Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 115/ШШ2026/0017

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Болорцэцэг би, Дорноговь аймгийн прокурорын газрын ахлах прокурор Т.Цийн дүгнэлттэй, Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагч О.Од холбогдох зөрчил шалган шийдвэрлэх захиргааны хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Дорноговь аймгийн прокурорын газрын ахлах прокурор Т.Ц шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Тус аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагч О.О нь "Д" ХХК-ийн үйлдсэн хуульд заасан барилгын ажлын зөвшөөрөл авалгүйгээр барилгын ажлыг эхлүүлсэн" гэх зөрчилд холбогдогч "Д" ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-д зааснаар таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулан шийдвэрлэсэн материалыг 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр шалгалтын хүрээнд хянахад:

            Материалд авагдсан холбогдогчийн мэдүүлэг, "Д" ХХК-ийн 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 26/20 дугаартай албан бичиг, 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2368/2024 дугаартай Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Барилгын хөгжлийн төвийн барилга, байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэл, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар "Д" ХХК нь Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Ханги боомтын суурьшлын бүсэд ажилчдын амрах байр, хоолны газар, спорт заал, оффисын зориулалттай 3 давхар жишиг кемпийн барилгыг 2024 оны 09 дүгээр сард барилгын ажлын зөвшөөрөл авалгүйгээр эхлүүлсэн зөрчил үйлдсэн болох нь тогтоогдсон байна.

            Барилгын техникийн хяналтын улсын байцаагч О.О нь 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр "хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай" 1 дугаартай шийтгэлийн хуудсаар "Д" ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-д зааснаар 5,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна.

Учир нь Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-д "Барилгын ажлын захиалагч хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй ... бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй төгрөгөөр торгоно" гэсэн заасан, харин Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д "Аж ахуйн нэгж, байгууллага нь хуульд заасан барилгын ажлын зөвшөөрөл аваагүйгээр ... барилгын ажлыг эхлүүлсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заажээ.

Холбогдогч "Д" ХХК нь барилгын ажил эхлүүлэхдээ хуульд заасан зөвшөөрөл аваагүй зөрчил үйлдсэнд Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Иймд барилгын техникийн хяналтын улсын байцаагч О.Оийн 1 дугаартай шийтгэлийн хуудсаар "Д" ХХК-д шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон барилгын техникийн хяналтын улсын байцаагч О.О нь 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр "хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай" 1 дугаартай шийтгэлийн хуудсаар "Д" ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-д зааснаар 5,000,000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн шийтгэлийн хуудасны "Шийдвэрлэх нь" хэсгийн 1, 2-д Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний 10,000,000 төгрөг гэсэн өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.

 

2. Хариуцагч Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагч О.О шүүхэд гаргасан тайлбартаа: 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Дорноговь аймгийн прокурорын газрын прокурорын дүгнэлтэд заасан зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр "хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай" 1 дугаартай шийтгэлийн хуудсаар "Д" ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-д зааснаар 5,000,000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн шийтгэлийн хуудасны "Шийдвэрлэх нь" хэсгийн 1, 2-д Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний 10,000,000 төгрөг гэсэн өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт гарсныг барилгын техникийн хяналтын улсын байцаагч О.О миний бие хүлээн зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Гуравдагч этгээд Д ХХК-ийн захирал Р.Мөнхбаяр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 2026 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 115/Ш32026/0083 дугаар захирамж болон прокурорын газрын 2026 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 5 дугаар прокурорын дүгнэлттэй танилцлаа.

Тус байгууллага нь Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-д зааснаар 5,000,000 төгрөгөөр торгуулсан.

Прокурорын дүгнэлтийн Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний 10,000,000 төгрөгөөр шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрчлөлт оруулахад татгалзах зүйлгүй зөрүү төлбөрийг төлөх олно. Иймээс бид гуравдагч этгээдээр оролцохгүйгээр хялбаршуулсан горимоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

          Хариуцагч Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагч О.О нь 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн "Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай" 1 дугаар Шийтгэлийн хуудас-аар Д ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-д зааснаар таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 төгрөгөөр шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ.

          Прокурор Т.Цаас Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагч О.Оийн 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр "Д" ХХК-д Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-д зааснаар 5,000,000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн шийдвэрийн шийтгэлийн хуудасны "Шийдвэрлэх нь" хэсгийн 1, 2-д Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний 10,000,000 төгрөг гэсэн өөрчлөлт оруулах тухай дүгнэлтийг хариуцагч эрх бүхий албан тушаалтан О.О нь шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байна.

Шүүхээс эрх ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээд болох Д ХХК-ийг гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, прокурорын дүгнэлтийг гардуулан, тайлбар гаргах боломжоор хангасан ба гуравдагч этгээд нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа ... Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний 10,000,000 төгрөг гэж эрх бүхий албан тушаалтны шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасныг баримтлан хариуцагч Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагч О.Оийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүхээс хэргийн оролцогчид хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд уг шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх үр дагаврыг танилцуулан, гарын үсэг зуруулан баримтжуулж хэрэгт хавсаргасан болохыг дурдах нь зүйтэй.

           

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Дорноговь аймгийн прокурорын газрын ахлах прокурор Т.Цийн Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагч О.Оийн 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 1 дугаартай Шийтгэлийн хуудасны "Шийдвэрлэх нь" хэсгийн 1, 2-д Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний 10,000,000 төгрөг гэх өөрчлөлт оруулах тухай прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн хариуцагч Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагч О.Оийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар прокурорын дүгнэлт (гомдол) нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                             Э.БОЛОРЦЭЦЭГ