Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 2024/ДШМ/1158

 

       

 

Г.А-эд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Ариунцэцэг (цахимаар),

шүүгдэгч Г.А,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан, 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЗ/1919 дүгээр “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор М.Ариунцэцэг 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 41 дүгээр улсын яллагчийн эсэргүүцэл бичсэнийг үндэслэн Г.А-эд холбогдох эрүүгийн 2406000001386 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.  

Б.А. .... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй;

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Г.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 09:00 цагийн үед .... дүүргийн .... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах байрны ....дугаар байрны орцонд насанд хүрээгүй Н.Б-ийн биед шалтгаангүйгээр нүүрэн тус газар нь гараараа цохих, хөл рүү нь өшиглөх зэргээр халдаж, эрүүл мэндэд нь зүүн зовхинд цус хуралт, доод уруулын дотор салстад язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун доод үүдэн нэг, зүүн доод үүдэн нэг, хоёрдугаар шүдний сулрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Г.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.    

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “...Мөрдөгч өөрийн хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлж дээрх гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэрэгт нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдалд үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 30.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Г.А-ийг холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай саналыг 2024 оны 6 дугаар сарын 4-ний өдөр прокурорт гаргаж хэргийг 2024 оны 6 дугаар сарын 6-ны өдөр хүргүүлжээ. Прокуророос, 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Г.А-ийг холбогдуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан бөгөөд Г.А-ийн үйлдэл нь хэрэгт цугларсан ямар нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй байгаа талаар үндэслэл бүхий тайлбар, дүгнэлт хийлгүй орхигдуулсан байна.

Мөн прокуророос Г.А-эд холбогдуулан үйлдсэн 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 674 дугаар яллах дүгнэлтдээ “Мөрдөн шалгах ажиллагаа явуулахад хэрэгт цугларсан хохирогч А.Э-ын мэдүүлэг, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр Г.А-ийг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэх үйл баримт нь бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна” гэж дүгнэсэн боловч нотлох баримтуудынхаа эх сурвалжийг тодорхой тусгаагүй, хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд, тогтоогдсон үйл баримтад үндэслэл бүхий няцаалт хийлгүй, тодорхой бус дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Өөрөөр хэлбэл, прокуророос хэрэгт тусгагдсан 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн цагдаагийн албан хаагч А.Э-ыг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоож, хохирогчоор өгсөн мэдүүлэг, 2024 оны 6 дугаар сарын 4-ний өдөр хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд тусгагдсан үйл баримт, 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр цагдаагийн албан хаагч А.Э нь гэмт хэрэг, зөрчилд Г.А-ийг холбогдуулан шалгахаар цагдаагийн байгууллагад хүргэх явцад алба хаагчийн машинд учруулсан үйл явдал, хохирлыг хэрхэн дүгнэсэн талаар нотлох баримтуудад үнэлэлт, дүгнэлт хийлгүй орхигдуулжээ. Иймд анхан шатны шүүхээр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн”, 4.3-т заасан “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн”, 4.5-д заасан “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн”, 4.6-д заасан “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон эсэх” зэрэг нөхцөл байдал хэрхэн хангагдсан эсэхийг бүрэн гүйцэт хянан дүгнэх боломжгүй байна. ...” гэсэн үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор М.Ариунцэцэг эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Нэг: Прокуророос Г.А-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Яллах дүгнэлтдээ “Мөрдөн шалгах ажиллагаа явуулахад хэрэгт цугларсан хохирогч А.Э-ын мэдүүлэг, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр Г.А-ийг хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэх үйл баримт нь бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна” гэж дүгнэсэн боловч нотлох баримтуудынхаа эх сурвалжийг тодорхой тусгаагүй, хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд тогтоогдсон үйл баримтад үндэслэл бүхий няцаалт хийлгүй, тодорхой бус дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэснийг зөрчсөн, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасан “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх” гэсэн үндэслэлд хамаарч байна.  

Түүнчлэн, гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн талаар яллах дүгнэлтэд дурдсан прокурорын дүгнэлтийг хэрхэн үгүйсгэн няцааж байгаагаа шүүх шийдвэртээ тусгаагүй байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЗ/1919 дугаар хэргийг прокурорт буцаах тухай захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, захирамжид заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй үндэслэлээр хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Шүүгдэгч Г.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.  

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүх, шүүгдэгч Г.А-эд холбогдох хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэл бүхий болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нотолбол зохих байдлыг нэг бүрчлэн хуульчлан заасан ба хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдлуудыг нотолдог хэдий ч шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тохиолдолд хэргийг прокурорт буцаадаг.

Мөрдөгч Г.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргүүдэд яллагдагчаар татах санал гаргажээ /хх-ийн 66-67/.  

Г.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэгт яллагдагчаар татах мөрдөгчийн саналыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурор хянан шийдвэрлээгүй нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн энэхүү ажиллагааг хийгээгүй нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор тогтоогдсон А.Э-ын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “хэргийн бодит байдлыг тогтооход шаардлагатай эд зүйл, баримт бичиг, мэдээлэл, бусад баримтыг гаргаж өгч хавтаст хэрэгт бэхжүүлж тусгуулах;”, 1.6-т “шүүх, прокурор, мөрдөгчийн ажиллагаа, шийдвэрт энэ хуульд заасан журмын дагуу гомдол гаргах;”, 1.8-т “хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан, мөрдөн байцаалт дууссан бол хавтаст хэргээс өөрт хамааралтай хэсэгтэй танилцах, нэмэлт ажиллагаа хийлгэх тухай хүсэлт гаргах;” гэсэн эрхийг эдлүүлээгүй байна гэж үзэх үндэслэл болж байна.  

Иймд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй дээрх мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, энэхүү шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЗ/1919 дүгээр “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор М.Ариунцэцэгийн бичсэн 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 41 дүгээр улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.ЗОРИГ

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