Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 2024/ДШМ/1168

 

 

О.А, О.Б, Г.Х

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Солонго,

шүүгдэгч О.А, түүний өмгөөлөгч Т.Мөнхцэцэг,

шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг,

шүүгдэгч Г.Х, түүний өмгөөлөгч Г.Сүхээ,

хохирогч Э.Тийн хууль ёсны төлөөлөгч С.Г,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 2024/ШЦТ/628 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Б, шүүгдэгч Г.Хгийн өмгөөлөгч Г.Сүхээ нарын гаргасан давж заалдах гомдлуудаар О.А, О.Б, Г.Х нарт холбогдох 2405 00000 0180 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Т овгийн О-ийн А, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр ... аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., .... хамт ... дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:...../,

Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 262 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4, 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар нийт 5 жил 6 сар хорих ял оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуулиар 3 жилийн хорих ялыг өршөөн хасаж, биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоож, 2011 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 389 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 6 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хуулийн өөрчлөлтөөр суллагдсан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2019/ШЦТ/960 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/694 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 376 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн;

2. А овгийн О-ийн Б, 19... оны ... дугаар сарын ....-ны өдөр ... аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа, .... дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:...../,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 102 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 337 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 50.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар өмнөх ялын зарим болох 1 жил хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 11 жил 1 сарын хугацаагаар тогтоосон,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/864 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан;

3. Б овгийн Г-ийн Х, 19... оны ... дугаар сарын ...-ний өдөр Төв аймагт төрсөн, ... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “....” дэлгүүрт туслах ажилтай, ам бүл .... хамт ... дүүргийн ... дугаар хороо, .... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:......./;

 

Шүүгдэгч О.А нь О.Б, Г.Х нартай бүлэглэн 2024 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 29 дүгээр хороо, 51/7 дугаар байрны 16 давхарт иргэн Э.Тийн нүүр рүү гараараа цохиж, толгой руу өшиглөж биед нь “зүүн чамархайгаас дагзны зүүн хонхор руу үргэлжилсэн шугаман хугарал, баруун чамархайн ясны гадна ялтасны хугарал, баруун тал бөмбөлөгийн хатуу хальсан доорх цусан хураа /180 грамм/, баруун тал бөмбөлөгийн аалзан хальсан доорх цус харвалт, хуйханд цус хуралт, зүүн чамархай, хацар, шанаа хэсгээр зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхи, баруун хацар, зүүн шанаа, эрүү, баруун шуу, баруун тохой, зүүн бугалганд зулгаралт, баруун хөмсөгт, хүзүү, цээжинд цус хуралт” бүхий олон тооны шарх, гэмтэл учруулж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосон буюу онц харгис хэрцгийгээр алсан,

мөн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Горькийн 170 дугаар худаг орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.Агийн биед халдаж эрүүл мэндэд нь “баруун хацар ясны хугарал, шалтгаангүйгээр баруун богтос ясны хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч О.Б нь О.А, Г.Х нартай бүлэглэн 2024 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 29 дүгээр хороо, 51/7 дугаар байрны 16 давхарт иргэн Э.Тийн нүүр рүү гараараа цохиж, толгой руу өшиглөж биед нь “зүүн чамархайгаас дагзны зүүн хонхор руу үргэлжилсэн шугаман хугарал, баруун чамархайн ясны гадна ялтасны хугарал, баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа /180 грамм/, баруун тал бөмбөлгийн аалзан хальсан доорх цус харвалт, хуйханд цус хуралт, зүүн чамархай, хацар, шанаа хэсгээр зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхи, баруун хацар, зүүн шанаа, эрүү, баруун шуу, баруун тохой, зүүн бугалганд зулгаралт, баруун хөмсөгт, хүзүү, цээжинд цус хуралт” бүхий олон тооны шарх, гэмтэл учруулж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосон буюу онц харгис хэрцгийгээр алсан,

мөн 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 2-45 тоотод хамтран амьдрагч Э.Гийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж архины шилээр цохих, шилний хагархай хэсгээр өгзөг, гуя хэсэг рүү хатгаж, эрүүл мэндэд нь “хамар ясны цөмөрсөн хугарал, дух, дагз, баруун гуя, зүүн гуя, өгзөгт шарх, зүүн шуу, баруун шуунд нөсөө бүхий олон тооны шарх, гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Г.Х нь О.А, О.Б нартай бүлэглэн 2024 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 29 дүгээр хороо, 51/7 дугаар байрны 16 давхарт иргэн Э.Тийн нүүр рүү гараараа цохиж, толгой руу өшиглөж биед нь “зүүн чамархайгаас дагзны зүүн хонхор руу үргэлжилсэн шугаман хугарал, баруун чамархайн ясны гадна ялтасны хугарал, баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа /180 грамм/, баруун тал бөмбөлгийн аалзан хальсан доорх цус харвалт, хуйханд цус хуралт, зүүн чамархай, хацар, шанаа хэсгээр зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхи, баруун хацар, зүүн шанаа, эрүү, баруун шуу, баруун тохой, зүүн бугалганд зулгаралт, баруун хөмсөгт, хүзүү, цээжинд цус хуралт” бүхий олон тооны шарх, гэмтэл учруулж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосон буюу онц харгис хэрцгийгээр алсан тус тус гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: О.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

О.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Г.Хгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч О.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-д зааснаар онц харгис хэрцгийгээр бүлэглэж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн,

мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч О.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-д зааснаар онц харгис хэрцгийгээр бүлэглэж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн,

мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Г.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-д зааснаар онц харгис хэрцгийгээр бүлэглэж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

шүүгдэгч О.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-д зааснаар 17 /арван долоон/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож, шүүгдэгч О.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-д зааснаар оногдуулсан 17 /арван долоон/ жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн шүүгдэгчийн биечлэн эдлэх ялыг 18 /арван найман/ жилийн хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч О.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-д зааснаар 17 /арван долоон/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-д зааснаар 17 /арван долоон/ жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн шүүгдэгчийн биечлэн эдлэх ялыг 17 /арван долоон/ жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож,

шүүгдэгч Г.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-д зааснаар 16 /арван зургаан/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.А, О.Б, Г.Х нарт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Хараа” гэсэн бичигтэй 0,75 литр хэмжээтэй хоосон архины шил 1 ширхэг, “Хараа” гэсэн бичигтэй 0,5 литр хэмжээтэй хоосон архины шил 1 ширхэг, “Кока кола” гэсэн бичигтэй 500 мл хэмжээтэй хоосон ундааны сав 1 ширхэг, хар өнгийн амны маск 1 ширхэг, тамхины иш нийт 12 ширхэг, гарын мөр 7 хэсэг, мөн цогцсоос бэхжүүлж авсан 10 хурууны хумс” зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах коммист даалгаж, 2 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээж, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.А, О.Б, Г.Х нарын цагдан хоригдсон 162 хоногийг шүүгдэгч нарын хорих ялд оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Агаас 40,848,666 төгрөг, шүүгдэгч О.Бээс 40,848,666 төгрөг, шүүгдэгч Г.Хгаас 39,182,666 төгрөгийг тус тус гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Гэд олгуулах, шүүгдэгч О.Агаас 3,106,000 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгож, анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.А, О.Б, Г.Х нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн хэргээ үнэн зөвөөр хүлээж, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Хохирогчийн ар гэрээс уучлалт гуйж байгаа бөгөөд хохирол төлбөрийг бүрэн барагдуулах хүсэлтэй байна. Иймд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, эдлэх ялаас хасаж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Г.Хгийн өмгөөлөгч Г.Сүхээ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгч шүүгдэгч Г.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.11 дэх хэсэгт заасан бусдыг бүлэглэн олон тооны шарх гэмтэл учруулж, өвтгөн шаналгасан тарчлаан зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосон буюу онц хэрцгийгээр алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 16 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан үзнэ гэсэн хуулийг хэрэглээгүй байна. Учир нь, миний үйлчлүүлэгч  Г.Х нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, тохиолдлын шинжтэй анх удаагаа санамсар болгоомжгүйгээр үйлдсэнээ, болгоомжгүйгээр оролцсоноо үнэн зөвөөр тогтвортой мэдүүлэн гэм буруугаа анхнаасаа хүлээн бодит хохирлоо нөхөн төлж, чин сэтгэлээсээ гэмшиж уучлал гуйж ирсэн.

Г.Х нь 35 настай, эрхэлсэн тодорхой ажилтай, 156 см өндөртэй, туранхай яаж ч бодсон талийгаачийг танихгүй, ямар нэгэн өш хонзон, өглөг авлага, санаа сэдэл байгаагүй. Энэ хүний гар хөлийн цохилтоос болж нас барсан гэхэд нотлогдохгүй, зөвхөн нотлох баримт болох нь камерын бичлэгээр харагдаж, мөн хэнийх нь цохилтоос болж нас барсныг нь тогтоох боломжгүй гэсэн байх тул шударга ёсны зарчимд нийцүүлэн хувийн байдлыг нь харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд эрүүгийн хариуцлагыг ялгамжтайгаар өөрчлөлт оруулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтыг хэрэглэх, мөн хаалттай дэглэмийг нь нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр өөрчилж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч О.А тус шүүх хуралдаанд “...Хэлэх тайлбар байхгүй.” гэв.

Шүүгдэгч Г.Х тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хийсэн гэм буруудаа маш их гэмшиж байна. Хохирогчийн ар гэрээс чинь сэтгэлээсээ уучлалт гуйж байна. Анх удаа санамсар болгоомжгүй байдлаар бусадтай нийлж гэмт хэрэгт холбогдсон. Иймд ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч О.Агийн өмгөөлөгч Т.Мөнхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний зүгээс болон О.Агийн зүгээс давж заалдах гомдол гаргаагүй. Гэм буруу дээрээ маргасан зүйл байхгүй. Хохирол төлбөр төлнө гэдгээ илэрхийлж байгаа. Давж заалдах шатны шүүхээс ял шийтгэл хөнгөрүүлэх боломж байна гэж үзвэл О.Агийн үйлдлийг анхаарч үзэхийг хүсэж байна.” гэв.

Шүүгдэгч О.Бийн өмгөөлөгч Л.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...О.Бийн зүгээс хорих ялыг нээлтэй хорих байгууллагад эдлүүлэх, мөн ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэх агуулга бүхий гомдол гаргасан. Өмгөөлөгчийн зүгээс энэхүү гомдлыг нь дэмжин оролцож байна. Миний хувьд тусгайлан бие даасан гомдол гаргаагүй. О.Бийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөр төлөхөө илэрхийлж байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэж давж заалдах гомдлыг хүлээж авна уу.” гэв.

Хохирогч Э.Тийн хууль ёсны төлөөлөгч С.Г тус шүүх хуралдаанд “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дэмжиж байна.” гэв.

Прокурор Б.Солонго тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Өмгөөлөгч болон шүүгдэгч нараас гаргасан гомдолтой танилцлаа. Анхан шатны шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг баримталж ял оногдуулсан. Тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршиг, хүний амь нас хохирсон нөхцөл байдал тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б, шүүгдэгч Г.Хгийн өмгөөлөгч Г.Сүхээ нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

1. Давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг нь бүхэлд нь хянах эрх хэмжээний хүрээнд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хэргийн бүхий л нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, тухайн этгээдийн өөрийн гэмт санаа, зорилгоо хэрэгжүүлэхдээ урьдаас сонгон авсан, Эрүүгийн хуульд заасан тодорхой үйлдлийн илрэх хэлбрийг бүрэн дүүрэн тогтоож, анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлтэн дээр нэмж нотлох баримтуудыг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож дотоод итгэлээр үнэллээ.  

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо шүүгдэгч нарын гэм буруутай байдлыг дүгнэхдээ: Шүүгдэгч О.А нь иргэн Э.Тийн нүүр рүү гараараа цохиж, толгой руу өшиглөж,баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа 180 грамм/, ...бүхий олон тооны шарх, гэмтэл учруулж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосон буюу онц харгис хэрцгийгээр алсан,

Шүүгдэгч О.Б нь иргэн Э.Тийн нүүр рүү гараараа цохиж, толгой руу өшиглөж, ... баруун чамархайн ясны гадна ялтасны хугарал, баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа 180 грамм/, ... бүхий олон тооны шарх, гэмтэл учруулж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосон буюу онц харгис хэрцгийгээр алсан,

Шүүгдэгч Г.Х нь О.А, О.Б нартай бүлэглэниргэн Э.Тийн нүүр рүү гараагаа цохиж, толгой руу өшиглөж, ... баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа /80 грамм/, ... бүхий олон тооны шарх, гэмтэл учруулж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосон буюу онц харгис хэрцгийгээр алсан гэж тус тус бичжээ.

Хавтаст хэрэгт /2-р хавтаст хэргийн 78 хуудас/ яллагдагч Г.Хгийн “Би талийгаач Э.Тийг цохисон нь үнэн би тухайн үед орон гаран ухаантай байсан учир архи согтууруулах ундааны зүйл ихээр хэрэглэсэн байсан. ...тэгээд би А, Б, талийгаач нар үлдсэн тухайн байрнаас гараад би ухаан тасарчихсан түүнээс хойш юу болсныг санахгүй байна. Учир нь би тухайн өдрөөс өмнө 3- 4 хоног үргэлжлүүлэн архи согтууруулах ундааны зүйл ихээр хэрэглэсэн байсан үе байгаа юм. Надад санаж байгаа зүйл огт байхгүй, миний бодлоор тамхинаас болж маргасан юм болов уу гэж бодоод байна.” гэсэн мэдүүлэг,

яллагдагч О.Агийн “Б цаанаас орилоод энэ писда чинь унтуулахгүй холхиод байх юм гэж хэлэхээр нь би тухайн залууд унт гэж хэлсэн чинь амь хохирогч Бийн хажууд сууж байсныг санаж байна тэгээд би архиндаа согтоод тасарчихсан юу болсныг санахгүй байна, ямар ч байсан амь хохирогчийг гараараа цохиж байснаа санаж байна өөр юу ч санахгүй өглөө сэрсэн.” гэсэн мэдүүлэг,

яллагдагч О.Бийн “...А инээгээд доошоо буусан тэгэхээр нь би буцаад унтаад өгсөн. Тэгсэн удалгүй хажуу талд хүмүүс зодолдоод байх шиг байхаар нь би яагаад байгаа юм гэж хэлсэн. А энэ пизда чинь хүнтэй юм яриалахгүй юм нэг бол тамхи нэхээд, нэг болвол наад хүүхэн чинь яах юм гээд байна гэж хэлээд амь хохирогч залуугийн нүүр хэсэг рүү цохиж зодоод байсан. Би амь хохирогч залууд хандаж шарыг нь тайлж өгөөд байхад эмэгтэй хүнлүү дайраад яваад байдаг нь ямар учиртай байдаг юм бэ гэж хэлээд хоёр удаа мөрлүү нь цохисон учир нь амь хохирогч залуугийн нүүрний зүүн тал маш их хавдартай байсан. Тэгээд удалгүй А амь хохирогч залууг зодохоо болихоор нь би унтаад өгсөн. Тэгээд үүр цайх гэж байхад би босоод А, Хг дуудаад тухайн орцноос гарах гээд явж байсан ард талд 2 удаа пэд пад гээд дугарсан /А амь хохирогч залууг дэвссэн үү, өшиглөсөн үү гэдгийг мэдээгүй би харж амжаагүй нэлээд чанга дугарсан/ тэгэхээр нь би яаж байгаа юм бэ гэж Ад хэлсэн чинь А надад юм хэлээгүй, тэгсэн амь хохирогч залуу ёо ёо ёо гээд ёолоод өмдгүй дотуур хувцастайгаа хэвтэж байсан, өмд нь доод шатны тэгш талбай дээр тавьчихсан байсан тэгэхээр нь амь хохирогчийн дээгүүр куртикээр хучиж өгчихөөд араас нь гараад явсан. Түүнээс хойш юу болсныг мэдэхгүй. ...Аг амь хохирогч залууг зодож байхад би анх сэрсэн тухайн үед А пиздагаас хулмас үнэртээд байна, пиздаг нүцгэн явуулна гэж хэлээд амь хохирогчийн хувцасыг тайлуулаад байсан. ...Би өөрөөр халдсан эсэхээ мэдэхгүй байна учир нь би 7 хоног тасралтгүй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн учир тухайн үеийн нөхцөл байдлыг орон гаран санаж байна.” гэсэн мэдүүлгүүд авагджээ.

Анхан шатны шүүх дээрх мэдүүлгүүдэд бусад нотлох баримтуудыг үнэлж, хохирогч Э.Тийн нүүр рүү гараараа цохиж, толгой руу өшиглөж биед нь “зүүн чамархайгаас дагзны зүүн хонхор руу үргэлжилсэн шугаман хугарал, баруун чамархайн ясны гадна ялтасны хугарал, баруун тал бөмбөлөгийн хатуу хальсан доорх цусан хураа /180 грамм/, баруун тал бөмбөлөгийн аалзан хальсан доорх цус харвалт, хуйханд цус хуралт, зүүн чамархай, хацар, шанаа хэсгээр зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхи, баруун хацар, зүүн шанаа, эрүү, баруун шуу, баруун тохой, зүүн бугалганд зулгаралт, баруун хөмсөгт, хүзүү, цээжинд цус хуралт” бүхий олон тооны шарх, гэмтэл учруулж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосон буюу онц харгис хэрцгийгээр алсан гэж дүгнэжээ.

Шүүгдэгч О.А, О.Б, Г.Х нар бүлэглэн ...иргэн Э.Тийн нүүр рүү гараараа цохиж, толгой руу өшиглөж, ...баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа /80 грамм/, ...бүхий олон тооны шарх, гэмтэл учруулж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосон буюу онц харгис хэрцгийгээр алсан гэж тус тус дүгнэхдээ нэгэн хэв бичвэрээр бичжээ.

Ингэж дүгнэхдээ иргэн “Э.Тийн нүүр рүү гараараа цохиж, толгой руу өшиглөж, ...баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа /180 грамм/,” гэж дүгнэж бичсэн нь гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг товч байдлаар бичигдсэн байна.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 925 дугаартай дүгнэлтээр “...Талийгаач Э.Тийн биед ...баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа /80 грамм/,” гэж бичигдсэн байхад шүүгдэгч О.А, О.Б нарын үйлдэлд 180 грамм гэж бичигдсэн байдал, нүүр рүү нь гараараа цохиж, толгой руу нь өшиглөж” гэж дүгнэжээ.

Хавтаст хэрэгт авагдсан зарим нотлох баримтуудаар гэрч З.Э-ийн өгсөн: “...Камерын бичлэг, зургийг харлаа. Саарал өнгийн малгайтай цамцтай, ээмэгтэй залууг Б гэдэг ба би Хархорин худалдааны төвийн явган хүний зам дагуу хоргийн бараа зарж зогсож байхаар Б тэр хавиар байнгын явж байгаа харагддаг.” гэж саарал өнгийн малгайтай цамцтай, ээмэгтэй залууг Б мөн болохыг баталж байна.

1 дүгээр хавтаст хэргийн 19-р хуудаснаас 33 дугаар хуудаст камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл 34 дүгээр хуудаснаас 60 дугаартай хуудас хүртэл, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр 72-р хуудаснаас

“Дүрс төхөөрөмжийн цаг нь 2024-02-18 20-36-30 гэх цаг хугацааг зааж байх ба 1346 дугаар дүгнэлтэд тусгагдсангаар Улаанбаатарын цагаас 32 минутаар хоцорч гэсэн байх тул тухайн цаг хугацааг 2024-02-18-ны өдрийн 21 цаг 08 минут гэж үзэхээр болов.

...78 дугаар хуудсанд авагдсан бичлэгээр 20 цаг 56 минутанд яллагдагч О.Б нь амь хохирогчийн цээж, нүүр хэсэгт баруун гараараа цохиж байна. Түүний дараа амь хохирогчийн цаад талаар орон хэвтэж байна.

...80 дугаар хуудсанд 21 цаг 12 минутанд яллагдагч О.Б нь амь хохирогчийн цаад талаар хэвтэж байхдаа хөлийн өсгий хэсгээр түүний хэвлий хэсэгт 2 удаа өшиглөж байна.

...82 дугаар хуудсанд 21 цаг 15 мунутанд яллагдагч О.А нь амь хохирогчийн толгой хэсэгт баруун гараараа цохиж байна. Тэр үед амь хохирогч доошоо хана налан сууж байна.

...83 дугаар хуудсанд 21 цаг 15 минутаас эхлэн яллагдагч О.А нь амь хохирогчийг баруун болон зүүн гараараа ээлжлэн цохих бөгөөд амь хохирогч 2 гараараа түүнийг хориглох гэж хичээж байна. 21 цаг 16 минутанд яллагдагч О.А амь хохирогчийг нүүрээ гараараа даран суух үед түүний нүүр хэсэгт хэд хэдэн удаа өшиглөн босгож байна.

...84 дүгээр хуудсанд 21 цаг 16 минутанд яллагдагч О.А нь амь хохирогчийн нүүр хэсэгт баруун гараараа ахин цохиж байна. ...дараа нь түүнийг ахин өшиглөж байна.

...85 дугаар хуудсанд 21 цаг 17 минутанд яллагдагч О.А 2 гараа ээлжлэн савж байгаад амь хохирогчийн баруун гараараа ахин цохиж байна.

...86-р хуудсанд 21 цаг 18 минутанд ахин баруун гараараа цохиж байна. Амь хохирогч цохиулаад түүний урд сөгдөж суух үед баруун хөлөөрөө хэд хэдэн түүний цээж хэвлий хэсэгт өшиглөж унагаж байна. Амь хохирогч нь өвдөг дээрээ ёөгдөж суух үед О.А нь түүний ар дагз хэсэгт баруун гараараа хүчтэйгээр 2 удаа цохиж байна.

...88-р хуудсанд 21 цаг 18 минутанд А нь амь хохирогчийн сууж байхад нь толгой хэсэгт баруун гараараа хэд хэдэн удаа цохиж байна. 21 цаг 19 минутанд хохирогчийг баруун зүүн гараараа олон удаа цохиж байна. 21 цаг 21 минут хүртэл О.А нь амь хохирогчийг баруун зүүн гараараа ээлжлэн цохиж тасралтгүй зодож байна.

...89 дүгээр хуудсанд 21 цаг 21 минутанд О.Б нь А амь хохирогчийг зодож байх хугацаанд харж хэвтэж байгаад босож ирэн Агаас бээлийг нь аван өмсөж байна. 21 цаг 22 минутанд О.Б амь хохирогчийг баруун гараараа цохив. 21 цаг 22 минутанд ахин баруун гараараа амь хохирогчийн нүүр хэсэгт олон удаа цохиж байна. 21 цаг 24 минут хүртэл О.Б амь хохирогчийг тасралтгүй баруун гараараа нүүр хэсэгт нь олон удаа цохиж байна.

...91 дүгээр хуудсанд 21 цаг 24 минутанд О.А нь босож ирэн О.Бээс бээлийг нь аван өмсөж байна. 21 цаг 25 минутааас эхлэн О.А бээлийгээ өмсөж дуусаад амь хохирогчийг олон удаа цохих, өшиглөх зэрэг үйлдэл хийж байна. 21 цаг 25 минутанд О.А нь амь хохирогчийн толгойн 2 талаас 2 гараараа хавсарч хэд хэдэн удаа цохив.

...93 дугаар хуудсанд 21 цаг 26 минутанд О.А нь шатан дээрх бүх үйл явдлыг харан суух Г.Х дээр очин түүний гараас татан босгож байна. 21 цаг 26 минутанд Г.Х нь босож ирээд амь хохирогчийг хана налан сууж байх үед түүнийг баруун зүүн хөлөөрөө олон удаа тийрэн өшиглөж байна.

...94 дүгээр хуудсанд 21 цаг 26 минутанд Г.Х нь амь хохирогчийг баруун гараараа цохиж зүүн гараараа үснээс нь зулгаан доош дарж нүүр хэсэгт нь өшиглөж байна. 21 цаг 26 минутанд Г.Х нь амь хохирогчийг сууж: байх үед нь ахин дахин өшиглөж, баруун гараараа цохиж байна.

... 97 дугаар хуудсанд 21 цаг 26 минутанд Г.Х нь 2 гараараа амь хохирочийн үснээс зулгаан газарт нүүрээр нь хэвтүүлэн өшиглөж байна.

21 цаг 26 минутанд О.А цаад талд нь харж сууж байгаад босож ирээд амь хохирогчийг баруун гараараа 2 удаа хүчтэй цохиж байна. Тэр үед нь амь хохирогч гуйвах үед нь гараараа түшиж байгаад суух үед нь ахин дээрээс нь баруун зүүн гараараа олон удаа цохиж байна.

...99 дүгээр хуудсанд 21 цаг 30 минутанд яллагдагч О.А нь амь хохирогчийг зүүн гараараа нүүр хэсэгт цохиж, амь хохирогч цохиулаад доош суух үед нь олон удаа нүүрэн хэсэгт нь өшиглөж байна. 21 цаг 36 минутанд яллагдагч Г.Х нь амь хохирогчийн толгой хэсэгт гараараа цохин түүний цамцыг тайлуулж байна.

...101 дүгээр хуудсанд 21 цаг 32 минутанд амь хохирогчийг түрсиктэй зогсоод байгаад яллагдагч О.А нь баруун зүүн гараараа ээлжлэн олон удаа толгой болон хэвлий хэсэгт цохиж байна. Энэ үед амь хохирогч өвдөг дээрээ сөгдөн сууж буцан босож байна. Амь хохирогчийг доош гар тулан тэнцвэр алдан унах үед нь О.А түүний дээрээс хөлөөрөө дэвсэлж өшиглөж байна.

...103 дугаар хуудсанд 21 цаг 35 минутанд яллагдагч О.А амь хохирочийг дагуулан буцаж хэрэг учрал болсон газарт камерын хяналтанд орж ирж байна. 21 цаг 36 минутанд амь хохирогчийн хувцсыг буцаан өмсүүлж байх бөгөөд тэр үедээ мөн түүнийг яллагдагч О.А баруун зүүн гараараа ээлжлэн олон удаа цохиж байна.

...105 дугаар хуудсанд 21 цаг 40 минутанд яллагдагч О.А нь амь хохирогч өшиглүүлээд газарт унах үед түүний толгойн зүүн хэсэгт зүүн хөлөөрөө өсгийдөж маш хүчтэй өшиглөж байна. 21 цаг 41 минутанд яллагдагч О.А нь амь хохирогчийг зодох үйлдлээ зогсоож цааш очин хана налан суух үед яллагдагч О.Б нь амь хохирогчийн бэлэг эрхтний үсийг асаагуур ашиглан шатааж эхэлж байна. Энэ үед яллагдагч Г.Х болон О.А нар ямар нэгэн болиулах үйлдэл хийлгүй харан сууж байна.

...106 дугаар хуудсанд 21 цаг 42 минутанд амь хохирогч бэлэг эрхтэний үсээ шатаах үйл явцыг зогсоохоор гараараа болиулах гэж хичээх үедяллагдагч О.А босож ирээд түүний толгой хэсэгт дээрээс нь гараараа хүчтэй цохиж байна. 21 цаг 44 минутанд яллагдагч О.А нь амь хохирогчийг хэвтэж байхад нь түүний толгой дээрээс 2 удаа хүчтэй дэвсэлж өшиглөж байна. Энэ үед яллагдагч О.Б нь бэлэг эрхтэний үсийг шатаах үйлдлээ үргэлжлүүлсэн хэвээр байна.

...107 дугаар хуудсанд 21 цаг 46 минутанд О.Б нь амь хохирогчийг хэвтэж байх үед нь түүний толгой хэсэгт хөлөөрөө олон удаа хүчтэй өшиглөж байна. 21 цаг 47 минутанд Г.Х босож ирэн амь хохирогчийг хэвтэж байх үед дээрээс нь гараараа олон удаа цохиж өшиглөж байна.

...110 дугаар хуудсанд 21 цаг 53 минутанд яллагдагч О.А гартаа савхин бээлийгээ өмсөж амь хохирогчийг босгох гэж оролдож байх үед түүний хэвлий хэсэгт олон удаа өшиглөж гараараа олон удаа цохиж байна. 21 цаг 57 минутаас эхлэн бичлэг дуусах хүртэл О.А нь амт хохирогч хана налаад зогсох үед нь маш олон удаа гараараа толгшой болон хэвлий хэсэгт нь цохиж байна. 22 цагаас 22 цаг 04 минутанд яллагдагч О.А нь амь хохирогчийг хана налан зогсох үед нь гараараа ээлжлэн олон удаа толгой болон хэвлий хэсэгт цохиж байна. Түүний цамц болон өмдийг нь өөрөөр нь тайлуулан үргэлжлүүлэн тасралтгүй цохиж зодож байна. 22 цаг 04 минут 51 секунтэд ялллагдагч О.А, Г.Х нар шатаар доош бууж камерын хяналтаас гарч байна.

...114 дүгээр хуудсанд 22 цаг 21 минутанд амь хохирогч шатаар доош уруудаж бууж байна. 22 цаг 23 минутанд яллагдагч О.А нь амь хохирогчийг доороос дээш шатаар араас нь хөөн гарч ирээд суух үед нь олон удаа 2 хөлөөрөө ээлжлэн өшиглөж дээрээс нь дэвсэж байна. 22 цаг 25 минутанд амь хохирогч хана налан суух гэж оролцдох үед нь түүний хөлөөс татаж өөртөө ойртуулан газарт хэвтүүлээд ахин дээрээс нь олон удаа дэвсэж өшиглөж байна. Амь хохирогчийн толгойн баруун шанаа хэсэгт олон удаа өшиглөж байна. Түүний дараагаар О.А нь амь хохирогчийг гараараа сэгсэрч хөдөлгөж үзээд хөдлөхгүй болохоор нь түүний нүүр хэсэгт богино ханцйтай цамцаар бүтээж орхиод цаад талд нь хэвтэх яллагдагч О.Б дээр очин хувцасыг нь аван босоод гарч явж байна. 22 цаг 28 минутанд амь хохирогч гараараа хөдөлгөж нүүрэн дээр бүтээсэн цамцыг авч байна. Амь хохирогч гараараа хөдөлгөх зэрэг хөдөлгөөн хийсээр уг бичлэг дуусав. Уг дүрс бичлэгт амь хохирогч шилэн хаалганы цаана ганцаараа дээш харан хэвтэх ба бичлэгийн эхэнд гараа хөдөлгөж байгаад сүүлд ямар нэгэн хөдөлгөөнгүй хэвтсээр бичлэг дуусаж байна.

...123 дугаар хуудсанд 03 цаг 36 минутанд доороос шатаар өгсөн хар өнгийн малгайтай шаргал өнгийн гуталтай эрэгтэй хүн гарч ирэх бөгөөд амь хохирогчийг дээрээс нь харж байгаад түүний дээр гучсан куртикийг аван цааш камерын хяналтаас гарч байна.

Дээрх 1 дүгээр хавтаст хэргийн 19-р хуудаснаас 33 хуудаст камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл 34 хуудаснаас 60 дугаартай хуудас хүртэл, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр шүүгдэгч О.А, О.Б, Г.Х нарын гэмт хэрэг үйлдсэн үйлдэл, оролцоо, сэдэлт, гэм буруугийн хэлбэр тодорхой харагдах бөгөөд шүүгдэгч О.А, О.Б нарын үйлдэл оролцоо Г.Хгийн үйлдэл оролцооноос ялгаатай байна.

2. Шүүгдэгч О.А, О.Б, Г.Х нар нь бүлэглэн 2024 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 29 дүгээр хороо, 51/7 дугаар байрны 16 давхарт О.А, О.Б нар нь гартаа савхин бээлий өмсөж, амь хохирогч Э.Тийг баруун, зүүн гараараа ээлжлэн олон удаа толгой болон хэвлий хэсэгт цохиж, амь хохирогч өвдөг дээрээ сөгдөн сууж буцан босож гар тулан тэнцвэр алдан унах үед нь түүний дээрээс хөлөөрөө дэвсэлж өшиглөж олон удаа өшиглөж, гараараа нүүр, толгой, хэвлий руу нь олон удаа өшиглөж биед нь “зүүн чамархайгаас дагзны зүүн хонхор руу үргэлжилсэн шугаман хугарал, баруун чамархайн ясны гадна ялтасны хугарал, баруун тал бөмбөлөгийн хатуу хальсан доорх цусан хураа /80 грамм/, баруун тал бөмбөлөгийн аалзан хальсан доорх цус харвалт, хуйханд цус хуралт, зүүн чамархай, хацар, шанаа хэсгээр зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхи, баруун хацар, зүүн шанаа, эрүү, баруун шуу, баруун тохой, зүүн бугалганд зулгаралт, баруун хөмсөгт, хүзүү, цээжинд цус хуралт” бүхий олон тооны шарх, гэмтэл учруулж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосон буюу онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 925 дугаартай “...Талийгаач Э.Тийн биед зүүн чамархайгаас дагзны зүүн хонхор луу үргэлжилсэн шугаман хугарал, баруун чамархайн ясны гадна ялтасны хугарал, баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа /80 грамм/, баруун тал бөмбөлгийн аалзан хальсан доорх цус харвалт, хуйханд цус хуралт, зүүн чамархай, хацар, шанаа хэсгээр зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхи, баруун хацар, зүүн шанаа, эрүү, баруун шуу, баруун тохой, зүүн бугалганд зулгаралт. Баруун хөмсөгт, хүзүү, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаачийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ. ...” /1хх 205-208/ гэх дүгнэлт,

шинжээч эмч Э.Э-ын “...Хяналтын камерын бичлэгийг үзэхэд дээрх гавал тархины гэмтэл нь дээрх гурван хүний үйлдлээр аль алинд нь үүсэх боломжтой гэмтэл юм. Ерөнхийдөө гавал тархины гэмтэл толгой руу цохих, ханатай хавсрагдах, мөн толгойн хоёр талаас зэрэг цохих, дэвсэх үед үүсэх боломжтой. Энэ гавал тархины гэмтлийг хэн нь шууд учруулсныг мэдэх боломжгүй, тус гурван хүн аль аль нь тус гэмтлийг учруулах боломжтой юм. Үсийг шатаах нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй дүгнэлтэд бол гадна үзлэгт тусгагдсан байгаа. Бэлэг эрхтний умдагт байгаа үсийг шатааж байгаа үйлдэлд талийгаач хариу үйлдэл үзүүлэх чадвартай байсан байна. Гавал тархины гэмтэл нь шууд үхэлд хүргэх гэмтэл биш байсан. Үсийг шатаах үед өндөр хэмийн үйлчлэлээр шатах үед арьсанд болон бие махбодод халах өвдөх мэдрэмжүүд үүснэ. Амь хохирогчид эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн бол амь аврагдах бүрэн боломжтой. 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 23 цаг 24 минутад цогцсын гадна биеийн үзлэгээр нас бараад 12-14 цаг болсон байх боломжтой байна. Дээрх гэмтлүүд нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ...” /1хх 184-186/,

гэрч Д.О-ийн “...2024 оны 02 дугаар сарын 18-ны орой 21 цаг 06 минутад Ц.Г залгаад “51/7 дугаар байрны бүх давхар шалга” гэхээр нь 16 давхарт гарах үед явган хүний шат хэсэг дээр үл таних 3 эрэгтэй, 1 эмэгтэй байсан бөгөөд 1 эрэгтэй, 1 эмэгтэй нь босоо 2 эрэгтэй суусан байсан. ...“орцноос гарцгаа” гэж хэлсэн чинь “уучлаарай ганц юм уучхаад гарлаа” гээд Хараа нэртэй архи харуулах үед нь “намайг буцаад ирэх үед гарсан байгаарай” гэж хэлээд би доош буусан. ...2024 оны 02 дугаар сарын 19-ний өглөө цэвэрлэгч н.М хүрч ирээд “51/7 дугаар байрны 16 давхарт нүцгэн хүн байна” гэж хэлээд харуул Б.Д, н.М нар явсан. ...тухайн хүн нас барсан талаар хэлээд даргад мэдэгдсэн. ...намайг очих үед зодоон болоогүй тэд нар юм яриад сууж байсан. ...” /1хх 151-152/,

гэрч Ц.Г-ын “...2024 оны 02 дугаар сарын 19-ний өглөө ...харуул Палам 80297296 дугаараас дуудах үед очсон. Тэр надад хандан “цэвэрлэгч н.М эгч надад хандан 51/7 дугаар байрны 16 давхарт хүн нас барсан байна гэхээр нь би н.Мгийн хамт 16 давхарт гараад шилэн хаалгаар орж явган шат хэсэгт гарах үед дээш харсан байдалтай, толгой дээр нь цамц тавьсан эрэгтэй хүн байхаар нь тухайн хүнд хүрэлгүй нас барсан юм байна гэж бодоод цагдаад дуудлага өгсөн” гэхээр нь би түүний хамт тус давхарт гарах үед нас барсан байсан. Хяналтын камерын бичлэг цагдаа нартай шүүж үзэх үед байранд дөрвүүлээ ороод цахилгаан шатанд сууж байсан. ...” /1хх 154-155/,

гэрч Б.Дын “...2024 оны 01 дүгээр сарын 19-ний өглөө 09 цаг 30 минутад цэвэрлэгч н.М надад хандаж “51/7 дугаар байрны 16 давхарт явган хүний шат хэсэг дээр хүн байна цуг очоод харъя” гэхээр нь би зөвшөөрсөн. Би н.Мгийн хамт гараад явган хүний шат хэсэг дээр очих үед толгой дээр нь цамц тавьсан, доогуураа богино дотуур өмдтэй нүцгэн, цээж хэсгээрээ хар өнгийн пудволктой эрэгтэй хүн дээш харсан байдалтай нас барсан байсан. Тэгээд цэвэрлэгч н.М бид хоёр СӨХ-ийн дарга Ц.Гт хэлээд би түүний хамт дахин дээш гарч цагдаад дуудлага өгсөн. ...” /1хх 157/ гэсэн мэдүүлгүүд,

хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 200/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 4-9/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 16-17/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 19-33/, дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 34-60/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Шүүгдэгч О.А нь 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Горькийн 170 дугаар худаг орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.Агийн биед халдаж эрүүл мэндэд нь “баруун хацар ясны хугарал, шалтгаангүйгээр баруун богтос ясны хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Агийн “...Эрдэнэбулганы нөхөр болох А орж ирсэн. Тэгээд шууд намайг “Чи яахаараа манайд байж байдаг юм” гээд зүүн хавирга руу өшиглөсөн. Тэр үед би амьсгаа авч чадахгүй өөрийгөө ямар ч хамгаалах чадваргүй болж газарт эвхэрч унасан. Намайг эвхэрч унахад миний баруун гар руу өшиглөсөн бас миний баруун шанаа руу өшиглөсөн. Тэгээд Эрдэнэбулганы дүү нь “Ахаа болиоч ээ та хүн аллаа” гэж хэлж байсан. ...Эхлээд миний зүүн хавирга руу өшиглөсөн, газарт эвхэрч уначихаад байхад миний баруун гар, баруун шанаа руу гуталтай байхдаа өшиглөсөн. Надад Атай маргалдаж хэрэлдсэн зүйл байхгүй. ...” /2хх 237-239/ гэсэн мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3736 дугаартай “...Б.Агийн биед баруун хацар ясны нумын хугарал, баруун богтос ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” /2хх 246-247/ гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Шүүгдэгч О.Б нь 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 2-45 тоотод хамтран амьдрагч Э.Гийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж архины шилээр цохих, шилний хагархай хэсгээр өгзөг, гуя хэсэг рүү хатгаж, эрүүл мэндэд нь “хамар ясны цөмөрсөн хугарал, дух, дагз, баруун гуя, зүүн гуя, өгзөгт шарх, зүүн шуу, баруун шуунд нөсөө бүхий олон тооны шарх, гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Э.Гийн “...Би О-ийн Бийг танина, миний хамтран амьдрагч байгаа юм. ...О.Бийн төрсөн дүүгийнд 2023 оны 12 дугаар сард очоод 2024 оны цагаан сар өнгөртөл О.Бтэй хамт байсан юм. ...Тэгээд тэд нар хоорондоо зодоон хийгээд байхаар нь би салгах гээд дундуур нь ортол нэг нь архины шил хагалаад намайг цохичихсон юм. Тухайн үед миний дух, толгой хэсгээр архины шилээр цохиод хагараад толгойдоо 10 оёдол, мөн миний хөлний борвины ар хэсгээр мөн шилээр оноод хөлөндөө 8 оёдол тус тус тавиулсан юм. ...Тэгээд хоорондоо зодоон хийгээд эхлэхээр нь би дундуур нь салгах гээд ортол намайг тухайн шилээр дух, толгой, 2 хөл хэсгээр зүссэн байсан. Би тэгээд тэр дороо ухаан алдаад юу болсныг мэдэхгүй байна. Тэгээд би эмнэлэг дээр ирсэн хойноо сэрсэн юм. Тэр үед миний дух, толгой хэсэгт 10 оёдол, 2 хөлөнд нийлээд 8 оёдол, бөгс хэсэгт 3 оёдол тус тус тавьсан байсан. ...” /3хх 51-53/,

насанд хүрээгүй гэрч С.Э-ийн “...Би гэртээ ганцаараа байж байхад манай хашаанд байх байшинд амьдардаг Б ах архи уучихаад агсраад яваад байсан. Тэгж байгаад чимээгүй болчихсон. Тэгээд би орой 18 цагийн үед худгаас ус авахаар явж байхад гудамжинд Б ах эхнэр Гтайгаа согтуу хэрэлдэж маргалдаад гэр рүүгээ орж байсан. Би усаа авчихаад гэртээ ирэхэд Б ах эхнэртэйгээ гэртээ маргалдаад орилж байгаад чимээгүй болчихоор нь би гайхаад гэрээсээ гараад Б ахын гэрт орж үзэхэд Г эгч гал тогооны шалан дээр хэвтсэн, хөлөөс нь цус гарсан байдалтай, Б ах орондоо ороод хэвтэх гэж байсан. Тэгэхээр нь би өөрийнхөө утаснаас цагдаад дуудлага өгсөн. Удалгүй цагдаа нар ирээд Б ахыг авч явсан. Түргэн тусламж ирээд Г эгчийг авч явсан. ...” /3хх 36-37/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 148 дугаартай “...Э.Гын биед хамар ясны цөмөрсөн хугарал, дух, дагз, баруун гуя, зүүн гуя, өгзөгт шарх, зүүн шуу, баруун шуунд нөсөө гэмтэл тогтоогдлоо. Дээрх дух, дагз, баруун гуя, зүүн гуя, өгзөгт шарх, зүүн шуу, баруун шуунд нөсөө гэмтлүүд нь ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээр хамар ясны цөмөрсөн хугарал нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саринуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” /3хх 59-60/ гэх дүгнэлт зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хохирогч, гэрч, шинжээч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.

Гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо байгаа эсэхийг тогтоох нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх бас нэг үндсэн нөхцөл билээ.

            Гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хор уршиг шууд учирсан, тийм хор уршиг учрах бодит боломж бүрдүүлсэн бол шалтгаант холбоотой гэж үздэг ба гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь тухайн тохиолдолд үүссэн хэргийн нөхцөл байдал, өөрийн үйл явцаар, гадны өөр ямар нэг нөлөөгүйгээр тэр хор уршгийг бодитойгоор учруулсан, түүнд шууд хүргэсэн байх учиртай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүгдэгч О.А, О.Б, Г.Х нарыг “онц харгис хэрцгийгээр бүлэглэж хүнийг алах” гэмт хэрэг,

шүүгдэгч О.Аг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг,

шүүгдэгч О.Бийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч О.А, О.Б, Г.Х нарын бүлэглэн иргэн Э.Тийн нүүр рүү гараараа цохиж, толгой руу өшиглөж биед нь олон тооны шарх, гэмтэл учруулан өвтгөн шаналгаж, тарчилган зовоосны улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосон буюу онц харгис хэрцгийгээр алсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11 дэх заалтад зааснаар,

шүүгдэгч О.Агийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.Агийн биед халдаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч О.Бийн хамтран амьдрагч Э.Гийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж архины шилээр цохих, шилний хагархай хэсгээр өгзөг, гуя хэсэг рүү хатгаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч О.А, О.Б нарын үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хувийн байдлууд зэргийг харгалзан тэдэнд дээрх зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор хорих ял оногдуулсан нь тэдний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

Шүүгдэгч О.Б, шүүгдэгч Г.Хгийн өмгөөлөгч Г.Сүхээ нар “...хорих ялыг хөнгөрүүлж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд болно.

Шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчид үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийнх нь төлөө хуульд заасан ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ, хохирлыг нөхөн төлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг учиртай.

Шүүгдэгч О.Б нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа хэдий ч түүний гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан, учирсан хор уршиг, онц харгис хэрцгийгээр бүлэглэж хүнийг алах гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэрэгт шүүхээс оногдуулсан хорих ялын хэмжээ, дэглэм тохирсон байх ба ялыг хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Харин шүүгдэгч Г.Хгийн гэмт хэрэгт хамтран оролцсон оролцоо, камерын бичлэгт бичигдсэн нөхцөл байдлаас үзэхэд түүний амь хохирогчид учруулсан олон тооны шарх гэмтлүүдэд оролцсон оролцоо нь шүүгдэгч О.А, О.Б нараас харьцангуй бага байх тул түүнд оногдуулсан хорих ялаас 1 жилийн хугацааг хасаж, 15 жил хорих ял, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг харгалзан нээлттэй дэглэмд хорих ялыг эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Иймд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч О.Бийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Г.Хгийн өмгөөлөгч Г.Сүхээгийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч О.А, О.Б, Г.Х нар нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 22-ны энэ өдрийг хүртэл тус бүр 83 /наян гурав/ хоног цагдан хоригдсон бөгөөд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Г нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох шүүх хуралдаанд удаа дараа ирж оролцсонтой холбоотой гарсан зардлын баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдүүдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 2024/ШЦТ/628 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...Шүүгдэгч Г.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-д зааснаар 16 /арван зургаан/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.”  гэснийг “...Шүүгдэгч Г.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-д зааснаар 15 /арван тав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэж,

            3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.А, О.Б, Г.Х нарт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч О.А, О.Б нарт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад, шүүгдэгч Г.Хд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Шүүгдэгч О.Бийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Г.Хгийн өмгөөлөгч Г.Сүхээгийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.А, О.Б, Г.Х нарын 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон тус бүр 83 /наян гурав/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

            4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                Ц.ОЧ

ШҮҮГЧ                                                С.БОЛОРТУЯА

ШҮҮГЧ                                                Д.МӨНХӨӨ