Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 2024/ДШМ/1157

 

             

 

Б.Н-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Энхтулга,

шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Ж.Уранчимэг,  

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/738 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Н давж заалдах гомдол гаргасныг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 1909046811251 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

И овгийн Б.Н, /РД: ................./, 19... оны ... дүгээр сарын ....-ны өдөр .... аймагт төрсөн, .... настай, ......., дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ............ аймгийн .... сумын .... дүгээр баг, .... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй;

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.Н нь үргэлжилсэн үйлдлээр “Чех улсын виз гаргаж өгнө” гэж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж:

2018 оны 11 дүгээр сарын 6-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд Б.С, Б.М, О.Э, Э.А нараас иргэн Н.Э-аар дамжуулан Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийт 8,952,500 төгрөгийг,

2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд иргэн Ц.Э-ээс Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Урт цагаан төвийн Хаан банк болон Төрийн банкны салбараас нийт 3,100,000 төгрөгийг,

2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 17, 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.О-иас түүний төрсөн эгч Ц.О-ээр дамжуулан 3,290,000 төгрөгийг,

2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 8-ны өдрийн хооронд ..... дүүргийн .... хороо, ..... тоотод оршин суух иргэн Ж.М-ээс нийт 4,239,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас: Б.Н-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

     Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч И овогт Б.Н-ийг үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлаж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар нийт 19,581,000 төгрөгийг гаргуулан 3,000,000 төгрөгийг хохирогч Б.М-т, 3,000,000 төгрөгийг хохирогч Э.А-д, 3,290,000 төгрөгийг хохирогч Б.О-д, 1,452,000 төгрөгийг хохирогч Б.С-д, 1,500,000 төгрөгийг хохирогч О.Э-д, 4,239,000 төгрөгийг хохирогч Ж.М-д, 3,100,000 төгрөгийг хохирогч Ц.Э-т тус тус олгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Н- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Гэрч Э, М нарын мэдүүлгүүдээр гэрч А-т тэр хүмүүс бичиг баримтаа хүлээлгэж өгөөд Э нь нэг сарын дотор виз гаргаж өгнө гэсэн мэдүүлэг байдаг бөгөөд би эдгээр хүмүүсийг танихгүй, тэр хүмүүс ч намайг танихгүй гэдгээ хэлдэг. Харин А-ийг таньдаг. Миний бие 374 хүний баримт бичгийг зуучлан авчирч өгснөөр олон Монгол хүн Чех улсад ажиллаж, амьдарч байгааг гэрч О, О, Э нарын мэдүүлсэн. Иймд бусдыг залилсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй.

2. Шүүх хэргийг хоёр удаа прокурорт буцааж даалгавар өгсөн. Үүнийг шалгаагүй. Үүнд: - хохирогч Ц.О-гийн гадаад паспортанд виз дарагдсан эсэхийг холбогдох газраас шалгах, хохирогч Ц.Э-т зуучилсан гэх А-ыг гэрчээр асуух гэсэн асуугаагүй /2022 оны 3 сарын 30-ны өдрийн шүүгчийн захирамж 3-р тал/, С, Т нарыг гэрчээр асуух даалгаврыг биелүүлээгүй.

3. Хохирогч гэх А-тэй холбоотой хүмүүс 2018 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр намайг таньж мэддэггүй байхдаа миний дансанд мөнгө хийсэн байгаа. Гэтэл би хохирогч гэх хүмүүстэй 2028 оны 12 дугаар сарын 18-нд нотариат дээр анх танилцсан. Үүнээс үзвэл гэрч А, хохирогч Э нар дээрх хохирогч гэх хүмүүст Чех улсын виз гаргаж өгнө гэж миний өмнөөс ярьж мөнгө авсан, гэрээ захиалсан байсан байгаа нь харагдаж байна. Гэрч А нь надаас авсан гэрээгээ ашиглаж хүмүүсийг визэнд оруулж нэг хүнээс 400 евро унагаадаг байсан болно.

4. Намайг шүүх гэм буруутай гэж үзэхдээ хохирлыг зөрүүтэй тогтоон хохирогч Э-т 3,100,000 төгрөг олгохоор шийдвэрлэжээ. Гэтэл би Э-ээс 1,800,000 төгрөг авсан бөгөөд А нь гэх залуутай дотно харьцаа нь муудсаны улмаас тухайн бичиг баримтаа ашиглаж визэнд орж чадаагүй нь миний буруу биш юм. А гэх залууд би ажлын гэрээ, байрны бичгийг нь зуучилж өгснөөр энэ хүн явсан болно. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Н-ийн өмгөөлөгч Ж.Уранчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгож гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгаж байгаа. Гэтэл миний үйлчлүүлэгч Чех улсад визэнд хамрагдах хүмүүст бичиг баримт, ажлын гэрээ бүрдүүлж зөвлөгөө өгч ажилдаг. Үүнийг мэддэг учраас А, Э нар нь Б.Н-тэй хамтарч ашиг олох зорилготой хохирогч нартай виз гаргаж өгнө гэж холбогдож яриад ажлын гэрээ байгуулж байсан. Тухайн үед цар тахлын үе байсан. А, Э нарын Чех улсын виз гарсан. Ажлын гэрээ, байрны гэрээг нотариатаар батлуулсан бодитой баримт байгаа. Үүнийг шалгуулъя гэхэд шалгадаггүй. Шүүгчийн захирамж биелэгдээгүй. Залилангийн гэмт хэрэг үйлдсэн гэдгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хохирол төлбөрийн асуудлыг барагдуулж Э-т 6.100.000 төгрөг өгсөн гэдэг боловч 1.800.000 төгрөг өгсөн баримт байдаг. Хохирогч Э-ийн гэр бүлийн харилцаатай А-ын виз нь гарсан. Энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй. Чех улсаас ирсэн ажлын гэрээ, байрны гэрээ, боловсон хүчинтэй байгуулсан гэрээ нь Монголд ирдэг байсан. Үүнийг А, Б.Н нар хамт очиж авдаг байсан. Мөн ажлын газрын хаягийг зааж өгдөг боловч мөрдөн шалгах ажиллагаа хийхгүйгээр шүүхэд шилжүүлсэн. Энэ бүх ажиллагааг шалгуулах хүсэлтэй байна. ...” гэв.  

Прокурор Н.Энхтулга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Н- нь М, А нарт баримтаа хүлээлгэж өгсөн гэж байна. М, А нарт баримтаа хүлээлгэж өгсөн бол яагаад Мын мөнгийг Б.Н өөрийн төрсөн дүүгийн дансаар дамжуулж мөнгө авсан нь тогтоогдсон. А мөнгө авсан нөхцөл байдал тогтоодоггүй. О.Э нь М, Б.С, О.Э, Э.А нартай ойрын ах, дүү, төрөл садны хамааралтай хүмүүс байдаг. О.Э-г өөрийнхөө төрөл садны хүмүүсийг залилсан мэтээр итгэл үнэмшил төрөхөөргүй үндэслэлгүй гомдлыг шүүгдэгч Б.Н гаргаж байна. Шүүхийн мэтгэлцээнд энэ байдал тогтоогдсон. Хохирогч нарын мэдүүлэгт шүүгдэгч Б.Н-ийн хэлсэн дансанд мөнгө шилжүүлсэн улмаар Б.Н-тэй удаа дараа утсаар холбогдсон талаар хохирогч нар мэдүүлдэг. А-т мөнгө өгсөн талаар мэдүүлсэн гэрч байхгүй. Шүүгдэгч Б.Н гэмт хэрэг үйлдээгүй бол ямар учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллааснаас оргон зайлаад байна. Мөрдөгч Б.Н-ийн орон байрд нэгжлэг хийх, прокурорын зөвшөөрлөөр нэгжлэг хийхэд тухайн байрнаас Б.Н-ийг олж тогтоосон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал” гэж заасныг хэрэгжүүлсэн. Б.Н-ийг гэрээ байгуулсан бол тухайн гэрээг анхан шатны шүүх хурал дээр гаргаж өгөх боломжийг олгосон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна.гэж зааснаар шүүх хуралдааныг хойшлуулсан. Т, С нарын гэрийн хаяг, утасны дугаар зэргийг мэдэхгүй гэж өөрөө мэдүүлсэн. Ямар нэгэн нэр хаяг байхгүй С, Т гэх хүнийг олж тогтоох боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон. Улмаар шүүх хурал болох үед утас нь байна гэж аргацаасан тайлбар хийсэн. Б.Н-ийг хийсэн гэрээг шүүх хуралдаанд авч ир гэсэн боловч авч ирээгүй. Хэрэгт авагдсан банкны лавлагаагаар Б.Н-ийн төрсөн дүү Б.Ү-ын дансанд хохирогч нарын мөнгийг шилжүүлж авсан нөхцөл байдал тогтоогдсон. 1 дүгээр хавтаст хэргийн 45, 46 дугаар талд Б.Ү-ын мэдүүлэг байгаа. “Б.Н миний дансыг ашигласан” гэх мэдүүлэг байгаа. Хохирогч Э.А, Б.С нар Б.Ү-ын дансанд мөнгө шилжүүлсэн талаар мэдүүлсэн. Б.Ү-ын дансны хуулга хавтаст хэрэгт авагдсан байгаа. Хохирогч нарын мэдүүлгээ бүгд Б.Ү-ын дансанд шилжүүлсэн гэж мэдүүлдэг. Гэтэл шүүгдэгч Б.Н нь А мөнгө авсан, би аваагүй гэж илт үндэслэлгүй гомдол гаргасан байна. Эийн хохирогчоор өгсөн мэдүүлэгт 3.100.000 төгрөг шилжүүлсэн нь тогтоогддог. Эээс энэ талаар тодруулахад “Шүүгдэгч Б.Н виз гаргаж өгөөгүй. Өөр газарт хандаж виз гаргуулж авсан” гэж мэдүүлдэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан хүрээнд мөрдөгч Гадаад хэргийн яамнаас удаа дараа шүүгчийн захирамжийг биелүүлэх талаар бичиг хүргүүлсэн. Тус бичгийн хариуг авсан. Энэ талаар хэрэгт авагдсан. Шүүгчийн захирамж биелэгдсэн. Шүүгдэгч нэмэлт тайлбар дээр дурдаж байна. А гэрээ авсан гэж А анхан шатны шүүх хуралдаанд оролцсон ямар нэгэн гэрээ аваагүй талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлдэг.Б.Н- шүүхийн хэлэлцүүлэгт “би чам руу мэйлээр явуулсан” гэдэг. Мэйлийн шалгах гэхээр “би цаасаар өгсөн” гэдэг шүүх хуралдааны тэмдэглэл, бичлэгт энэ талаар маш тодорхой байгаа. М-ыг гэрээ авсан мэтээр гомдолдоо дурдаж байна. Энэ талаар шалгаж тогтоосон. Тухайн гэрээг авч хавтаст хэрэгт хавсаргасан хэрэгт хамааралгүй гэрээ байсан. Шүүгчийн захирамжид дурдсан заалт бүгд биелсэн. Энэ хэрэг 2019 оноос хойш шалгасан хэрэг тул үнэнд гүйцэгдэж байна. Иймд анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 738 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай. ...” гэв.  

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгчийн гаргасан давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

1. Шүүгдэгч Б.Н нь үргэлжилсэн үйлдлээр “Чех улсын виз гаргаж өгнө” гэж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж

2018 оны 11 дүгээр сарын 6-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд Б.С, Б.М, О.Э, Э.А нараас иргэн Н.Э-гаар дамжуулан Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийт 8,952,500 төгрөгийг,

2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд иргэн Ц.Э-ээс Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Урт цагаан төвийн Хаан банк болон Төрийн банкны салбараас нийт 3,100,000 төгрөгийг,

2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 17, 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.О-иас түүний төрсөн эгч Ц.О-гээр дамжуулан 3,290,000 төгрөгийг,

2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 8-ны өдрийн хооронд ..... дүүргийн .... хороо, ..... тоотод оршин суух иргэн Ж.М-ээс нийт 4,239,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч залилсан болох нь:

хохирогч Б.М-ын: “...А гэх хүнээр дамжуулан Н гэх хүнээр хүнтэй уулзаж асууж тодруулахад “Чех улсын виз гаргаж өгнө” нэг хүний 3,000,000 төгрөг болно гэж хэлсэн. Хаан банкны АТМ-ээс 5063ххххххх дугаарын Ү гэх хүний данс руу эхнэр А бид хоёр тус тус 1,500,000 төгрөг буюу нийт 3,000,000 төгрөг шилжүүлсэн. Тэр үед Н нь та хоёрын мөнгө ирлээ. 1 сарын дотор хариу хэлнээ, үлдэгдэл мөнгөө шилжүүлэх шаардпагатай шүү гэж хэлээд салсан. ... Жоохон хүлээх юм шиг байна шүү гэж хэлээд үлдэгдэл мөнгөө нэхээд байсан учир Ү-ын данс руу нийт 3,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Түүнээс хойш Н-ийн дугаар руу залгасан боловч холбогдох боломжгүй байсан бөгөөд нэг удаа холбогдоод яасан талаар асуусан чинь Н нь болоогүй байна, хойшлогдоно гэж хэлсэн ба түүнээс хойш огт сураггүй алга болсон...” /1-р хх-ийн 24-26/,

хохирогч Б.С-ийн: “...Чех улсын визний мөнгө, урьдчилгаа бүртгэлийн мөнгө гэж 1,452,000 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн оношилгооны хажуу талын Хаан банкнаас 5063ххххххх дугаартай дансаар шилжүүлсэн..." /1-р хх-ийн 27-28/,

хохирогч О.Э-ын: “...А гэдэг эгчийн таньдаг хүн нь Чех улсын руу хүмүүс зуучилж өгдөг гэж сонсоод би Э эгчид хэлсэн чинь 1,500,000 төгрөгөөр 2 удаа 3 сая төгрөг өгчих юм бол сарын дотор Чех улс руу гаргаад өгнө гэж хэлсэн. Тэгээд би Э эгчийн данс руу 1,500,000 төгрөг шилжүүлсэн...” /1-р хх-ийн 31-35/,

хохирогч Э.А-ын: “...Миний нагац эгч Э 2018 оны 11 сард “миний найз А гэх хүний таньдаг Н гэх эмэгтэй гэж Чех улс гэрээгээр явуулдаг хүн байна” гэж хэлсэн бөгөөд эхний ээлжид 1,500,000 төгрөгийг төлөх ёстой” гэж хэлсэн бөгөөд би өөрийн нөхөр М-ын хамт Чех улс явахаар болж хүн тус бүрийн 1,500,000 төгрөг нийт 3,000,000 төгрөгийг, үүний дараа 2018 оны 12 дугаар сард Н-тэй М, Э болон миний бие нар уулзахад “нотариатаар орж гэрээ байгуулах хэрэгтэй байдаг бөгөөд уг гэрээ нь виз гаргахад хэрэгтэй” гэж хэлээд Вариатай чуулгын ойролцоо байдаг нотариат руу бид гурвыг оруулж өгчихөөд өөрөө ч гарын үсэг зуралгүй гараад явсан, харин нотариатын хүн нь гэрээн дээр гарын үсэг зуруулж аваад болчихлоо гэж хэлсэн бөгөөд ямар учиртай гэрээ болох мөн нэг хувийг нь бидэнд ямар учраас өгөхгүй байгаа талаар тайлбарлаагүй болчихлоо гэж хэлсэн. Энэ явдлаас хойш Н сураггүй алга болсон. ...Урилга ирсэн шүү гэж хэлж, үлдэгдэл 1,500,000 төгрөгөө шилжүүлээрэй гэхээр нь нөхөр бид хоёр үлдэгдэл 3,000,000 төгрөгийг Ү нэртэй данс руу шилжүүлсэн. Нөхөр бид хоёрт 6 сая төгрөгийг хохирол учирсан, хохирол барагдуулсан зүйл байхгүй...” /1-р хх-ийн 49-51/,

хохирогч Ц.О-ийн: “...би сонирхоод үзээд 3,290,000 төгрөгийг өөрийн эгч О-гийн дансанд руу өөрийн Хаан банкны 503ххххххххх данснаас шилжүүлсэн. Тэгээд ямар ч байсан удахгүй болно, бүтнэ гэж байсан боловч О эгч нөгөө зүйл чинь худлаа болсон байна. Нөгөө хүн чинь алга болчихлоо гэж байсан...” /5-р хх-ийн 98-99/,

гэрч Ц.О-гийн хохирогчоор өгсөн: “...би тухайн үед өөрийн төрсөн дүү Б.О-ийн Чех улс руу ажпын гэрээний виз гаргуулах гээд Б.Н гэдэг хүнд мөнгө өгч байсан.  …” /5-р хх-ийн 95-96/,

хохирогч Ж.М-ийн: “...2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Н надтай холбогдоод ажлын гэрээ чинь гарчихсан гэрээний мөнгийг шилжүүлээрэй гэхэд би 2 хүний мөнгө болох 2,357,600 төгрөгийг 5063ххххххх дугаартай Б.Ү гэсэн эзэмшигчтэй данс руу шилжүүлсэн. Дараагаар нь 2018 оны 5 дугаар сарын сүүлээр билүү 6 сарын эхээр Н надтай холбогдоод Чех улсын элчин дээр очиход Н ярилцлагад орох хэрэггүй болчихлоо би болгочихлоо энэ ажлынхаа гэрээн дээр гарын үсгээ зурчих гэхэд нь тухайн гэрээг нь харахад Чех улсын хэл бичигтэй мөн миний овог нэртэй зүйл байхаар нь би гарын үсгээ зурчихсан юм. Үүний дараа Н-ийн 996хххххх дугаарын утас руу залгахад холбогдох боломжгүй байж байгаад 2018 оны 7 дугаар сард өөрийн уг дугаарын утаснаас надтай холбогдоод юм чинь жоохон бүтэхгүй байна, ямар ч байсан болгочихоод эргээд ярина гэж хэлсэн. 2018 оны 9 дүгээр сард Н мөн надтай холбогдоод Чех улсын элчний ярилцлагад дахин орох хэрэгтэй байна гээд мөнгө шилжүүлээрэй гэхэд нь 112,000 төгрөгийг мөн 5063ххххххх дугаартай Б.Ү гэх эзэмшигчтэй данс руу шилжүүлсэн. ... Н-тай холбогдоод манай нөхөр явахаа болиод би ганцаараа явах гэсэн юм нөхрийнхөө мөнгийг өөрийнхөө зардал руу шилжүүлж болох уу гэхэд Н болно гэхээр нь би одоо хэдийг өгч таарах уу гэхэд үлдэгдэл 900,000 төгрөг болж байна гэсэн. Тэгээд 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Ү гэх эзэмшигчтэй данс руу шилжүүлсэн. 2019 оны 01 дүгээр сарын 8-ны өдрийн мөн Н надтай холбогдоод вагон явна билетийнхээ мөнгийг өгөөрэй гэхэд нь 870.000 төгрөгийг 5063ххххххх дугаартай Б.Ү-ын данс руу шилжүүлэхэд за одоо удахгүй явна юмаа бэлдэж байгаарай гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа 2019 оны 01 дүгээр сарын 17, 18-ны өдөр над руу өөрөө яриад юм чинь хойшлогдоод байна түр хүлээж байгаарай бүх зүйлийг болгоно санаа зовохгүй бай гэж хэлээд холбоогүй байгаад байсан. Тэгээд ажил дээр нь очиход эзэнгүй байсан...” /3-р хх-ийн 7-8/,

хохирогч Ц.Э-ийн: “...Би Н-д хэлэхдээ Чех улс явмаар байна. А-тай ойр нэг хотод баймаар байна гэж хэлэхэд болно, би А-ын байгаа хотын үйлдвэрт нэг таньдаг хүн байгаа тэрэнтэйгээ холбоо бариад болохоор бол тэр үйлдвэр рүү ажилд оруулаад энэ хот руу явуулъя, хэрэв болохгүй бол өөр үйлдвэр рүү оруулж өгье гэж хэлсэн. 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 5063 дугаартай Т.Б гэх хүний данс руу 500,000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 500,000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 300,000 төгрөг шилжүүлсэн. Ингээд нийтдээ 1,300,000 төгрөгийг өгсөн байна. …” /3-р хх-ийн 84-85/,

гэрч Н.Э-гийн: “...Н нь А бид хоёр Бүгд найрамдах Чех улс руу гэрээгээр хүмүүсийг явуулж байгаа гэж ярьж байсан. Дараа нь Н нь А дээр дахин ирээд Чех улс руу хүн явуулж байгаа би 70 гаруй хүн бүртгэсэн, найдвартай явуулж байгаа, эхний ээлжид бүртгүүлэхэд 50,000 төгрөг өгөөд бүртгүүлээд гадаад паспортын хуулбар, цагдаагийн газрын тодорхойлолт, 2 хувь цээж зураг өгөөд бүртгэдэг гэж хэлж байсан. …би А-д манай эгч хүүхдүүдээ явуулъя гэнээ чи Н-тэй холбоо бариад хэлээд өгөөч гээд Н-тэй утсаар холбогдох үед болно эхний ээлжинд бүртгэлийн хураамж 50,000 төгрөг холбогдох баримтуудаа аваад байж бай би өөрөө очиж авъя гэж хэлсэн. 3 хүний 150,000 төгрөгийн хамт А-д өгсөн. А 150,000 төгрөгийн хамт материалыг нь авсан байсан. Тэгээд хэд хоногийн дараа Н нь А руу залгаад эхний ээлжид хүн тус бүрийн гэрээний 500 евро өгчихвөл 2019 оны 02, 03 дугаар сард Чех улс руу явуулчихна гэж хэлсэн байсан. Тэгээд А надад хэлэхээр нь би А /940хххххх/, М, С /981хххххх/ нарт дамжуулж хэлэхэд зөвшөөрөөд 2018 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр А, М хоёр тус бүл 1,500,000 төгрөг буюу нийт 3,000,000 төгрөгийг Хаан банкны 5063ххххххх тоот Б.Ү гэсэн хүний данс руу шилжүүлсэн, 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр С нь мөн дээрх данс руу 1,500,000 төгрөгийг шилжүүлсэн. ...Тэгээд хүлээж байх хугацаанд бэр Д нь над руу залгаад охин Э-ыг Чех улс руу явуулъя гээд 50,000 төгрөг, бүрдүүлэх материалуудаа над руу мессенжерээр явуулчих гэж хэлэхэд 50,000 төгрөгийн хамт над руу явуулсан. Тэгээд 50,000 төгрөг, материалын хамт А-д өгсөн бөгөөд Н нь А-гаас материал, 50,000 төгрөгийн хамт авсан бөгөөд дараа нь Н нь А-д гэрээ хийгдэх 500 еврогоо шилжүүлж гэж хэлсэн байсан. Тэгээд би Д-д хэлэхэд Д нь миний данс руу 1,500,000 төгрөгийг шилжүүлсэн. ...” /1-р хх-ийн 36-37/,

гэрч Б.Ү-ын: “...Би тухайн үед гадаадад ажиллаж амьдарч байсан ба картаа гэртээ орхисон байсан. Н тэр үед миний дансыг гуйж авсан байсан. Би Н-тэй 2019 онд уулзахдаа орлого, зарлага хаалаа юун учиртай мөнгө ороод байгаа юм бэ гэж хэлээд дансаа хаалгасан...” /1-р хх-ийн 45-46/,

гэрч О.Т-ын: “...Хаан банкны 5063хххххххх дугаарын дансаар 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 1,680,000 төгрөгийг Н гэдэг эмэгтэй хийлгүүлэн авч байсан ба цаад данснаасаа ямар хүнээр ямар учиртай мөнгө хийлгүүлснийг би мэдэхгүй байна. Миний ажилладаг валют арилжааны төвөөс энэхүү 1,680,0000 төгрөгийг бүгдийг нь евро болгон солиулаад Н эгч өөрөө авч байсан. ...” /2-р хх-ийн 145-146/,

гэрч О.А-ийн: “...Б.Н-тэй анх 2010 онд танилцаж байсан. ...Б.Н нь 2018 онд Чех улс руу гэрээний виз гаргаж өгдөг гээд яриад явдаг байсан. Манай компани “П Т” ХХК-ийн Орос элчний хажууд байдаг, компаниар орж гараад явж байхдаа Чех улсын гэрээний визний цаг авч байгаа хүмүүс явуулж байгаа гэж ярьдаг байсан. …Чех улсын визтэй холбоотой би оролцоогүй, энэ талаар бол Н ярьж байсан. Тэгэхээс би Чех улсын визний талаар бол мэдэхгүй...” /5-р хх-ийн 88-89/ гэх мэдүүлгүүд,

Б.Ү-ын Хаан банкны 5063ххххххх тоот дансны дэлгэрэнгүй лавлагаа /1-р хх-ийн 76-82/, /2-р хх-ийн 46-47/,

Н.Э Хаан банкны 5029хххххххх тоот дансны дэлгэрэнгүй лавлагаа /1-р хх-ийн 130/,

Э.О Хаан банкны 5082ххххххх тоот дансны дэлгэрэнгүй лавлагаа /2-р хх-ийн 151-152/,

Ж.М Хаан банкны 5087ххххххх тоот дансны дэлгэрэнгүй лавлагаа /3-р хх-ийн 21-22/,

М.М Хаан банкны 5063ххххххх тоот дансны дэлгэрэнгүй лавлагаа /3-р хх-ийн 23-25/, мөнгө шилжүүлсэн талаарх баримт /1-р хх-ийн 22/,

Ц.Э-ийн Хаан банкны данснаас мөнгө шилжүүлсэн баримтууд /3-р хх-ийн 70-71/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

2. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг тогтооход хангалттай байна.

Шүүгдэгч Б.Н-ийн үргэлжилсэн үйлдлээр “Чех улсын виз гаргаж өгнө” гэсэн зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар Б.С, Б.М, О.Э, Э.А, Ц.Э, Б.О, Ж.М нарыг төөрөгдөлд оруулж итгүүлэн хуурч, нийт 19,581,500 төгрөгийг шилжүүлэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “...хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох ...замаар төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан...” гэсэн шинжийг бүрэн агуулжээ.

3. Шүүгдэгч Б.Н “Залилах” гэмт хэргийг үйлдээгүй гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хэрэгт авагдсан хохирогч нарын мөнгө хийсэн дансны хуулга, мөнгөний шилжилт хөдөлгөөнийг харуулж байгаа дансны хуулга, гэрч Б.Ү /1-р хх-ийн 45-46/, О.Т /2-р хх-ийн 145-146/, Т.Б /3-р хх-ийн 15/ нарын мэдүүлгээр Б.Н нь хохирогч нарын мөнгийг өөрөө захиран зарцуулсан болох нь,

хохирогч нараас мөнгийг нь авахдаа хэлж байсан “...гэрээний үнэ, элчинд оруулахад хэрэглэх мөнгө, явах тийзний үнэ...” гэх зэрэг нь тэднийг төөрөгдөлд оруулсан бодитой биш, зохиомол байдал байсан болох нь нотлогдсон байна.

Иймд Б.Н-ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

4. Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял...”-уудаас Б.Н-ийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн хэр хэмжээ, учруулсан хохирол зэргийг харгалзан түүнд хорих ялыг сонгон 1 жил 6 сарын хугацаагаар оногдуулсан нь үндэслэлтэй байна.

Б.Н-ийн 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 8-ны өдрийн хугацаанд үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамрагдаж байх ба тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Б.Н-ийн оршин суух албан ёсны бүртгэлтэй Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээр тогтоосон нь үндэслэлтэй болжээ.

5. Шүүгдэгч Б.Н нь “...хохирогч Ц.Э-т 1,300,000 төгрөгийг 2020 оны 01 дүгээр сарын 6-ны өдөр өөрийнх нь Хаан банкны дансруу хүү Т.Б-ийн Хаан банк дахь 5083ххххххх дугаар данснаас буцаан шилжүүлсэн...” гэж давж заалдах гомдол гаргасныг хянахад, Т.Б-ийн Хаан банк дахь 5083хххххх дугаар данснаас 1,300,000 төгрөгийг Ц.Э-ийн 514хххххх дугаар данс руу 2020 оны 01 дүгээр сарын 6ы өдөр шилжүүлсэн /4 хх 29/ байна.

Иймд шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Н-ээс гаргуулахаар заасан 3,100,000 төгрөгөөс 1,300,000 төгрөгийг хассан өөрчлөлтийг шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад оруулж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээв.    

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/738 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад “...3,100,000 төгрөгийг хохирогч Ц.Э-т...” гэснийг “...1,800,000 (нэг сая найман зуун мянга) төгрөгийг хохирогч Ц.Э-т... ” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Н-ийн гаргасан давж заалдах гомдлын гэмт хэрэг үйлдээгүй талаарх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.ЗОРИГ

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