Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 306

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж, шүүгч Б.Дуламсүрэн, С.Оюунчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

Иргэдийн төлөөлөгч Б.Алтанцэцэг,

Нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,

            Улсын яллагч Р.Батнасан,

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Батбаатар

            Шүүгдэгч М.Т,түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д заасан гэмт хэрэгт М.Тийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201525020496 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч,хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1958 оны 5 дугаар сарын 7-нд Өмнөговь аймгийн Цогтовоо суманд төрсөн, 60 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цаг уурын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2, эхийн хамт Өмнөговь аймгийн Даланзадгад сум 8 дугаар баг, Аргалтын 4-1 тоотод түр оршин суудаг, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Алтайн 26-18А тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Боржигон овгийн М.Т /регистрийн дугаар КЮ 58050771/,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч М.Т нь согтуугаар Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Алтайн 28-16б тоотод 2015 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн дүү М.Эрдэнэбатыг цээжний зүүн урд болон зүүн ард хэсэгт 2 удаа хутгалж санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч М.Т шүүх хуралдаанд “...2015 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 11 цагийн үед гахайн торой зарахаар талийгаач бид хоёр бөмбөгөр зах орсон. Бөмбөгөр зах ороод гахайн тооройгоо зараад 1 цагийн үед бид хоёр буцаж явахдаа нэг шил архи авч гэрт очиж уусан. Тэгээд гэрт байж байтал Батбаяр ирээд бид гурав 0.33 гр архи хувааж уусан. Дараа нь дахиад 0.75 гр архи талийгаач явж авчирсан Батгэрэл, Батбаяр би, талийгаач бид нар бүгд хувааж уусан. Би согтоод унтаад өгсөн тэрнээс цааш би мэдэхгүй. 23 цагийн үед н.Чимэд, Ж.Батбаяр, өөр нэг залуутай хаалга цохиж тогшсон би хаалга нээж өгсөн. Тэр 3 орж ирээд нас барсан байна гэж хэлсэн, би тэгэхэд юу ч мэдээгүй байсан. Тэгээд цагдаа, түргэн дуудаад би хэлтэс рүү явсан...” гэв,

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “…тэр өдөр дүү Эрдэнэбат бид 2 өглөө босоод гахайн тоорой зарж борлуулах гэж 2 уулаа бэлэн болсон тооройгоо Бөмбөгөр зах руу 2 уулаа авч гараад бөмбөгөр зах дээр тооройгоо 100,000 төгрөгөөр зарсан юм тухайн үед тооройны толгойг аваагүй юм ингээд дүүтэйгээ 2 уулаа Бөмбгөрөөс 0,75 граммын Бурхан-халдун архи авч хоёулаа хувааж ууж дуусгасан юм энэ үед нөгөө гахайн толгойгоо хэн нь шулахаас болж хоорондоо маргалдсан би болохоор толгой шулахгүй усандаа явна гэж хэлсэн тэгээд үүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна. Нэг мэдэхэд л хаалга нүдээд байсан тул би гарч гэрийн үүдний тамбарын хаалгаа дотор талаас нь онгойлгож өгөхөд Чимэд Батбаяр 2 орж ирсэн Чимэд баруун орон дээр хэвтэж байсан Эрдэнэбат дээр очсоноо хөшчихсөн байна ш дээ гэхээр би очоод хартал хөшчихсөн байхаар нь хартал өмд нь цус болчихсон байсан бөгөөд Чимэд миний утсаар цагдаа түргэн дуудсан... би хамгийн сүүлд өөрийн төрсөн дүү М.Эрдэнэбаттай үлдсэн маань үнэн учир нь орой Чимэд хаалга тогшиход би өөрөө онгойлгосон энэ үед дүүгээс маань өөр ямар ч хүн байгаагүй…” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтас х-216-218/,

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Батбаатар шүүх хуралдаанд “…Аав маань авга ахтай маань 20 жил хамт амьдарсан. Би бас авга ахтайгаа хэдэн жил хамт амьдарч байсан. Авга ахыгаа ямар ааш араншинтай хүн гэдгийг би сайн мэднэ. Энэ хоёр маань хоорондоо харилцаа холбоо маш сайн хүмүүс юм. Авга ахыгаа ийм зүйл хийсэн гэж үзэхгүй байна. Би хавтаст хэргийн материалтай хэд хэдэн удаа танилцсан. Хавтас хэргээс харахад авга ахыгаа ийм зүйл хийснийг би олж харахгүй байна. Иймд энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

