Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 2024/ДШМ/1167

 

 

П.Лд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Агар,

шүүгдэгч П.Л, түүний өмгөөлөгч Д.Бэлгүүн,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/571 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.Лгийн өмгөөлөгч Д.Бэлгүүний гаргасан давж заалдах гомдлоор П.Лд холбогдох 2410 00186 0085 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

А овгийн П-ийн Л, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр ... аймагт төрсөн, ... настай, э....., дээд боловсролтой, авто инженер, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа барилгын ажил эрхэлдэг, ам бүл .... нарын хамт .... дүүргийн ... дугаар хороо, .... байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:...../;

Шүүгдэгч П.Л нь 2023 оны 12 дугаар сарын 25-ны шөнө 01 цагийн үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Хан-Уул дүүргийн арын замд “Toyota Prius 30” маркийн **-** ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-т “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна”, мөн дүрмийн 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 3.5-д “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэсэн заалтуудыг зөрчиж, “Toyota Prius Alpha” маркийн **-** .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, уг тээврийн хэрэгслийн жолооч Б.Жийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, мөн ослын газраас зугтаасан тус тус гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: П.Лгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: А овогт П-ийн Л-г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож,

шүүгдэгч П.Лг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч П.Лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 480 /дөрвөн зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч П.Лд мэдэгдэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар хохирогчийн эмчилгээний зардалд 1.873.595 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршигт 9.900.000 төгрөг, нийт 11.773.595 төгрөгийг шүүгдэгч П.Лгаас гаргуулж, хохирогч Б.Жид олгож,

шүүгдэгч П.Л нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч П.Лд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч П.Лгийн өмгөөлөгч Д.Бэлгүүн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тус шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар хохирогчийн эмчилгээний зардалд 1.873.595 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршигт 9.900.000 төгрөг, нийт 11.773.595 төгрөгийг шүүгдэгч П.Лгаас гаргуулж, хохирогч Б.Жид олгосугай.” гэсэн байна. Хохирогчийн эмчилгээний зардалд гарсан гэх 1.873.595 төгрөгийн 1.172.991 төгрөг буюу шүүхийн шатанд өгсөн баримтаас үзэхэд тус баримтууд нь хохирогчийн биед учирсан хохиролд хэрэглэхгүй эмүүд бичигдсэн байна.

Хохирогчийн сэтгэл санаанд хохирол учирсантай холбоотой шинжилгээ хийлгэх шаардлагагүй гэж хавтаст хэргийн 129 дүгээр талд дурдсан байдаг. Хохирогч өөрөө шаардлага байхгүй гэсэн байдаг. Бидний зүгээс хүсэлт өгөөд сэтгэл зүйчтэй уулзаж сэтгэл санааны хохирол гаргуулах гэсэн боловч үүнийг шүүх харгалзаж үзээгүй.

Мөн тус шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэсэн байна. Миний үйлчлүүлэгч П.Л нь тухайн хэрэг болсны дараа хэргийн газрыг зориуд орхиж явсан гэж үзсэн. П.Лгийн жолоодож явсан машин өөрийнх нь нэр дээр байдаг. Машины урьд шилэн дээр утасны дугаар нь байдаг. Зам тээврийн ослын газраас машинаа хөдөлгөөгүй бөгөөд тухайн үед ээжийнх нь бие муу байна гэсний улмаас яарч явсан бөгөөд эргэж ирэхэд машин нь байхгүй байсан. Мөн мөрдөгч болон прокурор тухайн хүндэтгэн үзэх шалтгааныг нотлох ямар нэгэн үйлдэл хийгээгүй ба анхан шатны шүүгч хүндэтгэн үзэх шалтгааныг огт үнэлээгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг хүлээн зөвшөөрөөд төлбөр мөнгөө төлж, хохирогчийн автомашиныг 43.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Хохирогчийн бүрэн хохиролгүй болгосон.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан бөгөөд энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. П.Л хэзээ ч холбогдох боломжтой нөхцөл байдал бий болгоод машинаа үлдээж, утасны дугаараа үлдээгээд хэлээд явсан. Тухайн үед хүндэтгэн үзэх нөхцөл байдал байсан гэдгийг нотлох зорилгоор ээжийг нь ирж үзсэн эмчийг гэрчээр асуулгах хүсэлт гаргасан боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад тэр хүсэлтийг хангахгүй орхисон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасныг зөрчсөн. Хэргийг нотлогдож байгаа гэж үзэж хэт нэг талыг баримталж шийдвэрлэсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал” гэж заасныг зөрчсөн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Шүүгдэгч П.Л тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэж хүсэж байна. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би хэргийн газрыг зориуд орхиж яваагүй.” гэв.

Прокурор Д.Агар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолтой танилцлаа. Эмчилгээний зардалтай холбоотой шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна. Сэтгэцэд учирсан хохирлыг зөв тогтоосон. Ослын газрыг орхиж зугтаасан үйлдлээрээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна. Ослын газрыг орхиж зугтаахдаа явганаар болон тээврийн хэрэгсэл аль алинаар нь явсан байхыг ойлгож байгаа. Ослын газрыг орхиж зугтаасан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Шийтгэх тогтоолтой танилцах явцад бичиг техникийн алдаа гарсан байсан. Шийтгэх тогтоолд сэтгэцэд учирсан хор уршгийн 4 дүгээр зэрэглэлээр гэж бичсэн атлаа 3 дугаар зэрэглэлээр тогтоосон байсан. Хүндэвтэр хохиролтой хэрэг дээр 3 дугаар зэрэглэлээр тогтоохоор байгаа. Иймд техникийн алдааг зөвтгөж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Лгийн өмгөөлөгч Д.Бэлгүүний гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч П.Л нь 2023 оны 12 дугаар сарын 25-ны шөнө 01 цагийн үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Хан-Уул дүүргийн арын замд “Toyota Prius 30” маркийн **-** ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-т “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна”, мөн дүрмийн 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 3.5-д “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэсэн заалтуудыг зөрчиж, “Toyota Prius Alpha” маркийн **-** .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, уг тээврийн хэрэгслийн жолооч Б.Жийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, мөн ослын газраас зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Жийн “...Би 2023 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 01 цагийн үед өөрийн эзэмшлийнх боловч банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр бүртгэлтэй “Тоёота Приус 41” маркийн **-** .... улсын дугаартай автомашиныг жолоодоод Хан-Уул дүүргийн “Хан-Уул Таур”-ын гэрэл дохиотой уулзвар дээр зорчих хэсгийн 3 дугаар эгнээнээс Хан-Уул дүүрэг рүү буюу зүүн гар тийш эргэх дохиогоо өгөөд зогсож байтал миний машины араас их хүчтэй мөргөхөд миний машин урагшилж зорчих хэсгийн 2 дугаар эгнээнд зогссон. Би машинаас буугаад харахад “Тоёота Приус 30” маркийн **-** .... улсын дугаартай автомашинтай 40 орчим насны эрэгтэй хүн /Л/ жолоо барьж яваад миний машиныг мөргөсөн байдалтай байсан. Тэр үед би 102 дугаарын утас руу дуудлага өгчихөөд нөгөө жолоочид хандаж “яаж яваад байгаа юм бэ” гэж асуухад “гулгаад мөргөчихлөө” гэж хариулахаар нь би машинаас куртикээ авах гээд буцаад орох үед миний машиныг мөргөсөн жолооч /Л/ машинаа орхиод гүйгээд яваад өгсөн. Удалгүй замын цагдаагийн бүрэлдэхүүн ирж хэргийн газарт хэмжилт хийж байхад түргэний машин ирээд намайг үзээд явсны дараа ачилтын машин ирээд хоёр машиныг ачсан. ...” /1хх 17, 53-54/ гэсэн мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1018 дугаартай “...Б.Ж-ийн биед хүзүүний 3, 5, 6-р нугалмын сэртэнгийн хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй.” /1хх 37-38/ гэх дүгнэлт,

Тээврийн цагдаагийн албаны 140 дугаартай мөрдөгчийн “...“Toyota Prius 30” маркийн **-** улсын дугаартай автомашины жолооч П-ийн Л нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5-д “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ осолд орсон хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, в/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэж, ...цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг ирх хүртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийг хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах”, 11.14-т “жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна.”, мөн энэ дүрмийн 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. ...” /1хх 71-72/ гэх магадлагаа,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоогдсон акт, ослын хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 5-12/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг хангалттай нотолжээ.

Анхан шатны шүүхээс П.Лг “автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн төдийгүй түүний үйлдлүүдийг гэмт хэрэг гарах үед мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Түүнчлэн шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохирол төлбөрийг барагдуулсан нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Шүүгдэгч П.Лгийн өмгөөлөгч Д.Бэлгүүн “...Хохирогчийн эмчилгээний зардалд гарсан гэх 1.873.595 төгрөгийн 1.172.991 төгрөг буюу шүүхийн шатанд өгсөн баримтаас үзэхэд тус баримтууд нь хохирогчийн биед учирсан хохиролд хэрэглэхгүй эмүүд бичигдсэн байна.

...П.Лгийн жолоодож явсан машин өөрийнх нь нэр дээр байдаг. Машины урьд шилэн дээр утасны дугаар нь байдаг. Зам тээврийн ослын газраас машинаа хөдөлгөөгүй бөгөөд тухайн үед ээжийнх нь бие муу байна гэсний улмаас яарч явсан бөгөөд эргэж ирэхэд машин нь байхгүй байсан. ...П.Л хэзээ ч холбогдох боломжтой нөхцөл байдал бий болгоод машинаа үлдээж, утасны дугаараа үлдээгээд хэлээд явсан. ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5-д “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэж жолоочийн үүргийг тодорхой тусгасан бөгөөд шүүгдэгч П.Л нь дээрх үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан болох нь хохирогч Б.Жийн “...би 102 дугаарын утас руу дуудлага өгчихөөд нөгөө жолоочид хандаж “яаж яваад байгаа юм бэ” гэж асуухад “гулгаад мөргөчихлөө” гэж хариулахаар нь би машинаас куртикээ авах гээд буцаад орох үед миний машиныг мөргөсөн жолооч машинаа орхиод гүйгээд яваад өгсөн. ...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.

Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Жийн гаргаж өгсөн хохирлын баримтуудыг тооцож үзэхэд энэ гэмт хэрэгт хамааралгүй Низорал шампунь, флюлесс, АЦЦ, терафлю, шүүс аньсны сироп гэх зэрэг ханиадны эм авсан баримтуудыг /1хх 175-179, 181/ тооцон 512.194 төгрөгийг хасаж, үлдэх 1.361.401 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй байна.

Түүнчлэн, давж заалдах шатны шүүхээс хохирогч Б.Жийн сэтгэцэд учирсан хор уршгийн хэмжээг тооцохдоо түүнд учирсан гэмтлийн зэрэг болон хэрэгт авагдсан нотлох баримтууд, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж, тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 550.000 төгрөгийг Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын Гуравдугаар зэрэглэлийн хамгийн багаар буюу 13 дахин нэмэгдүүлснээр тооцож, 550.000х13=7.150.000 төгрөгийг гаргуулж, шийтгэх тогтоолын 5 дахь заалтад зохих өөрчлөлт оруулав.

Иймд, дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч П.Лгийн өмгөөлөгч Д.Бэлгүүний “Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх” талаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, “хохирлыг зөвтгүүлэх” талаар гаргасан гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдаагүй хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролтой холбоотой баримт байвал иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/571 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтын “...хохирогчийн эмчилгээний зардалд 1.873.595 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршигт 9.900.000 төгрөг, нийт 11.773.595 төгрөгийг шүүгдэгч П.Лгаас гаргуулж, хохирогч Б.Жид олгосугай.” гэснийг “...хохирогчийн эмчилгээний зардалд 1.361.401 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршигт 7.150.000 төгрөг, нийт 8.511.401 төгрөгийг шүүгдэгч П.Лгаас гаргуулж, хохирогч Б.Жид олгосугай.” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч П.Лгийн өмгөөлөгч Д.Бэлгүүний “Хохирлыг зөвтгүүлэх” талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                Ц.ОЧ

ШҮҮГЧ                                                С.БОЛОРТУЯА

ШҮҮГЧ                                                Д.МӨНХӨӨ