Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 302/ШШ2025/00471

 

 

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: **********-т оршин суудаг, утас:*******, Б.Н,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: **********-т үйл ажиллагаа явуулдаг, регистрийн ******** дугаартай, Н газар (дарга М.А);

Хүсэлтийн шаардлага: Б аймгийн Б сумын С нэгдэлд туслах малчин, нормчноор 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан байдлыг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагч Б.Ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жанбота.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Б.Н Б аймгийн Б сумын С нэгдэлд туслах малчин, нормчноор 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан байдлыг тогтоолгохыг хүссэн байна. Хүсэлт гаргагч Б.Ны итгэмжлэгдсэн төлөөлөгч хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

1.1.Хүсэлт гарагч Б.Н Булган суманд оршин суудаг. 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Б аймгийн Б сумын С нэгдэлд туслах малчин, нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоох тухай хүсэлт гаргасан. Учир нь, тэрээр 1987 оны 06 дугаар сард цэргийн албаас халагдаж ирээд тус нэгдэлд ажилд орсон тушаал архиваас гарсан боловч ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй байна. Мөн 1990 оноос эхлэн 10 жилийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан байгаа.

1.2.Иймд Баян-Өлгий аймгийн архивын тасгаас Б аймгийн Б сумын С нэгдэлд 1987 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 20 дугаар тушаалыг хуулбарлан өгсөн. Мөн хүсэлт гаргагч Б.Ны Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний Хөдөлмөрийн дэвтэр болон ХААТР маягтад нормчин гэж тэмдэглэсэн байгаа.

Иймд холбогдох нотлох баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Б.Ны Б аймгийн Б сумын С нэгдэлд туслах малчин, нормчноор 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэсэн байна.

2.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жанерке хүсэлтийн шаардлагыг үгүйсгэсэн тайлбарт:

2.1.Хүсэлт гаргагч Б.Н нь 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нормчин, малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан байна. Тухайн жилүүдтэй холбогдуулан ямар нэгэн цалин хөлсний баримт байхгүй. 1987 оны 20-р тушаалаас өөр нотлох баримт байхгүй учраас хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.

3.Хүсэлт гаргагчаас Баян-Өлгий аймгийн Архивын тасгаас хуулбарлан өгсөн Б аймгийн Б сумын С нэгдлийн 1987 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 20 дугаартай Ажилд авах тухай тушаал хавсралтын хамт, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдөр олгосон Р.Ны Иргэний үнэмлэхийн лавлагаа, Б аймгийн Б сумын С нэгдлийн даргаас 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдөр олгосон Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний Хөдөлмөрийн дэвтэр зэрэг бичгийн баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.

4.Шүүхийн санаачилгаар тус шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 599 дугаартай албан бичгийн дагуу Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн №12/505 дугаартай албан бичгээр хүргүүлсэн Б.Н болон түүний эхнэрийн ХААТР маягтууд хэрэгт авагдсан болно.

Мөн тус шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 600 дугаартай албан бичгийн дагуу Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 204 дугаартай албан бичгээр хүргүүлсэн Б аймгийн Б сумын С нэгдлийн 1987 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 20 дугаартай Ажилд авах тухай тушаал хавсралтын хамт хэрэгт авагдсан болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

5.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

6.Хүсэлт гаргагч Б.Н дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Б.Н нь 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Б аймгийн Б сумын С нэгдэлд туслах малчин, нормчноор ажиллаж байсан боловч тус нэгдэлд ажилд орсон тушаал архиваас гарсан боловч ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй байна. Иймд холбогдох нотлох баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Б.Ны Б аймгийн Б сумын С нэгдэлд туслах малчин, нормчноор 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэсэн байна.

7.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жанерке хүсэлтийн шаардлагын талаар гаргасан тайлбарт. Үүнд: Тухайн жилүүдтэй холбогдуулан ямар нэгэн цалин хөлсний баримт байхгүй. 1987 оны 20-р тушаалаас өөр нотлох баримт байхгүй учраас хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэсэн байна.

8.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

8.1.Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 204 дугаартай албан бичигт: Хүсэлт гаргагч Б.Нд холбогдох Баян-Өлгий аймгийн Булган сумын Алтан гадас одонт Салтанат нэгдлийн 1987 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 20 тоот тушаалыг хуулбарлан хүргүүлэв. Булган сумын Салтанат нэгдлийн 1988, 1989 оны тушаал болон 1987-1989 цалин хөлсний баримтуудыг шүүн үзэхэд холбогдох баримт гараагүй гэсэн байна.

Энэхүү аймгийн архиваас хуулбарлан хүргүүлсэн Б аймгийн Б сумын С нэгдлийн 1987 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 20 дугаартай Ажилд авах тухай тушаалд 1-р хавсралтад байгаа нэр бүхий 19 хүнийг Сөнхөл хэсгийн хоньчин, төлчнөөр 1987 оны 01 дүгээр сарын 03-аас эхлэн тус тус авч ажиллуулсугай гэсэн ба хавсралтад байгаа нэрсийн жагсаалтын 20.Бигазын Н, 1965 он төрсөн, эр, бүрэн дунд боловсролтой, эрхэлж байгаа ажил хоньчин гэж бичсэн байна.

8.2.Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 12/505 дугаартай албан бичгээр хүргүүлсэн Б.Ны 1988 оны 06 дугаар сарын 20-ны өдөр бүртгэсэн БНМАУ-ын Хүн амын регистрийн карт №165 буюу ХААТР-1(А) маягтын 14-д ажилладаг байгууллага гэдэгт: Салтанат нэгдэл; ажилд орсон: 1983 он, бригад: Хужирт; эрхэлдэг ажил гэдэгт: малчин гэж бичигдсэн байна.

Мөн хүсэлт гаргагч Б.Н 1992 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Т.Жаниятай гэрлэж гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь 1992 оны 03 дугаар сарын 08-ны өдөр бүртгэсэн Гэрлэсний бүртгэл анкет №0019 буюу ХААТР-15 (А) маягтын бичилтээр, мөн цахим мэдээллийн сангаас шүүн үзэхэд тус иргэн Б.Ны 1987-1989 онуудад төрсөн хүүхдүүд бүртгэгдээгүй болох нь Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 12/505 дугаартай албан бичгээр тус тус тогтоогдож байна.

8.3.Хүсэлт гаргагч Б.Нд Б аймгийн Б сумын С нэгдлийн даргаас 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдөр олгосон Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний Хөдөлмөрийн дэвтэр-ийн эхний хуудас нь 1 гэж дугаарласан байхад Эрхэлсэн ажил гэж бичигдсэн дараагийн хуудас дугаар байхгүй, гурав дахь хуудсанд 19 гэж дугаарласан хуудас оруулан нааж бичилт хийсэн нь эргэлзээтэй, хууль бус тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болж чадахгүй болно.

Энэхүү Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний Хөдөлмөрийн дэвтэр-ийн12-15 дугаар хуудсанд Б.Ны Булган сумын Салтанат нэгдэлд 1987 оны 7 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарыг дуусталх хугацаанд ажилласан хоног, авсан хөлсний талаар бичилт хийгдсэн, санхүүгийн тэмдэг дарж баталгаажуулсан байна.

Эдгээр нотлох баримтаар хүсэлт гаргагч Б.Н Б аймгийн Б сумын С нэгдэлд малчнаар ажилласан нь тогтоогдож байгаа ба харин нормчноор ажилласан гэдгийг нотлох баримт байхгүй байна.

9.Хүсэлт гаргагч Б.Н Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.

Иймд дээрх хууль ёсны нотлох баримтуудаар хүсэлт гаргагч Б.Н нь Б аймгийн Б сумын С нэгдэлд малчнаар 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

10.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгийг баримтлан хүсэлт гаргагч Б.Н Б аймгийн Б сумын С нэгдэлд туслах малчин, нормчноор 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар хүсэлт гаргагч Б.Ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд шүүх хуралдаанд оролцогчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг хүсэлт гаргагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК