Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 887

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

Улсын яллагч Ч.Алтансүх,

Шүүгдэгч Б.Г, Ж.Р, тэдгээрийн өмгөөлөгч А.Ганзориг /ҮД:2446/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Г, Ж.Р нарт холбогдох 1806 02008 0728 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг харъяаллын дагуу 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын товч мэдээлэл:

1. Монгол улсын иргэн, Т аймгийн А суманд 19 оны 0 дүгээр сарын -ны өдөр төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эцэг, 2 дүүгийн хамт Б дүүргийн  дүгээр хороо, Ц хотхоны  тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн гэх, Б.Г /РД:/,

2. Монгол улсын иргэн, Ө аймгийн Б суманд 19 оны 0 дугаар сарын -ний өдөр төрсөн,  настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, үйлдвэрийн техникч мэргэжилтэй, “И” төвд герман хэлний бэлтгэлд суралцдаг, ам бүл 4, ах, эгч нарын хамт Б дүүргийн  дүгээр хороо, Цэргийн хотхоны  дүгээр гудамжны  тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн гэх, Ж.Р /РД: /,

Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Б.Г нь 2018 оны 02 дугаар сарын 23-ны шөнө 05-06 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, “ЭД” нэртэй зочид буудлын 207 тоот өрөөнд нэвтрэн орж иргэн Ж.Сүрэнхандын эзэмшлийн Самсунг эс-6 эдж маркийн гар утсыг хулгайлан авч 256,000 төгрөгийн хохирол учруулсан,

