Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2022/00427

 

 

 

 

 

                                       Д.Чнэхэмжлэлтэй

                                              иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2020/02941 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Чхариуцагч Б.Эд холбогдуулан гаргасан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг барьцаанаас суллах үндсэн, зээлийн гэрээний үүрэгт 16,900,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

1.1 Нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг барьцаанаас чөлөөлүүлнэ.

1.2 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр нагац эгчийнхээ зөвшөөрлөөр орон сууцыг нь барьцаалж Э-с 20,000,000 төгрөг зээлдэн авч, зээлийн хүүд 16,080,000 төгрөг, зээлд 23,000,000 төгрөг нийт 39,080,000 төгрөг төлсөн боловч үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг барьцаанаас суллаж өгөөгүй. 2020 оны 12 дугаар сарын 06-ны өдөр барьцаа хөрөнгийг суллаж өгнө гэж нотариат дээр тохиролцсон боловч суллаж өгөөгүй гэжээ.

2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулгад: Нэхэмжлэгч 23,000,000 төгрөг төлсөн нь үнэн. Гэхдээ өмнө зээлсэн 13,000,000 төгрөгийн төлбөрийн асуудал байдаг. Эхний зээлээс 1 жилийн хугацаанд 7,000,000 төгрөг төлж, 5 сарын зээлийн хүү төлөөгүй.  2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 23,000,000 төгрөг төлсөн. Барьцаагүй 13,000,000 төгрөгийн зээлийг энэ 23,000,000 төгрөгөөс хасч барьцаа хөрөнгөтэй зээлийн үлдэгдэлд 10,000,000 төгрөг үлдсэн. Гэрээт хугацааны төлөгдөөгүй төлбөр, зээлийн хүү нийт 16,900,000 төгрөг болно.

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга: Нэхэмжлэгч 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 3,000,000 төгрөг зээлдэн авсан боловч төлөлт хийлгүй 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр сунгалт хийлгэсэн. Дараа нь 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 20,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай зээлдэн авч, зээлийн хүүд 7,000,000 төгрөг төлж, 5,000,000 төгрөг төлөөгүй. 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр дахин зээлийн гэрээ байгуулж 7,850,000 төгрөг болон өмнө төлөгдөөгүй зээлийн алданги 150,000 төгрөг, 20,000,000 төгрөгийн зээлийн 2, 4 сарын хүү нэмэгдэж нийт 13,000,000 төгрөгийн гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу 2 сарын зээлийн хүүгийн төлөлт хийсэн. 2019 оны 12 сар хүртэл төлөлт хийгээгүй. Нэхэмжлэгч 2019 оны 12 сарын сүүлээр өөрийн эзэмшлийн орон сууцыг н.Баттулга гэх хүнд 99,500,000 төгрөгөөр худалдаж хариуцагчид 23,000,000 төгрөг төлсөн. 23,000,000 төгрөгийн төлөлтөөс барьцаагүй 13,000,000 төгрөгийн төлбөрийг хасч барьцаат зээлд 10,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй болсон. Үлдэгдэл 10,000,000 төгрөг, 13,000,000 төгрөгийн зээлээс төлөгдөөгүй хүү 3,900,000 төгрөг, барьцаат зээлийн төлөгдөөгүй хүү 3,000,000 төгрөг нийт 16,900,000 төгрөгийн үлдэгдэлтэй. Нэхэмжлэгч үлдэгдэл төлбөрийг төлсөн тохиолдолд байрыг чөлөөлж өгөх бүрэн боломжтой. Төлөгдөөгүй зээлийн төлбөрт алданги тооцолгүй нотариатаар баталгаажуулсан зээлийн төлөгдөөгүй төлбөрийг сөрөг нэхэмжлэлээр нэхэмжилж байгаа гэжээ.

4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 3,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 1 жилийн хугацаатай гэрээ байгуулж авсан. Уг мөнгөнөөс 1,000,000 төгрөгийг бэр дүүдээ мөнгө бүтээж өгсөн гэж дансанд нь шилжүүлж, үлдсэн 2,000,000 төгрөгийг нэхэмжлэгч хэрэглэсэн. Зээлийн хүүнд 12 сар нийт 3,600,000 төгрөг төлж үндсэн зээл болох 3,000,000 төгрөгийг төлж барагдуулалгүй гэрээний хугацаа дуусмагц хугацааг нь сунгасан. 2019 оны 04 сарын 11-ний өдөр 7,850,000 төгрөг зээлж авсан ба уг зээлийг 20,000,000 төгрөгийн зээлээс тусдаа гэж ойлгосон гэжээ.

 5. Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1,160дугаар зүйлийн 160.1,160.3 дахь хэсэгт зааснаар Д.Чимэдлхамаас 2018.08.03-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 2,980,000 төгрөг гаргуулж Б.Эд олгож, .... гэрчилгээг барьцаанаас суллахыг хариуцагч Б.Эд даалган, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1 дэх хэсэгт зааснаар Д.Чимэдлхамаас 2018.03.26-ны, 2019.04.11-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт нийт 10,850,000 төгрөг /3,000,000+7,850,000/-ийг гаргуулж Б.Эд олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,050,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, үндсэн нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжаас нэхэмжлэгч чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Б.Эгаас 70,200 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах, сөрөг нэхэмжлэлийн тухайд Д.Ч-аас 227,100 төгрөгийг гаргуулж Б.Эд олгож, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242,450 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. Шүүхийн шийдвэрээр 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 20,000,000 төгрөг, зээлийн хүү 12,000,000 төгрөг, нийт 32,000,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байсан. Хаан банкны дансны хуулгаар нийт 30,980,000 төгрөг төлөгдсөн гэж шүүх үзсэн тул үлдэх 1,020,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байсан. Гэтэл шүүхийн шийдвэрийн бичилтэд алдаа гарсны улмаас 2,980,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн тул зөрүү 1,960,000 төгрөгийг хасч өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Хариу тайлбар гаргаагүй.

ХЯНАВАЛ:

            1. Шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянаж, тооцооллын хувьд өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Д.Чүл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг барьцаанаас чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Э эс зөвшөөрч зээлийн гэрээний үүрэгт 16,900,000 төгрөг гаргуулахыг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

3. Хэргийн 27-31 дүгээр талуудад 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 3,000,000 төгрөг 1 жилийн хугацаатай, 10 хувийн хүүтэй, сар бүрийн 26-ны өдөр хүү төлөх тухай зээлийн гэрээ, 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 20,000,000 төгрөг 1 жилийн хугацаатай сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлэх, тогтоосон хугацаанд зээлийг төлөөгүй бол хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх, үүргийн гүйцэтгэлд иргэн Б.П-н өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн ..... 42-44 тоот орон сууц барьцаалсан гэрээ, 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 3,000,000 төгрөг 1 жилийн хугацаатай, 10 хувийн хүүтэй, сар бүрийн 26-ны өдөр хүү төлөх тухай зээлийн гэрээ, 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 13,000,000 төгрөг 6 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлсэн гэрээ тус тус авагдсан байна.

4. Анхан шатны шүүхээс дээрх гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдал, гүйцэтгэвэл зохих үүргийн дүнгийн талаар тус бүрт нь хийсэн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281,1, 282.3, 282.4 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 5. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн 20,000,000 төгрөгийн зээлийн гэрээний гүйцэтгэвэл зохих үүргийн дүн 32,000,000 төгрөгөөс нийт төлсөн 30,980,000 төгрөгийг хасч зөрүүг нь төлүүлэхээр шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй.

5.а Харин нэхэмжлэгч “шүүх зээлдэгчийн гүйцэтгэх үүргийн дүнг гаргахдаа тооцооллын алдаа гаргасан” гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан нь үндэслэлтэй байх тул /32,000,000-30,980,000=1,020,000/ шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 2,980,000 төгрөг гэснийг 1,020,000 төгрөг гэж өөрчлөлт оруулав.   

5.б Үл хөдлөх эд хөрөнгө болон бүртгэлийн гэрчилгээг барьцаанаас суллахыг хариуцагчид даалгасан шийдвэр нь Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгтэй нийцжээ.      

6. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд, хариуцагч нь 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэгчид 7,850,000 төгрөг бодитоор өгч үүн дээр өмнөх зээл, хүүгийн үлдэгдлийг нэмж 13,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан  байх ба уг гэрээ хуульд заасан журмын дагуу байгуулагдсан эсэх талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна. Зээлдэгч бодитоор авсан мөнгөн дүнг хариуцагчид төлөх үүрэгтэй. 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн гэрээгээр авсан 3,000,000 төгрөгийг төлнө. Анхан шатны шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас нийт 10,850,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэнд талуудын хэн аль нь давж заалдах гомдол гаргаагүй байна.

    Дээр дурьдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж шүүхийн шийдвэрт тооцооллын өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2020/02941 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... 2,980,000 ...” гэснийг “... 1,020,000 ...” гэж, 3 дах заалтын “ ... 227.100 ...” гэснийг “... 204,870 ...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,310 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

         ШҮҮГЧИД                                   Ц.ИЧИНХОРЛОО

                                                     А.МӨНХЗУЛ