Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 301/ШШ2025/00480

 

 

 

 

 

2025 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 301/ШШ2025/00480

Архангай аймаг

 

 

 

 

 

 

  

                                                      301/ШШ2025/00480

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Орхонтамир даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: А аймаг, Э сум, 1 дүгээр баг, ... дугаар байр, ... дугаар орц, ... тоотод оршин суух А  овогт Б-ын Э  /РД:......../ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А аймаг, Ө сум, ...дүгээр баг, Б  гэх газарт оршин суух Д  овогт Б-н Г  /РД:АД..../-д холбогдох

Хохирол 10,750,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Б, гэрч Э.Б , С.Н , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Булган-Эрдэнэ нар оролцов.

Хариуцагч Б.Г-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг нэг шүүх хуралдаанаар шийдвэрлэхээр хуульд зааж өгсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 752 , 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсгүүдэд тус тус зааснаар хариуцагч Б.Гантулгын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Э-ын хариуцагч Б.Г-д холбогдуулан гаргасан 10,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй гэж үзлээ.

 

            2. Нэхэмжлэгч Б.Э дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

“...Б.Г нь 2025 оны 2 дугаар сарын 24-ний өдөр манай ажил дээр ирж миний 0000 улсын дугаартай, Тоёото ланд крузер Прадо /Toyota land cruiser Prado/ маркийн автомашиныг үзэж, 19.500.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Б.Г нь машиныг худалдаж авахаасаа өмнө машины бүх эд ангийг үзэж шалгаж авсан. Б.Г миний машиныг худалдаж авахдаа автомашины үнэ 19.500.000 төгрөгийг 2 хувааж буюу 2025 оны 3 дугаар сарын 25-нд 5.000.000 төгрөгийг, үлдэгдэл 14.500.000 төгрөгийг 2025 оны 4 дүгээр сарын 25-нд өгөхөөр харилцан тохиролцсон боловч энэ хугацаанд ганц ч төгрөг өгөөгүй Сүүлд би Б.Г-тай 2025 оны 5 дугаар сарын 9-ний өдөр Тэрх худалдааны хажууд МЖ төвийн урд таарч машины үнийг нэхэхэд “Би машины үнийг төлөх боломжгүй, та машинаа ав” гэж хэлэхээр нь Б.Г-ас автомашины үнийг удаа дараа шаардсан ч ганц ч төгрөг өгөөгүй, цаашид өгөхгүй нь тодорхой болсон тул би унаж явсан машиныг нь авсан. Тухайн үед машины моторыг нь боочихсон, мотор нь салганаж чичрээд маш их эвдрэл, доголдолтой болсон байсан. Энэ талаараа Б.Г-д хэлэхэд юу ч дугарахгүй байсан. Тэгэхээр нь би холбогдох газар нь хандана гэдгээ хэлээд машинаа аваад явсан. Би Б.Г-ас авсан машиныхаа моторыг засварчинд үзүүлэхэд моторыг нь шинээр солихоос өөр аргагүй болгосон байна гэж хэлсэн. Тэгээд би Улаанбаатар хот руу явж 8.700.000 төгрөгийн сервис үйлчилгээ хийлгэж, нийт ажлын хөлсөнд 550.000 төгрөг /мотор солих ажлын хөлсөнд 450.000 төгрөг, бусад эд ангийг сольсны хөлсөнд 100.000 төгрөг/ төлсөн. Мөн дөрвөн амортизаторыг шинээр сольсон ба ажлын хөлстэйгөө нийлээд 1.500.000 төгрөг болсон. Миний бие Б.Г-тай байгуулсан худалдах худалдах гэрээнээс татгалзаж, үүнээс болж учирсан хохиролд Б.Г-ас сервис үйлчилгээ хийлгэсний төлбөр 8.700.000 төгрөг, мотор солих ажлын хөлсөнд 450.000 төгрөг, бусад эд ангийг сольсны хөлсөнд 100.000 төгрөг, дөрвөн амортизатор болон түүнийг сольсон ажлын хөлсөнд 1,500.000 төгрөг, нийт 10.750.000 төгрөг нэхэмжилж байна. Иймд Б.Г-ас 10.750.000 төгрөг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч Б.Г дараах үндэслэлээр нэхэмжлэлийг үгүйсгэсэн. Үүнд: Хариуцагч Б.Г миний бие нэхэмжлэгч Б.