Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 302/ШШ2025/00450

 

 

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *********-т оршин суух, утас ******, Х.М,

Хариуцагч: Б**********-т үйл ажиллагаа явуулах, М сургууль (захирал Х.Р),

Хамтран хариуцагч: *********д үйл ажиллагаа явуулах, Б газар (дарга Т.Н)

Нэхэмжлэлийн шаардлага: Тэтгэлгийн мөнгө 2,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд,

Хариуцагч М сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Е

Хамтран хариуцагч Б газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б (цахимаар Улаанбаатар хотоос)

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ердос.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Х.М нь хариуцагч М сургууль, хамтран хариуцагч Б газарт холбогдуулан тэтгэлгийн мөнгө 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Нэхэмжлэгч Х.М нь 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс М сургуульд тогоочийн ангид элсэн орж, 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдөр тогооч мэргэжлээр тус сургуулийг амжилттай төгсөж, мэргэжлийн үнэмлэхээ авсан.

1.2.Өнөөдрийн байдлаар нэхэмжлэгч Өлгий суманд тогооч мэргэжлээр хувиараа ажиллаж байгаа. Тус сургуулийн суралцагчдад төрөөс нэг удаа 2,000,000 төгрөг тэтгэлэг олгох журамтай. Гэтэл Х.Мийг 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 46 нас хүрсэн гэдэг үндэслэлээр одоо хүртэл түүнд тэтгэлэг болох 2,000,000 төгрөгийг сургуулийн санхүүгээс олгохгүй байгаад гомдолтой байна.

1.3.Засгийн газрын 2023 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 461 тогтоолын 1 дүгээр хавсралтаар Мэргэжил болон техникийн сургуульд суралцагчдад тэтгэлэг олгох тухай журам баталсан. Гэхдээ нэхэмжлэгчийн хувьд уг журам батлахаас өмнө буюу 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр тус сургуульд элсэн орсон.

1.4.Тэтгэмж авахын тулд суралцагч суралцаж байх хугацаанд 80 дээш хувь ирцтэй байх, ёс зүйн зөрчилгүй, сахилгын шийтгэлгүй байх, төгсөлтийн үнэлгээ болон дүнгийн хувьд тэнцсэн байх ёстой байна. Нэхэмжлэгч эдгээр шаардлагыг хангаж байгаа. Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д зааснаас бусад хэлбэрээр ажил эрхэлж, албан журмын нийгмийн даатгалд хамрагдаж, шимтгэл төлбөл хамрахгүй байна. Хоёрдугаарт, суралцаж байх хугацаанд гэмт хэрэгт холбогдож, холбогдох байгууллагын шийдвэрээр нотлогдсон бол тэтгэмжээс хасагддаг байна. Гуравдугаарт, жирэмсний болон хүүхэд асрах чөлөөтэй, мөн хүндэтгэн үзэх шалтгаангүй хичээлээ орхисон бол тус тус тэтгэлэг олгохгүй байна. Нэхэмжлэгчийн хувьд хөтөлбөрийн дагуу тасралтгүй суралцсан ба энэ тухай холбогдох нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Иймд холбогдох нотлох баримтуудыг үндэслэн тэтгэлгийн мөнгө 2,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон шийдвэрлэж өгнө үү гэсэн байна.

2.Хариуцагч М нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн хариу тайлбарт:

2.1.Засгийн газрын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 421 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт Мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллагад суралцагчид тэтгэлэг олгох журам-ын 1.2-т Сургалтын байгууллагад анх удаа мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх хөтөлбөрийг судалж, төгсөлтийн үнэлгээнд тэнцэн, тэтгэлэг авах шаардлага хангасан 45 хүртэлх насны суралцагчид тэтгэлгийг нэг удаа олгоно гэж заасан тул 46 нас хүрсэн нэхэмжлэгчийн тэтгэмж олгогдоогүй.

2.2.Манай байгууллагын зүгээс Х.Мд тэтгэмж олгох хүсэлт болон холбогдох бусад баримт, нэхэмжлэхийн хамт холбогдох дээд байгууллага буюу Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлсэн юм. Тэтгэлгийг Засгийн газрын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 421 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад суралцагчид тэтгэлэг олгох журам-ын 3.2-т Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас сургалтын байгууллага, суралцагчид тавигдах шаардлага болон бусад холбогдох шаардлага, мэдээллийг үндэслэн тухайн хичээлийн жилд багтаан суралцагчийн банкин дахь харилцан дансанд тэтгэлгийг шилжүүлнэ гэж заасны дагуу Б газар олгодог. Тиймээс манай байгууллага нь Х.Мд тэтгэлэг олгохгүй байгаа асуудал байхгүй.

2.3.Бид суралцагчдын ирц болон дүнг холбогдох системд бүртгээд сургуулийн дээд шатны байгууллага болох Б газар, яам руу явуулдаг. Дээд шатны байгууллагаас суралцагчдын тэтгэмжийг шийдэж, явуулдаг. Өнгөрсөн жил Х.Мтэй хамт 4 суралцагчийн тэтгэлэг ороогүй байна. Уг 4 суралцагчийн тэтгэлэг яагаад ороогүй тухай Б газрын санхүүгийн хэлтэст албан тоот явуулахад Х.Мийн тэтгэлэг тэрээр 46 нас хүрсэн учир олгох боломжгүй гэсэн хариуг хэлсэн. Мэргэжлийн болон Техникийн байгууллагын суралцагчдад тэтгэлэг олгох тухай журамд зааснаар 45 нас хүртэлх суралцагч нарт тэтгэлэг нэг удаа олгох тухай зохицуулсан. Уг тэтгэлгийг сургуулиас олгохгүй бөгөөд Ерөнхий газар, Яамнаас шууд олгодог гэсэн байна.

3.Хамтран хариуцагч Б газрын нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн хариу тайлбарт:

3.1.Нэхэмжлэгч Х.М нь 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд тогоочийн ангид элсэн орж, 2024 оны 06 дугаар сарын 31-ний өдөр тус сургуулийг төгссөн байна.

3.2.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг олгох харилцаа нь Засгийн газрын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 421 дүгээр тогтоолын хавсралтаар шинэчлэн батлагдсан Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг олгох журам-аар зохицуулагддаг. Тус журамд дараах шаардлагыг хангасан суралцагчид тэтгэлэг олгохоор зохицуулсан байна. Үүнд:

Тус журмын 1.2 дахь хэсэгт Сургалтын байгууллагад анх удаа мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх хөтөлбөрийг судалж, төгсөлтийн үнэлгээнд тэнцэн, тэтгэлэг авах шаардлага хангасан 45 хүртэлх насны суралцагчид тэтгэлгийг нэг удаа олгоно гэж, тус журмын 2.2.1 дэх заалтад Суралцах хугацаандаа онол, дадлагын сургалтад дунджаар 80-аас дээш хувийн ирцтэй хамрагдсан байх, тус журмын 2.2.2 дахь заалтад Хүндэтгэн үзэх зайлшгүй шалтгаан (эрүүл мэндийн болон ар гэрийн гачигдал гэх мэт)-ы улмаас сургалтад хамрагдаагүй нь чөлөөний хуудас, эмч, эмнэлгийн байгууллагын магадалгаагаар тодорхойлогдож, ирцийг тооцуулсан байх., тус журмын 2.2.3 дахь заалтад Ёс зүйн дүрмийн зөрчилгүй, сахилгын шийтгэлгүй байх, тус журмын 2.2.4 дэх заалтад Боловсролын цахим мэдээллийн санд суралцагчийн мэдээлэл бүртгэгдсэн байх, тус журмын 2.2.5 дахь заалтад Төгсөлтийн үнэлгээнд тэнцсэн байх шаардлагыг хангасан байхаар зохицуулсан байна гэж тус тус заасан байна.

3.3.Сургалтын байгууллага нь дээрх тэтгэлэг авах шаардлагыг хангасан суралцагчийн баримт мэдээллийг бүрдүүлэн боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад суралцагчийг төгссөний дараа ажлын 10 хоногт багтаан ирүүлдэг.

3.4.Иймд сургалтын байгууллагаас ирүүлсэн тус суралцагчийн холбогдох баримт материалыг хянаж үзэхэд Х.М нь 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр буюу төгсөлтийн үнэлгээнд хамрагдахаас өмнө 46 нас хүрсэн нь Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад суралцагчид тэтгэлэг олгох журам-ын Сургалтын байгууллагад анх удаа мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх хөтөлбөрийг судалж, төгсөлтийн үнэлгээнд тэнцэн, тэтгэлэг авах шаардлага хангасан 45 хүртэлх насны суралцагчид тэтгэлгийг нэг удаа олгоно гэсэн 1.2 дахь заалтын төгсөлтийн үнэлгээнд 45 хүртэлх насны суралцагч хамрагдан тэнцсэн байх гэсэн шаардлагыг хангаагүй байна гэж үзэн тэтгэлэг олгогдоогүй байна гэсэн байна.

4.Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт нотлох баримтаар Х.Мээс 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яаманд гаргасан гомдол, Х.Мийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 202121194 дугаартай Мэргэжлийн үнэмлэх зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна.

5.Хариуцагч М сургуулиас М сургуулийн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 111 дугаартай албан бичиг, М сургуулийн захирлын 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Төгсөгчдийн нэрсийн жагсаалт батлах тухай А/21 дугаартай тушаал хавсралтын хамт, 2023-2024 оны хичээлийн жил мэргэжлийн боловсрол олгох 1 жилийн сургалтаар Баян-Өлгий аймаг дахь МБСургуулийн хавар төгссөн суралцагчдын жагсаалт, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 421 дугаартай Мэргэжлийн боловсролын техникийн боловсролын сургалтын байгууллагад суралцагчид тэтгэлэг олгох журам болон тэтгэлгийн хэмжээ батлах тухай тогтоол, түүний хавсралт зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна.

6.Хамтран хариуцагч Б газраас гаргаж өгсөн нотлох баримт байхгүй болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

7.Шүүх талуудын шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн хамтран хариуцагч Б газарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч М сургуульд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

8.Нэхэмжлэгч Х.М дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд тогоочийн ангид элсэн орж, 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр төгссөн. Мэргэжлийн боловсролын сургуульд суралцан төгссөн тохиолдолд төрөөс нэг удаа 2,000,000 төгрөгийн тэтгэлэг буюу тэтгэмж олгох журамтай боловч надад энэхүү тэтгэлгийн мөнгийг олгохгүй байгаа тул гаргуулж өгнө үү гэжээ.

9.Хариуцагч М сургууль нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Засгийн газрын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 421 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад суралцагчид тэтгэлэг олгох журам-ын 1.2-т Сургалтын байгууллагад анх удаа мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх хөтөлбөрийг судалж, төгсөлтийн үнэлгээнд тэнцэн, тэтгэлэг авах шаардлага хангасан 45 хүртэлх насны суралцагчид тэтгэлгийг нэг удаа олгоно гэж заасан тул 46 нас хүрсэн нэхэмжлэгчийн тэтгэмж олгогдоогүй. Манай байгууллагын зүгээс Х.Мд тэтгэмж олгох хүсэлт болон холбогдох бусад баримт, нэхэмжлэхийн хамт холбогдох дээд байгууллага буюу Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны дээд байгууллагад хүргүүлсэн боловч Х.М дээрх журмын дагуу тэтгэмж авах эрх нь хасагдсан гэсэн үндэслэлээр хасагдсан байсан. Иймд Х.Мийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлдээ хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

10.Хамтран хариуцагч Б газар нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Нэхэмжлэгч Х.М нь 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр буюу төгсөлтийн үнэлгээнд хамрагдахаас өмнө 46 нас хүрсэн нь Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад суралцагчид тэтгэлэг олгох журам-ын 1.2 дахь заалтын төгсөлтийн үнэлгээнд 45 хүртэлх насны суралцагч хамрагдан тэнцсэн байх гэсэн шаардлагыг хангаагүй байна гэж үзэн тэтгэлэг олгогдоогүй байна гэсэн байна

11.Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

11.1.М сургуулиас 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр олгосон 202121194 дугаартай Мэргэжлийн үнэмлэхээр Хн овогтой М нь М сургуулийг 1 жил суралцаж тогооч мэргэжлээр төгссөн болох нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Х.М нь М сургуульд тогооч мэргэжлээр 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр элссэн талаар зохигчид маргаагүй болно.

11.2.М сургуулийн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 11 дугаартай Б газарт хандсан албан бичигт 2023-2024 оны хичээлийн жилд нийт 257 суралцагч төгсөх ёстойгоос тодорхой шалтгааны улмаас 6 суралцагч шалгалтад ороогүй ба 251 суралцагч шалгалтад амжилттай оролцож төгссөн болно. Иймд журмын дагуу тус сургуулийг төгсөж буй 251 төгсөгчдөд тэтгэлэг олгож өгнө үү гэсэн байна.

11.3.М сургуулийн захирлын 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Төгсөгчдийн нэрсийн жагсаалт батлах тухай А/21 дугаартай тушаалаар ...тус сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн 1 жилийн сургалтын агуулгыг бүрэн эзэмшиж, чадамжтай төгссөн төгсөгчдийн нэрс болон мэргэжлийн үнэмлэхийн дугаарын жагсаалтыг хавсралтаар баталсан ба тус тушаалын хавсралтын жагсаалтын 194 дүгээрт Хн М, БЭ78022009 гэсэн байна.

11.4.Хариуцагчаас нотлох баримтаар гаргаж өгсөн 2023-2024 оны хичээлийн жил мэргэжлийн боловсрол олгох 1 жилийн сургалтаар М Сургуулийн хавар төгссөн суралцагчдын жагсаалтын 113 дугаарт Сургалтын байгууллагын нэр: Баян-Өлгий аймаг дахь МБС; Овог: Хн; Нэр: М; Регистрийн дугаар: БЭ78022009; 2023 оны ирц 09 сар: 100, 10 сар: 100, 11 сар: 100, 12 сар: 100; 2024 оны ирц 01 сар: 100, 02 сар: 100, 03 сар: 100, 04 сар: 100, 05 сар: 100, 06 сар: 100; Сургалтын хугацаа /жилээр/: 2023-2024; Хүйс: эм гэсэн байна.

Үүгээр нэхэмжлэгч Х.М нь 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр М сургуульд элсэн орж, 2023 оны 09 дүгээр сараас 2024 оны 06 дугаар сар хүртэл 100 хувийн ирцтэй суралцан, тус сургуулийг 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 202121194 дугаартай Мэргэжлийн үнэмлэхээр тогооч мэргэжлээр төгссөн үйл баримт тогтоогдож байна.

Мөн нэхэмжлэгч Х.М нь 1978 оны 02 дугаар сарын 20-ны өдөр төрсөн болох нь түүний 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр олгосон Монгол Улсын Иргэний үнэмлэхээр нотлогдож байгаа ба 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр М сургуульд элсэн ороход тэрээр 45 нас 06 сартай байсан, 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 202121194 дугаартай Мэргэжлийн үнэмлэхээр тогооч мэргэжлээр төгсөх үед 46 настай байсан байна.

10.Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад суралцагчид тэтгэлэг олгох журам болон тэтгэлгийн хэмжээ батлах тухай 421 дүгээр тогтоолоор Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад суралцагчид тэтгэлэг олгох журам-ыг 1 дүгээр хавсралт, Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад суралцагчид олгох тэтгэлгийн хэмжээ-2 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсан байна.

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 421 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад суралцагчид тэтгэлэг олгох журам-ын Нэг.Нийтлэг үндэслэл-ийн 1.2-т Сургалтын байгууллагад анх удаа мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх хөтөлбөрийг судалж, төгсөлтийн үнэлгээнд тэнцсэн, тэтгэлэг авах шаардлага хангасан 45 хүртэлх насны суралцагчид тэтгэлгийг нэг удаа олгоно гэж заасан байна.

11.Нэхэмжлэгч Х.М нь энэхүү Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад суралцагчид тэтгэлэг олгох журмын 2.2 дах хэсэгт заасан суралцагчид тавигдах шаардлагыг бүрэн хангасан гэдгийг хариуцагч, хамтран хариуцагч нар үгүйсгээгүй маргаагүй болно.

Тодруулбал, нэхэмжлэгч Х.М энэхүү Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад суралцагчид тэтгэлэг олгох журмын 2.2.1 дэх хэсэгт заасан суралцах хугацаандаа онол, дадлагын сургалтад дунджаар 80-аас дээш хувийн ирцтэй хамрагдсан байх гэсэн шаардлагыг хангасан болох нь 2023-2024 оны хичээлийн жил мэргэжлийн боловсрол олгох 1 жилийн сургалтаар М Сургуулийн хавар төгссөн суралцагчдын жагсаалтаар, мөн 2.2.5 дахь хэсэгт заасан төгсөлтийн үнэлгээнд тэнцсэн байх гэсэн шаардлагыг хангасан болох нь хариуцагч М сургуулиас нэхэмжлэгч Х.Мд 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 202121194 дугаартай Мэргэжлийн үнэмлэхээр тус тус нотлогдож байна.

12.Мөн журмын 2.3 дахь хэсэгт Дараах суралцагчид тэтгэлэг олгохгүй: гэж заасан байна. Үүнд:

2.3.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 63.1-д зааснаас бусад хэлбэрээр ажил эрхэлж албан журмын нийгмийн даатгалд хамрагдаж шимтгэл төлдөг бол гэж,

2.3.2 дахь хэсэгт суралцаж байх хугацаандаа гэмт хэрэг, зөрчилд холбогдож шийтгүүлсэн нь холбогдох байгууллагын шийдвэрээр нотлогдсон бол гэж,

2.3.3 дахь хэсэгт жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөө авсан, хүндэтгэн үзэх шалтгаангүй хичээл, сургалтаа орхисон бол гэж тус тус журамлажээ.

Ийнхүү журмын 2.3 дахь хэсэгт суралцагчид тэтгэлэг олгохгүйг гэж заасан нарийвчилсан зохицуулалтад суралцагчийн насны хязгаарыг заагаагүй байна.

Суралцагчийг урамшуулах, дараагийн түвшинд шатлан суралцах, сургалтын чанар, хүртээмж, үр дүнг нэмэгдүүлэх, гарааны бизнес эхлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, дэмжлэг үзүүлэх зорилгоор суралцагчид суралцагчийн тэтгэлэг олгоно гэж заасан байна.

 

 

Нэхэмжлэгч Х.М нь М сургуульд элсэн орсон 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр элсэн орохдоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Мэргэжлийн боловсрол, сургалтын талаар авах арга хэмжээний тухай 122 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг олгох журам-ын 2.2-т тэтгэлэг авах суралцагчид тавих шаардлага-ыг журамласан ба мөн журмын 2.2.1-т онол, дадлагын сургалтад 80-аас дээш хувийн ирцтэй хамрагдсан байх гэж, 2.2.2-т хүндэтгэн үзэх зайлшгүй шалтгаан (эрүүл мэндийн болон ар гэрийн гачигдал гэх мэт)-ы улмаас сургалтад хамрагдаагүй нь чөлөөний хуудас, эмчийн магадалгаагаар тодорхойлогдож, ирцийг тооцуулсан байх гэж, 2.2.3-т ёс зүйн дүрмийн зөрчилгүй, сахилгын шийтгэлгүй байх гэж, 2.2.4-т нэгдсэн системд бүртгэгдсэн байх гэж тус тус заажээ.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Мэргэжлийн боловсрол, сургалтын талаар авах арга хэмжээний тухай 122 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг олгох журам-ын 2.3-т Дараах суралцагчид тэтгэлэг олгохгүй гэж, 2.3.1-т байгууллагад ажил эрхэлж, албан журмын нийгмийн даатгалд хамрагдаж шимтгэл төлдөг гэж, 2.3.2-т суралцаж байх хугацаандаа гэмт хэрэг, зөрчилд холбогдож шийтгүүлсэн гэж, 2.3.3-т хүндэтгэн үзэх шалтгаангүй хичээл, сургалтаа орхисон гэж тус тус заасан байна.

Улмаар Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад суралцагчид тэтгэлэг олгох журам болон тэтгэлгийн хэмжээ батлах тухай 421 дүгээр тогтоолоор Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Мэргэжлийн боловсрол, сургалтын талаар авах арга хэмжээний тухай 122 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг олгох журмыг хүчингүй болсонд тооцжээ.

 

13.Нэхэмжлэгч Х.М нь Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад суралцагчид тэтгэлэг олгох журам-ын 2.3-т заасан тэтгэлэг олгохыг хориглосон хэм хэмжээнд заасан Хөдөлмөрийн тухай хуулийн 63.1-д зааснаас бусад хэлбэрээр ажил эрхэлж албан журмын нийгмийн даатгалд хамрагдаж шимтгэл төлсөн, суралцаж байх хугацаандаа гэмт хэрэг, зөрчилд холбогдож шийтгүүлсэн нь холбогдох байгууллагын шийдвэрээр нотлогдсон, 2.3.3-т жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөө авсан, хүндэтгэн үзэх шалтгаангүй хичээл, сургалтаа орхисон зэрэг нөхцөл байдлыг гаргасан гэж талууд маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

14.Б хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт гадаадын болон дотоодын мэргэжлийн, техникийн, дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид Засгийн газраас тогтоосон шалгуур, шаардлагыг хангасан тохиолдолд суралцагчийн тэтгэлэг олгоно гэж, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт Монгол Улсын Засгийн газар энэ хуулийн 11.3, 11.4, 11.5-д заасан тэтгэлэг, зээл олгох, эргэн төлүүлэх, дэмжлэг үзүүлэх журмыг баталж, хэмжээг тогтоох бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэж тус тус хуульчилжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 421 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад суралцагчид тэтгэлэг олгох журам-ын 3.2-т Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас сургалтын байгууллага, суралцагчид тавигдах шаардлага болон бусад холбогдох шаардлага, мэдээллийг үндэслэн тухайн хичээлийн жилд багтаан суралцагчийн банкин дахь харилцах дансанд тэтгэлгийг шилжүүлнэ гэж заасан байна.

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 421 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар Мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх хөтөлбөр Төгсөх үед олгох нийт тэтгэлгийн хэмжээг 2,000,000 төгрөг гэж тогтоосон байна.

15.Иймд нэхэмжлэгч Х.М нь Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад суралцагчид тэтгэлэг олгох журмын 2.2-т заасан тэтгэлэг олгох суралцагчид тавигдах шаардлагыг бүрэн хангаж, мөн журмын 2.3-т заасан тэтгэлэг олгохыг хориглосон тохиолдлуудыг бий болгоогүй байх тул Б хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт зааснаар 2,000,000 тэтгэлэг авах эрхтэй байх тул хамтран хариуцагч Б газраас тэтгэлгийн мөнгө 2,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Мд олгож, нэхэмжлэлийн шаардлагын хариуцагч М сургуульд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

16.Энэхүү нэхэмжлэл нь тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой нэхэмжлэл тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар хамтран хариуцагч Б газраас 70,200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Б хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт заасныг баримтлан хамтран хариуцагч Б газраас тэтгэлгийн мөнгө 2,000,000 (хоёр сая) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ботахара Едил овогт Хны Мд олгож, нэхэмжлэлийн шаардлагын хариуцагч М сургуульд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хамтран хариуцагч Б газраас 70200 (далан мянга хоёр зуун) төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.МАНГИЛИК