Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 454

 

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Т.Солонго,

Улсын яллагч М.Очбадрах,

Шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэ /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Д.Мөнх-Эрдэнэд холбогдох эрүүгийн 1811005940402 дугаартай хэргийг 2018 оны 06 сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, Боржигон овогт Дорлигжавын Мөнх-Эрдэнэ, 1977 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 4-89 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай,  /РД:ЦГ77092312/

 

Шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэ нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 4-89 тоотод гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Н.Алтанчимэгийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэ нь 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 4-89 тоотод гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Н.Алтанчимэгийг зодож, эрүү, доод уруулын дотор салстад шарх, цус хуралт бүхий гэмтэл учруулсан болох нь:

 

Хохирогч Н.Алтанчимэгийн /хх-18-19/: “..би цагаан cap болох гэж байна хэрүүл хийгээд яахав гээд том өрөөндөө сууж байтал Мөнх-Эрдэнэ “Чи яагаад муухай хараад байгаа юм бэ” гээд над руу хүүхдийн тоглоом авч шидээд оноогүй. Тэгэхээр нь би гал тогооныхоо өрөө рүү ороод угаалгын машинаа угаагаад байж байтал Мөнх-Эрдэнэ “Би чамайг ална даа танай дүү Цэцэгээ, Далай хоёрыг ч ална” гээд миний эрүү рүү цохиод авчихсан..би цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй эмнэлгийн тусламж үйлчилгээ ч авч байгаагүй. 2016 онд зодуулаад цагдаагийн байгууллагад шалгагдаад гомдолгүй гээд хэрэг хаагдаж байснаас өөр ямар нэгэн баримт гээд байх зүйл надад байхгүй..” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Т.Соёл-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-21/ “..2018 оны 02 дугаар сарын дундуур манай дэлгүүрт дээгүүрээ подволк өмссөн нилээд айж түгшсэн байдалтай 40 гаран насны эмэгтэй амаа дарсан байдалтай амны орчмоос нь цус гарсан байсан юу болсон талаар асуухад нөхөр нь зодсон гэж хэлсэн..” гэсэн мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн №2571 дугаар дүгнэлтэнд: “..1.Алтанчимэгийн биед эрүү, доод уруулын дотор салстад шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй..” гэсэн дүгнэлт,

 

Шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнээс мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэхдээ: /хх-14-15, 28/ “..2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр би гэртээ 0.5 литрийн хэмжээтэй пиво гурвыг уусан. Тэгээд гэртээ юм угаагаад байж байтал орой 20 цагийн орчим эхнэр Алтанчимэг ажлаа тарж хүрч ирээд гэртээ хоол хийгээгүй пиво уулаа гэж уурласан. Тэгээд би эхнэрийг хоолоо хийж амжсангүй чи хоол хийчих гэсэн чинь эхнэр би ядарч байна гээд уурласан. Тэгэхээр нь би эрүүнийх нь доод хэсэг рүү гарынхаа ар хэсгээр цохьсон чинь эрүүнийх нь доод хэсгийн арьс язраад цус гарсан..” гэсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Гэм буруугийн талаар маргахгүй. Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн мэдүүлэг болон шүүгдэгч Д.Мөнх-Эрдэний иргэний үнэмлэхний лавлагаа /хх-37/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-39/, хохирогчийн гомдол саналгүй талаарх бичгээр гаргасан хүсэлт /хх-47/ зэрэг мөрдөн шалгах ажиллааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нь хохирогчийг зодож гэмтэл учруулсан талаараа мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт сайн дураар мэдүүлсэн, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹2572 дугаар шинжээчийн дүгнэлтээр хохирогч Н.Алтанчимэгт учирсан гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж дүгнэсэн бөгөөд үүнийг хохирогчид хөнгөн хохирол учруулсан гэж үзлээ. Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэ дээрх байдлаар гэр бүлийн хамаарал бүхий этгээд Н.Алтанчимэгийг зодсон нь санаатай үйлдэгдсэн бөгөөд энэ нь гэр бүлийн хүрээнд буюу гэр бүлийн хамаарал бүхий хүний эрүүл мэнд сэтгэл санааны эсрэг удаа дараагийн үйлдэл байх тул “Хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэн түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

Хохирогч Н.Алтанчимэг шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэ нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Боржигон овогт Дорлигжавын Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Мөнх-Эрдэнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Мөнх-Эрдэнэ нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэ нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ,

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      Б.МӨНХБАЯР