| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/0816/Э |
| Дугаар | 888 |
| Огноо | 2018-06-15 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Ч.Алтансүх |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 888
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч С.Өсөхбаяр, Э.Чингис нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин,
Улсын яллагч Ч.Алтансүх,
Иргэдийн төлөөлөгч Д.Алтансүх,
Шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч А.Мөнхсайхан /ҮД:0741/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Бд холбогдох 1806 02555 0726 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг харъяаллын дагуу 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Т аймгийн А суманд 19 оны 0 дугаар сарын 0-ний өдөр төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Төв аймгийн Архуст сумын 1 дүгээр фермд амьдарч байсан гэх, оршин суух тодорхой хаяггүй, улсаас авсан шагналгүй, урьд нь:
Урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 1997 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 379 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 821 дугаартай шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2006 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж байсан, М.Б /РД:УХ/,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
М.Б нь 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, “ФМ-104.5 радио” гэх газрын хойд талд байрлах түүхий эдийн цэг авах хашааны урд иргэн Б.Сүхбаатартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний цээжний зүүн хэсэг рүү 1 удаа хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Бы өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Сүхбаатарын өгсөн: “... Дүү Отгонбаатарын хамт 19 цагийн үед 104.5 фм-ийн хойд талд байрлах түүхий эд авах цэгт түүсэн эд зүйлээ өгөх гэхэд авдаг хүн нь байхгүй байсан. Шуудайтай зүйлээ үлдээчихээд гарч яваад шил лааз түүдэг Баагий гэх залуутай тааралдсан бөгөөд Баагий зүс таних залуутай хамт явж байсан. Энэ үед Баагийгийн эхнэр ирэхэд Баагий халааснаасаа 100 граммын хэмжээтэй жижиг шилтэй архи гаргаж ирээд эхнэртээ өгөхөөр нь би ганц балгачихья гэж хэлэхэд Баагий дургүйцсан. Тэгэхээр нь би Баагийд хандаж “та нараас архи, тамхи харамладаггүй шүү” гэж хэлсэн. Үүнээс болж Баагий бид хоёр маргалдсан бөгөөд Баагий халаасаа ухаж байгаад намайг цохих шиг болсон ба миний цээжний орчим халуу дүүгээд байхаар нь гараараа тэмтэрч үзэхэд гар цус болсон. Тэгээд би цамцаа сөхөж үзэхэд миний цээжнээс цус гоожиж байсан... Баагий гараа буцаж татахад гарт нь хутга байсан.” гэх мэдүүлэг /хх.9-13/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Отгонбаатарын өгсөн: “... Баагий гэх эрэгтэй урдаас ирээд ах бид хоёртой юм яриад зогсож байтал урдаас нэг зүс таних гороо түүдэг эгч иртэл Баагий гэх ах карманаасаа жижиг савтай шингэн зүйл гаргаж ирээд тэр эгчид өгсөн. Тэгсэн чинь манай ах Сүхбаатар наадахаасаа 1 балгуулчих гэж хэлсэн. Гэтэл Баагий гэх ах манай ахыг уу гэж хэлсэнээ өгөхгүй байхаар нь манай ах Сүхбаатар “би та нараас юм харамладаггүй шүү” гэж хэлтэл Баагий гэх ах зүүн шуунаасаа бор өнгийн иштэй хутга гаргаж ирээд Сүхбаатар ахын зүүн суганы доод хэсэгт хутгалахаар нь манай ах зайгаа барьж холдтол дахин хутгалах гэхээр нь хажуу талаас жижиг чулуу аваад Баагий гэх ахын гэдэс рүү цохин болиулж над руу дайрахаар нь би зайгаа авсан.” гэх мэдүүлэг /хх.14-15/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ү.Мөнхнасангийн өгсөн: “Б.Сүхбаатарын биеийн байдал хүндэвтэр, цээжний зүүн талд суганы урд шугамаар 3, 4 дүгээр хавирганы завсар хатгагдсаж нэвтэрсэн шархтай, цээжний хөндийн цус хуралттай, уушиг наалдацтай, биеийн байдал хүнд, амь насанд аюултай байна” гэх мэдүүлэг /хх.16-17/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Сүхбаатарын өгсөн: “2018 оны 03 сарын 17-ны орой 20 цагийн үед түргэн тусламжийн машинаар Бямбаа овогтой Сүхбаатар гэх хүн согтуу, цээжний зүүн талын 3-4-р хавирганы түвшинд 1,5-2 см өргөнтэй, дээрээсээ доош чиглэлтэй шархтай ирэх үед эмнэлгийн анхны тусламж үзүүлж оёдол боолт хийгээд зохих шаардлагатай шилжилгээнүүдийг хийсэн, ирсэн даруй өвчтөний шархыг шалган, цээж гэрэлд харахад цээжний хөндийд хуралдсан хий шингэн байгаагүй, гэхдээ өвчтөнийг яаралтай тусламжийн тасагт хэвтүүлэн зохих эмчилгээнүүдийг хииж, ажиглалт хийсэн. Тэр орой 23 цагт мөн дараа өдрийн өглөө давтан цээж гэрэлд харсан, цээж гэрэлд харахад цээжний хөндийд хий байхгүй шингэн нэмэгдээгүй байсан. Тухайн үед нь өвчтөнийг цааш хэвтэн эмчлүүлэх шаардлагатайг өөрт нь хэлсэн боловч өвчтөн татгалзаж гэртээ байна гэхээр нь би өвчтөн Сүхбаатарт дүүргийн эмнэлгийн эмчийн хяналтад өдөр болгон үзүүлж эсвэл манай эмнэлэгт ирж үзүүлж бай гэж хэлээд гаргасан боловч ирэхгүй байж байгаад 5 хоногийн дараа түргэн тусламжаар дахин ирсэн. Тэр үед би жижүүрээс буугаад явсан байсан, манай эмч Мөнхнасан хүлээн авч маргааш өглөө нь би ирээд яаралтай хагалгаанд оруулж хэвтэн эмчлүүлээд 2018 оны 04 сарын 04-ний өдөр өөрийн хүсэлтээр эмнэлгээс гарсан, гэх мэдүүлэг /хх.18-19/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлэгийн шинжилгээний газрын шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 4058 дугаартай:
1. Б.Сүхбаатарын биөд цээжний зүүн талд суганы урд шугамаар 3-4-р хавирганы завсраар цээжний хөндийд нэвтэрсэн хатгагдсан шарх, цээжний зүүн хөндий дэх цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
З. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.27/,
Мөрдөн шалгах ажиллагаанд М.Бы яллагдагчаар өгсөн: “2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 16 цагийн үед Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, ФМ-104,5-ын хойд талд байрлах түүхий эд авах цэгийн урд нилээн халамцуу хүн хүлээгээд сууж байтал Сүхбаатар дүү Оогийтой ирсэн. Тэгээд “чи манаи дүүг яагаад зоддог юм бэ?” гэж хэлэхээр нь “би зодоогүй” гэж хэлсэн чинь “чи нүүр нүдийг нь хар” гээд намайг заамдан авахаар нь барьцалдаж авсан. Тэр үед би өөрийгөө тавиулах гэж халаасанд байсан хутгаараа шууд суган доор нь нэг удаа хатгаад тавиулсан. Тэгээд би хүлээж байсан хүнтэйгээ уулзаад явах замдаа хутгаа хашаа давуулж шидээд явсан. Маргааш өдөр нь буюу 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр түүхий эд авдаг цэг дээрээ яваад очсон чинь “чамтай зодоон хийгээд байсан Сүхбаатар чамд хутгалуулаад дотуур цус алдагдалтай түргэн тусламжаар явсан” гэж надад хүмүүс хэлсэн.” гэх мэдүүлэг /хх.84-85/,
Хохирогч Б.Сүхбаатарын гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт зэрэг болно /хх.110/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
М.Б нь 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, “ФМ-104.5 радио”-гийн байрны урд талд байрлах түүхий эдийн цэг авах хашааны урд иргэн Б.Сүхбаатартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний цээжний зүүн хэсэг рүү 1 удаа хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Сүхбаатарын өгсөн “... Баагий бид хоёр маргалдсан бөгөөд Баагий халаасаа ухаж байгаад намайг цохих шиг болсон ба миний цээжний орчим халуу дүүгээд байхаар нь гараараа тэмтэрч үзэхэд гар цус болсон. Тэгээд би цамцаа сөхөж үзэхэд миний цээжнээс цус гоожиж байсан... Баагий гараа буцаж татахад гарт нь хутга байсан.” гэх /хх.9-13/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Отгонбаатарын өгсөн: “... Баагий гэх ах зүүн шуунаасаа бор өнгийн иштэй хутга гаргаж ирээд Сүхбаатар ахын зүүн суганы доод хэсэгт хутгалахаар нь манай ах зайгаа барьж холдтол дахин хутгалах гэхээр нь хажуу талаас жижиг чулуу аваад Баагий гэх ахын гэдэс рүү цохин болиулж над руу дайрахаар нь би зайгаа авсан.” гэх /хх.14-15/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ү.Мөнхнасангийн өгсөн “Б.Сүхбаатарын биеийн байдал хүндэвтэр, цээжний зүүн талд суганы урд шугамаар 3, 4 дүгээр хавирганы завсар хатгагдсаж нэвтэрсэн шархтай, цээжний хөндийн цус хуралттай, уушиг наалдацтай, биеийн байдал хүнд, амь насанд аюултай байна.” гэх /хх.16-17/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Сүхбаатарын өгсөн “2018 оны 03 сарын 17-ны орой 20 цагийн үед түргэн тусламжийн машинаар Бямбаа овогтой Сүхбаатар гэх хүн согтуу, цээжний зүүн талын 3-4-р хавирганы түвшинд 1,5-2 см өргөнтэй, дээрээсээ доош чиглэлтэй шархтай ирэх үед эмнэлгийн анхны тусламж үзүүлж оёдол боолт хийгээд зохих шаардлагатай шилжилгээнүүдийг хийсэн...” гэх мэдүүлэг /хх.18-19/,
Мөрдөн шалгах ажиллагаанд М.Бы яллагдагчаар өгсөн “... Тэгээд “чи манай дүүг яагаад зоддог юм бэ?” гэж хэлэхээр нь “би зодоогүй” гэж хэлсэн чинь “чи нүүр нүдийг нь хар гээд намайг заамдан авахаар нь барьцалдаж авсан. Тэр үед би өөрийгөө тавиулах гэж халаасанд байсан хутагаараа шууд суган доор нь нэг удаа хатгаад тавиулсан. Тэгээд би хүлээж байсан хүнтэйгээ уулзаад явах замдаа хутгаа хашаа давуулж шидээд явсан.” гэх мэдүүлэг /хх.84-85/,
Шүүгдэгч М.Бы гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлэгийн шинжилгээний газрын шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 4058 дугаартай дүгнэлт /хх.27/ болон хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
М.Бы үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт М.Быг холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд М.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинж болон “Энэ гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдэх” гэсэн хүндрүүлэх шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцсон болно.
Хохирогч Б.Сүхбаатар нь хүсэлтдээ “санал хүсэлтгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн, мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхэд гэм хорын хохирол нэхэмжлээгүй тул М.Быг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хохирогч Б.Сүхбаатар нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан эрүүл мэндийн хохирол, хор уршигийн зардалыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох М.Баас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
М.Бы “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж, мөн хэсгийн 1.4 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэж тус тус заажээ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ М.Бы үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, бусдад төлөх төлбөргүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял буюу тухайн гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулахаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хэмжээний хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
М.Бд эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч М.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэрээр урьд нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдвал зохино.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. М.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.Бд 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, М.Бд оногдуулсан 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. М.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5. М.Б нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч Б.Сүхбаатар нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан эрүүл мэндийн хохирол, хор уршигийн зардалыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох М.Баас жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, М.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОДОНТУУЛ
ШҮҮГЧИД С.ӨСӨХБАЯР
Э.ЧИНГИС