Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 836

 

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

        Нэхэмжлэгч: Р*******гийн З*******  

        Хариуцагч: Баянгол дүүргийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дарга 

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/35 тоот тушаалыг хүчингүй болгож ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, өмнө ажиллаж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.З*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ганзориг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Р.З******* шүүхэд  гаргасан  нэхэмжлэлдээ: “Р.З******* би Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/35 тоот тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд дараах хууль зүйн үндэслэлээр уг тушаалыг хүчингүй болгуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. 

Үүнд: Төрийн албаны тухай хуулийн 24.1.1 дэх заалт, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх заалт болон тэтгэвэрийн болзол хангасан гэдэг үндэслэлээр захиргааны санаачлагаар ажлаас чөлөөлөх нас нь хүйсээс үл хамааран 60 нас байхаар Хөдөлмөрийн тухай хууль, Үндсэн хуульд тус тус заасан байгаа тул Р.З******* би ЧС******* регистртэй1958 онд төрсөн, 2016 оны 04 дүгээр сарын 01-нд 57 настай байсан юм.

Р.З******* би инженер-эдийн засагч, нягтлан бодогч, төрийн арга зүйч, зохион байгуулалт мэргэжилтэй, менежер цолтой, улс төрийн дээд боловсролтой, татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч, эдийн засгийн ухааны магистр. Тус хэлтэст зөвхөн энэ газарт би 30-аад жил ажиллаж байгаа бөгөөд тасгийн дарга, хяналт-шалгалтын улсын байцаагч, орлого, шимтгэл, тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн даатгалын байцаагчийн албан тушаалд тус тус ажилласан.

Дарга Х.О******* нь 2013 оны 05 дугаар сараас тус хэлтсийн даргаар томилогдсон бөгөөд хамтран ажилласан гурван жилд Р.З******* би Төрийн албаны үйл ажиллагааны үр дүнгийн гэрээгээр “А” буюу бүрэн хангалттай дүгнэгдэж байсан бөгөөд, ажлаас хоцрох, ажил таслах, ажлаас чөлөө авах, өвчтэй, эмнэлэгийн магадлагаагаар чөлөөтэй байх зэрэг ажлын байрыг орхиж бусдын ажлын ачаалалыг нь нэмэгдүүлж байгаагүй болно.

Дарга Х.О*******тай хамтарч баг болж, удирдлаган дор ажиллахдаа энэ хүнтэй нэг ч удаа үг сөрж, хэрэлдэж, мэтгэлзэх, бүдүүлэг харьцаа гаргаж байгаагүй, хамт олны дунд нэр хүндтэй ажиллаж ирсэн, би угаасаа ийм л хүн билээ.

Би төрийн захиргааны жинхэнэ албан тушаалд олон жил хоёргүй сэтгэлээр зүтгэж, цэл залуу наснаасаа төрийн ахмад ажилтан болж ажиллахдаа нийгмийн даатгалын нүсэр их ажлын ачааны хүндийг үүрэлцсэн миний амьдралын салшгүй хэсэг болсон -Энэхүү сайхан албаныхаа буянтай ажил үйлсийн төлөө тасралтгүй 30-аад жил нэг газар ажиллалаа.

Орчин үеийн Нийгмийн даатгалын тогтолцоог бүрдүүлэх явцад болон хөгжиж дэвшиж ирсэн өнөө үеийг хүртэл Р.З******* би өөрийн гэсэн хүч чадвар, оюун мэдлэг, сэтгэл зүрхээ зориулан ажилласан билээ. Нэг үгээр хэлэхэд энэ үеийн эгэлгүй баатар гэж хэлэхэд багадах нэгэн.

2016 оны 04 сарын 01-ний өдөр Р.З******* намайг байнгын ажлын байр болох Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст Эрүүл мэндийн байцаагчаар ажиллаж ажил үүргээ гүйцэтгэж байсан энэ өдрийн 16 цагийн үед Хүний нөөцийн ажилтан надад “ажлаас чөлөөлөгдөх” болсныг гэнэт хэлээд 17 цагт Р.З******* миний Төрийн жинхэнэ албанаас чөлөөлөгдөх тушаал гэнэт гарч би ажилгүй болсон юм.

Энэ өдрийн орой 17 цаг 30 минутаас 19 цагийн хооронд Р.З******* намайг төрийн жинхэнэ албанаас гэнэт чөлөөлсөн тушаалыг нийт албан хаагчдад уншиж танилцуулсан нь бусдыг цочиролд оруулж, төрд олон жил зүтгэсэн намайг ажлаас чөлөөлж чадаж байгаа энэхүү үйлдэл нь цэл запуу насандаа төрд ажиллаж буй идэр насны залуучуудыг сүрдүүлж төрд итгэх итгэл, төрийн албаны ажиллах нөхцөл, цалин хөлс баталгаагаар хангагдах бусад эрхийг зөрчих хэмжээнд хүргэсэн ёс зүйгүй үйлдэл болсон гэж хамт олон дүгнэсэн байдаг.

Тус хэлтэст Р.З******* би 30-аад жил ажиллахдаа Төрийн ахмад ажилтан тэтгэвэрээ тогтоолгоно гээд байгууллагадаа хүсэлтээ өгөхөд хүндэтгэл үзүүлж хөдөлмөрийн алдар тэмдэглэж ёс суртахууны өндөр хэмжээнд үдэж гаргадаг удирдахуйн ухааны соёлд мэргэшсэн дарга нарыг мэддэг байснаас ажлаас чөлөөлөх тушаалыг нийтэд сонордуулж мэдээлдэг хэлтсийн ажлын байрнаас нулимстай хөөж гаргадаг ёс зүйгүй дарга хүн удирдлагад ажилладаг болохыг анх удаа өөрийн биеэр мэдэрч туйлын ихээр эмзэглэсэн.

Үүнээс үүдэлтэйгээр Р.З******* миний эрүүл мэнд хямарч эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх хэмжээнд хүрч, сэтгэл санааны хохиролд орж одоо би ажилгүй, орлогогүй байгаа билээ. Р.З******* би хэдийгээр нас минь нэмэгдэж байгаа нь үнэн боловч миний ажиллах чадавх, чадамж апдагдаагүй харин ч ажлын бүтээмж сайн байсан тул би тус хэлтсийн даргад тэтгэвэрт гаргах хүсэлтээ гаргаж өгөөгүй байсан юм. Иймд Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/35 тоот тушаалыг хүчингүй болгож ажилгүй болгосон хугацааны цалин хөлсийг тогтоон олгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: “Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох. Учир нь иргэн би хуульд зааснаар өндөр насны тэтгэвэрт тогтоолгох насанд хүрээгүй, өөрөө хүсэлт гаргаагүй байхад Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга нь хууль зөрчсөн тушаал гаргаж, ажил үүргээ хэвийн гүйцэтгэх боломжгүй болгож, хуулиар хамгаалагдсан эрхэд минь халдаж сэтгэл санаа, эрүүл мэнд, эд мөнгөөр хохирсон ба миний бие өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд ажиллах чадвар, хүсэлт зориг байгаа ба эрх бүхий байгууллагаас миний ажиллаж байсан ажлын байранд тавигдах шаардлагад та хүрэхгүй, тэнцэхгүй гэсэн дүгнэлт шийдвэр гараагүй болно. Миний бие Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн захиргааны албан хаагч ба тус хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг эдлэх ба хуулийн 24, 25, 26 дугаар зүйлд заасан төрийн албанаас чөлөөлөгдөх, халагдах ямар ч үндэслэл бүрдээгүй байхад иргэн надад хүчээр тулган эрхийг минь зөрчиж ажлаас чөлөөлсөн гэж үзэж байна. Төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болох шударга ёс, хууль дээдлэх болон Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн” гэж заасныг зөрчиж эрх мэдлээрээ хүч түрэмгийлсэн хариуцагчийн гаргасан захиргааны актаас болж ажлаасаа чөлөөлөгдсөн тул ийнхүү нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгаа болно” гэжээ. 

Хариуцагч Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.У******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус хэлтэст эрүүл мэндийн даатгалын байцаагчаар ажиллаж байсан Р******* овогтой З******* /РД:ЧС*******/ нь өндөр настны тэтгэвэрт гарах насанд хүрсэн тул Төрийн албаны тухай хуулийн 24  дүгээр зүйлийн 24.1.1 дэх заалт, 30 дугаар зүйлийн 30.2 дахь заалт, Монгол улсын Засгийн газрын 2014 оны 405 дугаар тогтоолын хавсралт “Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 3 дахь заалтыг тус тус үндэслэн хэлтсийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/35 дугаар тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. 

Р.З******* нь төрийн жинхэн албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийг бүтэн авч байж өндөр настны тэтгэвэрт гарна гэдэг саналаа хэлсэн тул 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 19 150  800 /арван есөн сая зуун тавин мянга найман зуун/ төгрөгийг 2016 оны хэлтсийн үйл ажиллагааны батлагдсан төсвөөс өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмжийн зардлаас олгосон. Санхүүгийн баримтанд Р.З******* гарын үсэг зурсан болно.

Мөн 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр эрүүл мэндийн даатгалын байцаагч Р.З*******г өндөр насны тэтгэвэрт гаргах асуудлаар хэлтсийн дарга Х.О*******, Хүний нөөцийн мэргэжилтэн Г.Э******* нар дуудаж уулзахад  Р.З******* нь би 2016 оны  06 сард өндөр насны тэтгэврээ тогтоолгох хүсэлтэй байна, мөн төрийн алба хаасны нэг удаагийн буцалтгүй тэтгэмжийн мөнгийг бүтнээр олговол тэтгэвэртээ гармаар байна гэж хэлсэн.

2016 оны 03 дугаар сарын 28 ны өдөр Р.З*******гийн дансанд нэг удаагийн буцалтгүй тусламж болох 19 150 800 төгрөг шилжүүлэгдсэн нь цаашид Р.З******* үргэлжлүүлэн ажиллах боломжгүй нөхцөл байдал үүссэн.

Р.З*******г өндөр насны тэтгэвэрт гаргасан нь Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, Төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц захиргааны санаачилгаар түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй” гэсэн заалтад нийцэж байгаа болно. 

Иймд Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 04дүгээр сарийн 01-ний өдрийн Б/35 дугаар тушаалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

             ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон нэхэмжлэгч өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар хууль зүйн үндэслэлийг хянаад нэхэмжлэгч Р.З*******гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж  шийдвэрлэлээ.

Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б/35 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх заалт, 30 дугаар зүйлийн 30.2 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 405 дугаар тогтоолын хавсралт “Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 3 дахь заалтыг тус тус үндэслэн эрүүл мэндийн даатгалын байцаагч Р.З*******г өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэх үндэслэлээр 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс ажлаас чөлөөлж, нэг удаагийн буцалтгүй тусламж олгохоор шийдвэрлэсэн байна. 

Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн бол төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөхөөр заасан байна. 

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн  4 дүгээр зүйлийн 1-д Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 55 нас хүрсэн эмэгтэй өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно гэж зааснаас үзэхэд тэтгэвэр тогтоолгох нас нь 60  нас байна. 

Нэхэмжлэгч Р.З******* нь 1958 оны 6 дугаар сарын 21-ний өдөр төрсөн буюу маргаан бүхий акт гарахад 58 настай байсан болох нь түүний иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагчаас “Р.З******* нь төрийн жинхэнэ албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийг бүтэн авч байж өндөр насны тэтгэвэрт гарна гэдэг саналаа хэлсэн. Буцалтгүй тусламжийг дансанд нь шилжүүлсэн” гэж маргах боловч тэтгэвэрт гарах тухай бичгээр өгсөн хүсэлт байхгүй болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд “хүсэлтээ амаар гаргасан” гэх тайлбараар тогтоогдож байх бөгөөд тэтгэмжийг дансанд шилжүүлсэн нь нэхэмжлэгч маргаан бүхий тушаалыг хүлээн зөвшөөрсөн үндэслэл болохгүй болно.

Дээрх байдлуудаас нэгтгэн дүгнэхэд тэтгэвэр тогтоолгох насанд хүрээгүй, өөрөө хүсэлтээ гаргаагүй, 2015 оны үр дүнгийн гэрээгээр маш сайн дүгнэгдсэн төрийн албан хаагчийг төрийн албанаас чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д заасныг зөрчсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж үзлээ. 

Нэхэмжлэгчийн 2016 оны цалингийн карт /2016 оны 1, 2, 3 сарын дундажаас тооцов/ үндсэн цалин 628344 төгрөгөөр тооцож, ажилгүй байсан хугацааны 2016 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх нийт 142 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговор /1 өдрийн цалин 31417,2х142хоног=4.461.242,4 төгрөг/, /1 өдрийн нэмэгдэл-17137,8х142хоног=2.433.567,6 төгрөг/ нийт 6.894.810 /зургаан сая найман зуун ерөн дөрвөн мянга найман зуун арав/ төгрөгийг Р.З*******д олгож, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.  

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.1, 106.3.12 дах хэсэгт заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай 24.1, 24.1.1,  Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн  4 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Р.З*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/35 тоот тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Р.З*******г урьд ажиллаж байсан тус дүүргийн эрүүл мэндийн даатгалын байцаагчийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоосугай. 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Р.З*******гийн ажилгүй байсан хугацааны 6.894.810 /зургаан сая найман зуун ерөн дөрвөн мянга найман зуун арав/ төгрөгийг нэхэмжлэгч Р.З*******д олгох, мөн хугацаанд ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг хариуцагч Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргад даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

  Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   О.ОЮУНГЭРЭЛ