Ж.Р нь 2018 оны 02 дугаар сарын 23-ны шөнө 05-06 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, “ЭД” нэртэй зочид буудлын ресепшиний өрөөнд нэвтрэн орж иргэн А.Очирбатын эзэмшлийн Ай фоне-4 маркийн гар утсыг хулгайлан авч 96,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Рын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Сүрэнхандын өгсөн: “Би 2018 оны 02 дугаар сарын 23-ны шөнө 22 цагийн үед өөрийн найз Нанзад, Отгончимэг нартай хамт Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ЭД” нэртэй зочид буудалд орж уг зочид буудлын 207 тоот өрөөг авч үйлчлүүлсэн юм... Би унтаж амрахдаа өөрийн эзэмшлийн Самсунг эс 6 эдж маркийн утсыг хүрэмнийхээ халаасанд хийгээд өлгүүрт өлгөж тавьсан юм. Тэгээд унтаж байтал бараг өглөө үүр цайж байх үед манай найз Нанзад ганцаараа орж ирээд намайг дуудаж сэрээгээд өлгүүрт байсан миний хүрэмнээс миний гар утсыг авч нэг хүн рүү залгаж үзчихээд за за найз нь явлаа гэж хэлээд миний гар утсыг авч ирээд миний цээжин дээр тавиад гарсан юм. Тэгээд би ганцаараа унтаж байгаад төд удалгүй 00 орж бие зассан ба ингэж 00-н өрөө рүү орохдоо өөрийн гар утсаа хэвтэж байсан орон дээр үлдээгээд боссон юм. Тэгээд 00-д ороод бие засч байхад миний гар утас дуугараад дуудлага ирж байгаа нь сонсогдсон. Тэгээд би бие засчихаад утсаа авах гээд өрөө рүүгээ ороход миний утас байхгүй болчихсон байсан юм. Тэгээд л би өрөөнөөсөө гарч доошоо 1 давхар руу буугаад буудлын ресепшин дээр очиход ресепшин нь дотогшоо онгойдог хаалгатай өрөөндөө ганцаараа унтаж байсан юм. Тэгэхээр нь би түүнийг татаж сэрээгээд гар утас алга болчихлоо гэдгээ хэлээд тэр ресепшин залуу бид хоёр буудлын камерыг шүүж үзэхэд 02 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө буюу 24-ний өглөө үүрээр 05 цаг 40 минутын үед уг зочид буудлын 1 давхарт өрөө авч үйлчлүүлж байсан 5-6 залуугийн нэг нь буюу цагаан өнгийн майктай 20 гаруй настай, туранхай биетэй залуу нь ганцаараа хүрч ирээд буудлын ресепшиний өрөөний хаалгыг онгойлгоод шагайн харж байгаад хяналтын камерын утсыг нь татаад салгаж байгаа бичлэг байсан юм... миний гар утсыг авсан залуучууд цагдаад баригдаж миний гар утсыг бүрэн бүтнээр нь буцаан өгсөн...” гэх мэдүүлэг /хх.70/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Очирбатын өгсөн: “Би Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ЭД” нэртэй зочид буудалд ресепшин хийдэг юм... 104 тоот өрөөнд орж тэд нартай танилцаад 2-3 рүнк архи уусан юм. Тэгээд архи уучихаад гарч ирээд би ажлын өрөөнд ороод утсаа гаргаж тавиад юм бодон хэвтэж байгаад ядраад унтаад өгсөн байна лээ. Гэтэл өглөө 6-7 цагийн үед нөгөө 207 тоот өрөөнд үйлчлүүлсэн нэг залуу нь ирээд намайг дуудаж сэрээгээд Самсунг эс 6 маркийн гар утсаа хулгайд алдчихлаа гэж хэлсэн юм. Тэгээд би өөрийнхөө ажлын өрөөний цонхны тавиур дээр тавьсан байсан утас байгаа эсэхийг хартал миний Ай фоне 4 маркийн гар утас бас алга болчихсон байсан юм. Тэгээд камер шүүж үзэхэд урд орой нь манай буудлын 104 тоот өрөөнд орж үйлчлүүлсэн залуугийн нэг буюу надтай Равжир гэж нэрээ танилцуулсан залуу нь ганцаараа манай ажлын өрөөнд орж ирээд өрөөний камерыг салгаж байгаа нь харагдаж байсан юм. Тэгээд тэр залуучуудыг өрөөндөө байгаа эсэхийг харахад гараад явчихсан байсан... тэгээд маргааш нь миний гар утсыг авч ирээд надад өгчихсөн юм...” гэх мэдүүлэг /хх.14-15/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Арьяагийн өгсөн: “... Батсүрэн, Гантулга, Равжир бид 4 юм яриад архиа уугаад сууж байтал бараг өглөө болж байхад манай найз Гантулга, Равжир 2 гарч яваад буцан орж ирээд Батсүрэн бид хоёрыг явья гэхээр нь дагаад гарсан юм. Тэгээд такси бариад өөр буудалд орно гээд явж байхад Гантулга нь Самсунг эс 6 маркийн гар утас гаргаж ирээд ийм утас авчихлаа гээд үзүүлж байсан. Тэгээд л явж байгаад нэг буудалд орж хоносон юм...” гэх мэдүүлэг /хх.18-19/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Батсүрэнгийн өгсөн: “... Гантулга миний нүүр рүү ус цацаж намайг сэрээсэн юм. Тэгээд босч ирэхэд Арьяа явчихсан байсан Гантулгын хамраас нь цус гарсан байдалтай Арьяатай хоорондоо зодолдсон юм шиг байна лээ. Тэр үед Гантулга нь Самсунг эс 6 маркийн гар утас барьж байсан юм. Тэгээд би Гантулгыг ямар утас барьж байгааг нь асуухад надад хэлэхгүй байсан юм...” гэх мэдүүлэг /хх.21-22/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Билгүүний өгсөн: “Би Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бат-Ундарга нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт ажилладаг юм. Тэгээд 2018 оны 02 дугаар сарын сүүлээр өглөө 8-9 цагийн үед би ажпаа нээгээд байж байтал манай гэрийн хажууханд амьдардаг бага насны танил Гантулга гэх ах ганцаараа бага зэрэг архи уусан байдалтай орж ирээд ахад нь мөнгө хэрэг болоод байна энэ утсыг 200,000 төгрөгний барьцаанд тавья гээд хөх өнгийн Самсунг эс 6 эдж маркийн гар утас гаргаж ирсэн юм. Тэгээд би утсыг аваад шалгаж үзэхэд дэлгэцний кодтой байсан ба тэр кодыг нь Гантулга ах өөрөө гаргаж чадахгүй байсан. Тэгээд би ахаа энэ утас чинь кодтой юм байна, ямар учиртай утас вэ, ийм утас авахгүй шүү дээ гэж хэлэхэд Гантулга нь өө ах нь согтуу байсан учир санахгүй байна, ямар ч байсан энэ утсыг ах нь олсон юм шиг байна, хулгайн утас бол биш ээ, чи 200,000 төгрөг өгчих, ах нь орой эргэж ирээд энэ утсыг буцаагаад авна гэхээр нь би түүнд 200,000 төгрөг тоолж өгөөд ямар нэгэн баримт бичилгүйгээр тэр утсыг авч үлдсэн юм. Гэтэл үд болж байхад Гантулга ах хажуудаа Равжир ахтай хамт хоёулаа манай ломбарданд ирээд ахын дүү наад утас чинь болохоо байлаа, цагдаа шүүх болоод явж байна гэж хэлээд надад 184,000 төгрөг өгөөд утсыг буцаан авч явсан юм” гэх мэдүүлэг /хх.28-29/,

Эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 488 дугаартай дүгнэлт /хх.30-31/,

Эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 651 дугаартай дүгнэлт /хх.33-34/,

Ж.Рын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.71-73/,

Эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх.7-8/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Б.Г нь 2018 оны 02 дугаар сарын 23-ны шөнө 06-06 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, “ЭД” нэртэй зочид буудлын 207 тоот өрөөнд нэвтрэн орж иргэн Ж.Сүрэнхандын эзэмшлийн Самсунг эс-6 эдж маркийн гар утсыг хулгайлан авч 256,000 төгрөгийн хохирол учруулсан,

Ж.Р нь 2018 оны 02 дугаар сарын 23-ны шөнө 05-06 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, “ЭД” нэртэй зочид буудлын ресепшиний өрөөнд нэвтрэн орж иргэн А.Очирбатын эзэмшлийн Ай фоне-4 маркийн гар утсыг хулгайлан авч 96,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Сүрэнхандын өгсөн: “... Тэгээд 00-д ороод бие засч байхад миний гар утас дуугараад дуудлага ирж байгаа нь сонсогдсон. Тэгээд би бие засчихаад утсаа авах гээд өрөө рүүгээ ороход миний утас байхгүй болчихсон байсан юм. Тэгээд л би өрөөнөөсөө гарч доошоо 1 давхар руу буугаад буудлын ресепшин дээр очиход ресепшин нь дотогшоо онгойдог хаалгатай өрөөндөө ганцаараа унтаж байсан юм. Тэгэхээр нь би түүнийг татаж сэрээгээд гар утас алга болчихлоо гэдгээ хэлээд тэр ресепшин залуу бид хоёр буудлын камерыг шүүж үзэхэд 02 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө буюу 24-ний өглөө үүрээр 05 цаг 40 минутын үед уг зочид буудлын 1 давхарт өрөө авч үйлчлүүлж байсан 5-6 залуугийн нэг нь буюу цагаан өнгийн майктай 20 гаруй настай, туранхай биетэй залуу нь ганцаараа хүрч ирээд буудлын ресепшиний өрөөний хаалгыг онгойлгоод шагайн харж байгаад хяналтын камерын утсыг нь татаад салгаж байгаа бичлэг байсан юм... миний гар утсыг авсан залуучууд цагдаад баригдаж миний гар утсыг бүрэн бүтнээр нь буцаан өгсөн...” гэх мэдүүлэг /хх.70/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Очирбатын өгсөн: “... Гэтэл өглөө 6-7 цагийн үед нөгөө 207 тоот өрөөнд үйлчлүүлсэн нэг залуу нь ирээд намайг дуудаж сэрээгээд Самсунг эс 6 маркийн гар утсаа хулгайд алдчихлаа гэж хэлсэн юм. Тэгээд би өөрийнхөө ажлын өрөөний цонхны тавиур дээр тавьсан байсан утас байгаа эсэхийг хартал миний Ай фоне 4 маркийн гар утас бас алга болчихсон байсан юм. Тэгээд камер шүүж үзэхэд урд орой нь манай буудлын 104 тоот өрөөнд орж үйлчлүүлсэн залуугийн нэг буюу надтай Равжир гэж нэрээ танилцуулсан залуу нь ганцаараа манай ажлын өрөөнд орж ирээд өрөөний камерыг салгаж байгаа нь харагдаж байсан юм. Тэгээд тэр залуучуудыг өрөөндөө байгаа эсэхийг харахад гараад явчихсан байсан... тэгээд маргааш нь миний гар утсыг авч ирээд надад өгчихсөн юм...” гэх мэдүүлэг /хх.14-15/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Арьяагийн өгсөн: “... Батсүрэн, Гантулга, Равжир бид 4 юм яриад архиа уугаад сууж байтал бараг өглөө болж байхад манай найз Гантулга, Равжир 2 гарч яваад буцан орж ирээд Батсүрэн бид хоёрыг явья гэхээр нь дагаад гарсан юм. Тэгээд такси бариад өөр буудалд орно гээд явж байхад Гантулга нь Самсунг эс 6 маркийн гар утас гаргаж ирээд ийм утас авчихлаа гээд үзүүлж байсан. Тэгээд л явж байгаад нэг буудалд орж хоносон юм...” гэх мэдүүлэг /хх.18-19/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Батсүрэнгийн өгсөн: “... Тэр үед Гантулга нь Самсунг эс 6 маркийн гар утас барьж байсан юм. Тэгээд би Гантулгыг ямар утас барьж байгааг нь асуухад надад хэлэхгүй байсан юм...” гэх мэдүүлэг /хх.21-22/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Билгүүний өгсөн: “... Тэгээд би утсыг аваад шалгаж үзэхэд дэлгэцний кодтой байсан ба тэр кодыг нь Гантулга ах өөрөө гаргаж чадахгүй байсан. Тэгээд би ахаа энэ утас чинь кодтой юм байна, ямар учиртай утас вэ, ийм утас авахгүй шүү дээ гэж хэлэхэд Гантулга нь өө ах нь согтуу байсан учир санахгүй байна, ямар ч байсан энэ утсыг ах нь олсон юм шиг байна, хулгайн утас бол биш ээ, чи 200,000 төгрөг өгчих, ах нь орой эргэж ирээд энэ утсыг буцаагаад авна гэхээр нь би түүнд 200,000 төгрөг тоолж өгөөд ямар нэгэн баримт бичилгүйгээр тэр утсыг авч үлдсэн юм. Гэтэл үд болж байхад Гантулга ах хажуудаа Равжир ахтай хамт хоёулаа манай ломбарданд ирээд ахын дүү наад утас чинь болохоо байлаа, цагдаа шүүх болоод явж байна гэж хэлээд надад 184,000 төгрөг өгөөд утсыг буцаан авч явсан юм” гэх мэдүүлэг /хх.28-29/,

Эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 488 дугаартай дүгнэлт /хх.30-31/,

Эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 651 дугаартай дүгнэлт /хх.33-34/,

Ж.Рын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.71-73/,

Эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх.7-8/,

Шүүгдэгч Б.Г, Ж.Р нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Б.Г, Ж.Р нар нь дээрх гэмт хэргүүдийг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тэдгээрийн хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй, өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэхээр завдсан байх бөгөөд тэдгээрийн үйлдсэн дээрх гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Б.Г, Ж.Р нарыг тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүгдэгч нар нь уг гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Иймд Б.Г, Ж.Р нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинж болон “Энэ гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдэх” гэсэн хүндрүүлэх шинжийг агуулсан үйлдэлд нь тус тус гэм буруутайд тооцсон болно.

Хохирогч А.Очирбат, Ж.Сүрэнжав нар нь гэмт хэргийн улмаас хулгайд алдсан эд зүйлсээ биет байдлаар нь хүлээн авсан, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч Б.Г, Ж.Р нар нь бусдад төлөх төлбөргүй байна.

            Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Б.Г, Ж.Р нарын “Бусдын эд хөрөнгийг орон байранд нэвтэрч бүлэглэн хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага тэдгээрт хүлээлгэх үндэслэлтэй байна.          

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж, мөн хэсгийн 1.3 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж тус тус заажээ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Б.Г, Ж.Р нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгч нарын хувийн байдал, бусдад төлөх төлбөргүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял буюу тухайн гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулахаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хэмжээний хорих ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.

Б.Г, Ж.Р нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөнө төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Б.Г, Ж.Р нарт тус бүр оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, тэдгээрт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авах нь зүйтэй.

Б.Г, Ж.Р нар нь урьд цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б.Г, Ж.Р нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Бусдын эд хөрөнгийг орон байранд нэвтэрч бүлэглэн хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Г, Ж.Р нарт 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, Б.Г, Ж.Р нарт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

4. Б.Г, Ж.Р нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

5. Б.Г, Ж.Р нар нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч А.Очирбат, Ж.Сүрэнжав нь хулгайд алдсан эд зүйлсээ биет байдлаар нь хүлээн авсан, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлд заасан давж заалдах эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Г, Ж.Р нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                               С.ӨСӨХБАЯР