| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2018/0359/Э |
| Дугаар | 388 |
| Огноо | 2018-05-22 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | М.Очбадрах |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 388
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,
Нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,
Улсын яллагч М.Очбадрах,
Шүүгдэгч Л.Т,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Тогмид нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Лүндэгийн Түвшинтөрд холбогдох эрүүгийн 1811004530248 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Боржигон овогт Лүндэгийн Түвшинтөр, Монгол Улсын иргэн, 1967 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 51 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дархан-Уул аймаг Дархан сумын 14 дүгээр баг 2 дугаар хороолол 41-6 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 181 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 сар 15 хоног баривчлах ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, /РД:ТЯ67110910/.
Шүүгдэгч Л.Т нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эмон төвийн гадаа байрлуулсан байсан иргэн Г.Даваасүрэнгийн эзэмшлийн 20-30 УНӨ улсын дугаартай автомашинаас гар цүнхтэй эд зүйл хулгайлж 505.900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Л.Т мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...цүнхийг нь хогийн сав руу хийсэн. Тэгээд үлдсэн архи ууж байхад Рэнцогтой тааралдсан. Тэгээд Рэнцог бид хоёр бүрэн плаза төвийн араас яваад 7 буудал руу гартал өөдөөс 2 эрэгтэй ирээд нааш ир гэж дуудсан. Тэгээд миний халаасыг уудлаад халаасанд байсан түлхүүрийн оосорыг авч хараад минийх байна гэж хэлсэн ...” гэсэн мэдүүлэг /хх-28х/,
Шүүгдэгч Л.Төөс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Хүрэн плазагийн хойно машин дотор цүнх байхаар нь дотор нь архи байгаа байх гэж бодоод цүнхийг авсан. Гэтэл архи байгаагүй. Тэгээд цүнхийг хашаа давуулаад шидсэн. Тэгээд байж байтал миний нэг таньдаг залуу архи барьсан зогсож байсан. Тэгээд тэрийг бид хоёр хувааж уусан. Ууж дуусаад дээшээ алхаад явж байхад хохирогчтой таарсан” гэв.
Хохирогч Г.Мөнхдөл мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 16-17 цагийн үед би эхнэр Даваасүрэнгийн хамтаар бараа түгээлтэнд явж байгаад 7 буудалд байх Эмон төвд байрладаг дэлгүүрт хэвийн боов түгээхээр зогссон юм. Тухайн үед машиныхаа кабиныг цоожлоогүй орхисон байсан юм. Тэгээд бараагаа хүлээлцэж дуусчихаад машиндаа суух гэхэд машины урд хэсэгт жолоочийн хажуу талын суудал дээр тавьсан байсан цүнх байхгүй байсан ...Тэгээд Хаан банк руу ороод хяналтын камер шүүж үзье гэхэд Хаан банкны хамгаалагч хийдэг эрэгтэй энэ хавиар архи уугаад явж байдаг Түвшин гэдэг эрэгтэй цүнх аваад хойд зүг рүү явж байсан гэж хэлсэн ...Тэгээд 1 цаг орчмын дараа Бүрэн плазагийн арын гудамжнаас миний эд зүйлийг хулгайлсан залуу гараад ирэхээр нь бариад авсан ...Надад олдоогүй үлдсэн эд зүйлсийн хохирол нь 374.000 төгрөг болсон байна ...” гэсэн мэдүүлэг /хх-12х/,
Гэрч Г.Даваасүрэнгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Хаан банкны хамгаалагч энэ хавиар архи уудаг Түвшин гэх хүн цүнхийг чинь аваад явлаа гэж хэлсэн ...тэр хүнд цүнх байгаагүй миний нэр дээрх Хаан банкны виза карт, машины түлхүүрийн оосор, түрийвчин дотор байсан задгай мөнгөнүүд, утасны жагсаалт бичсэн цаас гарч ирсэн. Тэр хүнийг цагдаа дуудаад өгөөд явуулсан. Цүнхийг хашаа давуулаад шидсэн гэж хэлсэн ба хайгаад олоогүй...” гэх мэдүүлэг /хх-15х/,
Гэрч Д.Рэнцогоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Би 2018 оны 01 сарын 30-ны өдөр 19:00 цагийн үед тамхи олж татах гээд гэрээсээ гараад 7-н буудал орсон. Тэгээд гудамжинд Түвшин ахтай тааралдсан. Тэгээд бид хамт явж байтал гудамжинд үл таних хоёр залуу тааралдаад Түвшин ахыг нэгжээд халаасыг нь уудалсан. Тэгээд энэ залуу миний юмыг авсан байна гээд түлхүүрийн оосор, банкны виза карт, 5000-6000 төгрөг байсныг нь авсан. Тэгээд тэр хоёр залуугийн нэг нь цүнх олоод өгчих хэрвээ олоод өгвөл би нэг шил архи аваад өгье гэсэн. Тэгсэн Түвшин ах би хаана хаяснаа санахгүй байна ...” гэсэн мэдүүлэг /хх-18х/,
Гэрч Д.Баярсайханаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Би Хаан банкны 7 буудал тооцооны төвд харуул хамгаалалтын ажилтнаар ажиллаж байгаад 2018 оны 3 сарын 10-нд ажлаасаа гарсан юм ...2018 оны 01 сарын 30-ны өдөр 16 цагийн орчимд байж байхад 7 буудал орчмоор байнга архи уугаад явж байдаг Түвшин гэдэг нэртэй ах хүрэмнийхээ дотор талд цүнх хийчихсэн бололтой, өвөр нь түнтийсэн, цүнхнийх нь оосор ил харагдаад явж байсан ...ажил тарах дөхөж байхад хоёр эрэгтэй орж ирээд ахаа танай банкны хяналтын камерыг шүүж үзэх гэсэн юмаа, машинаасаа цүнхээ алдчихлаа гэж хэлсэн. Тэгээд би тэр хоёр эрэгтэйд өдөр 16 цагийн орчимд энэ орчмоор байнгын архи уугаад явж байдаг Түвшин гэдэг эрэгтэй зүүн талдаа хүрэм дотуураа юм хийчихсэн, богино хүрэмнийх нь доод талаар хар өнгийн урт оосор унжиж байгаа харагдаж байсан. Тухайн үед Түвшин гэдэг эрэгтэй ганцаараа явж байсан ойр орчимд нь хүн байгаагүй ...” гэсэн мэдүүлэг /хх-19х/,
“Дамно” ХХК-ний 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээ хийсэн тайлан /хх-21-22х/,
Шүүгдэгч Л.Тийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-31х/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-32/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-59-60х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогчийн мэдүүлгээр шүүгдэгч Л.Т нь 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эмон төвийн гадаа байрлуулсан байсан иргэн Г.Даваасүрэнгийн эзэмшлийн 20-30 УНӨ улсын дугаартай автомашинаас гар цүнхтэй эд зүйл хулгайлж 505.900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байна.
Хэрэгт нотлолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Л.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Л.Тд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзээд түүнд 448 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, цагдан хоригдсон 56 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар (56x8=448) тооцож түүнийг ял эдэлсэнд тооцов.
Мөн шүүгдэгч Л.Төөс хохирлын 374.000 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Мөнхдөлд олгож, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.