| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
| Хэргийн индекс | 128/2026/0555/З |
| Дугаар | 128/ШШ2026/0562 |
| Огноо | 2026-06-02 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 128/ШШ2026/0562
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.Б*******ээс шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: ...Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг удирдлага болгон Нийслэлийн Боловсролын газрын Салбарын хяналтын хэлтсийн хяналтын улсын байцаагч Л.С*******гийн 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 06******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах... гэжээ.
Нийслэлийн Боловсролын газрын Салбарын хяналтын хэлтсийн хяналтын улсын байцаагч Л.С*******эс шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...дүгнэлтэд мэдүүлэгт холбогдогчийн дээрх зөрчлийн тайлбарыг дутуу тусгасан, мөн холбогдогчийн нэг суралцагчаас авсан гэрчилгээний үнийн дүнг 15,000 төгрөг гэж буруу бичсэн, мэдүүлгийг бүрэн гүйцэд аваагүй, нотлох баримт хангалттай бүрдүүлж хавсаргаагүй зэрэг ажиллагааг дутуу явуулсан миний буруутай үйлдэл байх тул тус прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөр байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.Б*******ээс Нийслэлийн Боловсролын газрын Салбарын хяналтын хэлтсийн хяналтын улсын байцаагч Л.С*******д холбогдуулан дүгнэлт гаргасан бөгөөд уг дүгнэлтдээ ...2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 06******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах... гэжээ.
2.Нийслэлийн Боловсролын газрын Салбарын хяналтын хэлтсийн хяналтын улсын байцаагч Л.С******* нь шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхийг илэрхийлсэн бөгөөд прокурорын дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн нь өөр бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байна.
3.Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх заалтад ...нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх ..., мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
4.Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжид хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гомдол гаргах эрхгүйн сацуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.Б*******ээс 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 06******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гаргасан дүгнэлтийг хариуцагч Нийслэлийн Боловсролын газрын Салбарын хяналтын хэлтсийн хяналтын улсын байцаагч Л.С******* зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад зааснаар дүгнэлт гаргагч прокурор улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Л.БАТБААТАР