Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 2024/ДШМ/1169

 

 

Б.Б, Л.Х нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Оюунцэцэг,

яллагдагч Б.Бийн өмгөөлөгч З.Ариунжаргал,

яллагдагч Л.Х, түүний өмгөөлөгч Б.Өлзийбаяр, Х.Наранзул,

хохирогч “ГСАЗ” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Э.Биндэръяа, Ц.Ууганцэцэг,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЗ/1410 дугаар захирамжийг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Биндэръяагийн гаргасан давж заалдах гомдол болон прокурор Б.Оюунцэцэгийн бичсэн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 92 дугаартай эсэргүүцлээр Б.Б, Л.Х нарт холбогдох 2041 00010 0190 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. А овгийн Б-ий Б, 19... оны ... дүгээр сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, э...., дээд боловсролтой, ..... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..... хамт ... дүүргийн .... дүгээр хороо, ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:...../;

2. Д овгийн Л-гийн Х, 19... оны ... дугаар сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, э...., дээд боловсролтой, ... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .... хамт ... дүүргийн ... дугаар хороо, .... дүгээр байрны .... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:....../;

Яллагдагч Б.Б нь нийтийн албан тушаалтан буюу “ГСАЗ” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Хөлсөөр ажиллах гэрээ”-ний 5.5-д “...Төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулан зөвшөөрөл авахаас бусад асуудлыг бие даан шийдвэрлэх”, 5.5 дугаар зүйлийн 5.5.7-д “...Сонирхлын зөрчилтэй гэрээ байгуулах”, 5.5.8-д “...Их хэмжээний хэлцэл хийх, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн эрхийн зах зээлийн үнийг тогтоох” гэснийг тус тус зөрчиж, “ГСАЗ” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс “Эрсдэлийн сан”-ийн мөнгөн хуримтлалыг шилжүүлэх талаар шийдвэр гараагүй байхад ЧХ банкны Хувийн банкны хэлтсийн захирал Л.Жтай “Харилцах дансны үйлчилгээ гэрээ”-г 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр байгуулж, мөн өдөр ЧХ банкны .... тоот данс руу 776,000,000 /долоон зуун далан зургаан сая/ төгрөг, .... тоот данс руу 1,500,000,000 /нэг тэрбум таван зуун сая/ төгрөг буюу нийт 2,276,000,000 /хоёр тэрбум хоёр зуун далан зургаан сая/ төгрөгийг шилжүүлж, ЧХ банкинд эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд Л.Хтай бүлэглэн гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэрэгт,

яллагдагч Л.Х нь “ГСАЗ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бийн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Хөлсөөр ажиллах гэрээ”-ний 5.5-д “...Төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулан зөвшөөрөл авахаас бусад асуудлыг бие даан шийдвэрлэх”, 5.5 дугаар зүйлийн 5.5.7-д “...Сонирхлын зөрчилтэй гэрээ байгуулах”, 5.5.8-д “...Их хэмжээний хэлцэл хийх, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн эрхийн зах зээлийн үнийг тогтоох” гэснийг тус тус зөрчиж, “ГСАЗ” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс “Эрсдэлийн сан”-гийн мөнгөн хуримтлалыг шилжүүлэх талаар шийдвэр гараагүй байхад “ГСАЗ” ХХК-ийн захирал Б.Б нь ЧХ банкны Хувийн банкны хэлтсийн захирал Л.Жтай “Харилцах дансны үйлчилгээ гэрээ”-г 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр байгуулж, мөн өдөр ЧХ банкны .... тоот данс руу 776,000,000 /долоон зуун далан зургаан сая/ төгрөг, .... тоот данс руу 1,500,000,000 /нэг тэрбум таван зуун сая/ төгрөг буюу нийт 2,276,000,000 /хоёр тэрбум хоёр зуун далан зургаан сая/ төгрөгийг шилжүүлж, ЧХ банкинд эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэрэгт нягтлан бодогч Н.Шд эрсдэлийн сангийн мөнгийг дансанд шилжүүлэх талаар үүрэг чиглэл өгөх зэргээр дэмжлэг үзүүлж хамтран оролцсон тус тус гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Б.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Л.Хы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: 1. Прокурорын яллах дүгнэлтэд яллах талын нотлох баримт болгон дурдсан 11 дүгээр хавтаст хэргийн 70 дахь талд авагдсан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн .... дугаартай Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар хариуцагч ЧХ банк нь нэхэмжлэгч “ГСАЗ” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас 2,474,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг хүлээн зөвшөөрсөн эвлэрлийг баталж шийдвэрлэсэн, тус шүүхийн шүүгчийн 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 5100 дугаартай захирамжаар дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн, гүйцэтгэх хуудас бичигдсэн байхад прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад 2,276,000,000 төгрөгийн хохирол учирсан гэж тодорхойлсон, мөн шүүхийн хэлэлцүүлэгт прокуророос “Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа ба дарааллын 4 дүгээрт “ГСАЗ” ХХК-ийн хохирол эрэмбэлэгдсэн” гэж, хохирогчийн төлөөлөгч нараас яллагдагч нараас уг хохирлыг гаргуулахаар шаардана гэж тус тус мэтгэлцсэн нь ойлгомжгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотлох ёстой шаардлага хангагдаагүй байна гэж үзэв. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн улмаас бодитоор хохирол, хор уршиг учирсан эсэх, хохирлыг хэн барагдуулах эсэхийг зөв тодорхойлох шаардлагатай.

