| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 302/2025/00370/И |
| Дугаар | 302/ШШ2025/00410 |
| Огноо | 2025-05-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 302/ШШ2025/00410
:
|
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ********-т оршин суух, утас *****, А.А;
Хариуцагч: ************-гт оршин суух, утас *******, Х.Э;
Нэхэмжлэлийн шаардлага: Талаар нь хуваасан 84 ширхэг 5 сантиметрийн банзны үлдэгдэл үнэ 315,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч А.А,
Хариуцагч Х.Э,
Гэрч Ж.С, С.Б,
Орчуулагч М.Нурасыл,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ердос.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх талуудын шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх зүйтэй байна.
2.Нэхэмжлэгч А.А нь хариуцагч Х.Эад холбогдуулан талаар нь хуваасан 84 ширхэг 5 сантиметрийн банзны үлдэгдэл үнэ 315,000 төгрөг гаргуулахыг хүсэж нэхэмжлэл гаргасан байна.
3.Нэхэмжлэгч А.А нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
3.1.Хариуцагч Х.Э нь надаас өнгөрсөн жил 84 ширхэг талаар нь хуваасан 5 сантиметрийн банзыг нийт 575,000 төгрөгөөр худалдаж аваад, урьдчилгаа 260,000 төгрөгийг төлж өгч, үлдсэн 315,000 төгрөгийг 7 хоногийн дараа төлж өгнө гэж хэлсэн боловч одоо хүртэл төлж өгөөгүй. Иймд Х.Эаас 315,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн байна.
4.Хариуцагч Х.Э нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
4.1.Миний бие 2024 оны 05 дугаар сарын сүүлээр байх нэхэмжлэгч А.А гэх хүнээс 5 сантиметрийн банзыг дундуур нь зүсэж, бүрээс мод болгож өөрчилсөн 20 ширхэг банз буюу 40 ширхэг бүрээс модыг харилцан тохирч 260,000 төгрөгөөр худалдан авч, түүний үнийг газар дээр дансаар шилжүүлж өгсөн юм.
4.2.Нэхэмжлэгч А.Атай 575,000 төгрөгийн дүнтэй гэрээ хэлцэл байгуулсан зүйлгүй бөгөөд А.А нь 40 ширхэг бүрээс модны тус бүрийг 7,000 төгрөгөөр үнэлж, нийт 280,000 төгрөгөөр худалдах санал тавьсан боловч уг бүрээс модны зарим нь хугарч, дундуур нь цуурсан, хатаж мэхийсэн зэрэг хүний хэрэгцээнд тэнцэхүйц биш гэмтэлтэй, биет байдлын доголдолтой байсан учир үнэ тохирч 260,000 төгрөгөөр худалдаж авч, үнийг нь бүрэн төлж барагдуулсан тул надад А.Ад төлөх төлбөр байхгүй юм.
4.3.Нэхэмжлэгч А.А нь надад 84 ширхэг банз худалдсан болгож тоог нь хоёр дахин өсгөж, нэг бүрийг 6,845 төгрөгөөр үнэлж 575,000 төгрөгөөр нэхэмжилсэн тооцоо гарч байна. Гэтэл би 40 ширхгийг 260,000 төгрөгөөр буюу нэг бүрийг нь 6,500 төгрөгөөр үнэлж авсан. Хэрэв А.А нь надад 84 ширхэг талаар хуваасан банзыг 575,000 төгрөгөөр үнэлж худалдсан гэвэл бичгээр хийсэн гэрээ хэлцэл, үнэ өртөг, тоо ширхгээр хүлээлгэн өгсөн баримт зэрэг нотлох баримтыг гаргаж, нотлох үүрэгтэй. Би худалдаж авсан барааны тохирсон үнийг төлсөн учир одоо төлөх төлбөргүй.
Иймд нэхэмжлэгч А.Аы 315,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
5.1.Нэхэмжлэгч А.Аы шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн ХААН банкны депозит дансны хуулга болон зохигчийн тайлбараар хариуцагч Х.Э нь 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ХААН банкны 5193205658 тоот дансаар нэхэмжлэгч А.Ад 260,000 төгрөгийг шилжүүлж, гүйлгээний утгад 5 tahtai 95428059 (5 банз 95428059) гэж бичсэн байна. Энэхүү гүйлгээний утгад бичсэн 95428059 гэх утасны дугаар нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ хариуцагч Х.Эын утасны дугаартай тохирч байна.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явагдах бөгөөд нэхэмжлэгч нь өөрийн нэхэмжилж буй үндэслэлээ нотлох үүрэг хүлээнэ.
Энэ талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалтад Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага ... түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэг хүлээнэ, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт Зохигч ... нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй, 752 дугаар зүйлийн 752.2-т Зохигч шүүх хуралдаанаас өмнө, энэ бүлэгт заасан хугацааны дотор өөрийн шаардлага, татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж тус тус заасан.
Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага ба үндэслэлээ нотлох үүрэг хүлээх боловч нэхэмжлэгч А.А нь ХААН банкны депозит дансны хуулга, хариуцагч Х.Эын түүний хашаанаас талаар нь хуваасан 5 сантиметрийн банзыг портер машинд ачиж авч явсан үеийн гэх гэрэл зураг зэрэг баримт болон эхнэр С.Бийг шүүх хуралдаанд гэрчээр асуулгаснаас өөрөөр нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.
7.Нэхэмжлэгч А.А нь хариуцагч Х.Эын түүний хашаанаас талаар нь хуваасан 5 сантиметрийн банзыг портер машинд ачиж авч явсан үеийн зургийг өөрийн гар утсаар авсан гэх 3 ширхэг, хариуцагч Х.Эын уг банзыг барьж буй байшиндаа хэрэглэсэн байдал гэх гэрэл зургийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн боловч уг гэрэл зургуудаар 84 ширхэг банз байсан гэдэг нь тодорхойгүй байна. Мөн уг гэрэл зургуудаас портер машинд нийт хэдэн ширхэг талаар нь хуваасан 5 сантиметрийн банзыг ачсан болох нь тодорхой харагдахгүй байгаа болно.
8.Шүүх хуралдаанд гэрч С.Бийн өгсөн мэдүүлэгт: ...Миний нөхөр А.А яаралтай Казахстан улсад явахаар болсон тул мөнгөний хэрэг гараад 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 13 цагийн үед хариуцагч манай хашаанаас ирж портер машинаар жолоочтой хамт банз ачаад явсан. Тухайн үед нөхөр маань нэг хүн 84 ширхэг банз ачаад явсан. Банз ачсан хүн 315,000 төгрөгөө дутуу өгсөн, 7 хоногийн дараа мөнгөө хийхээр болсон. Тийм учраас би чамд картаа үлдээгээд явъя гэсэн. Нөхөр маань Казахстан улсад нас барсан худынхаа ажил явдалд нь оролцоод хоёр долоо хоногийн дараа ирэхдээ тухайн хүн мөнгөө хийгээгүй талаар нөхөртөө хэлсэн. Нөхөр маань түүний дугаар луу залгаад хэлсэн боловч мөнгөө хийгээгүй. Түүнээс хойш ч гэсэн хэд хэдэн удаа очиж уулзсан боловч мөнгө өгөхгүй хэмээн өгөөгүй байна. Би анх нөхөр маань мөнгөө дутуу өгсөн гэх үед би таньдаг хүн чинь уу, яагаад өгөөд байна, ядаж гарын баримт авахгүй юу эсвэл бичлэг хийгээд авахгүй юу гэж хэлэхэд, нөхөр маань өгчих байхаа, яаралтай байшин барьж байгаа хүн учраас баримт аваагүй гэсэн. Миний хувьд хариуцагч тухайн үед портерын жолоочтой хамт ирээд ачаад явсныг холоос харж байсан гэсэн байна.
Гэрч С.Бийн мэдүүлсэн үйл баримтаас нэхэмжлэгч А.А нь түүнд хашаанаас хариуцагч Х.Э нь 84 ширхэг банз ачаад явсан ба 315,000 төгрөгөө дутуу өгсөн, 7 хоногийн дараа мөнгөө хийхээр болсон гэж хэлсэн болох нь тогтоогдож байгаа боловч түүний мэдүүлгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар бусад нотолгооны хэрэгслүүдтэй харьцуулан үнэлэх өөр нотолгооны хэрэгсэл хэрэгт авагдаагүй, бодитойгоор харьцуулан үзэж, үнэлэх боломжгүй байх тул гагцхүү гэрч С.Бийн мэдүүлгийн хүрээнд нэхэмжлэгч А.Аы хашаанд 84 ширхэг банз байсан эсэх нь, мөн 84 ширхэг банз портерт ачсан эсэх нь тогтоогдохгүй болно.
9.Хариуцагчийн хүсэлтээр шүүх хуралдаанд гэрчээр мэдүүлэг өгсөн Ж.С нь ...Би нүүрс зардаг заримдаа портер машинаар хөлсөнд явдаг хүн юм. Нэг удаа би хариуцагчийн гэрт нь нүүрс буулгах үед надад та хөлсөөр явж өгөх уу 40 гаруй банз ачаад ирэх хэрэгтэй болоод байна гэсэн. Тэгэхээр би түүний хүсэлтийг хүлээн авч хөлсөнд 40,000 төгрөг авч очиж ачиж, гэрт нь ирээд буулгасан. Ачих үед болон буулгахдаа бага зэрэг тусалсан. Гэхдээ яг хэдэн ширхэг банз ачсаныг мэдэхгүй байна. Миний хувьд нэхэмжлэгч болон хариуцагч нарыг танихгүй. Намайг зөвхөн таксинд авсан болохоор хариуцагчид бага зэрэг тусалсан. Гэхдээ яг хэдэн тооны банз ачсаныг мэдэхгүй гэж мэдүүлэг өгчээ.
10.Нэхэмжлэгч А.А, хариуцагч Х.Э нарын шүүхэд гаргасан тайлбар болон дээрх гэрч нарын мэдүүлэг, мөнгө шилжүүлсэн тухай депозит дансны хуулгаар талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээ амаар байгуулагдсан байна гэж шүүх дүгнэлээ.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.
11.Дээрх баримтуудаар талуудын хооронд талаар нь хуваасан 5 сантиметрийн банз худалдах-худалдан авах харилцаа үүссэн болох нь тогтоогдож байгаа боловч хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэгч А.А нь хариуцагч Х.Эад талаар нь хуваасан 84 ширхэг 5 сантиметрийн банзыг нийт 575,000 төгрөгөөр үнэлж худалдаж, үүнээс 260,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч, үлдэгдэл үнэ 315,000 төгрөгийг 7 хоногийн дараа төлөхөөр болсон үйл баримт тогтоогдохгүй байгаа болно.
12.Иймд нэхэмжлэгч А.Аы хариуцагч Х.Эаас талаар нь хуваасан 84 ширхэг 5 сантиметрийн банзны үлдэгдэл үнэ 315,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
13.Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч А.Аы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 116 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Уах овогт Авлайханы Аы хариуцагч Шеруши овогт Хазатбекийн Эаас талаар нь хуваасан 84 ширхэг 5 сантиметрийн банзны үлдэгдэл үнэ 315,000 (гурван зуун арван таван мянган) төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч А.Аы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,950 (есөн мянга есөн зуун тавин) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3, 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардан авахыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчид энэ хуулийн 759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК