| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 302/2025/00476/И |
| Дугаар | 302/ШШ2025/00571 |
| Огноо | 2025-07-01 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 302/ШШ2025/00571
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ************т оршин суудаг, А.Б;
Хариуцагч: *******-т оршин суудаг, Ж.Ж;
Нэхэмжлэлийн шаардлага: Тээврийн хэрэгсэл арилжаалах гэрээг цуцалж, хариуцагч Ж.Жээс Ландкрузер-80 маркийн машиныг буцаан гаргуулан, нэхэмжлэгч А.Б нь Лексус-470 маркийн машин болон бэлэн мөнгө 12,000,000 төгрөгийг хариуцагч Ж.Жт буцаан өгөх буюу авсан өгснөө харилцан буцаахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч А.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нургайып,
Хариуцагч Ж.Ж,
Хариуцагчийн өмгөөлөгч Х.Зулхаш,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ердос нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч А.Б нь хариуцагч Ж.Жт холбогдуулан Тээврийн хэрэгсэл арилжаалах гэрээг цуцалж, хариуцагч Ж.Жээс Ландкрузер-80 маркийн машиныг буцаан гаргуулан, нэхэмжлэгч А.Б нь Лексус-470 маркийн машин болон бэлэн мөнгө 12,000,000 төгрөгийг хариуцагч Ж.Жт буцаан өгөх буюу авсан өгснөө харилцан буцаах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Миний бие Өлгий сумын 4 дүгээр багт Жорга үйлчилгээний төвийг ажиллуулдаг бөгөөд тээврийн хэрэгслийн худалдаа наймаа эрхэлдэг. Өчигдөр буюу 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Ж.Ж нь А.Б миний эзэмшлийн 28 сая төгрөгийн үнэтэй Лексус-470 маркийн тээврийн хэрэгслийг өөрийнх нь Ландкрузер-80 маркийн тээврийн хэрэгслийг оролцуулан зөрүүнд нь 12,000,000 төгрөг бэлнээр нэмж өгч, тээврийн хэрэгслүүдээ арилжааны бүртгэл хийлгэж, шилжүүлэн авцгаасан юм. Ж.Ж нь Ландкрузер-80 маркийн тээврийн хэрэгслийг 12 сая төгрөгөөр үнэлж өгсөн ба ямар нэгэн гэмтэл доголдолгүй хэмээн надад хүлээлгэж өгсөн боловч аймаг дахь Автотээврийн үндэсний төвөөс миний ажиллуулдаг Жорга авто гараж хүртэл хурдны хайрцаг буюу кроп нь ажиллахгүй, хий газ аваад арай гэж хүрсэн. Тухайн үед шууд Ж.Жтэй холбогдож, надад орой очиж асуудлаа шийднэ, хүлээж байгаарай гэж хэснэ. Тэгээд би түүнийг шөнө хүртэл хүлээсэн.Ирээгүй болохоор нь өглөө залгаж дахин залгахад хөдөө явж байгаа гэж хэлээд ирэхгүй болно.
Иймээс Ж.Жтэй байгуулсан тээврийн хэрэгсэл арилжаалах гэрээг цуцалж, хариуцагч Ж.Жээс Ландкрузер-80 маркийн машиныг буцаан гаргуулан, нэхэмжлэгч А.Б нь Лексус-470 маркийн машин болон бэлэн мөнгө 12,000,000 төгрөгийг хариуцагч Ж.Жт буцаан өгөх буюу авсан өгснөө харилцан буцаахаар шийдвэр гаргаж өгнө үү
2.Хариуцагч Ж.Ж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариу тайлбартаа:
2.1.Миний бие Баян-Өлгий Зар мэдээ цахим хуудсыг үзэж байгаад нэхэмжлэгч А.Б гэх түүний тавьсан Лексус-470 загварын тээврийн хэрэгслийг зарна гэсэн мэдээллийн дагуу олж хараад А.Бд холбогдсон. Миний өөрийн эзэмшлийн Ландкрузер-80 маркийн тээврийн хэрэгслийг оролцуулан, үнийн зөрүүг тохирч худалдан авах санал тавьсан болно. Харин А.Б нь нүүр тулан уулзаж байж, мөн Ж.Ж миний Ланд крузер-80 маркийн тээврийн хэрэгслийг үзэж, шалгаж байх хариу өгөх санал гаргасан болсон.
2.2.Гэтэл 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 19 цагийн орчимд нэхэмжлэгч А.Б автотээврийн хэрэгслийн засварчин гэх залуу, мөн хажуудаа А.Бгийн хүү гэх 17-18 насных гэмээр залуугийн хамт, өөрийн зарж борлуулах гэж байгаа Лексус-470 загварын тээврийн хэрэгслийг унаж манай гэрт хүрээд ирсэн юм. Ирэнгүүт нэхэмжлэгч А.Б болон хамт ирсэн хүмүүсийн хамтаар миний Ландкрузер-80 маркийн машиныг гадна талаас шалгаж улмаар асааж үзээд, мөн тээврийн хэрэгслийг унаж явж үзэж шалгана гээд жолоодож яваад явсан ба хэсэг хугацааны дараа буцаж ирээд наймаа тохирно, таны тээврийн хэрэгсэл бүрэн бүтэн, биед байдлын доголдолгүй, гэмтэл согоггүй байна гээд үнэ өртгийн талаар тохиролцох санал гаргаснаар гэрээний талууд өөр өөрсдийн санал хүсэлтийг хэлж, харилцан тохирч худалдагч А.Б нь миний эзэмшлийн Ландкрузер-80 маркийн хэрэгслийг авч, үнийн зөрүү болгож 12,000,000 нэмж авах, нэхэмжлэгч А.Бгийн эзэмшлийн Лексус-470 загварын тээврийг хэрэгслийг надаас тэр даруй авч явсан бөгөөд маргааш өглөө Автотээврийн төвд очиж Тээврийн хэрэгслийг эзэмшилд шилжүүлэхээр болоод тохирсон юм.
2.3.Маргааш нь буюу 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр өглөөний 8 цагийн орчим А.Б над руу утсаар залгаж, Баян-Өлгий аймгийн Автотээврийн төвд хүрээд ир гэхээр нь миний бие эхнэрийн хамт Автотээврийн төвд очиход нэхэмжлэгч А.Б нь надаас авсан Ландкрузер-80 маркийн хэрэгслийг унаж явж байсан ба Автотээврийн эрх бүхий албан тушаалтанд өөрөө сайн дурын үндсэн дээр өөрийн эзэмшилд шилжүүлэн авах хүсэлт гаргаж, миний Ландкрузер-80 маркийн хэрэгслийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авч, өмчлөх эрхийг олж авсан юм. Дараа нь тухайн тээврийн хэрэгслийг жолоодож унаж ирээд Өлгий сумын төвд байршилтай Капитрон банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт биднийг дагаж ирээд миний гэр бүлийн хүний данснаас Лексус-470 маркийн тээврийн хэрэгслийн зөрүү үнэ болох 12,000,000 төгрөгийг бэлнээр гаргуулан авч тооцоо дуусан болно.
2.3.Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт зааснаар Арилжааны гэрээгээр талууд нь тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээнэ гэсний дагуу талууд болох А.Б бид хоёр гэрээний зүйл болох Лексус-470 загварын болон Ландкрузер-80 маркийн тээврийн хэрэгслүүдийг 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдөр харилцан шилжүүлэн өгч, мөн оны 5 дугаар сарын 15-ны өдөр Автотээврийн төвд очиж улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөх эрхийн шилжүүлэг хийлгэж, Тээврийн хэрэгслийн техникийн гэрчилгээнд баталгаажуулалт хийлгэн, өмчлөх эрхийг шилжүүлсэн болно. Иймд тээврийн хэрэгслийн гэрчилгээнд өмчлөгч өөрчлөгдсөнийг хууль ёсоор эрх бүхий байгууллагад бүртгүүлснээр Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийн 43.1.3 дах хэсэгт заасан хэлцэл хийгдсэн гэх хуулийн шаардлага хангагдсан юм.
2.4.Иргэний хуулийн 274 дугаар зүйлийн 274.3-д арилжааны гэрээнд худалдах-худалдан авах гэрээний талаарх энэ хуулийн холбогдох заалт нэгэн адил хамаарна гэж заасан ба Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2 дах хэсэгт заасан журмаар Эд хөрөнгийг биет байдлаар хүлээн авсан, өмчлөх эрхийг өөртөө шилжүүлэн авсан нь нотлох баримтаар тогтоогдож байх тул мөн хуулийн 249 дүгээр зүйлд заасан Гэрээний үүргээс татгалзах үндэслэл тогтоогдохгүй байна.
2.5.Нэхэмжлэгч А.Б нь арилжааны гэрээний зүйл болох Ландкрузер-80 маркийн хэрэгслийг шалгаж, өөрөө унаж эдэлж байж шалган авч ямар нэгэн гэмтэлгүй, биет байдлын доголдолгүй гэх дүгнэлтэд хүрч, өөрөө сайн дураар өөрийн хүсэл зоригийн дагуу эзэмшилд 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдөр авч яваад 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Баян-Өлгий аймгийн Автотээврийн төвд очиж, өөрийн өмчлөлд шилжүүлэн авах үйлдэл хийсэн болно.
2.6.Нэхэмжлэгч А.Б бид хоёрын хооронд байгуулсан гэрээний зүйл болох Ландкрузер-80 маркийн хэрэгсэл нь хүн тээвэрлэх зориулалттай, 5 хоний суудалтай, том оврын суудлын тэрэг бөгөөд нэхэмжлэгч А.Б хүлээн авсан 2025 оны 5 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд түүний унаж эдэлж явсан нь нотлогдож байх тул Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт заасан тоо, хэмжээ, чанар бүхий биет байдлын доголдолгүй эд хөрөнгө хүлээж авсан гэж дүгнэж байна.
2.7.Нэхэмжлэгч А.Б бид хоёрын арилжааны зүйл болох Лексус-470 болон Ландкрузер-80 маркийн хэрэгслүүдийг арилжааны үед тухайн эд хөрөнгийн үйлдвэрлэсэн он, ашигласан хугацаа, элэгдэл хорогдол, өнгө үзэмж, чанарын талаар тусгайлан зааж гэрээгээр тохиролцоогүй учир Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2 дах хэсэгт заасан ...Гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийн биет байдлын доголдолгүй гэж үзнэ гэж заасан хуулийн зохицуулалтад нийцүүлэн нэхэмжлэгч А.Б нь надаас Ландкрузер-80 маркийн хэрэгслийг үзэж шалгаж байгаад хүлээж авсан ба тухайн машиныг өөрөө жолоодож замын хөдөлгөөнд оролцож, хоёр хоног унаж эдэлж, зориулалтын дагуу тээвэрлэлт хийж явж байсан тул биет байдлын доголдолгүй эд хөрөнгө хүлээж авсан гэж үзнэ.
2.8.Орчин үеийн тээврийн хэрэгсэл болгон ухаалаг мэдрэмж бүхий хянах самбар-тай тухайн тээврийн хэрэгслийн талаарх бүх мэдээлэл хянах самбарын датчик бүрээр нээлттэй мэдээлэл олгогдож байгаа тул нэхэмжлэгч А.Б нь тээврийн хэрэгслийг хүлээн авах үед эд хөрөнгийн доголдлын талаар тээврийн хэрэгслийн гэмтэл, тоног төхөөрөмжийн эвдрэлийн талаар тухайн мөчид мэдэх боломж бүрэн байсан юмаа.
Энэ нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1 дэх хэсгийн 255.1.1-д заасан Эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн, эсвэл мэдэх боломжтой байхад хүлээн авсан бол худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана гэх үндэслэлээр нэхэмжлэгч А.Б нь гомдлын шаардлага гаргах эрхээ алдсан байна.
2.9.Арилжааны журмаар солилцож буй хөрөнгийн үнийн зөрүү болох 12,000,000 төгрөгийг миний бие нэхэмжлэгч А.Бд бэлнээр өгсөн тул Иргэний хуулийн 275 дугаар зүйлийн 275.1 дэх хэсэгт заасан шаардлагыг бүрэн хангасан, одоо талуудын хооронд төлбөр тооцоо байхгүй болно.
Иймд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3, 251 дүгээр зүйлийн 251.2, 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт заасныг үндэслэн надад холбогдох Тээврийн хэрэгсэл арилжаалах гэрээг цуцалж, авсан өгснийг харилцан буцаах тухай нэхэмжлэгч А.Бгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байна.
3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл зэрэг бичгийн нотлох баримт гаргаж өгсөн байна.
4.Хариуцагчаас Монгол Улсын Иргэний үнэмлэхийн хуулбар, 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр олгосон №06241543 дугаартай Автотээврийн хэрэгслийн гэрчилгээ, 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр олгосон №06241541 дугаартай Автотээврийн хэрэгслийн гэрчилгээ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
5.Нэхэмжлэгч А.Бгийн хариуцагч Ж.Жт холбогдуулан гаргасан Тээврийн хэрэгсэл арилжаалах гэрээг цуцалж, хариуцагч Ж.Жээс Ландкрузер-80 маркийн машиныг буцаан гаргуулан, нэхэмжлэгч А.Б нь Лексус-470 маркийн машин болон бэлэн мөнгө 12,000,000 төгрөгийг хариуцагч Ж.Жт буцаан өгөх буюу авсан өгснөө харилцан буцаахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
6.Нэхэмжлэгч А.Б дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:... Ж.Ж нь А.Б миний эзэмшлийн 28 сая төгрөгийн үнэтэй Лексус-470 маркийн тээврийн хэрэгслийг өөрийнх нь Ландкрузер-80 маркийн тээврийн хэрэгслийг оролцуулан зөрүүнд нь 12,000,000 төгрөг бэлнээр нэмж өгч, тээврийн хэрэгслүүдээ арилжааны бүртгэл хийлгэж, шилжүүлэн авцгаасан юм. Ж.Ж нь Ландкрузер-80 маркийн тээврийн хэрэгслийг 12 сая төгрөгөөр үнэлж өгсөн ба ямар нэгэн гэмтэл доголдолгүй хэмээн надад хүлээлгэж өгсөн боловч аймаг дахь Автотээврийн үндэсний төвөөс миний ажиллуулдаг Жорга авто гараж хүртэл хурдны хайрцаг буюу кроп нь ажиллахгүй, хий газ аваад арай гэж хүрсэн. Иймээс Ж.Жтэй байгуулсан тээврийн хэрэгсэл арилжаалах гэрээг цуцалж, хариуцагч Ж.Жээс Ландкрузер-80 маркийн машиныг буцаан гаргуулан, нэхэмжлэгч А.Б нь Лексус-470 маркийн машин болон бэлэн мөнгө 12,000,000 төгрөгийг хариуцагч Ж.Жт буцаан өгөх буюу авсан өгснөө харилцан буцаахаар шийдвэр гаргаж өгнө үү.
7.Хариуцагч Ж.Ж нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:... нэхэмжлэгч А.Б нь надаас Ландкрузер-80 маркийн хэрэгслийг үзэж шалгаж байгаад хүлээж авсан ба тухайн машиныг өөрөө жолоодож замын хөдөлгөөнд оролцож, хоёр хоног унаж эдэлж, зориулалтын дагуу тээвэрлэлт хийж явж байсан тул биет байдлын доголдолгүй эд хөрөнгө хүлээж авсан гэж үзнэ. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1 дэх хэсгийн 255.1.1-д заасан Эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн, эсвэл мэдэх боломжтой байхад хүлээн авсан бол худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана гэх үндэслэлээр нэхэмжлэгч А.Б нь гомдлын шаардлага гаргах эрхээ алдсан байна. Арилжааны журмаар солилцож буй хөрөнгийн үнийн зөрүү болох 12,000,000 төгрөгийг миний бие нэхэмжлэгч А.Бд бэлнээр өгсөн тул Иргэний хуулийн 275 дугаар зүйлийн 275.1 дэх хэсэгт заасан шаардлагыг бүрэн хангасан, одоо талуудын хооронд төлбөр тооцоо байхгүй болно. Иймд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3, 251 дүгээр зүйлийн 251.2, 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт заасныг үндэслэн надад холбогдох Тээврийн хэрэгсэл арилжаалах гэрээг цуцалж, авсан өгснийг харилцан буцаах тухай нэхэмжлэгч А.Бгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байна.
8.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
8.1.Нэхэмжлэгч А.Б нь 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хариуцагч Ж.Жтэй харилцан тохиролцож, 28,000,000 төгрөгийн үнэтэй Лексус 470 маркийн тээврийг өөрийнх нь Ландкрузер 80 маркийн тээврийн хэрэгслийг оруулан дээр нь 12,000,000 төгрөг бэлэн мөнгө нэмж өгөөд харилцан солилцож арилжааны хэрэг амаар хийж, Автотээврийн үндэсний төвд очиж харилцан бүртгэл хийлгэн өмчлөгч болсон нь талуудын тайлбар болон , 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр олгосон №06241543 дугаартай Автотээврийн хэрэгслийн гэрчилгээ, 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр олгосон №06241541 дугаартай Автотээврийн хэрэгслийн гэрчилгээ-ээр тус тус нотлогдож байна.
Үүгээр талуудын хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээ байгуулагдсан байна. Арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээнэ.
Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.2 дах хэсэгт зааснаар Арилжааны гэрээгээр талууд нь арилжиж байгаа хөрөнгийн хувьд худалдагч, арилжин авч байгаа хөрөнгийн хувьд худалдан авагч болно.
8.2.Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3 дах хэсэгт Арилжааны гэрээнд худалдах-худалдан авах гэрээний талаарх энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна гэж заасан байна.
Иймээс Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 256 дугаар зүйлийн 256.1-д зааснаар нэхэмжлэгч А.Б нь гэрээний зүйл болох Лексус 470 маркийн автомашины хурдны хайрцаг буюу кроп ажиллахгүй гэмтэл доголдолтой гэж арилжааны гэрээг цуцалж, өгсөн авснаа буцаан гаргуулахыг хүссэн байна.
Гэтэл нэхэмжлэгч А.Б нь тухайн Лексус 470 маркийн автомашины хурдны хайрцаг буюу кроп ажиллахгүй байсан гэх боловч энэ нь хөдлөнгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй боловч нэхэмжлэгч А.Б нь Лексус 470 маркийн автомашины хурдны хайрцаг буюу кроп ажиллахгүй байсан талаар нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болно.
9.Иймд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 274.3, 256 дугаар зүйлийн 256.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ж.Жт холбогдуулан тээврийн хэрэгслийн арилжааны гэрээг хүчингүй болгож, хариуцагч Ж.Жээс Ландкрузер-80 маркийн машиныг буцаан гаргуулан, нэхэмжлэгч А.Б нь Лексус-470 маркийн машин болон бэлэн мөнгө 12,000,000 төгрөгийг хариуцагч Ж.Жт буцаан өгөх буюу авсан өгснөө харилцан буцаалгахыг хүссэн нэхэмжлэгч А.Бгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
10.Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д , Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 297,950 (хоёр зуун ерэн долоон мянга есөн зуун тавин) төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 274.3, 256 дугаар зүйлийн 256.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ж.Жт холбогдуулан тээврийн хэрэгслийн арилжааны гэрээг хүчингүй болгож, хариуцагч Ж.Жээс Ландкрузер-80 маркийн машиныг буцаан гаргуулан, нэхэмжлэгч А.Б нь Лексус-470 маркийн машин болон бэлэн мөнгө 12,000,000 төгрөгийг хариуцагч Ж.Жт буцаан өгөх буюу авсан өгснөө харилцан буцаахыг хүссэн нэхэмжлэгч А.Бгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлүүдэд зааснаар нэхэмжлэгч А.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 297,950 (хоёр зуун ерэн долоон мянга есөн зуун тавин) төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч А.Бгээс 71750 (далан нэгэн мянга долоон зуун тавин) төгрөгийг улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК