Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 406

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга О.Бадмаараг,

Улсын яллагч З.Энхжаргал,  

Шүүгдэгч Б.Хонгорзул /өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монгол овогт Бямбын Хонгорзулд холбогдох эрүүгийн 1709013130382 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1981 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 37 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, арматурчин мэргэжилтэй,  тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, 4-13 насны 2 хүүхдийн хамт, Сэлэнгэ аймаг Мандал сум 7 дугаар баг Минжийн хангай 25 тоот хашаанд оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Монгол овогт Бямбын Хонгорзул,  /РД:МЭ81122209/,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Б.Хонгорзул нь 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “ Гранд грийн” барилгын гадна хохирогч Л.Туулыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Хонгорзул нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн.Нэмж мэдүүлэг өгөхгүй…” гэв.

Эрүүгийн 1709013130382 дугаартай хэргээс:

Шүүгдэгч Б.Хонгорзул нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр би Замын цагдаагийн ард баригдаж байсан 100 айлын орон сууцан дээр ажиллаж байгаад цайны цагаар дэлгүүр орчихоод буцаад ирсэн чинь манай ажлын залуу Бямбаа “Хонгороо эгчээ та хоолоо идэхгүй юмуу идэхгүй бол надад хоолоо өгчих” гэхээр нь би тогооч Туулд “миний хоолийг энэ залууд өгчих” гэсэн чинь Туул “чи хоол голдог нөгөө компаниас хоол гуйдаг” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “юу яриад байгаа юм бэ” гэж хэлээд хэрүүл хийгээд “чи хоолондоо амтлагч бага хий бид нарын ходоод гэдэс өвддөг болоод байна” гэж хэлсэн чинь “чи яахаараа дандаа ингэж байдаг юм бэ” гэж хэлэхээр нь би өө аягандаа цай хийчээд эргээд хартал аягатай хүний хоолны шавхарууг над руу цацсан. Тэгэхээр нь би “чи яагаад хүний араас угаац цацдаг юм бэ” гэж хэлээд уурандаа хацар хэсэгт нь нэг удаа цохьсон. Тэгээд би баруун хөлнийх нь шилбэ хэсэгт нь нэг удаа өшиглөж баруун гуя хэсэгт нэг удаа өшиглөсөн. Тэгсэн “чамайг цагдаад өгнө” гэсэн …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,

 

Хохирогч Л.Туул мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...Миний бие Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Замын Цагдаагийн газрын ар талд баригдаж байгаа “Гранд грийн” барилга дээр тогоочоор ажилладаг бөгөөд барилга дээр ажиллаж байгаа арматурчин Хонгорзул өмнө цайнд орж байхдаа нормын тоо ширхэгтэй хоолноос илүүг гуйхаар нь би өгөөгүй, учир нь бүх хоол тоо ширхэгээрээ байдаг бөгөөд хоол нь дутсан хүмүүс хэл ам гаргаад байдаг болохоор би дутаадаггүй юмаа. Түүнээс хойш Хонгорзул нь манай туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа компаний тогооч дээр очоод "манай тогооч өнөөдөр 15 цагт хоол өгнө гэж байна, би өлсөөд байгаа болохоор надад хоол өгөөч" гэж гуйсаар хоол аваад идчихсэн байсан. Тэр өдөр би хоолоо 13 цагт гаргасан, өдөр болгон 13 цаг хоол өгдөг юм. Энэ талаар хажуугийн тогооч надад хэлэхээр нь би гайхаад хэн тэгж хоол гуйж идсэнийг асуухад "танай ажилтан Хонгорзул, Гунгаа нар манай компаний ажилчдаас гуйгаад хоол авсан гэсэн. Хонгорзултай тааралдахаар нь энэ талаар асуусан чинь “тэр чамд ямар хамаатай юм бэ" гээд хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь би "энэ үйлдэл чинь намайг доромжилж байгаагаас ялгаа алга, би хоолоо хоцроож байсан удаа байхгүй" гээд хариу хэлсэн бөгөөд бид хоёр маргалдсан. Хонгорзул эхэлж миний баруун гуя руу 2 удаа өшиглөж, толгой хэсэг рүү 3 удаа гараараа цохьсон. Би түүнийг эргүүлж цохиогүй, намайг дахин зодох гэхэд нөхөр нь ирээд түүнийг аваад явсан. Нөхөр нь манайд даамлаар ажилладаг юм. Гуяны хэсэгт зулгарч хавдсан, толгой өвдөж байна. Шүүх эмнэлэгт үзүүлнэ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №11467 дугаартай дүгнэлтэд:

  1. Л.Туулын биед тархи доргилт, зүүн тохойн цус хуралт, баруун гуяны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлэзр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
  5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмерийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэжээ /хх-ийн 19 дүгээр хуудас/

 

Б.Хонгорзулын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 25 дугаар хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 26 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 27 дугаар хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28 дугаар хуудас/, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 37-39 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Б.Хонгорзул нь 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “ Гранд грийн” барилгын гадна хохирогч Л.Туултай хоолны асуудлаас болж хоорондоо маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн тохойн цус хуралт, баруун гуяны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол  учруулсан болох нь шүүгдэгч Б.Хонгорзулын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Л.Туулын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн №11467 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч нь хохирогч Л.Туулыг цохиж хүч хэрэглэсэн үйлдлээ өөрөө хүлээн мэдүүлсэн, хохирогч хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч хохирогчийг цохиж гэмтээснийг гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь Б.Хонгорзулд цохиулсны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон баримтууд цугларчээ.

 

Шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудтай агуулгын хувьд зөрүүгүй байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох үндэслэл болов.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Хонгорзулд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хуульзүйн үндэслэлтэй байна.

 

          Шүүх шүүгдэгч Б.Хонгорзулыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

          Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нар нь нийгэмд тогтсон зөв зохистой харьцах ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж хоорондоо харилцан зүй бус харьцаж, тэдгээрийн зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.  

 

Шүүгдэгч Б.Хонгорзулд ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлж, хохирогчтой эвлэрсэн, хувийн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Хохирогч Л.Туулаас “...Хонгорзултай эвлэрч, хохирлын талаар ямар нэгэн маргаан байхгүй, гомдол, саналгүй...” гэсэн хүсэлт /хх-ийн 34/ гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Б.Хонгорзулд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоов.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна