Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2022/00377

 

 

 

 

2022 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2022/00515

 

 

 

 

 

                                     Э Х ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                               иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2021/03040 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Э Х ХХК-ийн хариуцагч Л.Г, Л.Бнарт холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт 2,318,916,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болоржаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Базаррагчаа, хариуцагч Л.Бямбаноров, хариуцагчийн өмгөөлөгч Э.Эрдэнэчулуун, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтайван, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Даваасүрэн нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

1.1 Нэхэмжлэлийн шаардлага: ...УБ, ...УБ улсын дугаартай экскаваторын түрээсийн төлбөр 1,480,530,000 төгрөг, алданги 740,265,000 төгрөг, ...УБ улсын дугаартай экскаваторыг тээвэрлэсэн зардалд 9,000,000 төгрөг, 2 экскаваторын засварын зардал 89,121,000 төгрөг, нийт 2,318,916,000 төгрөгийг хариуцагч Л.Г, Л.Бнараас гаргуулна.

1.2 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Хариуцагч Л.Б, Л.Гнар Э Х ХХК-ийн өмчлөлийн Хьюндай r500 LС-7 загварын, ...УБ, ...УБ улсын дугаартай 2 ширхэг экскаваторыг худалдаж авахаар 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 03/05-19 тоот зээлээр техник худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Гэрээгээр худалдан авагч төлбөрийг хугацаандаа төлөөгүй бол хөрөнгийг түрээсийн журмаар ашиглуулсанд тооцож, 1 техникийн сарын түрээсийн төлбөрийг 45,000,000 төгрөгөөр, нийт 2 сарын түрээсийн төлбөрийг 90,000,000 төгрөгөөр цаашид тооцож түрээсээр ажиллуулснаар худалдагч талд төлбөр төлөх, төлбөрөө заасан хугацаандаа төлөхгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр гэрээгээр тохиролцсон. Хариуцагч тал Эрдэнэт хотод байрлах Л.Б нэр дээрх Надежда хотхоноос 2 өрөө орон сууцыг 65,000,000 төгрөгт тооцож М.Мнэр дээр шилжүүлсэн. Мөн урьдчилгаа төлбөр дээр нэмж нийт 65,470,000 төгрөгийг түлшээр тооцож төлсөн. Харин үлдэх төлбөрийг төлж барагдуулаагүй. Хариуцагч нар экскаваторыг ашиглах явцдаа нэг экскаваторыг шатааж их хэмжээний хохирол учруулсан бөгөөд ...УБ улсын дугаартай экскаваторыг 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр акт үйлдэж хүлээлцсэн. ...УБ улсын дугаартай экскаваторыг нэхэмжлэгч 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр уурхайгаас өөрийн зардлаар ачиж авчирсан. Мөн хариуцагч Л.Б2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Э Х ХХК-д гэрээнд заасан үүргээ биелүүлж чадаагүй тул хоёр экскаваторыг буцаан өгч, учирсан хохирлыг барагдуулан экскаваторыг ашигласан түрээсийн болон засвар үйлчилгээний төлбөрийг төлж барагдуулах баталгаа гаргасан. Гэвч Л.Г, Л.Бнар гэрээнд заасан хугацаанд төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй. Хариуцагч талд экскаваторыг хүлээлгэн өгсөн өдөр 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс экскаваторуудыг акт үйлдэж буцааж хүлээж авсан өдөр хүртэлх ...УБ улсын дугаартай экскаваторын түрээсийн төлбөр 900,000,000 төгрөг, ...УБ улсын дугаартай экскаваторын түрээсийн төлбөр 711,000,000 төгрөг, нийт 1,611,000,000 төгрөгийн төлбөр төлөхөөс хариуцагчийн төлсөн 130,470,000 төгрөгийг хасч тооцон, үлдэгдэл 1,480,530,000 төгрөг, алданги 740,265,000 төгрөг, ...УБ улсын дугаартай экскаваторыг компанийн зүгээс уурхайгаас ачиж авчирсан тээврийн зардал болон засвар үйлчилгээ хийсэн 98,121,000 төгрөгийн зардал, нийт 2,318,916,000 төгрөг болно гэжээ.

2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулгад: 2019 оны 05 дугаар сард ...УБ, ...УБ улсын дугаартай 2 ширхэг экскаваторыг зээлээр худалдан авах гэрээг байгуулж, урьдчилгаа төлбөрийг төлсөн. Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт байрлах Их Тохой гэх газарт Тод алт нөхөрлөлтэй гэрээ байгуулж уг 2 экскаваторыг ажиллуулсан. Экскаваторуудыг 05 дугаар сард авсан боловч 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр ажиллах газартаа зөөж хүргэсэн. 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр уурхайн ажил эхэлсэн. 2 сар орчим ажиллаж байгаад 2019 оны 09 дүгээр сарын сүүлчээр ...УБ улсын дугаартай экскаваторын мотор эвдэрсэн тул ажиллагааг зогсоосон. Уурхайн дарга н.Бямбаад мэдэгдэж нэхэмжлэгч талаас хэд хэдэн удаа ирж үзсэн. Тод алт нөхөрлөлтэй байгуулсан гэрээний хугацаа 2019 оны 11 дүгээр сар хүртэл үргэлжилсэн ба гэрээ дуусахад ...УБ экскаваторыг ажлуулаагүй. 2020 оны 01 дүгээр сарын эхээр С МХХК-ийн нүүрсний уурхайн захирал н.Шинэхүү экскаваторыг гуйсан. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын албаныхан уг экскаваторын галыг унтрааж, гадны нөлөөгүйгээр буюу цахилгааны утасны гэмтлээс үүдэлтэй шатсан гэж дүгнэсэн. Нэхэмжлэгч талд энэ талаар мэдэгдсэн. 2020 онд төлбөрөө төлөх гэсэн боловч “Тод алт” нөхөрлөл гэрээг сунгаагүй. ...УБ дугаартай экскаваторыг хариуцагч өөрийн зардлаар авч ирсэн. 2021 оны 01 дүгээр сард нэхэмжлэгч эвдэрсэн экскаваторыг янзалж өгнө гэж 2 экскаваторыг авч явсан. Мотор шатахад хариуцагч 10,000,000 төгрөгөөр бүх сэлбэгийг худалдаж авсан байсан. Харин ажлын хөлс 2,500,000 төгрөгийг өгч чадалгүй хугацаа алдсан. Зардлыг төлөхөд татгалзах зүйлгүй. Засварын 80,000,000 төгрөгийг нүүрсээр бартер хийхээр Сэлэнгэ аймгийн н.Штохиролцсон байсан. Гэтэл н.М шинэ экскаваторын мөнгө нэхэж экскаваторыг байршлыг зааж өгөөгүй гэсэн. н.Ш шатсан экскаваторын үнийг төлнө гэж хэлдэг. Нэхэмжлэгч экскаваторыг засаж өгвөл худалдаж авах хэвээр байгаа. 2019 онд цар тахалтай, ажиллаагүй байхад түрээсийн төлбөр шаардсаныг хүлээн зөвшөөрөхгүй. Экскаваторыг янзлуулаад эргүүлэн авна гэдэг баталгаа гаргасан нь үнэн. Экскаваторыг хүлээж авсан дээр маргаагүй. 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байгаад зогссон. 1 экскаватор нь 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр шатсан. Л.Бгэрээний оролцогч биш. Нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус, нэхэмжлэгч шаардлагаа нотолж чадаагүй. Экскаватор 2 сар ажиллаад шатсан. Өвөл газрын ус хөлддөг учир экскаваторыг ажиллуулах боломжгүй. Экскаватор засагдсан эсэх нь тодорхойгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Гуравдагч этгээд “Капитрон банк” ХХК-ийн тайлбарын агуулгад: Тус банк Э Х ХХК-тай 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 3003-2018/65 тоот зээлийн гэрээ байгуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах эд хөрөнгө өмчлөх гэрээг байгуулсан. Уг гэрээгээр ...УБ, ...УБ дугаартай 2 ширхэг экскаваторыг  банк түр нэр дээрээ шилжүүлэн авсан. Э Х ХХК зээлийн гэрээний үүргийг биелүүлэхийн тулд 2019 оны 05 дүгээр сарын 19-ны өдөр зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Энэ гэрээний үүргийн гүйцэтгэлийн үр дүнд банкны зээлийн гэрээ давхар биелэх боломжтой гэрээ байсан тул гэрээг дэмжиж ажилласан. Банк фидуцийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба тус шүүхийн шүүгчийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2019/01211 дүгээр захирамжаар Э Х ХХК 1,453,654,360 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна гэжээ.  

4. Гуравдагч этгээд О.А тайлбарын агуулгад: Э Х ХХК-ийн худалдах худалдан авах гэрээ О.А-д хамаагүй, эрх ашиг, сонирхол нь хөндөгдөөгүй, нэхэмжлэгч өөрөө хариуцагчаа сонгодог гэжээ.

 5. Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 227 дугаар зүйлийн 227.4, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 236 дугаар зүйлийн 236.1.3-д заасныг тус тус баримтлан хариуцагч Л.Гаас түрээсийн гэрээний үүрэгт 729,146,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Эрд хул ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,589,770,00 төгрөгт холбогдох хэсгийг болон хариуцагч Л.Б-т холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,000,000 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 8,752,530 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 3,803,680 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

6.1 Шүүх хариуцагчаар татагдвал зохих этгээдэд буюу үндсэн үүрэг гүйцэтгэгчид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Талуудын хооронд байгуулагдсан зээлээр техник худалдах худалдан авах гэрээнд Л.Г гарын үсэг зурсан боловч уг гэрээний гол нөхцлийн талаарх тохиролцоог түүний ах Л.Бхийж 2 техникийг худалдан авахаар аман хэлцлийг байгуулсан. Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасны дагуу Л.Г нь өөрийн ах Л.Б-г төлөөлөн гэрээ байгуулсан. Л.Бүүнийг хүлээн зөвшөөрч маргадаггүй бөгөөд 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр баталгаа гаргасан. Гэтэл анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан эвлэрүүлэн зуучлах ажиллагааны тэмдэглэл, Л.Б бичгээр гаргасан баталгаа, түүний тайлбар, 2 техникийг хүлээлцсэн гарын үсэг бүхий акт зэрэг баримтаар уг хэргийг хариуцвал зохих этгээд мөн болохыг нотолсон хангалттай тогтоогдож байхад хариуцагч Л.Бямбаноровыг энэ хэрэгт хамааралгүй гэж үзэж холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

6.2 Шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Хариуцагч Л.Б зүгээс шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан Э Х ХХК-д гаргаж байсан баталгаа зэргээр тухайн үед гэрээнд гарын үсгээ зурж чадаагүй боловч 30-42УБ, 30-45УБ улсын дугаартай 2 экскаваторыг өөрөө очиж хүлээж авсан, ажил гүйцэтгүүлж байх явцдаа нэг экскаваторыг шатаасан, төлбөрийг төлөөгүй тул түрээсийн журмаар тооцож төлбөрийг төлж барагдуулна” гэдгээ илэрхийлсэн. Экскаваторыг буцаан хүлээлгэж өгсөн түүний гарын үсэг бүхий актаар Л.Бнь 2 экскаваторыг худалдан авсан, үүргээ биелүүлээгүй тул буцаан хүлээлгэж өгсөн зэрэг үйл баримт хангалттай илэрхий тогтоогдож байхад шүүх хэрэгт авагдсан ач холбогдол бүхий нотлох баримтад үнэлэлт дүгнэлт хийлгүй Л.Бямбаноровт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, шударга ёсны зарчимд нийцээгүй хэт нэг талыг баримталсан шийдвэр гаргасан гэж үзэж байна.

6.3 2 экскаваторыг Л.Б-т 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээлгэж өгсөн болох нь Л.Б бичгээр гаргасан баталгаа, түүний тайлбараар тогтоогддог. Экскаваторыг хүлээн авч ашигласнаас хойш ...УБ улсын дугаартай экскаваторыг Л.Бнь н.Ш-д давхар түрээслүүлж ашиг олох явцдаа шатааж, бусдын хөрөнгөд хохирол учруулсан бөгөөд 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр акт үйлдэж хүлээлцсэн баримтын талаар талууд маргаагүй. ...УБ улсын дугаартай экскаваторыг Э Х ХХК-ийн зүгээс хариуцагч нарыг түрээсийн төлбөрөө төлөхгүй экскаваторыг хүлээлцэхгүй ашигласаар байсан тул нэхэмжлэгч тал өөрийн зардлаар 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр уурхайгаас ачиж авчирсан талаарх баримтыг хэрэгт өгсөн. Гэтэл шүүх хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий баримтыг үнэлж дүгнээгүй. Харин шийдвэрийн үндэслэлдээ “...30-42УБ улсын дугаартай экскаватор 2019 оны 09 дүгээр сард эвдэрсэн, 2020.09.10-ны өдөр талууд акт үйлдэж нэхэмжлэгч буцааж авсан... талаар зохигч маргаагүй...” гэж маргаантай асуудлыг маргаангүй мэтээр ойлгож, зөрүүтэй дүгнэлт хийсэн.

6.4 Хариуцагчаас түрээсийн төлбөрийг гаргуулж шийдвэрлэхдээ техникийг ашигласан хугацааг дутуу, буруу тооцоолж дүгнэлт хийсэн. Л.Б2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 2 экскаваторыг хүлээж авсан. ...УБ улсын дугаартай экскаваторыг 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр талууд акт үйлдэж хүлээлцсэн. Хариуцагч ...УБ улсын дугаартай экскаваторыг гэрээний дагуу өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаар эд хөрөнгийн эрсдэл худалдан авагчид /түрээслэгчид/ шилжсэн. Хариуцагч тал тухайн эд хөрөнгийг эзэмшиж ашиглах явцдаа өөрсдийн буруугаас эд хөрөнгөд хохирол учруулж, бусдад ашиглуулан 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр шатаасан тул түрээсийн төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Шүүх ...УБ экскаваторыг хүлээн авсан 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс шатаасан өдөр буюу 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл 7 сар 24 хоногийн түрээсийн төлбөрт 315,000,000 төгрөг гаргуулахаар шийдсэн нь үндэслэлгүй. ...УБ экскаваторыг хүлээн авсан 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр акт үйлдэж нэхэмжлэгчид буцаан өгсөн өдрийг хүртэлх 15 сар 24 хоногийн түрээсийн төлбөрт 711,000,000 төгрөг гаргуулж шийдвэрлэх үндэслэлтэй байсан.  

...УБ улсын дугаартай экскаваторыг нэхэмжлэгчийн зүгээс 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр өөрийн зардлаар уурхайгаас очиж ачиж ирсэн. Үүнээс өмнө уг экскаватор хариуцагч нарын эзэмшилд байсан бөгөөд ажилласан, ажиллаагүй талаар мэдэхгүй, ашиглаагүй гэх нөхцөл байдлыг нотолсон баримт хэрэгт байхгүй. Ашиглах эсэх нь хариуцагч нарын эрхийн асуудал бөгөөд хүлээж аваагүй учраас түрээсийн төлбөрөө шаардах эрхтэй. Гэтэл шүүхээс 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс нэхэмжлэгчид буцааж өгсөн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл 4 сар 15 хоногийн түрээсийн төлбөрт 202,500,000 төгрөг гаргуулахаар тооцооллын алдаа гаргасан. Уг экскаваторыг 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэгчид буцаан өгсөн буюу ачиж авчирсан өдрийг хүртэлх түрээсийн төлбөрт 900,000,000 төгрөг гаргуулж шийдвэрлэхээр байсан. 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр экскаватор хүлээж аваагүй, акт үйлдээгүй байхад шүүх ямар баримтыг үндэслэж 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөр тооцоолол хийсэн нь тодорхойгүй. Харин талууд экскаваторыг 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээлцэх акт үйлдсэн байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс Ковид-19 цар тахлын нөхцөл байдлаас үүдэлтэй эдийн засгийн нөхцөл байдал зэргийг харгалзан нэхэмжлэлийн шаардлага 827,020,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 1,491,896,000 төгрөгөөс шүүх 729,146,000 төгрөгт холбогдох хэсгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн тул үлдэх 762,750,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Л.Б-г хамтран хариуцагчаар татан, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна.

7.1 Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.  Нэхэмжлэгч худалдах худалдан авах гэрээний үнийг нэхэмжлээгүй, түрээсийн төлбөр гэж нэхэмжилсэн. Хариуцагчийн зүгээс  худалдах худалдан авах гэрээний төлбөрийг төлөхөөр нэхэмжилсэн бол татгалзахгүй гэдгээ шүүхэд илэрхийлж байсан. Тиймээс түрээсийн төлбөрийг хүлээн зөвшөөрөөгүй. Нэхэмжлэгч эрхийн болон эд хөрөнгийн доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн. Засварлаж өгнө гэж ойлгож явсан. 2 экскаваторыг 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авснаас хойш тухайн оны 9 дүгээр сар, 2020 оны 01 дүгээр сард гэмтэл гарч, үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болсон. Энэ талаар нэхэмжлэгч компанид даруй мэдэгдэж, тэдний зүгээс газар дээр нь ирж үзэж байсан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд худалдан авагч худалдан авсан хөрөнгийн үнийг төлөөгүй бол алданги төлөхөөр заасан байхад түрээсийн төлбөрт мөн хамаарагдана гэж тайлбарлан хэрэглэсэн. Мөн Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.4 дэх хэсэгт зааснаар гэрээнээс учирсан хохирол гэж нэхэмжилсэн засварын зардалд 89 121 000 төгрөг, тээврийн зардал 9 000 000 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

8. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: ... Гэрээний 2.5, 3.4, 3.5-д заасны дагуу түрээсийн төлбөр, алданги, засварын болон тээврийн зардлыг нэхэмжилсэн. Хариуцагч 2 ширхэг эд хөрөнгийг доголдолтой байсан гэж байгаа бол Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дах хэсэгт зааснаар 6 сарын дотор доголдлыг арилгуулахаар шаардах эрхтэй байсан. Гэтэл энэ хугацаанд шаардлага гаргаж, нэхэмжилж байгаагүй тул доголдолтой байсан гэдэг тайлбар үндэслэлгүй гэжээ. 

9. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: ... Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн гэрээний урьдчилгаа төлбөрийг мөн оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл төлсөн. Нэхэмжлэгч талын уурхайн дарга н.Бямбаа, н.Соёлмаа нар 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр уурхай дээр 2 ширхэг экскаваторыг авчирч өгсөн. ...дугаартай экскаватор 2019 оны 10 дугаар сард эвдрээд зогссон, уурхайн үйл ажиллагаа 2019 оны 11 сард зогссон. Нэхэмжилсэн үнэ хөлс нь бодит биш ямар ч тооцоололгүй үнэлгээ гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Бүх моторын сэлбэгийг нь худалдаж авч өгсөн. 2,500,000 төгрөгийн тухайд мөнгөгүй болчихоод байсан. Тээврийн зардлыг бодитоор нэхэмжилсэн тохиолдолд төлнө. ...дугаартай экскаваторын хувьд 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авсан ба мөн оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажилласан. Хуулийн дагуу уул уурхайн үйл ажиллагаа 11 дүгээр сарын 01-ний өдөр зогсох ёстой бөгөөд хэрэв үйл ажиллагаагаа зогсоогоогүй бол торгууль төлдөг. Иймд бид энэ өдрөөр тасалбар болгож үйл ажиллагааг зогсоосон. н.Бямбаа “экскаватороо ашиглуулаач” гэсний дагуу ачуулаад явуулсан. 2020 оны 01  дүгээр сард экскаваторынх нь мотор нь шатаад зогссон. н.Шинэхүү бодитоор гарсан зардлыг төлнө эсхүл засвар үйлчилгээг нь хийж өгье гэсэн. Энэ талаар н.Шинэхүү болон нэхэмжлэгч компанийн н.Мөнхбаатар захирал нар харилцан тохиролцсон. Сүүлд мөнгө бус нүүрс авах талаар харилцан тохиролцсон байсан. Засвар, үйлчилгээг нь хийгээд экскаваторуудыг буцааж өгнө гэдэг байсан тул баримтуудад гарын үсэг зурж байсан. Өнөөдрийг хүртэл үлдэгдэл төлбөрөө төлөөд экскаваторуудыг буцаагаад худалдаж авна гэсэн байр суурьтай байна. Түрээстэй холбоотой тохиролцоогүй учраас шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

10. Давж заалдах гомдолд гаргасан бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарын агуулга: Хариуцагч талын гомдолд хариу тайлбар өгөх шаардлагагүй гэж үзэж байна. Учир нь тээврийн зардал болон алдангитай  холбоотой байна. Нэхэмжлэгч талын гомдлыг дэмжиж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч Э Х ХХК хариуцагч Л.Г, Л.Бнарт холбогдуулан 2 экскаваторын түрээсийн төлбөрт 1,480,530,000 төгрөг, алдангид 740,265,000 төгрөг, тээврийн болон засвар үйлчилгээний зардалд 98,121,000 төгрөг, нийт 2,318,916,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

4. Нэхэмжлэгч “хариуцагч ...УБ дугаартай экскаваторыг ашиглах явцдаа шатааж их хэмжээний эвдрэл гэмтэл учруулсан, ...УБ дугаартай экскаваторыг хүлээлгэж өгөөгүй тул 9,000,000 төгрөгийн зардал гаргаж уурхайгаас ачиж авчирсан,  ...УБ дугаартай экскаваторын засварын зардалд нийт 89,121,000 төгрөг зарцуулсан гэж тайлбарладаг. Хэргийн 63 дугаар талд засварын зардлын тооцооллын хүснэгт авагдсан бөгөөд “ ... 2 ширхэг аккумлятор, холбогч толгой, 200 литр түлш, 500 литр кидро, хөдөлгүүр, түлш, кран насос суурилуулах, хагас гол араа, захын дамжуулагч ком, гидрийн шүүр, кундактор, паарны шланк, кома оринк, удирдлагын носас, боолт гайка, гидрийн ажлын хөлс, эргэхийн носас, моторын лап, хөдөлгүүрийн тап тос, компьютер, ком явах нэг тал, шанаганы буйлны засвар” зэрэгт дээр дурьдсан мөнгөн дүнг зарцуулсан гэж нэхэмжлэгч тайлбарласныг хариуцагч үгүйсгэж “анхнаасаа доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн, 10,000,000 төгрөгөөр бүх сэлбэгийг худалдаж авсан, ажлын хөлсөнд 2,500,000 төгрөг зарцуулагдана” гэж өөр өөр тайлбар гаргаж байна.

4.а. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд ...УБ дугаартай экскаваторыг нэхэмжлэгч нь хариуцагчид шилжүүлэн өгөх үед мотор ашиглалт буюу насжилтын хувьд ямар байсан, энэ нь эвдрэлд нөлөөлсөн эсэх, хариуцагчийн эзэмшилд байсан хугацаанд ямар эвдрэл гарсан, уг эвдрэлийг засварлахад хичнээн хэмжээний зардал гаргах зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тодорхой бус байна. Дээр дурьдсан нөхцөл байдлыг тодруулах нь маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой.

4.б. Түүнчлэн хариуцагч экскаваторын моторыг засварлуулахаар 10,000,000 төгрөгийн сэлбэг хэрэгсэл худалдаж авч, түрээслүүлэгчид хүлээлгэн өгсөн гэж тайлбарладаг тул уг сэлбэг хэрэгслийг хэнд хүлээлгэж өгсөн, энэ нь хохирлын дүнд тооцогдох боломжтой эсэхийг тодруулах шаардлагатай.

Хэргийн нөхцөл байдал тодорхой бус байгаа тохиолдолд давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2021/03040 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,971,700 төгрөг, хариуцагчийн төлсөн 1,207,360 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Н.БАТЗОРИГ

                                    ШҮҮГЧИД                                  Ч.ЦЭНД

                                                                                       А.МӨНХЗУЛ