Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 2024/ДШМ/1229

 

 

Г.Пд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Сувданчимэг,

шүүгдэгч Г.П, түүний өмгөөлөгч Э.Нямсүрэн,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/981 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ж.Сувданчимэгийн бичсэн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 75 дугаартай эсэргүүцлээр Г.Пд холбогдох 2408 00000 0474 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

И овгийн Г-ны П, 19... оны ... дугаар сарын ...-ний өдөр ... аймагт төрсөн, ... настай, э...., тусгай дунд боловсролтой, хөргөлтийн механикч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл .... хамт .... дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар хорооллын ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:..../;

Шүүгдэгч Г.П нь 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, “Содон” хорооллын 106 дугаар байрны орчмоос иргэн Д.Бы гээгдүүлсэн “Хаан” банкны ... тоот данс бүхий чиптэй картыг олж, улмаар тус картыг ашиглан данснаас үргэлжилсэн 20 удаагийн гүйлгээгээр нийт 479,370 төгрөгийн зарлагын гүйлгээг хийж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                              

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Г.Пийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, шүүгдэгч Г.Пыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан шүүгдэгч Г.Пыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулж болох эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, энэ хэрэгт Г.П нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх хохирол, төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн болон хураан авсан эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогоогүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсаргуулахаар үлдээж шийдвэрлэжээ.

Прокурор Ж.Сувданчимэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Энэхүү шүүхийн шийдвэр нь шүүх, прокурор, мөрдөгч нь нотлох баримтыг шалгаж үнэлэхдээ хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож хэргийн үйл баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний эцэст хууль зүйн дүгнэлт гаргах хуулийн шаардлагыг хангаагүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулсан нотлох баримтуудтай бодитой харьцуулалгүйгээр, хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна. Хэргийн тухайд шүүгдэгч Г.П нь 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, Содон хорооллын 106 дугаар байрны орчим гээгдүүлсэн Д.Бы эзэмшлийн Хаан банкны ... дугаартай дансны чиптэй картыг олж, улмаар тус картыг ашиглан, Д.Бы данснаас үргэлжилсэн 20 удаагийн гүйлгээгээр нийт 479,370 төгрөгийн зарлагын гүйлгээ хийсэн үйл баримт нотлогдон тогтоогддог. Шүүгдэгч Г.Пын хохирогч Д.Бы гээгдүүлсэн банкны картыг олсныхоо дараа тухайн картанд агуулагдаж байгаа мөнгийг өөрт авах шунахайн сэдэл төрж, картны эзэмшигч, өмчлөгчид мэдэгдэхгүйгээр, тус чиптэй картыг ашиглан түүний данснаас үргэлжилсэн 20 удаагийн зарлагын гүйлгээ хийж, бараа бүтээгдэхүүн худалдан авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд урьдаас идэвхтэй үйлдэл хийгээгүй буюу хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа уг эд хөрөнгийг завших сэдэл төрж, хууль бусаар захиран зарцуулсан байдаг бол мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах байдлаар илэрнэ. Хэргийн нөхцөл байдлаас үзвэл, шүүгдэгч Г.П нь бусдын гээгдүүлсэн банкны чиптэй картыг олж авч, хууль ёсны эзэмшигчид нь буцааж өгөхгүйгээр өөртөө үлдээсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан бусдын гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тэрээр уг картыг дэлгүүрт чипээр нь уншуулах байдлаар ашиглаж, дугаар бүхий данснаас үргэлжилсэн 20 удаагийн зарлагын гүйлгээ хийж, бараа бүтээгдэхүүн худалдан авч, тус данс дахь мөнгөн хөрөнгийг өөрийн үзэмжээр захиран зарцуулснаар тухайн үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн бүх шинжийг агуулсан буюу илүү хүнд гэмт хэрэг рүү шилжсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох саналатй байна.” гэв.

Шүүгдэгч Г.Пын өмгөөлөгч Э.Нямсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийн зүйлчлэлд маргаан үүссэн. Картыг олсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд зааснаар гээгдэл эд хөрөнгө олсон үйлдэл юм. Гээгдэл эд хөрөнгийг итгэмжлэн хариуцаж байгаа хүний хувьд, нөгөө талаас тухайн карт нь бусдын өмчлөл, эзэмшилд байдаг гэдгийг мэдсээр байж картаас мөнгө авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан мэдсээр байж завших гэмт хэргийн шинжид нийцэж байна. Прокуророос төгссөн гэмт хэрэг гэж тайлбарладаг. Гэтэл энэ гэмт хэрэг нь үргэлжлэн үйлдэгдсэн. Тодруулбал, бусдын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцаж олсон. Картыг бусдын өмчлөл, эзэмшилд байгаа гэдгийг мэдсээр өөртөө хэрэглэж байгаа үйлдэл нь бусдын эд хөрөнгийг завшсан үйлдэл юм. Шүүгдэгч Г.Пд хулгайлах сэдэл байгаагүй. Хулгайлах гэмт хэрэг нь бусдад мэдэгдэхгүйгээр нууц, далд аргаар авсан байдаг. Картыг авсан нөхцөл байдал нь итгэмжлэн хариуцсан үйлдэл юм. Жишээлбэл, гар утас олбол эзэнд нь өгөх хүртэл өөртөө байлгаж байх ёстой шиг картыг өөртөө байлгаж байсан үедээ картаас мөнгө авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй гэж үзэж байна.” гэв.

Шүүгдэгч Г.П тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хэргийн зүйлчлэлийг мэдэхгүй байна. Тухайн картыг олж, уншуулаад юм авч, хөдөө явуулсан. Буцаж ирээд хохирогчийг олж уулзахад цагдаад хэлсэн байгаа гээд цагдаа дээр очиж мэдүүлэг өгсөн.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Г.Пыг 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, “Содон” хорооллын 106 дугаар байрны орчмоос иргэн Д.Бы гээгдүүлсэн “Хаан” банкны ... тоот данс бүхий чиптэй картыг олж, улмаар тус картыг ашиглан данснаас үргэлжилсэн 20 удаагийн гүйлгээгээр нийт 479,370 төгрөгийн зарлагын гүйлгээг хийж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, шүүгдэгч Г.Пыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан шүүгдэгч Г.Пыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулж болох эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүхээс Г.Пыг хохирогч Д.Бы банкны виза картыг хулгайлсан ямар нэгэн идэвхтэй үйлдэл хийгээгүй, тэрээр “мөнгө хадгалах, гүйлгээ хийх” зориулалт бүхий виза картыг олж авч, улмаар бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж чипийг нь ашиглан худалдан авалт хийж завших гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэн, хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж шийдвэрлэсэн нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй байна.

Эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт гэмт хэргийг нийлмэл болон нэгдмэл гэж ангилан үздэг ба энэхүү төрлийг гэмт этгээдийн хүсэл зориг, түүндээ хүрэхийн тулд хэрэглэсэн арга, хэрэгсэл гэх мэт үйлдлийн обьектив хийгээд субьектив шинжүүдтэй нөхцөлдүүлэн үндэслэлтэй, бодитой тогтоох нь хэргийг зөв зүйлчлэх, ялыг ялгамжтайгаар оногдуулах, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын асуудлыг шийдвэрлэх зэрэгт онцгой ач холбогдолтой.

Нийлмэл болон нэгдмэл гэмт хэргийн хувьд нэг буюу хэд хэдэн удаагийн үйлдлээс бүрддэг ижил төсөөтэй талтай байдаг хэдий ч зөвхөн нэгдмэл гэмт хэргийн тухайд үргэлжилсэн, удааширсан үйлдэлтэй гэж ангилж үздэг. Нийтлэг зорилгыг хангах болон нэгдмэл санаа бодлыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн адил төсөөтэй хэд хэдэн үйлдэл хийхийг үргэлжилсэн гэмт хэрэгт хамааруулдаг бол тодорхой хугацааны дотор тасралтгүй үйлдэгдсэн тохиолдолд удааширсан гэмт хэрэгт тооцдог.

Аливаа гэмт хэрэг нь хүний үйл ажиллагааны нэг төрөл болохын хувьд хүний бие махбодын ухамсарлагдсан, идэвхитэй үйл хөдлөлөөр илэрдэг бөгөөд тэр нь нэг удаагийн эсхүл хоорондоо залгамж холбоотой хэд хэдэн, түүнчлэн үргэлжилсэн шинжтэй үйлдэл байдаг.  

Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь бусдын эд хөрөнгийг шунахай сэдэлтээр, шууд санаатайгаар, хууль ёсны эзэмшигчид нь буцааж өгөхгүйгээр бүрмөсөн өөрийн, эсхүл хамаарал бүхий бусад этгээдийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн авах гэсэн санаа зорилгоор үйлдэгдэхээс гадна тухайн эд хөрөнгөнөөс өөртөө, эсхүл өөрийн хамаарал бүхий этгээдэд эдийн ашигтай байдлыг бий болгож, хууль ёсны өмчлөгчид хохирол учруулсан байдаг онцлогтой.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд урьдаас идэвхтэй үйлдэл хийгээгүй буюу хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа уг эд хөрөнгийг завших сэдэл төрж, хууль бусаар захиран зарцуулсан байдаг бол мөн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах байдлаар илэрдэг.

Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч Г.П нь бусдын гээгдүүлсэн банкны цахим картыг олж авч, хууль ёсны эзэмшигчид нь буцааж өгөхгүйгээр өөртөө үлдээсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан бусдын гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг хангаж, эхний үйлдэл төгсөж, дараагийн үйлдэл нь нэг обьектод халдсан үргэлжилсэн шинжтэй бөгөөд тэрээр уг картыг ашиглан данснаас үргэлжилсэн 20 удаагийн гүйлгээгээр нийт 479,370 төгрөгийн зарлагын гүйлгээ хийсэн үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн бүх шинжийг агуулсан байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэх үндэслэлд хамаарах тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/981 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэв.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан шүүгдэгч Г.Пд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/981 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Г.Пд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 ДАРГАЛАГЧ,

                         ШҮҮГЧ                                               Ц.МӨНХТУЛГА

 

 ШҮҮГЧ                                               Ц.ОЧ

 

                         ШҮҮГЧ                                               Д.МӨНХӨӨ