Э-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр тухайн автомашиныг 19 500 000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож 2025 оны 03 сарын 25-ны өдөр 5 000 000 төгрөг, үлдэгдэл 14 500 000 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр өгөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Тухайн автомашиныг худалдаж авсны дараагаар буюу 2025 оны 03 дугаар сарын 10-ны үеэр А аймгийн төвд унаж явж байх үед мотор нь халаад байхаар нь засвар хийдэг О.Лундаа гэдэг хүнд үзүүлэхэд моторын кришикны жийрэг нь үлээсэн байна гэсэн. Тэгээд А аймгийн төвөөс кришикны жийрэгийг 70 000 төгрөгөөр худалдан авч О.Лундаа гэдэг засварчинд ажлын хөлсөнд 500 000 төгрөгийг бэлнээр өгч засварлуулсан. Тэгээд 2 хоногийн дараагаар А аймгийн Ө сумын төв рүү тухайн машиныг унаж гэр бүлийн хамт яваад тухайн суманд очоод унтраагаад буцаад асаах гэтэл огт асахгүй байсан. Тэгэхээр нь О.Л  гэдэг засварчин руу видеогоор ярьж утсаар харуулахад тагийг нь аваад үзүүл гэхэд нь үзүүлэхэд моторын дээд эд ангийн боолт нь тасраад уначихсан байсан. Тэгээд тэнд нь засуулах боломжгүй, Ө сумаас аймагт авчирч чадахгүй байсаар 1 сарын тал хугацаа өнгөрсөн. Үүний дараагаар О.Л  гэдэг засварчныг сум руу гуйж байгаад авч яваад дээд ангийг нь тайлуулж А аймгийн төвд ирээд сэлбэгүүдийг нь нийт 340 000 төгрөгөөр Улаанбаатар хот руу захиалж авсан. Сэлбэгийг тухайн засварчны хамт дахин сум руу авч яван тэнд нь янзлаад А аймгийн төв рүү унаж ирэхэд моторын хүч нь зүгээр байсан жаахан догол байсан тэрийг нь засварчин хүмүүсээс асуухад шинэ клапан тавьсан учраас жигдрэх хүртлээ жаахан догол байдаг гэж байсан. А аймгийн төвд ирээд 14 хоногийн дараагаар Тэрх худалдааны төвийн гадна зогсоол дээр байхад Б.Э нь над дээр ирээд машинаас дөнгөж буунгуут зээл чинь юу болж байна гэж асуусан. Тэгэхээр нь зээл жаахан бүтэхгүй байна, удаахгүй бүтээгээд өгье гэж хэлэхэд машинаа шууд унаад явчихсан. Миний бие тухайн автомашинд 340 000 төгрөгийн сэлбэг, кришикний жийрэг 70 000, 4 ширхэг севчэ 160 000 төгрөг, засварчны ажлын хөлсөнд нийт 2 удаагийн засвар үйлчилгээний хөлс 800 000 төгрөг зарцуулсан. Гэтэл нэхэмжлэгч Б.Э нь засвар үйлчилгээ хийлгэчихсэн байхад машинаа авч явчихаад надаас 10 750 000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь миний бие тухайн автомашиныг анх худалдаж авахдаа мэргэжлийн засвар үйлчилгээнд үзүүлээгүй авсан бөгөөд анхнаасаа мотор нь доголдолтой байсан гэж бодож байна. Би хөдөө уул хадаар яваагүй, аймгийн төвд л унаж байхад анх эвдэрсэн. Миний бие нэхэмжлэгчийн нэхэмжлээд буй 8 700 000 төгрөгийн сервис үйлчилгээ, мотор солих ажлын хөлс 450 000 төгрөг, бусад эд анги сольсны хөлс 100 000 төгрөг, 4 ширхэг амартизатор, ажлын хөлс 1 500 000 төгрөг нийт 10 750 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэгч 8 700 000 төгрөгөөр яг ямар сервис үйлчилгээ хийлгэсэн нь тодорхойгүй, надаас машинаа буцааж авахад бусад эд анги, 4 ширхэг амартизатор зэрэг нь ямар ч асуудалгүй, зүгээр байсан. Зүгээр хэвийн байсан эд ангиудыг сольчихоод намайг эвдэлсэн гэж үзэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Надаас машинаа аваад явахдаа тухайн машинд ямар эвдрэл гэмтэл гарсныг шалгаж үзэлгүй авч явчихаад надаас нэхэмжилж байгаа нь бодит байдалд нийцэхгүй байна. Магадгүй надаас авч явсны дараагаар өөрөө тухайн автомашины эд ангиудыг эвдэлж гэмтээсэн байхыг үгүйсгэхгүй юм. Миний бие нэхэмжлэгчтэй анх наймаа хийгээд машиныг нь авч явсан нь үнэн. Эвдрэл гэмтэл гараад мөн миний зээл бүтэхгүй мөнгийг нь өгч чадахгүй байсан. Миний зүгээс нэхэмжлэгчтэй уулзаж ярилцаад тодорхой хэмжээний боломжит зардал мөнгийг төлөхөд татгалзах юм байхгүй. Нэгэнт хүний юмыг авч яваад хэрэглэсэн нь үнэн учраас нэхэмжлэгчтэй эвлэрэн хэлэлцэх боломжтой гэж үзэж байна. Миний бие тухайн автомашинд 10 750 000 төгрөгийн хохирол учруулаагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.... гэжээ.

 

4. Нэхэмжлэгч Б.Э-ын  хариуцагч Б.Г-ас  10,750,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Б.Г бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, би уг машинд сольсон гэх бүх эд ангиудыг эвдээгүй гэж маргаж байна.

 

5. Хариуцагч Б.Г нэхэмжлэгч Б.Э-аас 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 0000 улсын дугаартай, Тоёота Ланд круйзер прадо /Toyota land cruiser Prado/ маркийн автомашиныг зээлээр худалдан авсан, зээлээр худалдан авсан хугацаандаа төлбөрөө төлөөгүй, нэхэмжлэгч Б.Э машинаа буцаан авсан үйл баримт хэрэгт авагдсан худалдах худалдан авах гэрээ болон нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тус тус тогтоогдож байна.  

 

Нэхэмжлэгч, хариуцагч нар автомашин худалдсан худалдан авсан, автомашины үнийг тохиролцсон зэрэг үйл баримт дээр маргадаггүй.

 

Нэхэмжлэгч машинаа буцаан авахад мотор болон бусад эд ангиуд эвдрэлтэй болсон байсан, уг эвдрэл гэмтлийг засварлуулсны зардлыг гаргуулна гэж,

Хариуцагч Б.Г машин худалдан аваад удаагүй байхад мотор нь халаад засварчинаар удаа дараа засвар үйлчилгээ хийлгэсэн, сэлбэгүүд авч тавьсан,  нэхэмжлэгч Б.Э нь засвар үйлчилгээ хийлгэчихсэн байхад машинаа авч явчихаад надаас 10,750,000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, миний бие тухайн автомашиныг анх худалдаж авахдаа мэргэжлийн засвар үйлчилгээнд үзүүлээгүй авсан, анхнаасаа мотор нь доголдолтой байсан гэж бодож байна, би хөдөө уул хадаар яваагүй, аймгийн төвд л унаж байхад анх эвдэрсэн. Миний бие нэхэмжлэгчийн нэхэмжлээд буй 8 700 000 төгрөгийн сервис үйлчилгээ, мотор солих ажлын хөлс 450 000 төгрөг, бусад эд анги сольсны хөлс 100 000 төгрөг, 4 ширхэг амартизатор, ажлын хөлс 1 500 000 төгрөг нийт 10 750 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэгч 8 700 000 төгрөгөөр яг ямар сервис үйлчилгээ хийлгэсэн нь тодорхойгүй, надаас машинаа буцааж авахад бусад эд анги, 4 ширхэг амартизатор зэрэг нь ямар ч асуудалгүй, зүгээр байсан. Зүгээр хэвийн байсан эд ангиудыг сольчихоод намайг эвдэлсэн гэж үзэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Надаас машинаа аваад явахдаа тухайн машинд ямар эвдрэл гэмтэл гарсныг шалгаж үзэлгүй авч явчихаад надаас нэхэмжилж байгаа нь бодит байдалд нийцэхгүй байна. Магадгүй надаас авч явсны дараагаар өөрөө тухайн автомашины эд ангиудыг эвдэлж гэмтээсэн байхыг үгүйсгэхгүй юм. Миний бие нэхэмжлэгчтэй анх наймаа хийгээд машиныг нь авч явсан нь үнэн гэж тус тус маргадаг.

 

Нэхэмжлэгч, хариуцагч нар уг автомашиныг худалдах, худалдан авахдаа мэргэжлийн засвар үйлчилгээнд үзүүлээгүй, хариуцагч Б.Гантулгыг өөрөө үзэж шалгаад авч явсан гэсэн тайлбарыг нэхэмжлэгч гаргасныг хариуцагч үгүйсгээгүй байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж

мөн хуулийн 251 дүгээр зүйлд гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ, хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ гэж заасан.

 

Хариуцагч Б.Г анхнаасаа доголдолтой эд хөрөнгө худалдаж авсан гэж маргаж байх боловч автомашин шилжүүлж авахдаа өөрөө шалгаж хүлээж авсан, авто оношилгоо хийлгэж авах боломжтой байхад хийлгээгүй, автомашиныг авсны дараа илэрсэн гэх доголдлыг арилгуулах талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн баримтгүй, доголдолтой эд хөрөнгө авсан гэж маргаж байгаа үндэслэлээ баримтаар нотлохгүй байна гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах худалдан авах гэрээ бодит үйлдлээр байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр болсон байна.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж мөн зүйлийн 225.2-д үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ гэж тус тус тодорхойлсон.

 

            Худалдагч Б.Э автомашиныг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн, худалдан авагч Б.Г төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй, худалдагч Б.Э төлбөрөө төлж барагдуулах талаар удаа дараа шаардаж байсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй. Иймд төлбөр төлөх үүргээ зөрчсөн худалдан авагч Б.Г-ыг үүргээ гүйцэтгэх талаар худалдагч удаа дараа шаардаж үүргээ гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоож өгсөн байна гэж үзнэ.

 

            Нэгэнт гэрээний нэг тал Б.Г үүргээ биелүүлээгүй тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлд зааснаар гэрээнээс татгалзах эрхийг нэхэмжлэгч Б.Э эдэлнэ. Нэхэмжлэгч Б.Э гэрээнээс татгалзаж худалдсан эд хөрөнгө автомашиныг буцаан авсан болох нь тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д “гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.Э гэрээний зүйл болох автомашины эд ангийг эвдэлсэн гэмтээсэн хохирлыг хариуцагч Б.Гар нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.

 

Хариуцагч Б.Гантулгын “ ...Надаас машинаа аваад явахдаа тухайн машинд ямар эвдрэл гэмтэл гарсныг шалгаж үзэлгүй авч явчихаад надаас нэхэмжилж байгаа нь бодит байдалд нийцэхгүй байна. Магадгүй надаас авч явсны дараагаар өөрөө тухайн автомашины эд ангиудыг эвдэлж гэмтээсэн байхыг үгүйсгэхгүй” гэх тайлбар  гэрч С.Насанбуян, Э.Булганхангай нарын тайлбараар үгүйсгэгдэж байна.

 

Нэхэмжлэгч Б.Э тус автомашиныг хариуцагч Б.Г-ас 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр авч, 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр засварчинд үзүүлж, уг автомашиныг Улаанбаатар хот руу авч явж моторыг сольж засвар үйлчилгээ хийлгэсэн гэх үйл баримт нь шүүх хуралдаанд оролцсон гэрчүүд болон сэлбэг худалдан авсан баримт, машинд засвар хийлгэж байгаа талаарх гэрэл зургууд, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Э-ын нэхэмжилсэн мотор солих үйлчилгээнд худалдан авсан гэх сэлбэгийн үнэ 8,700,000 төгрөгийг түүнд учирсан хохирол нотлох баримтаар тогтоогдсон гэж үзэж хариуцагч Б.Г-ас гаргуулахаар шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

 

Харин нэхэмжлэгч Б.Э-ын нэхэмжлэлийн шаардлагаас мотор солих ажлын хөлс 450,000 төгрөг, бусад эд анги сольсны хөлс 100,000 төгрөг, 4 ширхэг амартизатор, ажлын хөлс 1,500,000 төгрөг гаргуулах шаардлагыг амортизатор болон бусад эд анги солих хэрэгцээ хариуцагчийн буруугаас шалтгаалж үүссэн эсэх, бусад эд анги нь ямар эд анги сольсон, ажлын хөлс хэдэн төгрөг төлсөн талаар нэхэмжлэгч тал баримтаар нотлоогүй, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй.

 

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 186,950 /нэг зуун наян зургаан мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Г-ас нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 154,150 /нэг зуун тавин дөрвөн мянга нэг зуун тавь/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Э-ад олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2  дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.1-д тус тус

зааснаар нэхэмжлэгч Б.Э-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Б.Г-ас 8,700,000 /найман сая долоон зуун мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Э-ад олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 2,050,000 /хоёр сая тавин мянга/ төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 186,950 /нэг зуун наян зургаан мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Г-ас нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 154,150 /нэг зуун тавин дөрвөн мянга нэг зуун тавь/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Э-ад олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгосноос хойш 10 хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлэхийг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 7511 дүгээр зүйлийн 7511.1-т зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн төлөөлөгч гардан авснаас хойш 7 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.ОРХОНТАМИР