2. Яллагдагч Б.Бийн “ГСАЗ” ХХК-ийн гүйцэтгэх захиралтай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний эх болон хуулбар үнэн дарагдсан хуулбар хувь хэрэгт байхгүй байгаа нь яллагдагч Б.Бийг уг гэрээнд заасан нөхцөлүүдийг зөрчиж, их хэмжээний хохирол учруулан бусдад эдийн засгийн давуу байдал олгосон гэж буруутгахад учир дутагдалтай байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн төлөөлөгч Э.Биндэръяагаас “гэрээний хуулбар үнэн дарагдсан хувийг прокурорт аваачиж өгсөн” гэж, прокуророос “гэрээний хуулбар үнэн дарагдсан хувийг хохирогчийн төлөөлөгчөөс намайг ээлжийн амралттай байхад прокурорын туслах хүлээн авсан” гэж тайлбарласныг дурдах нь зүйтэй. Иймд уг гэрээний нотлох баримтын шаардлага хангасан хувийг хэрэгт хавсаргах, эсхүл гэрээний хуулбар хувь /1хх 20-24/ жинхэнэ эсэхийг тогтоолгохоор шинжээчийн дүгнэлт гаргуулах ажиллагааг хийж гүйцэтгэх шаардлагатай. Энэ талаар гаргасан өмгөөлөгч З.Ариунжаргалын хүсэлт үндэслэлтэй байна.

3. Гэрч Н.Ш, Л.Ж нарын үйлдэлд гэмт хэргийн шинж байгаа эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар тодруулж дүгнэлт хийх,

4. Хохирогчийн төлөөлөгч нарын байр суурийг нэг мөр тодруулж мэдүүлэг авах, хэнээс юуг нэхэмжилж байгаа эсэх, энэ нь байгууллагын байр суурьтай тохирч байгаа эсэхийг тогтоох шаардлагатай.

Иймд яллагдагч Б.Б, Л.Х нарт холбогдох хэрэгт мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос хянавал зохих асуудлыг бүрэн хянаагүй, дээрх ажиллагаанууд нь шүүхээс хууль ёсны, үндэслэл бүхий шийдвэр гаргахад чухал ач холбогдолтой, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаанууд байх тул яллагдагч Б.Б, Л.Х нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Нийслэлийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч нарт авсан хувийн баталгаа гаргах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Биндэръяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Захирамжийн үндэслэх хэсгийн 1-д “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг зүйлчлэх гол шалгуурын нэг нь хохирол, түүний хэмжээ бөгөөд их хэмжээний хохирол бодитоор учирсан байж гэмт хэргийн шинж бүрэн хангагдаж гэмт хэрэгт тооцогдоно. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотлох ёстой шаардлага хангагдаагүй байна” гэж үзсэн байна. “ГСАЗ” ХХК нь ЧХ банкнаас гаргуулахаар шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн .... дугаартай зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж нь 2 байгууллагын гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой шүүхийн шийдвэр юм. Иймээс энэхүү захирамж нь Б.Б, Л.Х нарт холбогдох эрүүгийн хэргийн шинжийг үгүйсгэхгүй юм.

“ГСАЗ” ХХК-ийн ТУЗ-өөс Б.Бтэй байгуулсан “Хөлсөөр ажиллах гэрээ” нь хэргийн материалд байдаг. Мөн өмнө нь уг гэрээг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн ....тоот захирамжийн дагуу манай компаниас нотлох баримтын шаардлага хангуулан тус шүүхэд гаргаж өгсөн байдаг.

Прокурорын яллах дүгнэлт дэх эрүүгийн хэргийн шинжид “ГСАЗ” ХХК-д гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Б, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Л.Х нарын үйлдэл хамаарах юм. Учир нь энэ хоёр албан тушаалтан нь мөнгөн гүйлгээний зарцуулалтад харилцан бие биедээ хяналт тавьж ажиллах үүрэгтэй албан тушаалтнууд. Харин ерөнхий нягтлан бодогчийн чиг үүргийн хүрээнд ажилладаг доод шатны албан тушаалтнуудад гүйцэтгэх захирал болон ерөнхий нягтлан бодогчийн шийдвэр, үйлдлийг хууль тогтоомж зөрчиж буйд шууд хяналт тавих боломжгүй юм. Үүнийг дотоод болон хөндлөнгийн аудит, санхүүгийн хяналт шалгалтын байгууллага хийх эрхтэй бөгөөд тухайн үедээ дээрх 2 албан тушаалтны үйлдэл нь компанийн болон нягтлан бодох бүртгэл, компанийн холбогдох дүрэм журмыг зөрчсөн байна гэдэг аудитын дүгнэлт гарсан байдаг. “ГСАЗ” ХХК нь гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотойгоор шүүхээс шийдвэрлэсний дагуу ЧХ банкнаас төлбөрийг өнөөдрийг хүртэл гаргуулан авч чадаагүйн компанийн хувьд ихээхэн хохирол учруулаад байна. Иймд хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй.” гэв.

Прокурор Б.Оюунцэцэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхээс “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотлох ёстой шаардлага хангагдаагүй, ...гэмт хэргийн улмаас бодитоор хохирол, хор уршиг учирсан эсэх, хохирлыг хэн барагдуулах эсэхийг зөв тодорхойлох шаардлагатай” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Тодруулбал, прокуророос яллах дүгнэлтдээ “ГСАЗ” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлөөс “Эрсдэлийн сан”-гийн мөнгөн хуримтлалыг шилжүүлэх талаар шийдвэр гараагүй байхад тус компанийн гүйцэтгэх захирал Б.Б нь ЧХ банкны Хувийн банкны хэлтсийн захирал Л.Жтай 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах компанийн байранд ...., .... дугаартай “Харилцах дансны үйлчилгээний гэрээ”-нүүдийг бичгээр байгуулж, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Л.Хд Эрсдэлийн сангийн мөнгөн хөрөнгийг шилжүүлэхийг даалгасан.

Л.Х нь Н.Шд өгсөн үүргийн дагуу мөн өдөр ЧХ банкны .... тоот данс руу 776,000,000 /долоон зуун далан зургаан сая/, .... тоот данс руу 1,500,000,000 төгрөг буюу нийт 2,276,000,000 /хоёр тэрбум хоёр зуун далан зургаан сая/ төгрөгийг тус тус шилжүүлсэн талаар тодорхой дүгнэж бичсэн.

Шүүхээс уг үйл баримт болон прокуророос гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар дүгнэснийг няцаан үгүйсгэсэн, иргэний хэргийн анхан шатны шүүхээс шийдвэр гарч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа асуудал нь гэмт хэргийн шинжийг хэрхэн үгүйсгэж байгаа талаар хууль зүйн үндэслэл бүхий тодорхой дүгнэлтийг хийгээгүй.

Гэрч Н.Ш, Л.Ж нарын гэмт хэрэгт хамтран оролцсон эсэх талаар шаардлагатай мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байх бөгөөд Л.Жаргалтулгын хувьд ЧХ банкны Хувийн банкны захирлаар ажилладаг, тухайн банкинд мөнгөн хөрөнгө төвлөрүүлэх чиг үүрэг бүхий албан тушаалд ажилладаг болох нь баримтаар нотлогдсон, гэрч Н.Шы хувьд “ГСАЗ” ХХК-д ажилладаг байх бөгөөд Л.Х, Б.Б нартай эрсдэлийн мөнгөн хөрөнгийг ЧХ банк руу шилжүүлэх талаар урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэсэн үйлдэл, гэмт санаа зорилго тогтоогдоогүй, тэдний үйлдэл нь гэмт хэргийн шинжийг агуулаагүй болох нь баримтаар хангалттай нотлогдож байх тул уг үндэслэлээр хэргийг прокурорт буцаасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд “ГСАЗ” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчөөр Э.Биндэръяа, Ц.Ууганцэцэг нарыг оролцуулах талаар албан бичгээр илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл, “ГСАЗ” ХХК нь өөрийн хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлүүлэхээр Э.Биндэръяа, Ц.Ууганцэцэг нарыг оролцуулсан, урьдчилсан хэлэлцүүлэгт тэдний илэрхийлсэн суурь нь байгууллагын байр суурьтай тохирч байгаа эсэхийг тогтоолгохоор хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байх ба уг асуудлыг шүүхийн шатанд тодруулах бүрэн боломжтой байна.

Иймд хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасан хуулийн шаардлага хангаагүй. Иймд шүүхээс Б.Б, Л.Х нарт холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэхдээ захирамжид заасан дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал”, 1.2-д “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол”, шүүхийн шийдвэр нь мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.

Гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд Б.Бийн хувийн байдалтай холбоотой “ГСАЗ” ХХК-тай байгуулсан гэрээг прокурорын эсэргүүцэлд хавсаргаж өгсөн байгаа. Энэ гэрээ нотлох баримтын шаардлага хангах эсэх асуудал урьдчилсан хэлэлцүүлэгт яригдсан. Үүнтэй холбоотой Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтыг шүүхээс гаргуулж, давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлд хавсаргаж өгсөн.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ууганцэцэг тус шүүх хуралдаанд “...Хэлэх тайлбар байхгүй.” гэв.

Яллагдагч Б.Бийн өмгөөлөгч З.Ариунжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэний шүүхээр эцэслэн гаргасан “ГСАЗ” ХХК-д учруулсан хохирол гарсан боловч эрүүгийн журмаар гаргах боломжтой гэх давхцуулсан санаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна. Иргэний хэргийн анхан шатны шүүхээр 2 тал харилцан тохиролцоод шүүхийн шийдвэр гарсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. Үүнд хүү, алданги бүх зүйлийг тооцож гаргасан. Хохирлыг ЧХ банкнаас “ГСАЗ” ХХК-нд олгох тухай шүүхийн шийдвэр гарсан байхад эрүүгийн хэрэг дээр ямар хохирол гаргах вэ энэ тодорхойгүй байна. Шүүхийн шийдвэр заавал биелэгдэх үүрэгтэй. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлд заасан. Мөн шүүгчийн захирамжид гаргаж байгаа гомдол нь хөлсөөр ажиллах гэрээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Бичмэл нотлох баримтыг эх хувиар нь, хэрэв эхийг авах боломжгүй бол прокурор, мөрдөгч тэмдэглэл үйлдэн хуулбарлан авна” гэж заасныг зөрчсөн. Гэрээ эх хувиараа огт байхгүй. Нотлох баримтгүй хэргийн талаар прокурор маш удаан ярьсан. Яагаад гэхээр анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг дээр өмгөөлөгч миний бие шүүх хуралдаанд оролцоод хөлсөөр ажиллах гэрээний эх хувь олдохгүй байгаа талаар хэлсэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Биндэръяа дээр очоод “ГСАЗ” ХХК-д эх хувиар нь гаргаж өгөх тухай хүсэлт гаргасан. Гэтэл хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Биндэръяа “гэрээний эх хувь өөр хүнд шилжсэн одоохондоо байхгүй” гэж тайлбарласан. Прокурор хуульд байхгүй зүйл заалтыг тайлбарлаж ярьдаг. Их хэмжээний хэлцэл гэдгийг Компанийн тухай хууль дээр тодорхой заасан. Энэ талаар прокурорт тайлбарлаж хэлсэн. Компанийн тухай хуулийн 87.1 дүгээр зүйлийн 87.1.1 дэх хэсэгт “хэлцэл хийхийн өмнөх сүүлийн балансын активын нийт дүнгийн 25 хувиас дээш зах зээлийн үнэтэй эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг худалдах, худалдан авах, захиран зарцуулах болон барьцаалахтай холбогдсон хэлцэл, эсхүл хоорондоо шууд холбоотой хэд хэдэн хэлцэл /компанийн өдөр тутмын үндсэн үйл ажиллагаатай холбогдсон хэлцэл үүнд хамаарахгүй/ гэж заасан. Шүүхэд 10 гаруй удаа хүсэлт гарсан. Прокуророос ЧХ банк хэвийн ажиллагаатай байсан уу, Монгол банкны дүгнэлт байна уу, эдгээр нотлох баримтуудыг гаргаж өгнө үү, эдгээр нотлох баримтгүйгээр шүүхээр хэлэлцэх боломжгүй” гэж удаа дараа хүсэлт гаргаж, мөн өөрөө очиж биечлэн уулзахад 500,000,000 төгрөгөөс дээш их хэмжээний хэлцэл гэж яриад байгаа бол худалдан авах, захиран зарцуулах, барьцаалахтай холбоотой хэлцлийг их хэмжээний хэлцэл гэж тооцно. Эрсдэлийн санд байршуулсан мөнгийг банк солих агуулга огт байхгүй. Үүнийг зөвхөн дээд шүүх тайлбарлах ёстой гэж прокурорт хэлсэн. Гэтэл машины асуудлыг шалгана гэдэг. Энэ асуудлыг удаа дараа шалгасан. Одоо ийм ойлгомжгүй зүйлийг прокурор ярьж байна. Сонирхлын зөрчил бүхий хэлцэл гэдгийг прокурор буруу тайлбарлаж байгаа. Сонирхлын зөрчлийн талаар Компанийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт “Компанийн энгийн хувьцааны 20 буюу түүнээс дээш хувийг дангаараа, эсхүл түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигч, компанийн эрх бүхий албан тушаалтан, түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээд нь өөрийн ажиллаж байгаа болон хувьцааг нь эзэмшиж байгаа компанитай дор дурдсан харилцаанд орсон бол компанитай, эсхүл түүний хараат болон охин компанитай сонирхлын зөрчилтэй хэлцэл хийх этгээдэд тооцогдоно” гэж заасан. Гэрээний хувь “Хас банк”-наас ЧХ банканд 2 дахин илүү байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Бичмэл нотлох баримтыг эх хувиар нь, хэрэв эхийг авах боломжгүй бол прокурор, мөрдөгч тэмдэглэл үйлдэн хуулбарлан авна” гэж заасан байхад хохирогч байгууллага өөрөө гэрээний эх хувь байхгүй гээд анхан шатны шүүхэд гаргаж өгөөгүй. Энэ хуулийн заалтыг зөрчсөн. Анхан шатны шүүх хурал дээр прокуророос өмгөөлөгчийн зүгээс асуусан, яг юу үнэлж яллаж байна вэ гэхээр прокурор хөлсөөр ажиллах гэрээг үндэслэж яллаж байна, өөр бусад зүйл хамааралгүй гэж тайлбарласан. Гэтэл хөлсөөр ажиллах гэрээ буюу нотлох баримт эх хувиараа огт байхгүй. Хохиролтой холбоотой шүүгчийн захирамж яагаад гарсан талаар тайлбарлахад бодит хохирол тогтоогдоогүй учраас анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэх боломжгүй болсон. Иргэний хэргийн шүүхийн захирамж шийдвэр биш гэж эрүүгийн хэргийн шүүхэд эсэргүүцэл гаргаж байгаа нь харамсалтай байна. Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн зүйл ярьж байна. Иргэний хэргийн шүүх хохирлын шийдвэр гараад шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байхад яагаад эрүүгийн журмаар хохирлыг гаргаж ирж яриад байна. Монгол Улсын шүүхийн шийдвэр заавал биелэгдэх ёстой. Мөрдөн шалгах ажиллагааны нотлогдвол зохих ажиллагаа хийгдээгүй байна. Б.Б өөртөө нэг ч төгрөгийн ашиг аваагүй, эрүүл мэндийн байдал муу байгаа. Бөөрний дутагдалд ороод явж чадахгүй эмнэлэгт байгаа. Бүх эд хөрөнгийг нь битүүмжилсэн. Гадаад явах боломжгүй хилийн хориотой ийм нөхцөл байдалтай байгаа. Прокуророос яллах дүгнэлт үйлдсэн юм чинь заавал яллах ёстой гэсэн байр сууринаас хандаж байна. Иргэний хэргийн шүүхийн шийдвэр гарч 2 тал эвлэрсэн байгаа.” гэв.