Насанд хүрээгүй гэрч Б.Хулангийн “…2015 оны 04 сарын 25 нд 17 цагийн үед гэртээ ирээд сууж байтал хашааны хаалга дугараад би гэрийн үүдээр харахад 3 хүн Эрдэнэбат ахын гэрт явж ороод 5-10 минут болоод буцаад гарч явсан тэр үед би харахад Эрдэнэбат ах өөрөө хашааны хаалга түгжээд буцаад гэртээ орж байсан үүнээс хойш ямар нэгэн хүн хашаанд орж ирээгүй 20 цагийн үед аав ээж 2 ирээд бид 22 цагийн үед унтсан ба 23 цагийн үед хүн хаалга цохиод хажуу айлын хүн нас барсан байна түргэн дуудаад өг гэж хэлж байсан... 18 цагийн үед Эрдэнэбат ах хаалгаа түгжээд гэртээ орж байхыг би харсан юм... тэр өдөр Эрдэнэбат ахын гэрт маргаан зодоон болоогүй …” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтас х-145-146/,

 

Гэрч Ж.Батбаярын “…2015 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр …Эрдэнэбат, Тогтохдорж хоёртой ям ярьж сууж байгаад 17 цаг өнгөрч байх үед Эрдэнэбат намайг хашаанаас гаргаж өгөөд Эрдэнэбат, Тогтохдорж хоёр л гэртээ үлдсэн…” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтас х-88/,

 

Гэрч Г.Гэрэлт-Одын “…2015 оны 04 сарын 25 ны орой 23 цагийн орчимд гэрээсээ гарч манай гудамжинд байрлах хүнсний дэлгүүр лүү орж 0,33 граммын хараа архи 1 шилийг аваад гарч явах үедээ Батбаяр, Жаахнаа Чимэд ах нартай тааралдсан уг архийг хуваагаад уучихъя гэхэд Чимэд ах Тогтохдоржийн гэрт ороод уучихъя гэсэн хаалган дээрээ 18Б гэсэн хаягтай хашаа руу ортол хашаанд 2 гэр байсан зүүн талд байсан тамбартай гэрт ороход Чимэд ах хаалгыг татахад цоожтой байсан тэгэхээр нь хаалгыг нь нүдтэл 2-3 минут орчим халгаа онгойлгоогүй тул Чимэд ах Оёо гээд дуудтал хаалгаа онгойлгож өгсөн бид 3 дотогш ороход Оёо гэгч хойд талын орон дээр Эрдэнэбат гэж яриад байгаа хүн баруун талын орон дээр унтаж байгаа харагдсан ба дээгүүрээ нүцгэн доод талын өмдний хэсэг нь цус болсон харагдаж байсан Чимэд ах очсоноо босоорой гэснээ бие нь хөрчихсөн байна ш дээ хүйтэн болчихсон байна үхчихсэн юм биш үү гэхэд Ооёо юу гэж үхэх юм гээд уурлаад байсан Чимэд ах утсаа өг түргэн дуудах хэрэгтэй байна. Гэхэд байхгүй пизда минь Эрдэнэбатад байгаа гэж орилсон... Чимэд ах хажуу айлын хүний утсаар түргэн цагдаа дуудсан ингээд цагдаа нарыг иртэл нь би хэргийн газарт байсан …” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтас х-53-54/,

 

Гэрч Н.Оюунгэрэлийн “…23 цагийн үед танихгүй 3 хүн орж ирээд хажуу айлын болох Эрдэнэбат нил цус нөж болсон байна ар гэрийн хүнийг дуудах шаардлагатай гэхээр нь 103 дуудсан өөрийн дүү гэх Цогоо руу нь залгахад утсаа авахгүй байсан тэгээд цагдаа нар ирсэн... би гэртээ 20 цагийн үед ирсэн тэрнээс хойш ямар нэгэн дуу чимээ анир ерөөсөө гараагүй…” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтас х-60-63/,

 

Гэрч Б.Чимэдийн “…2015 оны 04 сарын 25 ны 17 цаг 20 минутын үед
Эрдэнэбат ах Хөхөөг хашаанаасаа гаргаж өгч байсан энэ үед бор өнгийн цамцтай
байх шиг байсан согтолт гайгүй байх шиг байсан... тэгээд би Эрдэнэбатын гэрт 23
цаг 35 минутад очиход нас барчихсан байсан юм тэгээд л түргэн болон цагдаад
дуудлага өгсөн…” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтас х-92-101/,

 

Гэрч Д.Батгэрэлийн “…2015 оны 04 сарын 25 нд талийгаач Эрдэнэбатын гэрт ороход шилтэй архи нь дундаа орчихсон байсан талийгаач Эрдэнэбат өөрөө нилээд халамцуу байдалтай, Ооёо ах нь халамцуу байсан Хөхөө буюу Батбаяр, Батаа буюу Батбаяр 2 арай гайгүй согтоогүй сууж байсан …” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтас х-118-119/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 788 тоот актын “…Талийгаач М.Эрдэнэбатын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр цээжний хөндийд нэвтэрч, зүүн уушги, үнхэлцэг, зүрхийг гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаач М.Эрдэнэбат нь дээрх гэмтлийн улмаас зүрх, судас, амьсгалын хурц дутагдалд орж нас баржээ.” гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтас х-151-152 /

 

Шинжээч эмч М.Энхбаярын мэдүүлэг: Талийгаачид цогцосны үзлэгийг 2015.04.26-ны үүрээр хийсэн байгаа. Энэ үед талийгаач нас бараад 10 цаг гаран хугацаа өнгөрсөн гэдэг нь 2015.04.25-ны 19-20 цагийн орчимд нас барсан байх боломжтой./1 дүгээр хавтас х-157/,

 

Мөн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл:…Ширээний баруун талын шургуулгыг онгойлгож үзэхэд ... ажлын хэсэг нь 13,3 см, бариул нь 12 см урттай цус мэт зүйлээр бохирлогдсон цагаан металл, иш болон ажлын хэсэг дээр “jinli”гэсэн бичиг логотой хутга байсныг “9” гэж дугаарлан эд мөрийн баримтаар хураан авлаа…/1 дүгээр хавтас х-5-6/,

 

Туршилт хийсэн тухай тэмдэглэл “…амбаарын хаалганы цоожийг гадна талаас онгойлгох боломжтой эсэхийг үзэхэд хаалганы дээд өнцөгөөс доош 40 см зайд доод шалнаас 80 см зайд замган цоож байрлуулсан бөгөөд хаалгыг дээш өргөж байж бүрэн хаагддаг бөгөөд гаднаас онгойлгох боломжгүй байв. Хаалганы дээд хэсэгт 15 см 15 см өргөнтэй, 65 см урттай сараалжин хаалттай байх бөгөөд уг хаалтаар гар орох боломжгүй, хаалга хаалт хоёрын завсраар 2 см зай гарч байна. …туршилтаар амбаарын цоожийг гаднаас ямар нэг аргаар онгойлгож дотогш орох боломжгүй болох нь туршилтаар тогтоогдсон.” /3-р хавтас х-30-31/,

 

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтас х-4-6/, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас х-8-14, 16-18, 27-28, 32-34/, цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтас х-15/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 дүгээр хавтас х-21-23/,хүний бие болон хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтас х-25-26/,хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтас х-29-31/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /2 дугаар хавтас х-23/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримтууд /2дугаар хавтас х-26-36/, туршилт хийсэн тэмдэглэл фото зургийн хамт /3 дугаар хавтас х-30-34/,Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /3 дугаар хавтас х-35-36/  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч М.Т нь согтуугаар Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Алтайн 28-16б тоотод 2015 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн дүү М.Эрдэнэбатыг цээжний зүүн урд болон зүүн ард хэсэгт 2 удаа хутгалж санаатай алсан болох нь:

Насанд хүрээгүй гэрч Б.Хулангийн “…2015 оны 04 сарын 25 нд 17 цагийн үед гэртээ ирээд сууж байтал хашааны хаалга дугараад би гэрийн үүдээр харахад 3 хүн Эрдэнэбат ахын гэрлүү явж ороод 5-10 минут болоод буцаад гарч явсан тэр үед би харахад Эрдэнэбат ах өөрөө хашааны хаалга түгжээд буцаад гэртээ орж байсан үүнээс хойш ямар нэгэн хүн хашаанд орж ирээгүй…”,

гэрч Ж.Батбаярын “…2015 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр …Эрдэнэбат, Тогтохдорж хоёртой ям ярьж сууж байгаад 17 цаг өнгөрч байх үед Эрдэнэбат намайг хашаанаас гаргаж өгөөд Эрдэнэбат, Тогтохдорж хоёр л гэртээ үлдсэн…”,

гэрч Г.Гэрэлт-Одын “…2015 оны 04 сарын 25 ны орой 23 цагийн орчимд гэрээсээ гарч дэлгүүр лүү орж 0,33 граммын хараа архи 1 шилийг аваад гарч явах үедээ Батбаяр, Жаахнаа Чимэд ах нартай тааралдсан. …Хаалгыг нь нүдтэл 2-3 минут орчим хаалгаа онгойлгоогүй. Чимэд ах Оёо гээд дуудтал хаалгаа онгойлгож өгсөн. Бид 3 дотогш ороход Оёо гэгч хойд талын орон дээр Эрдэнэбат гэж яриад байгаа хүн баруун талын орон дээр унтаж байгаа харагдсан ба дээгүүрээ нүцгэн доод талын өмдний хэсэг нь цус болсон харагдаж байсан. Чимэд ах очсоноо “босоорой” гэснээ “бие нь хөрчихсөн байна ш дээ хүйтэн болчихсон байна үхчихсэн юм биш үү” гэхэд Ооёо “юу гэж үхэх юм” гээд уурлаад байсан. Чимэд ах “утсаа өг түргэн дуудах хэрэгтэй байна.” гэхэд “байхгүй пизда минь Эрдэнэбатад байгаа” гэж орилсон... Чимэд ах хажуу айлын хүний утсаар түргэн цагдаа дуудсан ингээд цагдаа нарыг иртэл нь би хэргийн газарт байсан …”,

гэрч Н.Оюунгэрэлийн “…23 цагийн үед танихгүй 3 хүн орж ирээд “хажуу айлын Эрдэнэбат нил цус нөж болсон байна. Ар гэрийн хүнийг дуудах шаардлагатай.” гэхээр нь 103 дуудсан. Өөрийн дүү гэх Цогоо руу нь залгахад утсаа авахгүй байсан тэгээд цагдаа нар ирсэн... би гэртээ 20 цагийн үед ирсэн тэрнээс хойш ямар нэгэн дуу чимээ анир ерөөсөө гараагүй…”,

гэрч Б.Чимэдийн “…2015 оны 04 сарын 25 ны 17 цаг 20 минутын үед
Эрдэнэбат ах Хөхөөг хашаанаасаа гаргаж өгч байсан энэ үед бор өнгийн цамцтай
байх шиг байсан согтолт гайгүй байх шиг байсан... тэгээд би Эрдэнэбатын гэрт 23
цаг 35 минутад очиход нас барчихсан байсан юм тэгээд л түргэн болон цагдаад
дуудлага өгсөн…” гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 788 тоот актын дүгнэлт, Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, Туршилт хийсэн тухай тэмдэглэл, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн бусад баримтууд нотлогдон тогтоогдсон.

Шүүгдэгч М.Тийн 2015 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн дүү М.Эрдэнэбатыг цээжний зүүн урд болон зүүн ард хэсэгт 2 удаа хутгалж санаатай алсан гэмт үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан хүнийг санаатай алсан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангасан байна.

Прокуророос шүүгдэгч М.Тийн дээрх үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж зааснаар 2015 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөх нь зүйтэй гэж үзэв.

Учир нь: 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д “…арваас дээш арван тав жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д “…найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан байх бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн хорих ялын доод хэмжээ багассан, түүний эрх зүйн байдал нь дээрдсэн, түүнд оногдуулах ял шийтгэл хөнгөрч байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иймд шүүгдэгч М.Тид холбогдох хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-ийг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 болгон өөрчилж, М.Тийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Батбаатар нь энэ хэрэгт холбогдуулан хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдах зүйтэй.

Мөн шүүгдэгч М.Тийн дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгч М.Тийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, түүний хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулах хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

Шүүгдэгч М.Тийн цагдан хоригдсон 322 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн 201525020496 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн никель өнгийн 1 ширхэг хутга, бор цоохор өнгийн хөнжил, ногоон өнгийн одъяал, хар цамц, хараа нэртэй архины хагарсан шил, 10 хурууны хумс, цус мэт зүйлээр бохирлогдсон 12х15 см-ийн хэмжээтэй хивсний дээж 1 ширхэг, М.Тийн баруун зүүн гарын арчдас 2 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Прокуророос шүүгдэгч М.Тид 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

 

2.Шүүгдэгч М.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар М.Тиийг 8 /найм/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Тид оногдуулсан 8 /найм/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан М.Тийн цагдан хоригдсон 322 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн никель өнгийн 1 ширхэг хутга, бор цоохор өнгийн хөнжил, ногоон өнгийн одъяал, хар цамц, хараа нэртэй архины хагарсан шил, 10 хурууны хумс, цус мэт зүйлээр бохирлогдсон 12х15 см-ийн хэмжээтэй хивсний дээж 1 ширхэг, М.Тийн баруун зүүн гарын арчдас 2 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.

 

7.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь энэ хэрэгт холбогдуулан хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, ялтан М.Тид авсан авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн тоолсугай. 

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.Тид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР

 

                                           ШҮҮГЧИД                                    Б.ДУЛАМСҮРЭН

 

                                                                                                С.ОЮУНЧИМЭГ