| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2018/0312/Э |
| Дугаар | 344 |
| Огноо | 2018-05-03 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Д.Мөнхтогоо |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 344
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,
улсын яллагч Д.Мөнхтогоо,
шүүгдэгч А.Х, түүний өмгөөлөгч Ш.Амарбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Чонод овогт Адилбишийн Хасбаатарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1709012910196 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Хэнтий аймагт 1955 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, 63 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Уламжлалт анагаах ухааны клиникийн төвийн сахиул ажилтай, ам бүл-4, эхнэр, хүүхдийн хамт, Сүхбаатар дүүрэг 6 дугаар хороо, Их сургуулийн 11/3-5 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Чонод овогт А.Х/регистрийн дугаар ЧП55042775/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч А.Х нь 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн гадна хууль бусаар чулуу ашиглан хохирогч Ч.Баасанбатын эзэмшлийн “Хино Рэнжер” маркийн 5899 УНҮ улсын дугаартай автомашины цонхыг хагалж, гэмтээж 400.000 төгрөгийн,
мөн "Блюберри" ХХК-ний эзэмшлийн “Яанмар Би 2 Икс” маркийн экскаватор болон “тоёота тоёоасе” маркийн 02-38 УНХ улсын дугаартай ачааны автомашины эд ангийг хууль бусаар чулуу, лоом ашиглан гэмтээж, хохирогч С.Хүрэлсүхэд 1.720.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч А.Х шүүхийн хэлэлцүүлэгт “…Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...”гэв.
түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “… 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 20:00 цагийн орчим кран, бага оврын ачааны портер маркийн машинтай хэдэн хүн ирээд хашааны хаалга нураагаад шонг нь оосорлоод эхлэхээр нь би энэ ажлаа зогсоо ингэж хүч түрж болохгүй гэж хэлээд үр дүнд хүрэхгүй, миний үгэнд орохгүй байсан, тэгэхээр нь би хашаагаа нураалгахгүй гэсэн чинь тэнд байсан хүмүүс намайг барьж аваад байхаар нь би газарт байсан чулууг аваад крантай машиных нь цонхыг хага цохичихсон, ... лоом тааралдахаар нь аваад жижиг экскаватрын речакыг хөшөөд бага оврын ачааны жижиг машины цонхыг хагалчихсан...” гэсэн мэдүүлэг /хх-65/,
Хохирогч Ч.Баасанбатын “...Тэгээд газрын албаны гэх залуу хашаа руу орох хооронд би машиныхаа краныг бэлдээд тулгуураа хийгээд ажлаа гүйцэтгэх гэж байхад тэр эмнэлгийн харуул гэх эрэгтэй гарч ирээд газраас чулуу аваад шидэхээр нь би бултаад өнгөрсөн. Тэгээд хэсэг хугацааны дараа би ажлаа хийж байхад тус харуул гэх хүн газраас чулуу аваад миний машины шил рүү шидэж хагалсан ба тэр хүний цаашаа явахаар нь би машинаа аваад явсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13/,
Гэрч С.Хүрэлсүхийн “...манай найз Ганбат надаас гуйгаад зам дээрээ ажиллуулъя гэхээр нь зөвшөөрөөд бага оврын ачааны машин, экскаватрыг түр өгч ашиглуулж байсан. ...Ажлын талбай дээр байлгаж байгаад хүнд эвдлүүлсэн гээд Ганбат өөрөө засуулаад өгсөн…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 61/,
Хохирогч Ш.Ганбатын “…Нийслэлийн авто замын хөгжлийн газрын хяналтын инженер Жаргалдүүрэн гэх залуу Элэг судлалын төвийн хашааг нураах гэсэн юм техникээ бэлдэж бай гэхээр нь би түрээсийн кран олоод хашааных нь хаалгыг буулгаж байтал манаач нь гэх өвгөн гарч ирээд краны жолооч руу чулуу шидээд крантай машины цонхыг чулуугаар хага цохичихсон тэгэхээр нь тэр ажил дээр машинтай ирсэн хүмүүс машинаа холдуулсан чинь цонхоо хагалуулдаг краны жолооч машинаа холдуулаад ирсэн байсан, ...манай компаниас авч очсон жижиг экскаватор, ачиж ирсэн дунд оврын ачааны машин 2-ын цонхыг мөн хадаастай лоомоор экскаватрын арааны режакыг тахийлгасан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16/,
Иргэний нэхэмжлэгч Ш.Ганбатын “...Би өмнө нь хохирогчоор хэд хэдэн мэдүүлэг өгсөн, надад одоо ярих зүйлгүй байхгүй …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 82/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-28/, Хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-29-31/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-42/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-32/, Шинжээчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-39-41/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-43-44/ зэргийг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч А.Х нь 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн гадна хууль бусаар чулуу ашиглан хохирогч Ч.Баасанбатын эзэмшлийн “Хино Рэнжер” маркийн 5899 УНҮ улсын дугаартай автомашины цонхыг хагалж, гэмтээж 400.000 төгрөгийн,
мөн "Блюберри" ХХК-ний эзэмшлийн “Яанмар Би 2 Икс” маркийн экскаватор болон “тоёота тоёоасе” маркийн 02-38 УНХ улсын дугаартай ачааны автомашины эд ангийг хууль бусаар чулуу, лоом ашиглан гэмтээж, хохирогч С.Хүрэлсүхэд 1.720.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь дээр дурьдсан хохирогч Ч.Баасанбат, Ч.Ганбат, гэрч С.Хүрэлсүх, Б.Жаргалдүүрэн нарын мэдүүлгүүд, шүүгдэгч А.Хын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон.
Шүүгдэгч А.Хыг бусдын хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч А.Хыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас Ч.Баасанбатад 400.000 төгрөгийн, хохирогч С.Хүрэлсүхэд 1.720.000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд шүүгдэгч А.Х нь дээрх хохирогч нарт учруулсан хохирлыг шүүхийн шатанд бүрэн төлж барагдуулсан бөгөөд хохирогч нар нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч А.Хыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч А.Хын дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Харин гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, түүний ар гэр, хувийн байдал зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд байдалд харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Чонод овогт Адилбишийн Хасбаатарыг Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар А.Х торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4.Шүүгдэгч А.Х нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, А.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР