсэхэд дүгнэлт хийн шийдвэрлэх юм.

3.1.Гэтэл шүүх урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааны үед талуудын мэтгэлцээгүй үйл баримтын талаар буюу прокурорын яллах дүгнэлтийн биеийн байцаалт хэсэгт яллагдагчийг “Бойтог овогт Батмөнхийн Дашдондов” гэх боловч эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд “Тог овогт Батмөнхийн Дашдондов” гэсэн агуулга бүхий дүгнэлт хийж, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасныг хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох зарчмыг хэрэгжүүлээгүй, шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж давж заалдах шатны шүүх үзэх үндэслэл болов.

4.Яллагдагчийн өмгөөлөгч Р.М нь “...хэргийн газрын нөхөн үзлэг хийх, шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах гэсэн утга бүхий хүсэлт гаргасныг шүүх хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв..." гэж бичсэн нь уншиж сонсгосон шийдвэрээс зөрүүтэй бичигдсэн” гэх боловч 2 дугаар хавтаст хэргийн 241-245 дугаар хуудсанд авагдсан шүүх хуралдааны тэмдэглэл нь 246-278 дугаар хуудсанд авагдсан шүүгчийн захирамжаас зөрүүтэй бичигдсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

5.Иймд анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 746 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, өмгөөлөгч Р.Мгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

6.Түүнчлэн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 746 дугаар шүүгчийн захирамжийн “Захирамжлах нь” хэсгийн 4 дэх заалтад “хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй” гэж хохирогчийн давж заалдах гомдол гаргах эрхийг дурдалгүй орхигдуулж, хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан байгааг дурдав.

7.Шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл хугацаанд яллагдагч Б.Дт нь урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.2 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 746 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

2.Шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл хугацаанд яллагдагч Б.Дт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ТҮВШИНТӨГС

 

                                    ШҮҮГЧИД                                   М.МӨНХДАВАА

 

                                                                                   А.ЦЭРЭНХАНД