| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
| Хэргийн индекс | 128/2025/0987/З |
| Дугаар | 128/ШШ2026/0470 |
| Огноо | 2026-05-13 |
| Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 128/ШШ2026/0470
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдаан 3 дугаар танхимд нээлттэй хэлэлцсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ү******* ХХК /РД:2885565/,
Хариуцагч: Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Б*******, Ц.М*******,
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Т*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б*******, хариуцагч Ц.Б*******, Ц.М*******, хариуцагч нарыг итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ... нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:
1.1.Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Б*******, Ц.М******* нарын үйлдсэн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн НА-2125 дугаар актын тэмдэглэх хэсгийн 6, 7, 8 дахь хэсгийг хүчингүй болгуулах.
Хоёр.Маргааны үйл баримт, процессын түүхийн тухай:
2.1.Нэхэмжлэгч компани нь Д******* аймгийн Б******* сумын нутаг дэвсгэрт байрлах М******* нэртэй газарт орших 40.37 гектар талбай бүхий газарт ашигт малтмалын ашиглалтын MV-00 дугаар гэрчилгээний[1] дагуу жоншны уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
2.2.Татварын ерөнхий газрын дэргэдэх Том татвар төлөгчийн газрын Хяналт шалгалтын хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарны 30-ны өдрийн 2125 томилолтоор нэхэмжлэгч Ү******* ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд иж бүрэн хяналт шалгалтыг хариуцагч татварын улсын байцаагч Ц.Б*******, Ц.М******* нар хийж гүйцэтгэжээ.
2.3.Хариуцагч нарын зүгээс хийж гүйцэтгэсэн татварын хяналт шалгалтын дүнд 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн НА-2125 дугаартай нөхөн ногдуулалтын актыг үйлдэж, тус актын тэмдэглэх хэсгийн 6 дахь заалтад Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланд 2021 онд 14,138.24 тонн жоншны экспортод гарган борлуулахдаа 8,026,214,304.79 төгрөгийн борлуулалтын үнэлгээнээс ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөр тооцон тайлагнаагүй нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5 дахь хэсэгт Энэ хуулийн 47.3.3-т заасан хувь дээр тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлт, боловсруулалтын түвшнээс хамаарч доор дурдсан хувийг нэмэгдүүлж тооцно /хайлуур жоншны зах зээлийн үнийн түвшин 120 америк доллар ба түүнээс дээш байх үед ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн үндсэн хувь дээр нэмж 5 хувийн нэмэлт төлбөр ногдуулна/ гэснийг,
-7 дахь заалтад Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланд 343,019,045.81 төгрөгөөр тооцсон нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт Энэ хуулийн 47.16-д заасан борлуулалтын үнэлгээг дараахь журмаар тооцно, 47.2.1 дэх заалтад экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан, 47.6 дахь хэсэгт Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журмыг Засгийн газар батална гэж заасны дагуу Засгийн газрын2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 465 дугаар тогтоолын хавсралтаар Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувь хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам-ыг шинэчлэн баталсан. Тус журмын 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт АМНАТ ногдуулах борлуулалтын үнэлгээг дараах байдлаар тооцно, 2.1.2 дахь заалтад тухайн сард экспортолсон, экспортлохоор ачуулсан ашигт малтмалын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг Ашигт малтмалын нийтэд мэдээлсэн үнийг баримтлан, 2.2 дахь хэсэгт Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний агуулгын хувь нь Засгийн газраас тогтоосон үнийн эх сурвалжид үндэслэн нийтэд мэдээлсэн жишиг үнийн мэдээлэлд заасан агуулгын хувь, үнээс тухайн ашигт малтмалын нэгж агуулгын хувьд ногдох үнийг тодорхойлон борлуулалтын үнэлгээг тооцно гэж заасныг,
-8 дахь хэсэгт Ашигт малтмал ашигласны төлбөрийн тайлангаар ногдуулсан 2021 онд 1,003,235,062.85 төгрөгийн, 2022 онд 1,141,047,756.72 төгрөгийн, 2023 онд 2,687,735,691.52 төгрөгийн төлбөрийг хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй, хугацаа хожимдуулсан нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.10 дахь хэсэгт Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээдээс бусад энэ хуулийн 47.1-д заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч нь худалдсан, худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн ашигт малтмалд ногдох тухайн сарын төлбөрийг дараагийн сарын 20-ны өдрийн дотор, жилийн эцсийн тайлангаар хийсэн эцсийн тооцоогоо дараа оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор төсөвт төлнө, Татварын ерөнхий хууль /2019 оны/-ийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт Татарын тайлан тушаах, татвар төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол татвар төлөх, тайлагнах хугацаа адил байна гэж заасныг тус тус зөрчсөн гэж дүгнэн нөхөн ногдуулалтын акт тогтоосон[2] байна.
2.3.Нэхэмжлэгч компанийн зүгээс хариуцагч нарын дээрх нөхөн ногдуулалтын актыг хэсэгчлэн буюу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тогтоосон хэсэг болох тэмдэглэх нь хэсгийн 5, 6, 7, 8 дахь хэсгийг эс зөвшөөрч 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан байдаг[3].
2.4.Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлөөс нэхэмжлэгч компанийн гаргасан гомдлыг 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, мөн өдрийн 18 дугаар тогтоолоор[4] маргаан бүхий 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн НА-2125 дугаар нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
2.5.Улмаар дээрх нэхэмжлэгчийн гомдлыг хянан шийдвэрлэсэн дээрх Татварын маргаан таслах зөвлөлийн тогтоолыг 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б*******од гардуулж[5], нэхэмжлэгчийн зүгээс 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Б*******, Ц.М******* нарт холбогдуулан Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Б*******, Ц.М******* нарын үйлдсэн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн НА-2125 дугаар актын тэмдэглэх хэсгийн 5, 6, 7, 8 дахь хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан.
2.6.Шүүхийн зүгээс дээрх нэхэмжлэлийг хүлээн авч, хянан үзээд тус шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 128/ШЗ2025/7761 дугаар шүүгчийн захирамжаар[6] захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан.
2.7.Энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч компанийн зүгээс 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Б*******, Ц.М******* нарын үйлдсэн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн НА-2125 дугаар актын тэмдэглэх хэсгийн 5... дахь хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж[7], тус шүүхийн шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 128/ШЗ2026/0463 дугаар шүүгчийн захирамжаар дээрх шаардлагад холбогдох хэсгийг уг захиргааны хэргээс тусгаарлаж[8] шийдвэрлэсний хүрээнд маргаан бүхий Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Ц.Б*******, Ц.М******* нарын 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн НА-21250 дугаар нөхөн ногдуулалтын актын Тэмдэглэх нь хэсгийн 6, 7, 8 дахь хэсгүүд хуульд нийцсэн эсэх талаар үнэлэлт, дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэв.
Гурав.Хэргийн оролцогчдоос шүүхэд гаргасан тайлбар:
3.1.Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Б*******, Ц.М******* нарын үйлдсэн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн НА-2125 дугаар актын тэмдэглэх хэсгийн 5, 6, 7, 3 дахь хэсгийг эс зөвшөөрч Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан. Тус зөвлөлийн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 18 дугаар тогтоолоор татвар төлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Б*******, Ц.М******* нарын үйлдсэн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн НА-2125 дугаар актыг хэвээр үлдээсэн.
Манай компани Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц. Б*******, Ц.М******* 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн НА-2125 дугаар актын тэмдэглэх хэсгийн 5, 6, 7, 8 дахь хэсгийг эс зөвшөөрч энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Татварын улсын байцаагчийн актын тэмдэглэх хэсгийн 5-д "Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /ТТ-15/-ийн тайланд 2021 онд 66.63 тонн экспортолсон жоншийг дутуу тусган 42,369,479.86 төгрөгийн борлуулалтын үнэлгээнээс ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн төлбөрийг тооцоогүй нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2. 47.2.1. 47.3.1.47.3.2-т заасныг, Татварын улсын байцаагчийн актын тэмдэглэх хэсгийн 6-д "Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /ТТ-15/-ийн тайланд 2021 онд 14,138,24 тонн жоншийг экспортод гарган борлуулахдаа 8,026,214,304.79 төгрөгийн борлуулалтын үнэлгээнээс ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөр тооцон тайлагнаагүй нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.3.3-т заасныг, Татварын улсын байцаагчийн актын тэмдэглэх хэсгийн 7-д "Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /ТТ-15/-ийн тайланд 2021 онд экспортод гаргасан жоншны борлуулалтын үнэлгээг 343,019,045.81 төгрөгөөр дутуу тооцсон нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1 дэх хэсэг, Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 465 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журмын 2.1.2. 2.2-т заасныг, Татварын улсын байцаагчийн актын тэмдэглэх хэсгийн 8-д"Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /ТТ-15/-ийн тайланд 2021 онд 1,003,235,062.85 төгрөгийн, 2022 онд 1,141,047,759.72 төгрөгийн, 2023 онд 2,687,735,691.52 төгрөгийн төлбөрийг хугацаанд нь төсөвт төлөөгүй, хугацаа хожимдуулсан нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасныг тус тус зөрчсөн гэжээ.
Манай компанийн олборлож экспортолсон жоншинд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг татварын улсын байцаагч нар Засгийн газрын тогтоолоор тогтоосон жишиг үнийг ашиглаж төлбөрийн акт үйлдсэнд гомдолтой байна.
Учир нь Улсын дээд шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 001/XT2025/0011 дүгээр тогтоолоор Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 5 дахь хэсгийг зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Энэхүү шүүхийн шийдвэр нь манай компанийн жонш олборлож экспортод гаргах үйл ажиллагаатай шууд хамааралтай бөгөөд жишиг үнээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг нөхөн ногдуулсан нь тус компанийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчиж байна.
Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т зааснаар "Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно" гэсний дагуу шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол буюу Засгийн газрын 2016 оны 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 5 дахь хэсгийг Улсын дээд шүүхийн тогтоолоор түдгэлзүүлсэн нөхцөл байдлыг татварын улсын байцаагч нар үнэлээгүй. Тухайлбал, татварын улсын байцаагч Ц.Б*******, Ц.М******* нар татварын хяналт шалгалтыг 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 05 дугаар сарын 14-ний өдөр хүртэл хугацаанд хийсэн нь нөхцөл байдлыг бодитоор үнэлэх боломжит хугацаа байсан.
Татварын улсын байцаагч нар нь манай компанийн экспортод гаргасан жоншны бүтээгдэхүүний жин (тонн) бүхий гаалийн мэдүүлэг болон бэлэн бусаар дансаар шилжүүлсэн гүйлгээний хуулга, жонш худалдах-худалдан авах гэрээ зэрэг санхүүгийн анхан шатны баримтуудыг бүрэн шалгасан боловч бодит (гэрээний) үнээр биш харин олон улсын жишиг үнэ гэх хийсвэр үнээр тооцож татвар ногдуулж байгаа нь хууль хэрэглээний хувьд илэрхий ноцтой зөрчил гэж үзэж байна.
Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 465 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журмын 2.1.2, 2.2-т заасныг "Ү*******" ХХК зөрчсөн гэж үзэх нь учир дутагдалтай.
Иймд жишиг үнийг баримталж нөхөн ногдуулалт акт үйлдсэн Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Б*******, Ц.М******* нарын үйлдсэн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн НА-2125 дугаар шийдвэрийн тэмдэглэх хэсгийн 6, 7, 8 хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
3.2.Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбар, татгалзлын үндэслэлээ: Татварын ерөнхий газрын дэргэдэх Том татвар төлөгчийн газрын Хяналт шалгалтыг 2025 оны 01-р сарын 30-ны өдрийн 2125 тоот томилолтын дагуу "Үнэн-Ана" ХХК-ийн 2021 оны 01 сарын 01-ээс 2023 оны 12 дугаар сарын 31-ийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд иж бүрэн хяналт шалгалтыг 2025 оны 02-р сарын 13-аас 2025 оны 05-р сарын 14-ийг дуусталх хугацаанд Татварын улсын байцаагч Ц.Б*******, Ц.М******* нар хийж гүйцэтгэлээ.
Албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хийсэн хяналт шалгалтын үр дүнд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан, Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангуудад борлуулалтын орлогыг дутуу тусгасан, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд дахин давтагдашгүй төлбөрийн баримтгүй болон бүтээн байгуулалтын зардлыг бүтээгдэхүүний өртөг зардалд оруулан тооцсон, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланд экспортолсон жоншийг дутуу тусгасан, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцох борлуулалтын үнэлгээг олон улсын зах зээлийн үнээр тооцолгүй ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн болон нэмэлт төлбөрийг дутуу ногдуулсан, албан татварыг хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй зэрэг 15,895,971,601.27 төгрөгийн зөрчлүүд гаргасан гэж үзэн 443,324,526.07 төгрөгийн нөхөн татвар, 460,335,32.30 төгрөгийн торгууль, 718,794,388.88 төгрөгийн алданги, нийт 1,622,454,240.25 төгрөгийн төлбөр ногдуулсан НА-2125 дугаар актыг 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр үйлдсэн.
Татвар төлөгч дээрх шийдвэрийн Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөртэй холбоотой хэсгүүдийг эс зөвшөөрч дараах үндэслэлүүдээр 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд хандсан. Маргаан таслах зөвлөлийн уг асуудлыг хуралдаанаараа хэлэлцэн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 18 тоот тогтоолоор Татварын улсын байцаагчдын шийдвэрийг хэвээр батлан шийдвэрлэсэн.
Татвар төлөгч дээрх шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлүүдээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан байна. Үүнд:
...Татварын улсын байцаагчийн актын тэмдэглэх хэсгийн 6-д "Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /ТТ-15/-ийн тайланд 2021 онд 14.138.24 тонн жоншийг экспортод гарган борлуулахдаа 8,026,214,304.79 төгрөгийн борлуулалтын үнэлгээнээс ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөр тооцон тайлагнаагүй нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.3.3-т заасныг;" зөрчсөн гэснийг зөвшөөрөхгүй гэж дурдсан байна.
Тайлбар: Ү******* ХХК-ийн 2021 оны Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлан /ТТ-15/-д 14,071.59 тонн жонш экспортолсон гэж тайлагнан ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн төлбөр ногдуулан тайлагнасан боловч Ашигт малтмалын тухай хуулийн 47.5-д заасан нэмэлт төлбөрийг ногдуулан тайлагнаагүй.
Бид хяналт шалгалтаар дээрх 2021 оны тайланд тусгагдсан 14,071.59 тонн жонш болон тайланд тусгалгүй орхигдуулсан 66.63 тонн жонш, нийт экспортод гаргасан 14, 138.24 тонн жоншны борлуулалтын үнэлгээнээс Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлд "47.5. Энэ хуулийн 47.3.3-т заасан хувь дээр тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлт, боловсруулалтын түвшнээс хамаарч доор дурдсан хувийг нэмэгдүүлж тооцно." гэж заасныг баримтлан ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөр тооцох байсан гэж үзсэн.
"Татварын улсын байцаагчийн актын тэмдэглэх хэсгийн 7-д Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /ТТ-15/-ийн тайланд 2021 онд экспортод гаргасан жоншны борлуулалтын үнэлгээг 343,019,045.81 төгрөгөөр дутуу тооцсон нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1 дэх хэсэг, Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 465 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журмын 2.1.2, 2.2-т заасныг;" зөрчсөн гэснийг зөвшөөрөхгүй гэжээ.
Тайлбар: Ү******* ХХК нь 2021 оны Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлан /ТТ-15/-д 14,071.59 тонн жонш экспортолсон гэж тайлагнан 7,640,825,779.12 төгрөгийн борлуулалтын үнэлгээнээс 382,041,288.94 төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн төлбөр ногдуулан тайлагнасан. Энэ нь Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлан болон түүний хавсралт мэдээ "Экспортод гаргасан жонш, төмөр, гянтболд, манганы хүдэр, баяжмалд ногдуулсан АМНАТ-ийн мэдээ" /ТТ-15-8/-ээс харагдаж байна.
Бид хяналт шалгалтын явцад тус тайланд тусгагдсан 14,071.59 тонн жоншны борлуулалтын үнэлгээг Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 47.6, Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 465 дугаар тогтоолын хавсралтаар "Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам"-ын 2 дугаар зүйлийн 2.1, 2.1.2, 2.2-т заасны дагуу тооцсон. Ийнхүү тооцон үзэхэд 14,071.59 тонн экспортолсон жоншны борлуулалтын үнэлгээ 7,983,844,824.93 төгрөг болж байгаа ба 399,192,241.25 төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн төлбөр ногдуулсан. Тооцооллыг хавсаргав./
Татварын улсын байцаагчийн актын тэмдэглэх хэсгийн 8-д Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /ТТ-15/-ийн тайлангаар ногдуулсан 2021 онд 1,003,235,062.85 төгрөгийн, 2022 онд 1,141,047,759.72 төгрөгийн, 2023 онд 2,687,735,691.52 төгрөгийн төлбөрийг хуулийн хугацаанд нь төсөвт төлөөгүй, хугацаа хожимдуулсан нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасныг, зөрчсөн гэснийг зөвшөөрөхгүй гэжээ.
Тайлбар: Ү******* ХХК нь Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлан ПТ-15/-аар ногдуулсан 2021 онд 1,003,235,062.85 төгрөгийн, 2022 онд 1,141,047,759.72 төгрөгийн, 2023 онд 2,687,735,691.52 төгрөгийн төлбөрийг хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй бөгөөд бид Ашигт малтмалын тухай хуулийн 47.10-д заасныг зөрчсөн гэж үзэн торгууль, алданги ногдуулсан.
Ү******* ХХК нь гомдолдоо "Улсын дээд шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 001/XT2025/0011 дүгээр тогтоолоор Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 5 дахь хэсгийг зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн Энэхүү шүүхийн шийдвэр нь манай компанийн жонш олборлож экспортод гаргах үйл ажиллагаатай шууд хамааралтай бөгөөд жишиг үнээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг нөхөн ногдуулсан нь тус компанийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчиж байна.
Зах зээлийн үнийн мэдээллийг тогтоодог гэх www.indmin.com цахим хуудаст хандахад www.fastmarket.com гэх албан бус мэдээллийн шинжтэй цахим хуудас болсон байх бөгөөд зах зээлийн үнийг тогтоодог мэдээллийн эх сурвалж биш юм." гэжээ.
Тайлбар: Бид олгогдсон "Татварын хяналт шалгалт хийх томилолт"-ын дагуу Ү*******" ХХК-ийн 2021-2023 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд иж бүрэн хяналт шалгалт хийсэн. Татварын хуулиуд болон Ашигт малтмалын тухай хууль, Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн "Биржийн болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр зарлах тухай" 81 дүгээр тогтоол, Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 465 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан "Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам" зэрэг хүчин төгөлдөр үйлчилж байсан хууль, журмын хүрээнд хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэсэн болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Дөрөв.Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийн тухайд:
4.1.Шүүхийн зүгээс хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, хэрэг хянан хэлэлцэх шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэргийн оролцогчдоос гаргасан тайлбарыг нэг бүрчлэн судлан үзсэний эцэст нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараахь үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
4.2.Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Монгол Улсын Дээд шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 001/ХТ2025/0011 дүгээр тогтоолоор Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 5 дахь хэсгийг 6 сарын хугацаагаар түдгэлүүлж шийдвэрлэсэн байхад жишиг үнээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулсан... Татварын улсын байцаагч нараас анхан шатны бүртгэлийн баримтуудыг бүхэлд нь шалгасан ч бодит гэрээний үнээр биш, харин олон улсын жишиг үнэ гэх хийсвэр үнээр тооцож татвар ногдуулж байгаа нь хууль хэрэглээний илэрхий зөрчил... гэж тайлбарлан,
Хариуцагчийн зүгээс татгалзлын үндэслэлээ ...ашигт малтмалын нөөц ашигласны төлбөртэй холбоотойгоор экспортолсон хэмжээ дутуу тусгасан, олон улсын зах зээлийн үнээр тооцоогүй, үндсэн болон нэмэлт төлбөрийг дутуу төлсөн зэрэг зөрчил илрүүлж, алданги тооцсон... Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нь Монгол Улсын газрын хэвлийн баялгийг ашигласны төлөө төлдөг төлбөр... Энэ төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2.1-д заасны дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрээс экспортод гаргаж байгаа ашигт малтмалд олон улсын зах зээлийн үнийг үндэслэн ногдуулдаг... Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгч талын зүгээс бид гэрээний үнээр тайлагнасан гэж тайлбарлаж байна. Гэтэл гэрээний үнээр тайлагнах ёсгүй... Татвар төлөгч нь Татварын ерөнхий хуулийн 28, 29 дүгээр зүйлүүдэд заасны дагуу татвараа үнэн зөвөөр тодорхойлж, төлж, тайлагнах үүрэгтэй... Татварыг тухайн цаг хэмжээнд үйлчилж байсан хүчин төгөлдөр хууль тогтоомжийг үндэслэн ногдуулдаг. Тийм учраас тухайн цаг хугацаанд үйлчилж байсан хууль тогтоомж болон журмыг үндэслэж Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулсан... гэж тус тус тайлбарлан маргасан.
4.3.Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт Татвар төлөгч татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд, батлагдсан загвар, зааврын дагуу цахим, эсхүл цаасан хэлбэрээр үйлдэж, харьяа татварын албанд тушаана. Татвар төлөгч дараах үүргийг хүлээнэ, 29.1.3 дахь заалтад суутгасан татварыг хуульд заасан хугацаанд харьяа татварын албанд үнэн зөв тайлагнах гэж,
Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт Доор дурдсан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна, 47.2 дахь хэсэгт Энэ хуулийн 47.16-д заасан борлуулалтын үнэлгээг дараахь журмаар тооцно, 47.2.1 дэх заалтад экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан, 47.3 дахь хэсэгт Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг дараах хэмжээгээр ногдуулна, 47.3.3 дахь заалтад энэ хуулийн 47.3.1, 47.3.2-т зааснаас бусад бүх төрлийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тухайн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5.0 хувь, 47.10 дахь хэсэгт ...энэ хуулийн 47.1-д заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч нь худалдсан, худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн ашигт малтмалд ногдох тухайн сарын төлбөрийг дараагийн сарын 20-ны өдрийн дотор, жилийн эцсийн тайлангаар хийсэн эцсийн тооцоогоо дараа оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор төсөвт төлнө гэж тус тус заасан.
4.4.Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзэхэд төлбөр төлөгч нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг олон улсын зах зээлийн үнийг баримтлан Ашигт малтмалын нөөц ашигласны 5 хувь, нэмэлт төлбөр 5 хувь тооцож тухайн сарын 20-ны өдрийн дотор, харин жилийн эцсийн тайлан, тооцоог дараа оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор тайлагнан, төсөвт төлөх үүргийг хүлээхээр байна.
4.5.Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэгт Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журмыг Засгийн газар батална гэж заасан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 465 дугаар тогтоолоор Ашигт малтмалын, нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журмыг баталсан бөгөөд энэхүү журам нь одоог хүртэл хуулийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.
4.6.Энэхүү журмын 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт АМНАТ ногдуулах борлуулалтын үнэлгээг дараахь байдлаар тооцно, 2.1.1 дэх заалтад тухайн сард дотоодын зах зээлд худалдсан, худалдахаар ачуулсан, өөрийн хэрэгцээнд ашигласан ашигт малтмалын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний дотоодын зах зээлийн үнийг баримтлан, 2.1.2 дахь заалтад тухайн сард экспортолсон, экспортлохоор ачуулсан ашигт малтмалын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг Ашигт малтмалын тухай хуулийн 47.2.1-д заасны дагуу Засгийн газраас тогтоосон үнийн эх сурвалжид үндэслэн нийтэд мэдээлсэн үнийг баримтлан, 2.2 дахь хэсэгт Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний агуулгын хувь нь Засгийн газраас тогтоосон үнийн эх сурвалжид үндэслэн нийтэд мэдээлсэн тухайн ашигт малтмалын агуулгын хувиас ялгаатай тохиолдолд нийтэд мэдээлсэн жишиг үнийн мэдээлэлд заасан агуулгын хувь, үнээс тухайн ашигт малтмалын нэгж агуулгын хувьд ногдох үнийг тодорхойлон борлуулж байгаа ашигт малтмалын агуулгын хувь, хэмжээнд хувь тэнцүүлэх зарчмаар борлуулалтын үнэлгээг тооцно гэж тогтоосны дагуу нэхэмжлэгч нь экспортолсон ашигт малтмалын борлуулалтын үнэлгээг Засгийн газраас тогтоосон, зарласан үнээр тооцон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг мэдүүлэх үүргийг хүлээнэ.
4.7.Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс 2021 онд нийт 56 удаагийн борлуулалтаар нийт 14,071.60 тонн хэмжээ бүхий хайлуур жоншийг экспортод нийлүүлсэн гэж тайлагнасан[9], тухайн тайлан мэдээнд борлуулалтын үнийг нийт нийлүүлсэн жонш нийлүүлэх гэрээний дүнгээр тооцож тайлагнахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5 дахь хэсэгт Энэ хуулийн 47.3.3-т заасан хувь дээр тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлт, боловсруулалтын түвшнээс хамаарч доор дурдсан хувийг нэмэгдүүлж тооцно гэж заасны дагуу нэмэлт төлбөрийг ногдуулан тайлагнаагүй.
4.8.Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ү******* ХХК-ийн хувьд Засгийн газраас зарлан, тогтоосон олон улсын хөрөнгийн биржийн зах зээлийн үнээр бус, хайлуур жоншийг экспортолсон гэрээний дүнгээр мэдүүлж, тухайн дүнгээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцсон нь, мөн ашигт малтмалын нөөц ашигласны нэмэгдүүлсэн төлбөрийг тайлагнаагүй нь дээр дурдсан хууль тогтоомжид нийцээгүй байхаас гадна нэхэмжлэгчийг Татварын хяналт шалгалтын хугацаанд хамаарах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Ашигт малтмалын тухай хууль, хэм хэмжээнд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байх тул хариуцагч нараас нэхэмжлэгчид оногдуулсан НА-2125 дугаар нөхөн ногдуулалтын актын Тэмдэглэх нь хэсгийн 6, 7 дахь хэсэг үндэслэл бүхий гэж дүгнэлээ.
4.9.Түүнчлэн маргаан бүхий нөхөн ногдуулалтын актын тэмдэглэл хэсгийн 8 дахь хэсэгт нэхэмжлэгч компанийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлангаар ногдуулсан 2021, 2022, 2023 онуудад хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй, хугацаа хожимдуулсан гэх үндэслэлийн тухайд тус шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсгийн 4.3 дахь хэсэгт дурдсанчлан төлбөр төлөгч Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.10 дахь хэсэгт, мөн Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт Татварын тайлан тушаах, татвар төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол татвар төлөх, тайлагнах хугацаа адил байна гэж заасны дагуу хууль тогтоомжид заасан хугацааны дотор ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөх үүргийг татвар төлөгч буюу нэхэмжлэгч Ү******* ХХК нь хүлээнэ.
4.10.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Ү******* ХХК-ийн зүгээс хяналт шалгалтад хамаарах хугацааны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг дээрх хуулийн хугацааны дотор төлөөгүй, хугацаа хожимдуулан төлсөн үйл баримт нь Хуулийн хугацаанд төлөөгүй татвар, торгууль, алданги ногдуулсан тооцоо 2021, 2022, 2023 онуудын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тооцоолол-уудаар[10] тогтоогдож байх бөгөөд хариуцагч нараас нэхэмжлэгчид оногдуулсан 21250 дугаар нөхөн ногдуулалтын актын ТЭМДЭГЛЭХ нь хэсгийн 8 дахь хэсэг нь үндэслэл бүхий болжээ.
Тав.Татварын хяналт шалгалтаар Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 81 дүгээр тогтоолыг хэрэглэсэн тухайд:
5.1.Нэхэмжлэгч компаниас хариуцагч улсын байцаагч нарын маргаан бүхий нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч Татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд ижил утга бүхий гомдлыг гаргаж шийдвэрлүүлсэн.
5.2.Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн зүгээс гомдлыг хянан үзэж ...Хууль тогтоомжид зааснаар Засгийн газрын тогтоол гарсан өдрөөсөө эхлэн хүчин төгөлдөр болохоор хуульчлагдсан тул гомдол гаргагчийн 2021 он экспортолсон хайлуур жоншны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцох борлуулалтын үнэлгээнд нөхөн үйлчлэх боломжгүй ба өөрчлөлт орохгүй... маргаан бүхий тогтоол хүчингүй болсноор 2021 онд экспортолсон хайлуур жоншны олон улсын зах зээлийн үнээс тооцон АМНАТ төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй... гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий байна.
5.3.Учир нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж нь тэдгээрт болон хуульд өөрөөр заагаагүй бол гарсан өдрөөсөө эхлэн хүчин төгөлдөр болно гэж заасны дагуу 2025 онд батлагдсан Монгол Улсын Засгийн газрын 38 дугаар тогтоолыг ухраан хэрэглэхгүй, нэхэмжлэгчийн 2021 онд экспортод нийлүүлсэн ашигт малтмалын АМНАТ-т төлөх төлбөрийн хэмжээ өөрчлөгдөхгүй юм.
5.4.Түүнчлэн уг захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШЗ2026/0641 дугаар шүүгчийн захирамжаар шүүхийн зүгээс Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 38 дугаар тогтоолыг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны журмаар хянагдаж буй захиргааны хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэлх хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн[11] байдаг.
5.5.Уг шүүгчийн захирамжийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн зүгээс хянан үзэж, 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 221/ШТ2026/0182 тогтоолоор ...тухайн захиргааны хэргийн үйл баримт, маргаан бүхий захиргааны актад баримталсан эрх зүйн хэм хэмжээ, эсхүл үндэслэл болгосон нотлох баримттай холбоотой асуудлаар шүүхийн тогтолцооны шатлал үл харгалзан өөр шүүхэд хэрэг маргаан хянан хэлэлцэгдэж, улмаар тэрхүү шийдвэрийг зайлшгүй харгалзан үзэх нөхцөлийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамааруулж ойлгоно... гээд, ...хэдийгээр Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 38 дугаар тогтоолоор Монгол Улсын Дээд шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 001/ХТ2025/0011 дүгээр тогтоолын үр дагавраар батлагдсан хэм хэмжээний акт боловч дээрх тогтоол хууль зүйн үндэслэлтэй эсэх нь Ү******* ХХК-ийн нэхэмжлэлтэй уг захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэл болохгүй... гэж[12] дүгнэсэн.
5.6.Иймд нэхэмжлэгч компанийн нэхэмжлэлийн үндэслэл болгон маргаж буй ...Монгол Улсын Дээд шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 001/ХТ2025/0011 дүгээр тогтоолоор Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 5 даахь хэсгийг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн байхад жишиг үнээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулсан... гэх үндэслэл нь үндэслэлгүй бөгөөд хэрэгт авагдсан дээрх үйл баримт болон хуульд заасан тодорхой хэм хэмжээ, зохицуулалтаар няцаагдаж байна.
5.7.Мөн хэрэгт авагдсан Монгол Улсын Сангийн яамны 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 02/8245 дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичгээр[13] Монгол Улсын Дээд шүүхийн 2025 оны 001/ХТ2025/0011 дүгээр тогтоолын дагуу Засгийн газрын 2016 оны 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 5 дахь хэсгийг түдгэлзүүлсэнтэй холбогдуулан Монгол Улсын Сангийн яам, Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Татварын ерөнхий газар зэрэг холбогдох байгууллагууд ажиллаж, улмаар Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 38 дугаар тогтоолоор хайлуур жоншны борлуулалтын үнэлгээг тооцох олон улсын зах зээлийн үнийн эх сурвалжийг "www.fastmarkets.com" цахим хуудас байхаар дахин баталж, зохицуулсан үйл баримт тогтоогдож байна.
5.8.Дээрх албан бичиг болон Засгийн газрын шийдвэрүүдээс үзвэл, Монгол Улсын дээд шүүхээс 2016 оны 81 дүгээр тогтоолын зарим хэсгийг түдгэлзүүлсэн нь татвар төлөгчийг олон улсын зах зээлийн биржийн үнээр АМНАТ-ийг тооцож төлөх хуулиар хүлээсэн суурь үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд зөвхөн үнэ зарлах аргачлал, эх сурвалжийг нарийвчлан тодорхойлж, дахин батлах үр дагаврыг Засгийн газарт үүсгэсэн байна.
Иймд нэхэмжлэгч компанийн 2021 оны экспортод гаргасан ашигт малтмалд тухайн үед мөрдөгдөж байсан Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1 дэх заалтад заасан олон улсын зах зээлийн үнийг баримтлан АМНАТ-ийг нөхөн ногдуулсан татварын улсын байцаагчийн актыг буруутгах хууль зүйн үндэслэл болохгүй юм.
Зургаа.Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим үйлчлэх эсэх асуудлын тухайд:
6.1.Нэхэмжлэгчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хариуцагч нараас ногдуулсан нөхөн ногдуулалттай холбоотой харилцаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн, 4.2 дахь хэсэгт Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална, 4.2.8 дахь заалтад хууль ёсны итгэлийг хамгаалах зарчимд хамаарах ёстой байсан боловч уг зарчмыг хэрэгжүүлээгүй гэж тайлбарлан маргасан.
6.2.Хууль ёсны итгэлийг хамгаалах тухай ойлголтыг Захиргааны ерөнхий хуульд Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэж нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг ойлгоно гээд Харин энэ хуулийн 48.2-т заасан тохиолдол үүсвэл захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдийн итгэл хамгаалагдахгүй. Иргэн, хуулийн этгээдэд эерэг үр дагавар үүсэхээр байсан ч уг харилцаа дууссан бол итгэл хамгаалах зарчим хэрэглэгдэхгүй гэж тайлбарлан ёсчилсон.
6.3.Энэ тохиолдолд нэхэмжлэгч Ү******* ХХК нь Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан хайлуур жоншны жишиг үнийн дагуу экспортод гаргасан хайлуур жоншийг тайлагнаагүй, харин өөрийн байгуулсан гэрээний үнийг баримталсан тул төрийн захиргааны актад "итгэж" үйл ажиллагаа явуулсан гэж үзэх үндэслэлгүй.
6.4.Татвар төлөгч буюу нэхэмжлэгч нь өөрөө хууль, журам зөрчиж гэрээний үнийн дүнгээр Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тайлагнасан учраас "Итгэлийг хамгаалах зарчим" үйлчлэхгүй, татварын байцаагч нарын зүгээс Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 38 дугаар тогтоолоор батлагдсаны дагуу бус, татварын хяналт шалгалтад хамаарах цаг хугацаа буюу 2021 оны хууль, хэм хэмжээ, журмын зохицуулалтын дагуу дагуу (олон улсын биржийн үнэд суурилсан тухайн үеийн жишиг үнээр) маргаан бүхий нөхөн ногдуулалтын актыг тогтоосон нь зүй ёсных гэж шүүх дүгнэлээ.
Эцэст нь хэргийг хянан хэлэлцэх шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэл гаргагч талаас 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр, 04 дүгээр сарын 27-ны өдөр шүүх хуралдаанд гаргасан татварын нөхөн ногдуулалтын актын тооцоололтой холбоотой мэргэшсэн нягтлан бодогчоор тооцоолол гаргуулах тухайн хүсэлтээсээ татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.1.3 дахь заалт, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2, 47.2.1 дэх заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ү******* ХХК-иас Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Б*******, Ц.М******* арт холбогдуулан гаргасан Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Б*******, Ц.М******* нарын үйлдсэн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн НА-2125 дугаар актын тэмдэглэх хэсгийн 6, 7, 8 дахь хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.БАТБААТАР
[1] Хэргийн 1-р хавтас, 149-154-р тал,
[2] Хэргийн 1-р хавтас, 88-91-р тал /ар өвөргүй/
[3] Хэргийн 1-р хавтас, 165-р тал /ар тал/,
[4] Хэргийн 1-р хавтас, 166-168-р тал /ар, өвөргүй/,
[5] Хэргийн 1-р хавтасны 61-р тал,
[6] Хэргийн 1-р хавтасны 77-р тал,
[7] Хэргийн 1-р хавтас 186-р тал,
[8] Хэргийн 1-р хавтас 207-2085-р тал,
[9] Хэргийн 1-р хавтас, 84-87-р тал,
[10] Хэргийн 1-р хавтасны 98-99-р тал /ар өвөргүй/,
[11] Хэргийн 1-р хавтас,212-214-р тал,
[12] Хэргийн 1-р хавтас, 226-228-р тал,
[13] Хэргийн 2-р хавтас,239-241-р тал,