Яллагдагч Л.Хы өмгөөлөгч Б.Өлзийбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүхээс гарсан прокурорт буцаасан захирамж хуульд нийцэн гарсан. Хэргийн зүйлчлэл дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан прокурорын яллах дүгнэлтэд албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх зүйлчлэлийг татаж заасан мөртлөө хэргийн үйл баримт яриад ирэхээр ЧХ банканд давуу эрх олгосон гэх зүйлийг прокуророос ярьдаг. Гэмт хэрэг үйлдсэн үйлдлийг тогтоож байгаа гол баримтлалаа яаж тайлбарладаг гэхээр 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр бусдад давуу байдал олгож “Хас банк”-нд байсан мөнгийг төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр гараагүй байхад мөнгө гаргасан гэж прокуророос тайлбарладаг. Мөн хөлсөөр ажиллах гэрээний 5.5, 5.6, 5.7 гэж дурдаж ярьдаг Б.Б захиралтай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний заалтыг тайлбарладаг. Үүнд 2 хүнийг ялладаг. Л.Х уг гэрээнд хамааралтай этгээд биш, тус компанийн ерөнхий нягтлан бодогч тул шууд удирдлагын хүрээнд өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх үүрэгтэй этгээд. Хөлсөөр ажиллах гэрээ нотлох баримтын шаардлага хангахгүй гэж эх хувийг шалгуулъя, гэрээ нотлох баримтын шаардлага хангах уу, гарын үсэг мөн үү гэдгийг шалгах хэрэгтэй. Хүний эрх, эрх чөлөөнд халдаж ял оногдуулах гэж байгаа юм бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасныг эргэлзээгүйгээр гэм бурууг тогтоох ёстой. Энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа хийж тогтоохгүйгээр хэргийг шийдэх боломжгүй. Прокуророос Иргэний хэргийн шүүхийн захирамж эргэлзээтэй, тогтоох боломжгүй гэж тайлбарлах юм. Л.Хы гэм буруутайг тогтоохын тулд мөрдөн шалгах ажиллагаа хийж эргэлзээгүй тогтоох ёстой. Монгол Улсын шүүхийн шийдвэр гараад шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. Шүүхийн шийдвэр заавал биелэгдэх шинжтэй. Шүүхэд хэргийг шилжүүлэхдээ прокурор яллах дүгнэлт үйлдсэн. Яллах дүгнэлтийн хавсралтад учирсан хохирлыг яллагдагч Б.Б, Л.Х нараас гаргуулна гэж тодорхойлсон. Давж заалдах шатны шүүхэд тайлбар мэдүүлэхдээ тодорхойгүй зүйл ярьж хохирлыг шүүгдэгч нараас гаргуулахгүй байсан ч яах вэ гэх мэт зүйл ярьж байна. Ийм ойлгомжгүй байдлаар яллах дүгнэлт үйлдэгдсэн. Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэргүйгээр эрсдэлийн сангийн мөнгөн хөрөнгийг шилжүүлэх, захиран зарцуулах журмыг зөрчсөн гэх зүйлийг прокурор яллах дүгнэлтэд дурдсан. 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр мөнгө шилжүүлэн уг журам нь мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байхад журам гаргаж ирсэн. Уг журам нь 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр батлагдсан. Уг журмыг судлаад үзэхэд энэ журам тухайн үед байгаагүй. Б.Б гэдэг хүний ажил албан тушаалыг Эрдэнэбулган гэх төлөөлөн удирдах зөвлөлийн дарга ямар нэгэн байдлаар булаалдаж байсан. Ийм оролдлогуудыг хийж байсан. Уг журмыг нягтлаад үзэхээр 10 дугаар хавтаст хэргийн 14-16, 19-21, 42-46 дугаар талд төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн н.Төмөрсүх, н.Ганболд, н.Эрдэнэбулган гэх 3 хүн гэрчийн мэдүүлэг өгсөн. “Төлөөлөн удирдах зөвлөлийн ийм шийдвэр байдаг юм байна, энэ талаар мэдэх үү” гэхэд 2022 оны 02 дугаар сард өгсөн мэдүүлэгтээ “ийм журам байдаг гэдгийг мэдээгүй” гэж 3 гэрч мэдүүлэг өгдөг. Энэ процесс ажиллагаа нь маш эргэлзээтэй. Ийм дүрэм журам байсаар байтал зөрчөөд байна гэвэл үгүй 2018 оны мөнгө шилжүүлэхээс 2 хоногийн өмнө баталсан журмаа хэрхэн яаж ерөнхий нягтлан, гүйцэтгэх захирал нарт танилцуулсан бэ, журам гарсан гэдгийг хэн ч мэдэх боломжгүй. Энэ журмын талаар танилцуулсан баримтыг хэрэгт хавсаргаж өгнө үү гэх хүсэлт гаргасан. Гэм бурууг нотлох гэж байгаа нөхцөлд энэ талаар заавал шалгах ёстой. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хангахгүй орхиж өгнө үү.” гэв.

Яллагдагч Л.Хы өмгөөлөгч Х.Наранзул тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид прокуророос эсэргүүцэл бичсэн. Эсэргүүцлийн утга агуулгыг гарахад Прокурорын тухай хуульд заасан шаардлага хангахгүй байна. Прокурорын эсэргүүцэлд дурдсан Ш, Ж нарын үйлдэлд гэмт хэргийн шинж байгаа эсэх асуудлыг мөрдөн шалгах ажиллагааг тодруулж дүгнэхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нэг талыг барьж явагдсан. ЧХ банк эрсдэлийн сангийн хөрөнгийг илүү амлаж танай компанид ашигтай гэх итгэл үнэмшлийг төрүүлж тухайн гэрээ хэлцлийг хийсэн үү гэдэг асуудлыг шалгаагүй. Прокуророос гэрээний талаарх асуудлыг шалгасан гэх асуудлыг ярьж байна. Гэрээ хэрэгт авагдсан болохоос тухайн ЧХ банк дампуурах нөхцөл байдалд байсан уу, үйл ажиллагаа хэвийн байсан уу гэдэг талаар мөрдөн шалгах ажиллагаа огт хийгээгүй. Шүүгчийн захирамжид дурдаж байгаа Ш, Ж нарын үйлдэл оролцоо байгаа эсэх асуудлыг шалгаж тогтоох асуудал яригддаг. Гэтэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчим хэрэгжээгүй. Л.Х ерөнхий нягтлан бодогчоор ажилладаг нь үнэн бөгөөд дээрээс өгсөн мөнгө шилжүүлэх үүрэг даалгаврын дагуу Шд мөнгө өгсөн байдаг. Шат дараалсан үүрэг биелүүлсэн Л.Хыг яагаад яллагдагчаар татаж шүүхэд шилжүүлж байна вэ гэдэг нь тодорхойгүй. Иргэний хэргийн шүүхээр ЧХ банк хохирол төлбөрөө төлнө гээд шүүхийн шийдвэр гарсан. Энэ шийдвэр дээр дурдаж байгаа хохирлын хэмжээг прокурор 2 яллагдагчийг хохирлын хэмжээнд оруулж ирээд байгаа. Эрүүгийн эрх зүйн онолын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг учраас заавал хохирлыг шаардаж байгаа. Гэтэл давхцуулж хохирлын хэмжээг прокуророос оруулж байгаа нь хууль зүйн хувьд Монгол Улсын Үндсэн хууль, Олон Улсын гэрээ конвенцыг ноцтой зөрчиж байна. Хэрвээ Л.Х, Б.Б нарын оролцооноос болоод хохирол учирсан бол тухайн хохирлыг хэрхэн яаж тооцож гаргаж ирэх вэ гэдэг нь ойлгомжгүй байгаа. “ГСАЗ” ХХК-ийн үйл ажиллагаа хэрхэн яаж тогтоогдсон талаар мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлоогүй. Шүүгчийн захирамжид дурдсан 4 үндэслэл хууль зүйн хувьд үндэслэлтэй. Хэргийн бодит байдлыг хэн тогтоох уу, хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүрэгтэй. Прокурор өөрийн хяналтаа хуульд заасны дагуу тавиагүй байж хийгээгүй ажиллагааг хийсэн мэтээр ярьж байгаа нь харамсалтай байна. Нотолбол зохих, эргэлзээгүй тогтоох тал дээр нэг ч нотлох баримт байхгүй. Яллагдагч Л.Хы үйлдэл оролцоо хэнд, ямар давуу байдал олгосон, өөрт нь ямар ашигтай байдал үүссэн, байгууллагын хэвийн үйл ажиллагаа хэрхэн алдагдсан болон түүний сэдэл санаа зорилгыг тогтоогоогүй. Иймд шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй байх тул хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

Яллагдагч Л.Х тус шүүх хуралдаанд “...Өмгөөлөгч нартай санал нэг байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Б.Б, Л.Х нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Биндэръяагийн гаргасан давж заалдах гомдол болон прокурор Б.Оюунцэцэгийн бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хянаж үзлээ.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анхан шатны шүүхээс 4 үндэслэл зааж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн бөгөөд захирамжид заасан 1, 3, 4 дэх үндэслэлд заасан ажиллагааг хийх шаардлагагүй гэж үзлээ.

            Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой асуудлыг дахин шалгах шаардлагагүй, энэ гэмт хэрэгт холбогдуулан бусад этгээдийн үйлдэл оролцоог  шалгах шаардлагагүй, мөн хохирогч талын байр суурийг ахин тодорхойлж, мэдүүлэг тайлбар авах шаардлагагүй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих ажиллагааны хүрээнд хэргийн бүх байдлыг мөрдөгч, прокурор нотлох үүрэгтэй атал прокурор энэ үүргээ бүрэн биелүүлээгүй байна.

            Прокуророос яллагдагч Б.Бийг “ГСАЗ” ХХК-тай хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллаж байхдаа уг гэрээний тодорхой заалтуудыг зөрчиж, энэ гэмт хэргийг үйлдсэн гэж ялласан атлаа анх байгуулсан хөлсөөр ажиллах гэрээ эх хувиараа байгаа эсэх, цаашлаад ийм гэрээ байгуулагдсан эсэх талаар тодорхойгүй байх тул энэ талаар тодруулах зайлшгүй шаардлагатай.

            Мөн Компанийн тухай хуулийн Арваннэгдүгээр бүлэгт заасан Их хэмжээний хэлцэлд хамаарах хэлцэл хийхийн өмнөх сүүлийн балансын активын нийт дүнгийн 25 хувиас дээш байсан уу гэдгийг тогтоолгүй яллагдагч нарыг их хэмжээний хэлцэл хийсэн гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байх тул энэ талаар шалгах шаардлагатай байна.

            Иймд, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар бичсэн прокурорын эсэргүүцэл болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Биндэръяагийн гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, дээр дурдсан хоёр үндэслэлийг шалгуулахаар анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Яллагдагч Б.Б, Л.Х нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЗ/1410 дугаар захирамжийг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Биндэръяагийн гаргасан давж заалдах гомдол, прокурор Б.Оюунцэцэгийн бичсэн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 92 дугаартай эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

            2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ШҮҮГЧ                                                Ц.ОЧ

                                    ШҮҮГЧ                                                С.БОЛОРТУЯА

ШҮҮГЧ                                                Д.МӨНХӨӨ