Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2022/00619

 

 

 

 

2022 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2022/00619

 

 

                                     Б.Цнэхэмжлэлтэй

                                             иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2022/00161 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Цхариуцагч М.Бд холбогдуулан гаргасан хууль бус эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

1.1 Нэхэмжлэлийн шаардлага: М.Бгийн хууль бус эзэмшлээс ...165,09 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг чөлөөлүүлнэ.

1.2 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Нэхэмжлэгч нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2206029411 дугаарт бүртгэлтэй, ...165,09 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг 2019 онд 380,000,000 төгрөгөөр худалдан авсан, хууль ёсны өмчлөгч нь мөн. Уг орон сууцыг худалдан авах үед настай хүн амьдарч байсан бөгөөд удахгүй байрыг чөлөөлж өгнө гэдэг байсан. Гэтэл ковид гарч хөл хорио тогтоосноос болж нэхэмжлэгч байрандаа очиж чадаагүй. Гэтэл М.Б орон сууцыг худалдаж авсан гэх үндэслэлээр чөлөөлөхгүй байна гэжээ.

2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулгад:  Тайлбар гаргаагүй.

3. Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Цөмчлөлийн .... ...165,09 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг хариуцагч М.Бгийн эзэмшлээс албадан чөлөөлж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 1,987,750 төгрөгийг нөхөн төлүүлж улсын орлогод оруулан, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2,057,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.  

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалангийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. М.Б шүүхээс нэхэмжлэлийг гардаж авсны дараа гадаад улс руу явсан бөгөөд хуулийн хугацаанд хариу тайлбар өгч чадаагүй. Төлөөлөгчид итгэмжлэл өгсөн өдөр шүүхэд очиход хуралдаан болсон байсан. Нэхэмжлэлд дурдсан хаягт Я.Жаргалмаа тус хаягт оршин суудаг болохыг тогтоосон. М.Б нь .... хаягт оршин суудаг байхад шүүх ..... 106 тоотод оршин суудаг гэж хэрэгжих боломжгүй шийдвэр гаргасан. Иймд шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх заалт хэрэгжих боломжгүй тул хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: ... Тус орон сууцыг 2019 онд худалдаж авч, өмчлөх эрхийн гэрчилгээ нэхэмжлэгчийн нэр дээр гарсан. Орон сууцыг чөлөөлүүлэхээр очиход М.Б амьдарч байсан. М.Б 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэлийг гардаж авч, 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр анхан шатны шүүх хуралдаан болсон. Тэрээр 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Монгол Улсын хилээр гарсан ба нэхэмжлэлд хариу тайлбар ирүүлж, шүүх хуралдаанд оролцох боломжтой байсан. Я.Жаргалмаа тухайн орон сууцад амьдардаггүй, Сонгинохайрхан дүүрэгт харьяалалтай бөгөөд хүүхдээ сургуульд сургах гэж худал баримт бүрдүүлсэн гэдэг нь тус байрны СӨХ-ны даргын тодорхойлолтоор тогтоогддог гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Б.Ц .... 165,09 м.кв 4 өрөө орон сууцыг хариуцагч М.Бгийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргажээ.

3. Маргаан бүхий орон сууцны өмчлөгч нэхэмжлэгч Б.Ц болох нь хэргийн 4-р талд авагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх ба тэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.

4. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчид гардуулан өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлах, хэргийн материалтай танилцуулах, хурлын товыг мэдэгдэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт заасан журмын дагуу явуулсан байна. /хх9-10, 12, 14, 17/

5. Харин хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дах хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдаанд оролцоогүй байна.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг шүүх зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Тодруулбал, шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн байх ба нотлох баримтыг үнэлэх хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй болно.

7. Тухайн маргаан нь хариуцагч М.Бтай хамааралтай бөгөөд шүүхийн шийдвэр биелэгдээгүй нөхцөлд түүнд холбогдуулан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдах тул хариуцагчийн “маргаан бүхий орон сууцанд оршин суудаггүй, Я.Жаргалмаа гэж хүн амьдардаг болох нь СӨХ-ны тодорхойлолтоор тогтоогдсон, хэрэгжих боломжгүй шүүхийн шийдвэр гарсан” гэх гомдол үндэслэлгүй.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2022/00161 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.НЯМБАЗАР

 

                                           ШҮҮГЧИД                                  Г.ДАВААДОРЖ  

 

                                                                                              А.МӨНХЗУЛ