| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Мөнхөө |
| Хэргийн индекс | 2308 00000 1478 |
| Дугаар | 2024/ДШМ/1204 |
| Огноо | 2024-10-31 |
| Зүйл хэсэг | 17.2.2., 10.1-1, |
| Улсын яллагч | Р.Очирсүрэн |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 2024/ДШМ/1204
Т.Б, Н.Н нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Р.Очирсүрэн,
шүүгдэгч Т.Бгийн өмгөөлөгч А.Очбадрал,
шүүгдэгч Н.Нын өмгөөлөгч Б.Түвшинтөгс,
нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/958 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Бгийн гаргасан давж заалдах гомдлоор Т.Б, Н.Н нарт холбогдох 2308 00000 1478 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. З овгийн Т-ийн Б, 19... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Завхан аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа, .... дүүргийн ... дугаар хороо, .... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:..../,
Сум дундын 27 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 171 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 32 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-т зааснаар 17 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн ялыг нийцүүлэн хасах тухай 440 дугаар захирамжаар 9 жил 4 сар 26 хоногийг хорих ял болгон өөрчилж, 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 8 сар 18 хоногийн хугацааны өмнө тэнсэн суллагдсан;
2. Х овгийн Н-ын Н, 19... оны ... дугаар сарын ...-ний өдөр Ховд аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ... нарын хамт .... дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч мөн дүүргийн .... дугаар хороо, .... түр оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:....../;
Шүүгдэгч Т.Б нь Н.Нтай урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 08 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Орбит гэх газарт амь хохирогч С.Бийн эд хөрөнгийг авах зорилгоор биед нь халдаж, хүч хэрэглэн довтолж, хохирогчийг учирсан гэмт халдлагаас зугтахад араас нь хөөж гүйцэн, нүүрэн тус газар нь гараараа цохиж, хүч хэрэглэн, газарт унагаасны дараа Н.Наар хохирогчийн өмдний халааснаас гар утас, түрийвч зэрэг эд зүйлсийг авхуулж, хохирогчид 258.600 төгрөгийн хохирол учруулсан дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан, гэмт хэрэг хамтран үйлдэгчийн үүрэг оролцоог хуваарилсан,
мөн Т.Б нь дээрэмдэх гэмт хэргийг үйлдэх явцдаа дээрх цаг хугацаанд амь хохирогч С.Бийн нүүрэн тус газар нь гараараа цохиж, хана мөргүүлсний улмаас “аман хүзүүний хугарал, хүзүүний 1-3 дугаар нугалмуудын түвшинд нугас няцрал, хатуу хальс дээрх цусан хураа, хүзүүний нугалам орчмын булчинд нэвчмэл цус хуралт, дух, зулайн хуйханд цус хуралт, духны зүүн хэсэг, зүүн хацрын шонтон, хоёр далны шонтон хэсэгт цус хуралт, доод уруулын дотор салстад цус хуралт, хамрын угт язарсан шарх” гэмтэл учруулан амь насыг нь хохироож хүнийг алсан гэмт хэрэгт,
шүүгдэгч Н.Н нь Т.Бтэй урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 08 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Орбит гэх газарт Т.Б амь хохирогч С.Бийг цохиж, газарт унагааж, хөдөлгөөнгүй болсны дараа хохирогчийн өмдний халааснаас гар утас, түрийвч зэрэг эд зүйлсийг авч, хохирогчид 258.600 төгрөгийн хохирол учруулсан дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ Т.Бгийн санаачилсан, удирдсан, гэмт хэрэг хамтран үйлдэгчийн үүрэг оролцоог хуваарилсаны дагуу гүйцэтгэгчээр оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Т.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Н.Нын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Т.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Н.Нт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Т.Б, Н.Н нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж,
шүүгдэгч Т.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Н.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
шүүгдэгч Т.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,
шүүгдэгч Н.Нт Эрүүгийн хуулийн ерөнхий 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бд оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 14 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-н эдлэх хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ныг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, зорчих эрхийг хязгаарлаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бн цагдан хоригдсон нийт 363 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бгөөс 2,109,490 гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон сэтгэцэд учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан самсунг бичиглэл бүхий асдаггүй хар өнгийн болон самсунг бичиглэл бүхий эвдэрхий цагаан өнгийн 2 ширхэг гар утсыг Б.Б-нд, айфон маркийн гадуураа хүрэн өнгийн гэр бүхий 1 ширхэг гар утсыг шүүгдэгч Т.Бд буцаан олгож, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүдэгч нарын иргэний бичиг баримт шилжиж ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.Н нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Н.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Т.Б гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ маш ихээр харамсан гэмшиж байгаа. Холбогдсон гэмт хэргийнхээ талаар анхнаасаа гэм буруугаа хүлээж, үнэн зөвөөр мэдүүлж ирсэн. Надад оногдуулсан 14 жил хорих ял дээр ямар нэгэн гомдол маргаан байхгүй. Харин хаалттай дэглэмийг минь нээлттэй дэглэмд эдлүүлж өгнө үү. Учир нь, миний бие бусдад учруулсан хохирол, нөхөн төлбөрийг нээлттэй дэглэмтэй хорих ангид очиж, ажил хөдөлмөр хийж төлж барагдуулах чин хүсэл эрмэлзэлтэй байна. Иймд хаалттай дэглэмд эдлэх ялыг минь нээлттэй дэглэмд эдлүүлж өгнө үү.” гэжээ.
Шүүгдэгч Т.Бгийн өмгөөлөгч А.Очбадрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. Дээрэмдэх гэмт хэргийг үйлдэх явцдаа хүнийг алсан гэж яллах дүгнэлт үйлдсэн. Хэргийн бодит байдлын хувьд хүнийг алах гэмт хэрэг үйлдэгдэж төгссөний дараа дээрэмдэх гэмт хэрэг төгссөн. Амь хохирогч С.Бийг зугтаахад нь булан руу дагаж очоод савж унагаахад эд зүйл нь газраар тарж унасан бөгөөд тухайн үед гэнэт үүссэн санаагаар эд зүйлсийг нь авсан. Шүүгдэгч Т.Бгийн гаргасан хорих байгууллагын дэглэм хөнгөрүүлэх талаарх давж заалдах гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч Т.Б нь бусдад төлөх төлбөртэй тул ажил хийж, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдлыг харгалзан үзэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Н.Нын өмгөөлөгч Б.Түвшинтөгс тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Т.Бгийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна.” гэв.
Прокурор Р.Очирсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Т.Бг Н.Нтай урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 08 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Орбит гэх газарт амь хохирогч С.Бийн эд хөрөнгийг авах зорилгоор биед нь халдаж, хүч хэрэглэн довтолж, хохирогчийг учирсан гэмт халдлагаас зугтахад араас нь хөөж гүйцэн, нүүрэн тус газар нь гараараа цохиж, хүч хэрэглэн, газарт унагаасны дараа Н.Наар хохирогчийн өмдний халааснаас гар утас, түрийвч зэрэг эд зүйлсийг авахуулж, хохирогчид 258.600 төгрөгийн хохирол учруулсан, дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан, гэмт хэрэг хамтран үйлдэгчийн үүрэг оролцоог хуваарилсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
мөн Т.Бг нь дээрэмдэх гэмт хэргийг үйлдэх явцдаа дээрх цаг хугацаанд амь хохирогч С.Бийн нүүрэн тус газар нь гараараа цохиж, хана мөргүүлсний улмаас “аман хүзүүний хугарал, хүзүүний 1-3 дугаар нугалмуудын түвшинд нугас няцрал, хатуу хальс дээрх цусан хураа, хүзүүний нугалам орчмын булчинд нэвчмэл цус хуралт, дух, зулайн хуйханд цус хуралт, духны зүүн хэсэг, зүүн хацрын шонтон, хоёр далны шонтон хэсэгт цус хуралт, доод уруулын дотор салстад цус хуралт, хамрын угт язарсан шарх” гэмтэл учруулан амь насыг нь хохироож хүнийг алсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
шүүгдэгч Н.Ныг Т.Бтэй урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 08 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Орбит гэх газарт Т.Б амь хохирогч С.Бийг цохиж, газарт унагааж, хөдөлгөөнгүй болсны дараа хохирогчийн өмдний халааснаас гар утас, түрийвч зэрэг эд зүйлсийг авч, хохирогчид 258.600 төгрөгийн хохирол учруулсан дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ Т.Бгийн санаачилсан, удирдсан, гэмт хэрэг хамтран үйлдэгчийн үүрэг оролцоог хуваарилсаны дагуу гүйцэтгэгчээр оролцсон гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Т.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Н.Нт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Т.Б, Н.Н нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж,
шүүгдэгч Т.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Н.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
шүүгдэгч Т.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,
шүүгдэгч Н.Нт Эрүүгийн хуулийн ерөнхий 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бд оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 14 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.
Учир нь, прокуророос Т.Б, Н.Н нарын дээрэмдэх гэмт хэргийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсөн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудад буруу дүгнэлт хийж, хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлсэн байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.
Мөн шүүгдэгч Т.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн атлаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулсан нь “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Анхан шатны шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд Т.Б, Н.Н нарт холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.
Иймд дээрх үндэслэлүүдээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/958 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан шүүгдэгч Т.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Н.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/958 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч Т.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Н.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