| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдоны Очмандах |
| Хэргийн индекс | 2406006931151 |
| Дугаар | 2024/ДШМ/1159 |
| Огноо | 2024-10-17 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Мөнхтулга |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 2024/ДШМ/1159
Ж.Т-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Мөнхтулга,
шүүгдэгч Ж.Т, түүний өмгөөлөгч Ц.Шийтэрчулуун, Г.Цолмонгэрэл,
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/897 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Т, түүний өмгөөлөгч Ц.Шийтэрчулуун, Г.Цолмонгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Ж.Т-д холбогдох эрүүгийн 2406006931151 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Ж.Т ..... тоотод оршин суух хаягтай, урьд
1.2009 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн шийтгэл тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар,
2. 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар,
3. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 59 дүгээр шийтгэл тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн;
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.Т- нь 2023 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Да хүрээ захын ойролцоо байхдаа “Ж” банк бус санхүүгийн байгууллагын эзэмшилд байсан 0000 ААА улсын дугаартай Тундра загварын тээврийн хэрэгслийг захиран зарцуулах эрхгүй болохыг мэдсээр байж хохирогч Ц.Б-т өөрийн эзэмшлийнх гэж ойлгуулж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогчоос бэлнээр 21,000,000 төгрөг, “Бонго портер” загварын тээврийн хэрэгслийг 15,000,000 төгрөгөөр тооцож шилжүүлэн авч нийт 36,000,000 төгрөгийн хохирол учруулан залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Ж.Т-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ж.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдыг хуурч бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Ж.Т-ас 47,670,000 төгрөг гаргуулж хохирогч Ц.Б-т олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ж.Т давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие хохирол учруулсандаа гэмшиж, нөхөн төлөхөө илэрхийлж байна. Иймд хорих ялыг өөрчилж, хорихоос өөр төрлийн ял шийтгэж өгөхийг хүсэж байна. ...” гэв.
Шүүгдэгч Ж.Т-н өмгөөлөгч Ц.Шийтэрчулуун давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч бидний зүгээс бусдад хохирол учруулсан үйлдэл, өөрийн гэм бурууд маргахгүй хүлээн зөвшөөрч байгаа. Шүүгдэгчийн хувьд анхан шатны шүүх хуралдааны өмнө хохирогчид хохирлыг төлж чадаагүй бөгөөд хохирлоо төлөхөө илэрхийлсэн боловч шүүхээс түүнийг нь харгалзалгүй ял оногдуулсан байна. Шүүгдэгч өөрт байгаа эд зүйлсээ зарах, бусдаас мөнгө зээлэх, бусдаас авлагаа авах зэргээр хохирогчид учирсан бодит хохирлыг богино хугацаанд төлөхөөр эрмэлзэж байгаа болно. Энэ үйлдэл нь давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө бодитоор биелэх боломжтой гэж үзэж байна.
Мөн шүүгдэгч нь хувийн байдлын хувьд эхнэр болон 3-13 насны 3 хүүхдийн хамт амьдардаг, А ХХК-д жолооч ажилтай, тодорхой оршин суух хаягтай. Мөн хавтаст хэргийн материалтай танилцахад Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдлүүд байгааг харгалан үзэж зөвтгөх шаардлагатай гэж үзэж байна.
Яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолд гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг 2023 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр гэсэн. Бодит байдалд хохирогч 2023 оны 4 дүгээр сарын 23-аас мөн оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүртэл 5 удаагийн үйдлээр нийт 21,000,000 төгрөгийг шүүгдэгч Ж.Т-д шилжүүлсэн байна. Мөн 15,000,000 төгрөгийн үнэлгээтэй гэх Бонго маркын тээврийн хэрэгслийг 2023 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр биет байдлаар нь өгсөн боловч түүнээс хойш Өмнөговь аймагт байх нотариатаар орж хохирогчийн дүү гэх хүн шүүгдэгчид шилжүүлж өгч байсан байна. Үүнээс дүгнэхэд дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасан үргэлжилсэн гэмт хэрэг байна. Гэтэл энэ талаар шийтгэх тогтоолд дурьдаагүй. Мөн хохирогчийн шүүгдэгчид шижлүүлж өгсөн гэх Бонго загварын тээврийн хэрэгслийг 15,000,000 төгрөгөөр тооцож шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Гэтэл уг тээврийн хэрэгслийн улсын дугаар, үйлдвэрлэсэн он, Монгол Улсад орж ирсэн он зэрэг ямар ч мэдээлэл байхгүй бөгөөд бодит хохирлыг тогтоохын тулд шинжээч томилж бодит хохирлыг тогтоох шаардлагатай байсан. Авто тээврийн үндэсний төвөөс 0000 ААА улсын дугаартай тээврийн хэрэгсэл /хавтаст хэрэгт байгаа ХУР системээс авсан лавлагаанд 0000 ААА улсын дугаартай тээврийн хэрэгсэл Тоёота приус загварын машин гэж харагдаж байна/ болон дээрх Бонго загварын тээврийн хэрэгслийн эзэмшигчдийн түүхчилсэн лавлагааг гаргуулах шаардлагатай байсан.
Шүүгдэгч Ж.Т-н зүгээс хохирогчид учруулсан хохирлоо төлж байрагдуулахаа илэрхийлж байгаа тул түүний үйлдсэн гэмт хэргийн шинж байдал, хохирлоо төлсөн, төлөхөө илэрхийж байгаа байдал, тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэг, бага насны 3 хүүхэдтэй зэрэг нөхцөл байдлыг харгалзан 2 жилийн хугацаагаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Ж.Т-н өмгөөлөгч Г.Цолмонгэрэл давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэг. Шүүхийн тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тухай:
3. Эрэн сурвалжлах ажиллагаа хуульд нийцээгүй: Ж.Т-ыг 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан байх ба БЗДЦГ-с 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр эрэн сурвалжилсан байна.
Хоёр. Хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн: Шүүх хуралдааны үеэр хохирогчийн гаргаж өгсөн 11,670,000 төгрөгийн баримтыг шууд хохирлын хэмжээнд оруулан тооцсонд гомдолтой байна. Тухайн засвар яг тухайн машинд хийгдсэн эсэх, энэ нь нотлох баримт, гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон эсэх үнийн дүн зах зээлийн бодит ханштай нийцсэн эсэх гээд шүүхийн шатанд тогтоох боломжгүй, тусгай мэдлэг шаардсан нөхцөл байдал байсан бөгөөд шүүгдэгч болон прокурорын зүгээс тус хохирлыг хохиролд тооцохыг эсэргүүцэж байсан байна. Иймд шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хохирлыг иргэний журмаар жич нэхэмжлэхээр үлдээж өгнө үү. Дээрх нөхцөл байдал нь миний үйлчлүүлэгчийн үйлдсэн гэмт хэргийн байдлыг үнэн бодитоор тогтоох, шүүхээс ял оногдуулахад нөлөөлсөн байх тул холбогдох нөхцөл байдлыг залруулан түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Прокурор Б.Мөнхтулга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Ц.Шийтэрчулуун өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх талаар дурдаж байна. Анхан шатны шүүхэд хохирол төлбөр төлсөн баримт байгаагүй. Нийт 47,670,000 төгрөгийн хохиролтой байсан. Шүүх хувийн байдал, хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан 2 жилийн хорих ял оногдуулсан. Давж заалдах шатны шүүх хуралдаанаар хохирогч хүсэлтээ гараар бичиж өгсөн байна. Хохирол төлбөр дээр гомдол санал байхгүй гэж байна. Ийм учраас эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх боломж харагдаж байна.
Г.Цолмонгэрэл өмгөөлөгч анхан шатны шүүх буруу зөрүүтэй шийдвэр гаргасан гэж гомдолдоо дурдаж байна. Хэргийн үйл баримтад тээврийг хэрэгслийн гэрчилгээ хохирогч Б-т гаргаж өгсөн зүйл байдаггүй. Энэ талаар хохирогчийн мэдүүлэгт тодорхой байдаг. Зээлийн барьцаанд байгаа талаараа хэлдэггүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Тээврийн хэрэгслийн өмчлөгч нь Ж.Т байсан гэдэг боловч банк бус санхүүгийн байгууллагад өмчлөх эрхийн бүртгэлтэй байсан тул өмгөөлөгч Г.Цолмонгэрэлийн гомдол бүхэлдээ үндэслэлгүй. Өмгөөлөгч Ц.Шийтэрчулууны давж заалдах гомдлыг хүлээн авах нөхцөл байдал тогтоогдож байгаа учраас татгалзах зүйл байхгүй. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Ж.Т-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ давж заалдсан гомдлуудын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилгүй байна.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судалж үзэхэд;
Шүүгдэгч Ж.Т нь 2023 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр “Ж” банк бус санхүүгийн байгууллагын эзэмшилд байсан 0000 ААА улсын дугаартай Тундра загварын тээврийн хэрэгслийг өөрөө захиран зарцуулах эрхгүй болохоо мэдсээр байж, хохирогч Ц.Б-т өөрийн эзэмшлийнх гэж ойлгуулан төөрөгдөлд оруулж, түүнээс бэлнээр 21,000,000 төгрөг, “Бонго портер” загварын тээврийн хэрэгслийг 15,000,000 төгрөгөөр тооцож шилжүүлэн авч нийт 36,000,000 төгрөгийн хохирлыг учруулан залилсан болох нь:
хохирогч Ц.Б-ийн ”...Да хүрээ зах дээр явж байгаад Тундра маркийн
0000 ААА улсын дугаартай саарал өнгийн тээврийн хэрэгслийг 21,000,000 төгрөгийг
бэлнээр, Бонго маркийн тээврийн хэрэгслийг 15,000,000 төгрөгөөр бодож Т гэдэг хүнээс
худалдаж авсан. ...Т гэдэг залуу дугаараа аваад нэр шилжүүлэхдээ гэрчилгээг өгнө гэж хэлсэн. Өөрийн 5006хххххххх тоот данснаас Т гэдэг хүний 562хххххххх тоот данс руу 2023 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 10,000,000, 5,000,000 төгрөгөөр 2 удаа, 2023 оны 5 дугаар сарын 8-ны өдөр 900,000, 100,000 төгрөгөөр 2 удаа, 2023 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 1,000,000 төгрөг, 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 4,000,000 төгрөгийг тус тус Да хүрээ зах дээр байхдаа шилжүүлсэн. Бонго машиныг авч явахдаа Да хүрээ зах дээр үлдээгээд 2023 оны 6 дугаар сард Өмнөговь аймгийн нотариатын газарт Т-тай худалдах, худалдан авах гэрээ хийгээд өгсөн. Үүнээс хойш Т-аас машины гэрчилгээг шилжүүлж өгөөч гэхэд машины дугаараа авч үлдэх гэсэн чинь болохгүй байна гэсэн шалтаг хэлж байсан. Тэгээд 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байрнаас гарч ирэхэд Тундра 0000 ААА улсынд дугаартай машин алга болсон байхаар нь цагдаад хандахад ЖЭ капитал гэсэн банк бус санхүүгийн байгууллагаас машиныг өрөндөө аваад явсан байна гэж цагдаагийн байгуулагаас хариу өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/,
хохирогч Н.Б-ийн Хаан банк дахь 5006хххххххх тоот данснаас 6 удаагийн гүйлгээгээр Ж.Т-н Хаан банк дахь 562хххххххх тоот данс руу нийт 21,000,000 төгрөг шилжүүлсэн баримт /хх-ийн 10-15/,
шүүгдэгч Ж.Т-н Хаан банкны 5169хххххх, 5302хххххх, 562хххххххх, 5622ххххххх, 5622ххххххх, 5622ххххххх тоот данснуудад үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 36-37/ зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Ж.Т-н “Ж” банк бус санхүүгийн байгууллагын өмчлөлд 0000 ААА улсын дугаартай Тундра загварын тээврийн хэрэгсэл байгаа, өөрөө захиран зарцуулах (зарах) эрхгүй болохоо мэдсээр байж “иргэн Ц.Б-т өөрийн эзэмшлийнх, дугаараа авахдаа шилжүүлж өгнө” гэж бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж, Ц.Б-ээс 36,000,000 төгрөгийг нь авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “...хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох ...замаар төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан...” гэсэн шинжийг бүрэн агуулжээ.
Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн Ж.Т-н үйлдсэн хэргийг зүйлчилж, ял оногдуулсан байна.
Шүүх Ж.Т-н хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн хэр хэмжээг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял...”-уудаас хорих ялыг сонгож, 2 жилийн хугацаагаар оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.
Иймд шүүгдэгч Ж.Т-н хорихоос өөр төрлийн ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Шийтэрчулууны тэнсэх эрүүгийн хариуцлага оногдуулах талаар гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Харин шүүгдэгч Ж.Т нь давж заалдах шатны шүүх хуралдаан болохоос өмнө хохирол төлсөн, хохирогч Ц.Б-ийн “...миний бие Ж.Т-ас хохирлыг бүрэн төлүүлж, барагдуулж авсан тул цаашид нэхэмжлэх зүйл байхгүй. Ж.Т-д оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү. ...” гэсэн хүсэлт зэргийг харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цолмонгэрэл, Ц.Шийтгэрчулуун нарын давж заалдах гомдлын ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн хэсгийг хүлээн авч анхан шатны шүүхээс Ж.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хоёр жилийн хорих ялыг нэг жилийн хугацаагаар хорих ял болгон хөнгөрүүлэхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ж.Т нь шийтгэх тогтоол гарсан 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэсэн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл нийт 66 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/897 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...шүүгдэгч Ж.Т-д 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял...” гэснийг “...шүүгдэгч Ж.Т-д 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Т-н 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 66 /жаран зургаа/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