| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 302/2025/00443/И |
| Дугаар | 302/ШШ2025/00509 |
| Огноо | 2025-06-05 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 302/ШШ2025/00509
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик би,
Нэхэмжлэгч: Н газар /дарга М.Армия/
Хариуцагч: ********-д үйл ажиллагаа явуулах, Ө ХХК /захирал Х.Жанарбек/
Нэхэмжлэлийн шаардлага: Нийгмийн даатгалын дутуу төлсөн шимтгэл болох 792,000 /долоон зуун ерэн хоёр мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Н газар /дарга М.А/ нь Ө ХХК /захирал Х.Ж/-д холбогдуулан Нийгмийн даатгалын дутуу төлсөн шимтгэл болох 792,000 /долоон зуун ерэн хоёр мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Ө ХХК нь 2023 оны 12 дугаар сараас эхлэн аймгийн Нийгмийн даатгалын газарт шимтгэл төлөгчөөр бүртгэгдэн шимтгэл төлж эхэлсэн бөгөөд 2024 оны 12 дугаар сарыг дуустал нийгмийн даатгалын шимтгэлээ дутуу төлж тайлагнаж байсан.
1.2. Уг хугацаанд Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ гэж заасныг зөрчиж 792,000 төгрөгийн шимтгэлийг дутуу төлж нийгмийн даатгалын санг хохироосон. Тус компани захирал, нягтлан бодогч нараас удаа дараа шаардсан боловч төлөөгүй.
1.3. Иймд Ө ХХК-иас Нийгмийн даатгалын дутуу төлсөн шимтгэл болох 792,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгч Н газар /дарга М.Армия/ шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ "Ө ХХК нь нийгмийн даатгалын шимтгэлийн өр 792,000 төгрөгийг бүрэн барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
3. Нэхэмжлэгч Н газар /дарга М.Армия/ нь хариуцагч Ө ХХК /захирал Х.Жанарбек/-д холбогдуулан Нийгмийн даатгалын дутуу төлсөн шимтгэл болох 792,000 /долоон зуун ерэн хоёр мянган/ төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Н газар /дарга М.Армия/ нь нэхэмжлэлээсээ татгалзсан тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
5. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
6. Нэхэмжлэгч Н газар /дарга М.Армия/ нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.
7. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Н газар /дарга М.А/ хариуцагч Ө ХХК /захирал Х.Ж/-д холбогдуулан гаргасан Нийгмийн даатгалын дутуу төлсөн шимтгэл болох 792,000 /долоон зуун ерэн хоёр мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Н газар /дарга М.Армия/ нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАНГИЛИК