| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 302/2025/00437/И |
| Дугаар | 302/ШШ2025/00444 |
| Огноо | 2025-05-19 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 302/ШШ2025/00444
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик би,
Нэхэмжлэгч: **********-т оршин суух, Б.С;
Хариуцагч: *******-т оршин суух, К.А;
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үлдсэн хугацааны мөнгө 3,550,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч К.Ад холбогдуулан Гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үлдсэн хугацааны мөнгө 3,550,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Б.С нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
1.1. 46 м.кв хэмжээтэй талбай бүхий өрөөг Б.С би К.А гэдэг хүнтэй нотариатаар 2024 оны 9 дүгээр сарын 04 ний өдөр 1068 дугаартай гэрээ хийж үнэ хөлс, хугацааг нь тохирч гэр бүл хүүхдүүдийн хамт хэсэг хугацаанд амьдарч суусан. Уг хөлсөлж суусан байр нь Өлгий сумын төв, Онцгой байдлын баруун урьд талд 5 давхар бөгөөд би 4 дүгээр давхарт нь байсан. Уг байшин нь Х.Улыхпаны эзэмшлийн гэж байсан ба Х.Улыхпан нь эхнэрийнхээ төрсөн эцэг К.Ад итгэмжлүүлэн Та энэ байрыг бусдад хөлслүүлэн, түрээслүүлэн өгч ашгийг нь аваарай гэж өгсөн гэсэн. Тэгээд байр хөлслөх гэж явсан надтай Улыхпан нь ярилцаад байр түрээслэн хөлсөлж суух асуудлыг миний хадам аав К.А хариуцаж байгаа гэж тэр хүнтэй уулзуулснаар би К.А гуайтай дээрх 1068 дугаартай орон суух хөлслөх гэрээг хийсэн.
1.2.Би тэр 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр эхнэр хүүхдүүдээ, хөрөнгөө авч уг байранд шилжиж өгсөн сард 650000 төгрөг өгөхөөр болж гэрээнд тусгасныг би бөөнд нь 1 жилийн мөнгө гэж нийт 7800000 төгрөгийг дансаар 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр шилжүүлсэн юм.
1.3.Уг байранд нийтийн халаалтын радиатор нь удаа дараа эвдэрч, олон удаа их хэмжээний ус алдаж, доод айлд гоожиж, эд хөрөнгө маань эвдэрч муудаж, бохирдож, мөн халаалт огт байхгүй болж сарын хугацаанд бид хүйтэнд амьдарч байсныг Улыхпан нь ирж үзээд ил резин шланкаар холболт хийж аргагүй түр байдлаар аргалж өгсөн юм. Байнга тэр холболтоос ус гоожино, доод айлд алдагдана, хэрүүл маргаан болно, хүйтэн болохоор гоожсон ус шалаар хөлдөнө, хүүхдүүд даарч томуурч арай гэж өвлийг давсан. Олон удаа Улыхпан болон энэ байрыг албан ёсоор хариуцагч К.А нарт хэлж, засварлуулах, янзлуулах шаардлага тавьсан боловч огт засаж өгөөгүй тул гэрээ цуцлах саналыг би урьдчилан шийдвэрлүүлэхээр А гуайд 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр гэрээ цуцлах мэдэгдэл бичиж шуудангаар хүргүүлсэн. Улыхпаны хадам аав А үлдсэн 4550000 төгрөгийг өгнө гэж уулзахдаа болон утсаар хэлж дансаар 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн байсан. Иймд гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үлдсэн хугацааны мөнгө 3,550,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан хүсэлтэд:
2.1.Нэхэмжлэгч Б.С миний бие хариуцагч К.Ад холбогдуулан гаргасан байр хөлслөх гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үлдсэн хугацааны хөлсний төлбөр болох 3550000 /гурван сая таван зуун тавин мянган/ төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байна. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
ҮНДЭСЛЭХ нь:
3.Нэхэмжлэгч Б.Сийн нэхэмжлэлтэй, хариуцагч К.Ад холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь Гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үлдсэн хугацааны мөнгө 3,550,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ сайн дураар татгалзсан тухай тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
4.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71,750 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч К.Ад холбогдуулан гаргасан Гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үлдсэн хугацааны мөнгө 3,550,000 /гурван сая таван зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ сайн дураар татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгч Б.С улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71,750 /далан нэгэн мянган долоон зуун тавин/ төгрөгийг улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАНГИЛИК