| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 302/2025/00300/И |
| Дугаар | 302/ШШ2025/00383 |
| Огноо | 2025-05-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 302/ШШ2025/00383
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: *********-т оршин суудаг, утас *********, М.Д;
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Б*********-т үйл ажиллагаа явуулдаг, регистрийн ******* дугаартай, Б аймгийн Н газар
Хүсэлтийн шаардлага: С нэгдэлд ногоочин тариаланчаар 1988 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 1990 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Д.А,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус газарт хуулийн зөвлөх Б.Ж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ердос
(Хүсэлт гаргагч М.Пд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд өөрийг нь оролцуулахгүйгээр, өмгөөлөгчийг оролцуулан хэргийг хянан хэлэлцэхийг хүссэн тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүний эзгүйд хавтаст хэрэгт авагдсан баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан хэлэлцэв)
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч М.П С нэгдэлд ногоочин тариаланчаар 1988 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 1990 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн байна. Хүсэлт гаргагч М.П хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:
1.1.Миний бие 1987 онд Өлгий сумын 2 дугаар бүрэн дунд сургуулиас 10 дугаар анги төгссөн юм. Сургуулиа төгссөний дараа илгээлтийн эзнээр Алтанцөгц сумын Социалист зам нэгдэл-д хуваарилагдан төмс ногооны тариаланчаар ажилд орж ажлын анхны гараагаа эхэлсэн юм. Миний бие Алтанцөгц сумын Социализмын зам нэгдэлд 1988 оноос эхлэн 1990 он хүртэл ногоочин, туслах ажилчин, тариачнаар ажиллаж байгаад нэгдэл хувийн хэвшлийн аж ахуйд шилжсэн үед ажлаас чөлөөлөгдсөн юм.
1.2.Энэхүү миний С нэгдэлд тариаланчаар ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн талаар Хөдөлмөрийн дэвтэрт маань бүрэн бичигдсэн боловч тушаалууд олдоогүй. Харин аймгийн архиваас тухайн үед цалин хөлс авч байсан талаарх Алтанцөгц сумын Социализмын зам нэгдлийн 70 дугаар дансны баримтууд байна. Одоо тэтгэвэрт гарах нас болоод бичиг баримтаа бүрдүүлэхэд энэхүү ажилласан байдал маань ажилласан хугацаанд орохгүй хохирч байна.
Иймд холбогдох бусад нотлох баримтуудыг үндэслэн миний С нэгдэлд ногоочин тариаланчаар 1988 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 1990 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ажилласан болохыг тогтоож өгнө үү гэсэн байна.
2.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жанерке хүсэлтийн шаардлагыг үгүйсгэсэн тайлбарт: Хүсэлт гаргагчийн хувьд С нэгдэлд 1988 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 15-ны өдөр дуустал тариачнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор хүсэлт гаргасан байна. Аймгийн архиваас тус нэгдлийн 1990 оны цалин хөлсний баримт гараагүй, 1988,1990 онуудын тушаалуудыг архивд шилжүүлээгүй гэсэн байна. Иймд хэрэгт авагдсан зарим нотлох баримтууд нь эргэлзээтэй байгаа тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэсэн байна.
3.Хүсэлт гаргагчаас Монгол Улсын Иргэний үнэмлэхийн хуулбар, А.Шамия, Х.Дэрчиннамсрай, А.Махмет нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, Баян-Өлгий аймгийн архивын тасгаас 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хуулбарлан өгсөн С нэгдлийн 70 дугаар дансны 1988 оны, 1989 оны баримтууд, Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний Хөдөлмөрийн дэвтэр зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
4.Шүүхийн санаачилгаар тус шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 479 дугаартай албан бичгийн дагуу Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ний өдрийн 12/427 дугаар албан бичгээр М.Пгийн ХААТР маягтуудын хуулбарыг шүүхэд хүргүүлсэн болно.
Мөн тус шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 480 дугаартай албан бичгийн дагуу Баян-Өлгий аймгийн архивын тасгийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 154 дугаартай албан бичгээр хүргүүлсэн хүсэлт гаргагч М.Пд холбогдох Алтанцөгц сумын Социализмын зам нэгдлийн 1988-1989 онуудын цалин хөлсний баримтуудыг хуулбарлан хүргүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
5.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
6.Хүсэлт гаргагч М.П дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Миний бие Алтанцөгц сумын Социализмын зам нэгдэлд 1988 оноос эхлэн 1990 он хүртэл ногоочин, туслах ажилчин, тариачнаар ажиллаж байгаад нэгдэл хувийн хэвшлийн аж ахуйд шилжсэн үед ажлаас чөлөөлөгдсөн юм. Энэхүү миний С нэгдэлд тариаланчаар ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн талаар Хөдөлмөрийн дэвтэрт маань бүрэн бичигдсэн боловч тушаалууд олдоогүй. Харин аймгийн архиваас тухайн үед цалин хөлс авч байсан талаарх Алтанцөгц сумын Социализмын зам нэгдлийн 70 дугаар дансны баримтууд байна. Иймд миний С нэгдэлд ногоочин тариаланчаар 1988 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 1990 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ажилласан болохыг тогтоож өгнө үү гэсэн байна.
7.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жанерке хүсэлтийн шаардлагын талаар гаргасан тайлбарт. Үүнд: ...Аймгийн архиваас тус нэгдлийн 1990 оны цалин хөлсний баримт гараагүй, 1988,1990 онуудын тушаалуудыг архивд шилжүүлээгүй гэсэн байна. Иймд хэрэгт авагдсан зарим нотлох баримтууд нь эргэлзээтэй байгаа тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэсэн байна.
8.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
8.1.Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 154 дугаартай албан бичигт: Хүсэлт гаргагч М.Пд холбогдох Алтанцөгц сумын Социализмын зам нэгдлийн 1988-1989 онуудын цалин хөлсний баримтуудыг хуулбарлан хүргүүлэв. Харин Социализмын зам нэгдлийн 1990 оны цалин хөлсний баримтыг шүүн үзэхэд холбогдох баримт гараагүй, 1988-1990 оны тушаалуудыг архивд шилжүүлээгүй гэсэн байна.
Энэхүү Баян-Өлгий аймгийн архивын тасгаас хуулбарлан хүргүүлсэн С нэгдлийн 1988 оны цалин хөлсний баримтын нэрсийн жагсаалтад П 27928 төгрөгийн цалин хөлс авч байсан тухай бичилт хийгдсэн байна.
Мөн С нэгдлийн 1989 оны цалин хөлсний баримтад М.П 3-9 дүгээр саруудад цалин хөлс авч байсан тухай бичилт хийгдсэн байна.
8.2.Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 12/427 дугаартай албан бичгээр хүргүүлсэн 1988 оны 06 дугаар сарын 22-ны өдөр бүртгэсэн БНМАУ-ын Хүн амын регистрийн карт №165 буюу ХААТР-1(А) маягтын 14-д ажилладаг байгууллага гэдэгт: Социализмын зам нэгдэл; ажилд орсон гэдэгт: 1988 он; эрхэлдэг ажил гэдэгт: Газар тариаланд ногоочин; ажил эрхэлсэн он гэдэгт: 1988; оршин суудаг сум гэдэгт: Алтанцөгц сум гэж бичигдсэн байна.
8.3.Хүсэлт гаргагч М.Птай хамт ажилласан Урианхай тошил овогт Хорхойн Дорчиннамсрай (хоч Галаа)-ын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод: Миний бие Алтанцөгц сумын Социализмын зам нэгдэлд 1987 оноос 1990 он хүртэл ногоочин, тариачин, морин тэрэгчин зэрэг ажлуудыг хийж байсан юм. Тухайн үед Мадетийн П нь 1988 оноос 1990 он хүртэл Алтанцөгц сумын Социализмын зам нэгдэлд тариачнаар ажиллаж байсан нь үнэн. М.Пгийн аав Х.Мадет нь мөн ногоочин байсан гэсэн байна.
Мөн Төлек овогт Аххатаны Махметийн нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод: Миний бие Алтанцөгц сумын Социализмын нэгдэл-д 1962 оноос 1990 он хүртэл малчин, тариачин, ногоочин зэрэг ажлуудыг хийж байсан ба нэгдэл тарсан үед нэгдлээс гарсан юм. Тухайн үед Мадетийн П 1988 оноос 1990 он хүртэл Алтанцөгц сумын Социализмын нэгдэл-д тариаланчаар ажиллаж байсан нь үнэн болохыг тодорхойлов гэсэн байна.
Мөн хүсэлт гаргагч М.Пгийн төрсөн эх Жагалбай овогт Рахметханы Шамшиягийн нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод: Миний бие Алтанцөгц сумын Социализмын нэгдэл-д 1972 оноос 1990 он хүртэл малчин, тариачин зэрэг ажлуудыг хийж байман. Тухайн үед миний охин М.П нь сургуулиа төгсөөд 1988 оноос 1990 он хүртэл Алтанцөгц сумын Социализмын нэгдэл-д ногоочин тариачаар ажилласан гэсэн байна.
Эдгээр нотлох баримтуудаар хүсэлт гаргагч М.П нь С нэгдэлд ногоочин тариаланчаар1988 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 1990 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ажилласан болох нь тогтоогдож байна.
9.Хүсэлт гаргагч М.Пгийн гаргаж өгсөн 1980 оны Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний Хөдөлмөрийн дэвтэр-ийн эхний хуудсанд хэзээ хэн олгосон тодорхой хөдөлмөрийн дэвтэр олгосон нэгдлийн даргын нэр бичигдээгүй гарын үсэг зурагдаагүй, огноо бичигдээгүй, мөн С нэгдлийн тамгыг дарсан эсэх нь тодорхой бус, хагас дарагдсан дугуй хэлбэртэй тамгын доторх үгнүүдийг унших боломжгүй, мөн 2-3 дугаар хуудасны эрхэлсэн ажлын тухай бичилтүүдийг нотлох тушаалууд нь байхгүй байна.
Иймд энэхүү 1980 оны Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний Хөдөлмөрийн дэвтэр хүсэлт гаргагч М.Пгийнх гэдэг нь эргэлзээтэй байгаа тул энэхүү Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4, 38.5 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болж чадахгүй болно.
10.Хүсэлт гаргагч М.П нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
Иймд дээрх нотлох баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч М.П нь С нэгдэлд ногоочин тариаланчаар 1988 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 1990 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ажилласан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
11.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дах хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Ители овогт Мадетийн П С нэгдэлд ногоочин тариаланчаар 1988 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 1990 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ажилласан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар хүсэлт гаргагч А.Пгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Энэ шийдвэрийг хүсэлт гаргагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК