Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2018/0177

 

2018 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2018/0177

  Улаанбаатар хот

 

                                “Э ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

                                

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очир нарыг оролцуулан хийж, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 123/ШШ2017/0046 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очирын гаргасан давж заалдах гомдлоор, “Э ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтаар:

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4, 19.5, Монгол улсын Үндсэн хуулийн тавдугаар зүйлийн  2, 3, зургаадугаар зүйлийн 3, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.2.з, 20 дугаар зүйлийн 20.1.7, 22 дугаар зүйлийн 22.1.12, 30 дугаар зүйлийн 30.1, 30.13 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э ц” ХХК-ний “Төв аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 212 тоот саналыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очир давж заалдах гомдолдоо:

“...1. Ашигт малтмалын тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Нэхэмжлэгч нь Төв аймгийн Засаг даргын 2016 оны 04 сарын 20-ны өдрийн 212 тоот “хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй” санал нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасныг зөрчиж хуульд заасан үндэслэлээр гараагүй гэж маргаж байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Ашигт малтмалын тухай хуулийн 19.5-д “Аймаг нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр татгалзсан хариу өгч болно” гэж заасны “Зөвхөн хуульд заасан үндэслэлээр” гэдгийг энэ хуульд буюу эсхүл Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4-т буюу “ашигт малтмал эрэх, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт опгогдсон буюу түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхацсан тохиолдолд л татгалзсан хариу өгч болно" гэж үзэх нь учир дутагдалтай байна гэжээ.

Улсын дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны “Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” 04 дүгээр тогтоолын 10-д “Хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасан “...татгалзсан хариу өгч болно” гэдгийг энэ хууль болон бусад хуулиар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан, түүнчлэн эрх бүхий бойгууллагаас тухайн талбайг хопбогдох хуулийн дагуу нөөцөд болон тусгай хэрэгцээнд авсан зэргийг үндэслэл болгож, тусгай зөвшөөрөл опгох боломжгүй тухай шийдвэрийг мэдэгдэл ирүүлсэн төрийн захиргааны байгууплагад хүргүүлэхийг ойлгоно’’ гэж тайлбарлажээ.

Шүүх Ашигт малтмалын тухай хуулийн 19.5-д заасныг зохицуулалтын хзм хзмжзэ, зорилго, агуулгаас өөрөөр тайлбарлаж “зөвхөн хуульд заасан үндэслэл” гэдэг хатуу зохицуулалтыг хуульд нэрлэн заагаагүй үндэслэлээр татгалзсан хариу өгч болохоор дэлгэрүүлж тайлбарлаж тухайн тохиолдолд хэрэглэсэн байна.

2. Хууль хэрэглээгүй.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Монгол Улсын Үндсэн хуулийн тавдугаар зүйлийн 2-т “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”. 3-т “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно", зургадугаар зүйлийн 3-д “Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно" гэж заасантай болон дээрхи хуулийн заалтуудтай тус тус нийцсэн, нийтийн эрх ашгийг хамгаалах үүднээс гаргасан Засаг даргын 212 дугаар саналыг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй" гэжээ.

Маргааны үйл баримт тухайн аймаг, сумын засаг захиргааны нэгжид хамаарагдаж буй Монгол Улсын газар нутаг дээр ашигт малтмал эрэн хайх үйл ажиллагааг тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж өөрийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр санал, зөвшөөрөл авч буй үйл ажиллагаа юм.

Үүнд “Газар өмчлүүлэхтэй холбоотой харилцаа” үйл баримт огт биш. Харин газрын өмчлөгч төр өөрийн өмчийн газрын тухайн хэсэг, хэвлийд ашигт малтмал бий эсэхийг олж тогтоох нийтлэг эрх ашиг сонирхлын үүднээс тухайн компанитай хамтран ажиллаж болохоор байна гэж дүгнэн харьяа нутаг дэвсгэрийн нэгжээс санал авч байгаа үйл явц юм.

Энэ тохиолдолд шүүх юуг нийтийн эрх ашиг сонирхол гэж дүгнэн түүнийг хэнээс хамгаалахаар Засаг дарга шийдвэр гаргасан байна гэж дүгнэж хуулийн үндэслэлгүйгээр зөвтгөж байгаа нь ойлгомжгүй байна.

3. Хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д “нийтээр ашиглах газар “52.2, 52.7-д заасан иргэдийн эзэмшил, ашиглалтад буй зуслан, намаржаа, өвөлжөө, хаваржааны газарт ашигт малтмал хайхыг хуулиар хориглоогүй хэдий ч Ашигт малтмалын тухай хуулийн 19.5-д “Аймаг нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр татгалзсан хариу өгч болно” гэж эрх олгосноос биш үүрэг 6олгоогүй байх тул аймгийн Засаг дарга нь Ашигт малтмалын тухай хуульд заагаагүй ч бусад хуульд заасан үндэспэлээр татгалзах эрхтэй гэж үзэхээр байх тул 212 дугаар саналын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй гэж үзлээ.

Нийтийн захиргааны албан тушаалтан нь хууль хэрэгжүүлэгч тул хуулиар түүнд үүрэг хүлээлгэсэн байдаг тул Ашигт малтмалын хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасан нь Засаг даргад үүрэг болгосон заалт юм.

Тус заалтын “зөвхөн хуульд заасан үндэслэл” нь ашигт малтмал эрэн хайх, ашиглахтай холбоотой харилцааг зохицуулсан Ашигт малтмалын тухай хууль болон тухайн харилцааг шууд зохицуулсан өөр хуульд заасан ашигг малтмал эрэн хайх, ашиглахыг хязгаарласан хориглож тодорхойлсон үндэслэлүүдийг хэлнэ.

Гэвч шүүх “ашигт малтмалын хайгуул, ашиглалттай” холбоотой харилцааг бус газар эзэмших, өмчлөх, ашиглах харилцааг зохицуулсан Газрын тухай хуулийн хамааралгүй зүйл заалтыг хэрэглэж маргааныг шийдвэрлэсэн байна.

“Э ц” ХХК-ийн Төв аймгийн Өндөр ширээт сумын “Их бүс” нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж гаргасан газарт Ашигт малтмалын тухай хуульд болон бусад хуульд зааснаар хориглосон, хязгаарласан талбайтай давхцаагүй тул Төв аймгийн Засаг даргад хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах санал өгөх хуульд заасан үндэслэл бий болоогүй юм.

Хэргийг дээрх байдлаар шийдвэрлэсэн Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хянан шийдвэрлэсэн 123/ШШ2017/0046 дугаар шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх" шаардлагыг хангаагүй байна.

Иймд Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хянан шийдвэрлэж 123/ШШ2017/0046 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжпэлийн шаардлагыг хангаж өгнө үү ...” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу хэргийг хянаад шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч “Э ц” ХХК нь Төв аймгийн Засаг даргад холбогдуулан “Төв аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 212 тоот саналыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

            “Э ц” ХХК-ийн 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гаргасанТөв аймгийн Өндөрширээт сумын “Их бүс” нэртэй газарт 1563.55 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Ашигт малтмал, газрын  тосны газрын Кадастрын хэлтэс өргөдлийн бүртгэлийн NE-0 дугаарт бүртгэж, холбогдох шүүлтийг хийж, анх 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 6/8550 дугаар албан бичгээр[1] Төв аймгийн Засаг даргад Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т заасны дагуу санал ирүүлэх талаар мэдэгджээ.

            Төв аймгийн Засаг дарга нь Өндөрширээт сумын Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн санал, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 41 дүгээр тэмдэглэл зэргийг үндэслэн 2016 оны 88 дугаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг “дэмжихгүй”саналыг  хүргүүлжээ.

            Үүний дараагаар “Э ц” ХХК-аас 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Чинбаатарт “Манай компани нь Төв аймгийн Өндөрширээт сумын нутагт ХА-0 дугаар бүхий шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гаргасан ...Манай компани нь Төв аймгийн Өндөрширээт сумтай Нийгмийн хариуцлагын гэрээ шинээр хийж ажиллаж байгаа бөгөөд манай компанийн гаргасан ХА-0 тоот өргөдлийг дэмжихээ илэрхийлсэн тул ...Төв аймгийн Засаг даргад хандсан саналыг ахин хүргүүлж бидний ажилд туслана уу” гэх агуулга бүхий 16/2 дугаартай бичгийг[2] хүргүүлснээр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 6/1697 дугаар албан бичгээр[3] Төв аймгийн Засаг даргаас санал авахаар дахин мэдэгдэл хүргүүлжээ.

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын дарга харьяалах нутаг дэвсгэртээ дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”,  22.1.12-т “ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлаар сум, дүүргийн Хурлын саналыг авч Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрээ Засаг даргад уламжлах” гэж заасны дагуу талбай байрших Өндөр ширээт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 22 дугаар тогтоол, Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдааны 12 дугаар тэмдэглэлээр “Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1, 52 дугаар зүйлийн 52.2, 52.7, Усны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь заалтуудыг удирдлага болгон “ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжих боломжгүй” гэж шийдвэрлэж, саналыг Ашигт малтмал, газрын тосны газарт хуулийн хугацаанд хүргүүлэх”-ийг аймгийн Засаг даргад даалгаж шийдвэрлэснийг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлсэн Төв аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 212 тоот санал нь тус хуулийн 30 дугаар зүйлийн  30.1-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 29 дүгээр зүйлд заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 30.1.13-т “харьяалах нутаг дэвсгэрт нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход тухайн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрийг үндэслэн санал өгөх”, тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно” гэж заасантай тус тус нийцсэн байна.

            Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт 2015 онд Ашигт малтмалын газраас Төв аймгийн Засаг даргад явуулсан мэдэгдэлд 2016 оны сумын болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолуудыг үндэслэсэн  мэтээр, мөн 2016 онд  Ашигт малтмалын газраас Төв аймгийн Засаг даргад дахин явуулсан мэдэгдэлд сумын болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны тэмдэглэл, аймгийн Засаг даргын 2016 оны 88 дугаар “дэмжихгүй” саналыг үндэслэж  2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 01/1687 дугаар албан бичгээр  Ашигт малтмалын газарт 2 дахь удаагаа хүргүүлсэн гэж 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Төв аймгийн Засаг даргаас Ашигт малтмалын газарт хүргүүлсэн 01/1687 дугаар албан бичгийн[4] оныг буруу бичсэн алдаа гаргасныг, мөн нэхэмжлэгч талаас тусгай зөвшөөрөл хүссэн талбайн давхцалтай холбогдуулан маргаагүйг тус тус тэмдэглэв.

            Нэхэмжлэгчээс ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгоход дэмжихгүй гэсэн санал гаргасан аймгийн Засаг даргын үйлдэлтэй холбогдуулан маргасан, тус харилцааг зохицуулсан хуулийн зүйл, заалтад хариуцагчийн шийдвэр, үйл ажиллагаа нийцсэн эсэхэд дүгнэлт өгч маргааныг шийдвэрлэх боломжтой байхад шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт маргааны үйл баримтад шууд хамаатай бус “өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаалах төрийн үүрэг, өмчлөгчийн эрхийг хязгаарлах болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэхтэй холбоотой Үндсэн хуулийн зүйл, заалтыг, Сумын Хурлын нутаг дэвсгэрийнхээ газрыг зүй зохистой ашиглах, үржил шимийг нь дээшлүүлэх, байгаль орчныг хамгаалах бусад арга хэмжээний цогцолбор хөтөлбөр батлах буюу нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн талаар хэрэгжүүлэх онцгой бүрэн эрхэд хамаарах хуулийн зүйл заалтыг, мөн аймаг, сумын Хурлын Тэргүүлэгчдийн хуульд өөрөөр заагаагүй бол нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн амьдралын тулгамдсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхтэй холбоотой хуулийн зүйл заалт”-ыг тус тус баримталсан буруу байх тул шийдвэрт тус хуулийн зүйл, заалтуудыг хассан өөрчлөлтийг оруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 123/ШШ2017/0046 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгээс “Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2, 3, Зургаадугаар зүйлийн 3, Монгол Улсын Засаг  захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.12.з, 20 дугаар зүйлийн 20.1.7 ” гэснийг хасч, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Э ц" ХХК-ийн өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очирын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ

 

 


[1] Хавтаст хэргийн 73 дугаар тал

[2] Хавтаст хэргийн 67 дугаар тал

[3] Хх-ийн 66 тал

[4] Хавтаст хэргийн 68 дугаар тал