Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 101

 

Т..............ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Г..............эд холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06ы өдрийн 142/ШШ2020/00890 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Т..............ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Г..............эд холбогдох,

“Зээлийн гэрээний үүрэг 16.420.000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг,

Нэхэмжлэгч Т..............ийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 07 дугаар сарын 23ы өдөр хүлээн авч, шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.............., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат, нарийн бичгийн дарга Д.Одончимэг нар оролцов.

Нэхэмжлэгч Т.............. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Г.............. нь надаас 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 1 сарын хугацаатай 10,0 сая төгрөгийг өдрийн 0,6%-ийн хүүтэй зээлж авсан. Дараа нь 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 3,0 сая төгрөг зээлж авсан юм. Тухайн үедээ бараа материал нийлүүлэх гэсэн юм гээд авсан. Гэтэл одоо хүртэл мөнгийг минь өгөхгүй байна. 2019 оны 10 дугаар сарын 30-нд Г.............. бид 2 зээлийн гэрээндээ нэмэлт өөрчлөлт оруулж хугацаа хүүн дээр дахин тохиролцоо хийж бичгээр баталгаажуулсан. Иймд Г..............ээс үндсэнгээс 13.000.000 сая төгрөг хүү 3.420.000 төгрөг бүгд 16.420.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.............. шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч Т..............ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие Т..............ээс 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 10.000.000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 3.000.000 төгрөг зээлсэн нь үнэн. Зээлсэн мөнгөнөөсөө 5.500.000 төгрөгийг төлсөн болно. Одоо үлдэгдэл мөнгө 7.500.000 төгрөг төлөх үлдэгдэлтэй байгаа болно. Бид хүү тохирсон гэрээ анхнаасаа хийгээгүй. Анх 10.000.000 төгрөг өгөхдөө хүүтэй гэж байсан боловч энэ талаар бичгээр гэрээ хийгээгүй. Дараа нь авсан 3.000.000 төгрөгөнд мөн гэрээ хийгээгүй болно. Сүүлд 0.6 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай авсан нь үнэн болно гэх бичгийг 2 хүн дагуулан ирж айлгаж дарамталж байгаад хийлгүүлж авсан ба уг бичгийг хийлгүүлж авахдаа мөнгө авсныг баталгаажуулж байгаа баримт гэж хэлж байсан. Хүү болох 3.420.000 төгрөгийг зөвшөөрөхгүй байна. Өмнө энэ хүнээс 3 удаа мөнгө өндөр хүүтэй зээлж авч байсан ба дахин өндөр хүүтэй мөнгө зээлэх боломжгүй байсныг өөрөө сайн мэдэж байсан атлаа намайг Цагдаагийн газарт 18.000.000 төгрөг зээлсэн гэж гүтгэж, залилсан гэж шалгуулж байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06ы өдрийн 142/ШШ2020/00890 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1.-д заасныг тус тус баримтлан хариуцагч Г..............ээс 7.500.000 төгрөг гаргуулан Т..............т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8.920.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240.150 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Г..............ээс 134.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Т.............. давж заалдсан гомдолдоо:

Хариуцагч надаас 13 сая төгрөг зээлсэн гэдгээ болохоо түүнийг төлөх ёстой гэдгээ өөрийн гараар бичиж илэрхийлсэн байгаа энэ баримтыг үндэслэж шүүх миний нэхэмжлэлийг бүрэн хангах ёстой байсан. Шүүх нотлох баримтыг буруу үнэлсн гэж бодож байна. Би маш их гомдолтой байна. Иймд хэргийг хянаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Т.............. нь хариуцагч Г..............эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 16.420.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1.-д заасныг тус тус баримтлан хариуцагч Г..............ээс 7.500.000 төгрөг гаргуулан Т..............т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8.920.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Г.............. нь нэхэмжлэгч Т..............ээс 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 10.000.000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 3.000.000 төгрөг тус тус зээлжээ.

Нэхэмжлэгч Т..............ийн ХААН банкны 5094195946 дугаар дансанд Г..............ээс 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 5 сая төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 500.000 төгрөг нийт 5.500.000 төгрөг тус тус шилжүүлжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Г.............. нь 13 сая төгрөгийг 6 сарын хугацаатай 2 хувийн хүүтэй төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн нэхэмжлэгчид төлсөн 5.500.000 төгрөгнөөс хүү 1.560.000 төгрөгийг хасч үлдэх 3.940.000 төгрөгийг 13.000.000 төгрөгнөөс хасч 9.060.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч Т..............ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 157.670 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь  хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06ы өдрийн 142/ШШ2020/00890 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг “... Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1.-д заасныг тус тус баримтлан хариуцагч Г..............ээс 7.500.000 төгрөг гаргуулан Т..............т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8.920.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг “... Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1.-д зааснаар хариуцагч Г..............ээс 9.060.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т..............т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7.360.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж,

Шийдвэрийн 2 дугаар заалтыг “... нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240.150 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Г..............ээс 134.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай ...” гэснийг “... нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240.150 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Г..............ээс 159.910 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай...” гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгч Т..............ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 157.670 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.ОЮУНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД                                                          С.УРАНЧИМЭГ

                                                                                    Б.БАТТӨР