| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | И.Амартөгс |
| Хэргийн индекс | 181/2024/07090/И |
| Дугаар | 191/ШШ2025/07643 |
| Огноо | 2025-09-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 191/ШШ2025/07643
| 2025 09 15 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: У тоот хаягт оршин суух, БНХАУ-ын иргэн SH /****/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Уд оршин суух, БНХАУ-ын иргэн W /***/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 253,000 юань, алданги 126,500 юань, нийт 379,500 юань буюу 178,042,425 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрхэм-Оргил.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн SH-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Ш /SH/ /ПД:****/ нь өөрийн ангийн найз болох БНХАУ-ын иргэн В /W/ /ПД: ***/-д 2012 оноос хойш удаа дараа мөнгө зээлдүүлж түүнд тусалдаг байсан. Хамгийн сүүлд 2017 онд түүний зээлсэн мөнгийг тооцож үзэхэд нийт 253,000 юань болсон байсан.
Уг зээлүүлсэн мөнгөө түүнээс нэхээд өгөхгүй байхаар нь шүүх, цагдаагийн байгууллагаар шийдүүлнэ хэмээн хэлэхэд 2019 оны 12-р сарын 01-ний өдөр би мөнгийг чинь нэг жилийн дотор хүүгийн хамт төлнө гэсэн утга бүхий гар бичмэл үйлдэж өгсөн.
Гэвч өнөөдрийг хүртэл хугацаанд зээлсэн мөнгөө буцаан өгөхгүй байгаа нь нэхэмжлэгчийг болон түүний гэр бүлийг хохироож байна. Нэхэмжлэгч нь Монгол Улсад өөрийн гэр бүлийн хамт мод, цэцэг тарьж, түүнийгээ борлуулж, гэр бүлээ тэжээж амьдардаг байсан. Сүүлийн үед эрүүл мэндийн шалтгаанаар ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон бөгөөд нэхэмжлэгчийн эхнэр ганцаараа ажил хийж гэр бүлээ тэжээж амьдарч байна. Нэхэмжлэгч нь гэр бүлийн хувьд санхүүгийн маш их бэрхшээлтэй байгаа бөгөөд хариуцагч удаа дараа худал хэлж, өнөөдрийг хүртэл зээлсэн мөнгөө буцаан өгөхгүй байна. Анх 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр цагдаагийн байгууллагад хандаж гомдол гаргасан. Түүнээс хойш мөрдөн шалгах ажиллагаа хийгдсээр 2024 оны 10-р сарын 03-ны өдрийн Улсын ерөнхий прокурорын 1/2662 тоот эцсийн шийдвэрээр иргэд хоорондын эд хөрөнгийн маргаан, залилах гэмт хэргийн шинжгүй гэж хэрэг бүртгэлтийн хэргийг хааж, иргэний журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй байна гэж дүгнэсэн. Иймд хариуцагч БНХАУ-ын иргэн В /W/-аас зээлсэн мөнгө болох 253,000 юань, түүний алданги 126,500 юанийн хамт нийт 379,500 юань буюу 178,042,425 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчийн хохирлыг барагдуулж өгнө үү. гэжээ.
1.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: БНХАУ-ын иргэн Шийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие хариуцагч БНХАУ-ын иргэн Вгаас 178,042,425 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэлийн үндэслэл нь нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Ш нь БНХАУ-ын иргэн В-д 2012 оноос хойш удаа дараа бэлэн болон дансаар мөнгө зээлдүүлдэг байсан. Тухайн зээлүүлсэн үнийн дүн нь нийт 253,000 юань болсон. Хариуцагч нь нэхэмжлэгчид 2019 оны 12 сарын 01-ний өдөр мөнгийг чинь 1 жилийн дотор хүүгийн хамт төлнө гэх утга бүхий гар бичмэл үйлдэж өгсөн боловч тухайн хугацаандаа мөнгөө төлөөгүй. Нэхэмжлэгч нь Монгол улсад мод бэлтгэл, үржүүлгийн газрыг гэр бүлээрээ эрхэлж амьдардаг.
2024 оны 10 сарын 03-ны өдөр Улсын Ерөнхий прокурорын тогтоолоор энэ маргаан нь иргэд хоорондын эд хөрөнгийн маргаан, залилах гэмт хэргийн шинжгүй гэж хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн. Нийт үндсэн зээл 253,000 юань, алданги 126,500 юань, нийт 379,500 юань болж байгаа, энэ үнийн дүн нь төгрөгөөр 178,042,425 төгрөг болж байгаа тул тус мөнгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна гэв.
2.Хариуцагч БНХАУ-ын иргэн W-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа: БНХАУ-ын иргэн Ш нь 2022 оны 09-р сарын 29-ний өдөр нэхэмжлэлийн агуулгад дурдсан мөнгөн дүнгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дахь хэсэгт заасан Залилах гэмт хэрэг үйлдсэн талаар ЦЕГ-ын УМБГ-т гомдол гаргаж, 220200769 дугаартай мөрдөн байцаалтын хэрэг үүсгүүлэн шалгуулсан бөгөөд 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдэж гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болсон.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөн байцаагчийн санаачилгаар хохирогч БНХАУ-ын иргэн Ш болон сэжигтэн В нарыг нүүрэлдүүлэн байцаахаар 3 удаа дуудуулсан боловч БНХАУ-ын иргэн Ш нь тухай бүр байцаалтад ирээгүй. Мөн гомдолд дурдсан зээлийн гэрээ гэх бичиг баримт нь хоёр тал харилцан тохиролцож, үйлдсэн болох, мөнгө зээлүүлсэн гэх үйлдэл нь мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлогдоогүй болно.
БНХАУ-ын иргэн Ш нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ...2019 оны 12-р сарын 01-ний өдөр В нь би мөнгийг чинь нэг жилийн дотор хүүгийн хамт төлнө гэсэн утга бүхий гар бичмэл үйлдэж өгсөн... гэжээ. Гэвч тухайн өдөр буюу 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр БНХАУ-ын иргэн В нь Монгол Улсад байгаагүй, 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Замын-Үүд боомтоор БНХАУ руу гарч яваад 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр МУ-д орж ирсэн(хавсралт 1) нь тухайн зээлийн гэрээ гар бичмэл үйлдэгдээгүйг баталж байна. Энэ талаараа мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ ...МУ-ын цагдаагийн байгууллагад өгч шалгуулна гэхэд айсандаа тийм зээлийн гэрээ гар бичмэл хийж өгсөн... гэж тайлбарладаг.
БНХАУ-ын иргэн В болон Ш нар нь найз нөхдийн дотно харилцаатай, нэг ангид хамт суралцаж байсан хүмүүс юм. Ш нь санхүүгийн боломж, бололцоо тааруу учир Вгийн туслалцаа, дэмжлэгийг тогтмол хүртэж ирсэн бөгөөд энэ нь доорх үйл баримтуудаар нотлогдоно.
Үүнд: 1. Ш нь Вгийн Монгол Улсад ирж бизнес хийх үедээ амьдрахаар түрээсэлсэн орон сууцанд буюу түүний нэг хажуу өрөөнд гэр бүлийн хамт үнэ төлбөргүй нийт 7 жилийн турш амьдарч байсан. В энэ хугацаанд 3 өөр газар, тухайлбал Голомт хотхон, Хобби сургууль, Баруун 4 зам орчимд байр түрээслэн амьдрах үед Ш нь ямар нэг хөлс, төлбөргүйгээр түүний гэрт амьдарч байсан. Энэ талаараа Ш ярихдаа амьдрах зардал, орлого хүнд байгаа учир танайд түр амьдаръя гэж гуйсан байдаг.
2. Вгийн 100 хувийн эзэмшлийн Шиншинван ХХК-ийн нэр дээр худалдан авсан, өмчлөлийн 3 гектар хэмжээтэй газар дээр мөн л ямар нэг түрээс, төлбөр өгөлгүй ногоо тарьж, ургац аван ашиг олж байсан. Энэ талаараа ч урьдын адил хийх ажилгүй, амьдрал хэцүү байна, туслаач гэдэг байдлаар хандаж байсан байна.
3. Шгийн эхнэр 2016 онд БНХАУ-д суудлын машин авах болсонтой холбоотой төлбөрт 50,000 юань дутсан тул Вгаас зээлж авсан бөгөөд удахгүй буцаан төлнө гэсэн боловч өнөөг хүртэл төлөөгүй байгаа. БНХАУ-ын иргэн Ш нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ...зээлүүлсэн мөнгөө удаа дараа нэхээд өгөхгүй байсан... гэжээ. Гэтэл тэрээр Втай түүний эзэмшдэг гар утас, wechat-aap холбогдолгүй олон жил болж байгаа бөгөөд 2024 онд л ЦЕГ-ын УМБГ-аас холбогдож эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар анх мэдсэн байдаг.
Өөрөөр хэлбэл, мөнгө зээлүүлсэн, түүнийгээ буцаан авахаар удаа дараа холбогдсон зэрэг нь ор үндэсгүй худал зүйл болно. Энэ талаар гар утсаар холбогдсон эсэхийг шалгаж мэдэх бүрэн боломжтой юм. Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан үеэс нь эхлэн БНХАУ-ын иргэн Ванчин нь гайхан, цочирдож үүссэн нөхцөл байдлыг тодруулахаар танил, дотно гуравдагч этгээдүүдтэй холбогдож Шгийн талаар лавлан асуужээ.
Гэтэл БНХАУ-ын иргэн Ш нь Яармаг орчимд бусдын газрыг түрээслэн авч ногоо тариалж байсан ба ногооны талбай дээр ажиллаж байсан ажилчин нь гэнэтийн ослоор нас барсан учир бизнес нь хүнд байдалд орж, ихээхэн хэмжээний өрөнд орсон ба бусдын дарамт шахалтаас үүдэн ...би Вгаас авлагатай, тэр авлагаа авахаараа чамд өрөө өгнө... гэх зэргээр худал ярьж, бусдыг түр аргалан амьдарч байгаа талаар ярьсан байна. Мөн шүүх, цагдаад гомдол, нэхэмжлэл гаргаж буй энэхүү үйлдэл нь ч бусдын дарамт, шахалтаас үүдэлтэй гэж үзэж байна. БНХАУ-ын иргэн В нь нэхэмжлэгчтэй ойр дотно харилцаатай байсан, эрүүл мэнд, амьдрал ахуй нь хүнд байгаа зэргийг харгалзан үзэж түүний гэмт хэрэгт гүтгэсэн, үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан үйлдэлд хариу гомдол, нэхэмжлэл гаргах бодолгүй байгаа ч энэ байдлаа цааш үргэлжлүүлбэл хуулийн дагуу шаардлагатай арга хэмжээ авахаас өөр аргагүй болох юм. Мөн дээр дурдагдсан хуурамч зээлийн гэрээ гар бичмэл-ийг БНХАУ-д үйлдсэн гэж үзвэл гадаадын хоёр иргэний, гадаадад үйлдэгдсэн асуудал. МУ-д буюу зээлийн гэрээ - гар бичмэл-д дурдагдсан Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, 25/1-11 тоот хаягт үйлдэгдсэн гэж үзвэл тухайн цаг хугацаанд ВанЧин нь Монгол Улсад байгаагүй учир хуурамч болох нь тодорхой юм. Үүнээс үзвэл БНХАУ-ын иргэн Ш нь хуурамч бичиг баримт бүрдүүлж, хүнийг санаатайгаар гүтгэсэн үйлдэл гэж үзэж болохоор байна. Энэ асуудлыг БНХАУ-д шалгуулбал хоёр этгээдийн гар утас, wechat-aap холбогдсон эсэх, машин авахад зориулан банкаар дамжуулан гүйлгээ хийсэн баримт, МУ дахь түрээсийн төлбөрийг шилжүүлсэн баримт зэрэг нь тодорхой болох юм. гэжээ.
2.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь Монгол улсад барилга, уул уурхай зэрэг олон бизнес эрхэлж байсан. Монгол улсад тодорхой хэмжээнд санхүүгийн боломжтой, нэхэмжлэгчийн амьдрал санхүүгийн боломж бага тул тусламж үзүүлж мөнгө санхүүгээр тусалж, байрандаа түрээсгүй байлгадаг байсан, ангийн найз гэж ярьдаг. Нэхэмжлэгч нь надад мөнгөн тусламж үзүүлээд байх санхүүгийн боломжтой хүн биш гэж тайлбар өгдөг.
2-т гэрээ байгуулсан гэх үед хариуцагч нь Монгол улсад байгаагүй, энэ талаар баримт өгсөн. Мөн өмнө нь Хятад улсад байх хугацаандаа мөнгө өгсөн мэт баримт өгсөн байна. Тухайн хүлээн авч байгаа данс нь хариуцагчийн данс биш, тэр талаар баталгаажуулсан баримт байхгүй. Ви чатаар мөнгө өгнө гэх зүйлийг орчуулж өгсөн байсан. Тэр баримт нь өөр хэнтэй ч хамаагүй бичилцээд өгсөн байж болохоор нотлох баримтын шаардлага хангахгүй зүйл байна. Хятад улс руу байнга явж байгаа бол яагаад Хятад улсад хандаж болоогүй юм, банкны хуулга нь Хятад улсынх байна, хоёулаа Хятад улсын иргэн тул цаг хугацаа авч сунжруулаад байх шаардлагагүй, хурдан шийдвэрлүүлэх саналтай байна гэв.
3. Нэхэмжлэгчээс итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2024.12.02-ны өдрийн итгэмжлэл, Монгол Улсын Ерөнхий Прокурорын газрын 2024.10.03-ны өдрийн 1/2662 дугаартай албан бичиг, хятад хэл дээрх албан бичиг, 2019.12.01-ний өдрийн Зээлийн баримт, Монголбанкнаас зарласан валютын ханш, 2015.08.11-ний өдрийн Мөнгө авсан баримт, wechat-аар харилцсан зурвас, Банкны картын мөнгөн шилжүүлгийн баримт, www.sf-express.com шуудангийн баримт, Хятад хэл дээрх баримт, Нийслэлийн Прокурорын газрын 2022.12.19-ний өдрийн 1/3731 дугаартай албан бичиг, Нийслэлийн Прокурорын газрын 2024.08.12-ны өдрийн 1/2471 дугаартай Гомдлын хариу өгөх тухай албан бичиг, Монгол Улсын Ерөнхий Прокурорын 2024.10.03-ны өдрийн 1/2662 дугаартай албан бичиг зэрэг баримтыг гаргаж өгсөн байна.
4.Хариуцагчаас 2025.04.03-ны өдрийн 0150 дугаартай итгэмжлэл, 2025.04.03-ны өдрийн 0053 дугаартай нотариатын тэмдэглэл, 2025.04.10-ны өдрийн хариу тайлбар, гадаад паспортын хуулбар зэрэг баримтыг гаргаж өгсөн байна.
5.Шүүхийн журмаар Гадаадын Иргэн, Харьяатын газрын 2025.02.28-ны өдрийн 03/494 дугаартай албан бичиг, БНХАУ-ын иргэн В /W/-ны оршин суух зөвшөөрөл, хавсралт баримтуудыг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн SH нэхэмжлэлтэй, хариуцагч БНХАУ-ын иргэн W-д холбогдох, Гэрээний үүрэгт 253,000 юань, алданги 126,500 юань, нийт 379,500 юань буюу 178,042,425 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч тал дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Ш /SH/нь өөрийн ангийн найз болох В /W/-д 2012 оноос хойш удаа дараа мөнгө зээлдүүлж түүнд тусалдаг байсан. Хамгийн сүүлд 2017 онд түүний зээлсэн мөнгийг тооцож үзэхэд нийт 253,000 юань болсон байсан.
Уг зээлүүлсэн мөнгөө түүнээс нэхээд өгөхгүй байхаар нь шүүх, цагдаагийн байгууллагаар шийдүүлнэ хэмээн хэлэхэд 2019 оны 12-р сарын 01-ний өдөр би мөнгийг чинь нэг жилийн дотор хүүгийн хамт төлнө гэсэн утга бүхий гар бичмэл үйлдэж өгсөн.
БНХАУ-ын иргэн В /W/-аас зээлсэн мөнгө болох 253,000 юань, түүний алданги 126,500 юанийн хамт нийт 379,500 юань буюу 178,042,425 төгрөгийг гаргуулах ...гэж тайлбарлажээ.
Хариуцагч тал дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буйгаа тодорхойлсон. Үүнд: Ш нь 2022 оны 09-р сарын 29-ний өдөр нэхэмжлэлийн агуулгад дурдсан мөнгөн дүнгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дахь хэсэгт заасан Залилах гэмт хэрэг үйлдсэн талаар ЦЕГ-ын УМБГ-т гомдол гаргаж, 220200769 дугаартай мөрдөн байцаалтын хэрэг үүсгүүлэн шалгуулсан бөгөөд 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдэж гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй гэх үнэдэслэлээр хэрэгсэхгүй болсон.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөн байцаагчийн санаачилгаар хохирогч БНХАУ-ын иргэн Ш болон сэжигтэн В нарыг нүүрэлдүүлэн байцаахаар 3 удаа дуудуулсан боловч БНХАУ-ын иргэн Ш нь тухай бүр байцаалтад ирээгүй. Мөн гомдолд дурдсан зээлийн гэрээ гэх бичиг баримт нь хоёр тал харилцан тохиролцож, үйлдсэн болох, мөнгө зээлүүлсэн гэх үйлдэл нь мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлогдоогүй болно.
...2019 оны 12-р сарын 01-ний өдөр В нь би мөнгийг чинь нэг жилийн дотор хүүгийн хамт төлнө гэсэн утга бүхий гар бичмэл үйлдэж өгсөн... гэжээ. Гэвч тухайн өдөр буюу 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр БНХАУ-ын иргэн В нь Монгол Улсад байгаагүй, 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Замын-Үүд боомтоор БНХАУ руу гарч яваад 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр МУ-д орж ирсэн нь тухайн зээлийн гэрээ гар бичмэл үйлдэгдээгүйг баталж байна.
Энэ талаараа мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ ...МУ-ын цагдаагийн байгууллагад өгч шалгуулна гэхэд айсандаа тийм зээлийн гэрээ гар бичмэл хийж өгсөн... гэж тайлбарладаг.
Шүүх, цагдаад гомдол, нэхэмжлэл гаргаж буй энэхүү үйлдэл нь ч бусдын дарамт, шахалтаас үүдэлтэй гэж үзэж байна.
Мөн дээр дурдагдсан хуурамч зээлийн гэрээ гар бичмэл-ийг БНХАУ-д үйлдсэн гэж үзвэл гадаадын хоёр иргэний, гадаадад үйлдэгдсэн асуудал. МУ-д буюу зээлийн гэрээ-гар бичмэл-д дурдагдсан Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, 25/1-11 тоот хаягт үйлдэгдсэн гэж үзвэл тухайн цаг хугацаанд В нь Монгол Улсад байгаагүй учир хуурамч болох нь тодорхой юм. Үүнээс үзвэл БНХАУ-ын иргэн Ш нь хуурамч бичиг баримт бүрдүүлж, хүнийг санаатайгаар гүтгэсэн үйлдэл гэж үзэж болохоор байна. гэж маргажээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д Монгол Улсын шүүхээр гадаад улсын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнтэй холбогдолтой иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд тэдгээр нь хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн адил эрхтэй байна.
189.2-т Монгол Улсын шүүх дор дурдсан олон улсын иргэний эрх зүйн холбогдолтой иргэний хэргийг өөрийн харьяалалд хамааруулан хянан шийдвэрлэх ажиллагааг явуулна,
189.2.1-д нэхэмжлэлийн хариуцагч нь Монгол Улсад байнга оршин суудаг буюу аж ахуйн үйл ажиллагаа явуулдаг гэж тус тус заажээ.
SH, W нар нь БНХАУ-ын иргэн байх бөгөөд Монгол Улсад байнга оршин суудаг болох нь хэрэгт авагдсан итгэмжлэлүүдэд хавсаргасан баримт, Гадаадын иргэн, харьяатын газрын 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 03/494 дугаар албан бичиг болон түүнд хавсарган ирүүлсэн баримтуудаар тогтоогдож байна.
Тодруулбал, нэхэмжлэгч SH, хариуцагч W нар нь гадаад улсын буюу БНХАУ-ын иргэн хэдий ч тэрээр Монгол Улсын хууль болон нэгдэн орсон олон улсын гэрээ, хэлэлцээрт өөрөөр заагаагүй бол тус улсын иргэний нэгэн адил хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэгш эрх эдлэх бөгөөд хариуцагч W нь БНХАУ-ын иргэн бөгөөд Монгол улсад байнга оршин суудаг тул энэ хэргийг Монгол Улсын шүүх хянан шийдвэрлэх эрх хэмжээтэй ба /lex fori/ зарчмын дагуу өөрийн улсын процессын хуулийг дагаж мөрдөнө.
Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн SH, хариуцагч БНХАУ-ын иргэн W-д 2017 оны 07 сараас эхлэн бэлнээр 253,000 юань зээлсэн, 1 жилийн дотор буцааж төлөх бөгөөд хүү нь сарын 2 хувь байхаар тохиролцож, хэрэв цаг тухайд нь төлж барагдуулаагүй бол өөрийн байгаа хөрөнгөө барьцаалж төлнө гэж талууд тохиролцжээ.
Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн SH, хариуцагч БНХАУ-ын иргэн W нарын хооронд хийгдсэн хэлцэл, Монгол Улсын ерөнхий прокурорын газрын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1/2662 дугаартай хариу мэдэгдэх хуудас, Банкны картны мөнгөн шилжүүлгийн баримтуудаар 253,000 юаныг өгсөн болох нь дээрх баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцох,
мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ,
мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно. гэж тус тус заажээ.
Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд талууд хүсэл зоригоо илэрхийлж гарын үсэг зурсан байх тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ.
Талуудын хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцаа нь зээлийн гэрээний харилцаанд хамаарах бөгөөд энэхүү харилцаанаас үүссэн маргаан буюу аливаа шаардах эрх нь Иргэний хуульд заасан Зээлийн гэрээний эрх зүйн зохицуулалтад хамаарч байх бөгөөд хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.
Дээр дурдсан хуульд зааснаар хариуцагч БНХАУ-ын иргэн W нь зээлийн гэрээнд зааснаар зээлийг нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн SH-д төлөх үүрэгтэй байна.
Талууд зээлийн баримт гэх баримтад бэлнээр 253,000 юань зээлсэн гэж тусгажээ. Түүнчлэн, Монгол Улсын Ерөнхий прокурорын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1/2662 дугаартай хариу мэдэгдэх хуудсанд ... хэргийг хянахад БНХАУ-ын иргэн В /W/, Ш /SH/ нар 2004 оноос Монгол Улсад хүнсний ногоо тарих, хувиараа бизнес эрхлэх үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд В /W/ 2012-2019 онуудад байр худалдан авах, самар цайруулах машин худалдаж авах, авто машины гражийн төлбөр, түрээсийн төлбөр төлөх зэрэг шалтгаанаар Ш /SH/-ээс нийт 530,939 юанийг зээлж авснаас 277,939 юанийг буцаан төлж, 253,000 юанийг буцаан төлөөгүй, улмаар 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр дээрх зээлийн үлдэгдлийг хүүгийн хамт 1 жилийн хугацаанд төлж барагдуулна гэсэн гэрээ бичгийг хятад хэл дээр үйлдэж, гарын үсэг зурж, хурууны хээгээ дарж баталгаажуулсан боловч буцаан төлөөгүй үйл баримт тогтоогджээ гэжээ.
Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо чанар хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх бөгөөд бичгийн хэлцэл нь талууд гэрээнд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болж эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлж өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцдог.
Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний үүргийн харилцаа үүссэн байх бөгөөд дээр дурдсан хуульд зааснаар хариуцагч БНХАУ-ын иргэн W нь зээлийн гэрээнд зааснаар үндсэн зээлийг нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн SH-д төлөх үүрэгтэй байна.
Хариуцагч БНХАУ-ын иргэн W нь зээлийн баримт үйлдсэн гэх 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Монгол Улсад байгаагүй, зээлийн гэрээ байгуулж, хурууны хээ дарсан нь хуурамч гэж тайлбар гаргаж маргах бөгөөд БНХАУ-ын иргэн W гэрээ байгуулагдсан гэх 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Монгол Улсад байгаагүй болох нь түүний гадаад паспортын холбогдох баримтаар тогтоогдож байна.
Хэдийгээр хариуцагч БНХАУ-ын иргэн W зээлийн баримтад бичигдсэн 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Монгол улсад байгаагүй нь түүнийг тухайн баримтад гарын үсэг зураагүй гэх байдлыг нотлохгүй юм.
Түүнчлэн, хариуцагч тал зээлийн баримтыг хуурамчаар үйлдсэн гэж тайлбарлах боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг баримтад зурсан гарын үсэг хариуцагчийнх мөн эсэх талаар дүгнэлт гаргуулахаар тусгай мэдлэг бүхий этгээдийг шинжээч томилуулах хүсэлт гаргаагүй, уг баримтад зурагдсан гарын үсэг болон гарын хээ биш гэдгийг баримтаар нотлоогүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж тус тус зохицуулжээ.
Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг татгалзаж буй үндэслэлээ нотлох үүрэгтэй боловч тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзлээ.
Хэрэгт авагдсан банкны картын мөнгөн шилжүүлгийн баримтаар 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр шилжүүлэгч Ши Жүнь Рэнээс хүлээн авагч Вь рүү 6228485050791218514 дугаартай дансанд 230,000 юань шилжүүлсэн гэх орчуулгын баримт, 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн баримтаар 253,000 юанийг зээлсэн гэх баримтуудаар нотлогджээ.
Дээрх баримтуудаас үзэхэд хариуцагч БНХАУ-ын иргэн W хувьд нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн SH-тай байгуулсан зээлийн гэрээний үүргийг 2019 оны 12 дугаар сарын 01-нээс 1 жилийн дотор төлөх, сарын хүүг 2 хувь байхаар тохиролцсон байх ба уг үүргээ биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.
Хариуцагч БНХАУ-ын иргэн W нь нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн SH байгуулсан гэрээний хугацаа дуусгавар болсон боловч тэрээр гэрээнд заасан үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн болох нь зохигчийн тайлбараар тогтоогджээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь БНХАУ-ын 1 юанийн ханшийг нэхэмжлэл гаргах үеийн буюу 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Монголбанкны зарласан албан ханш 469.15 төгрөгөөр тодорхойлсон байна.
Иймд хариуцагч БНХАУ-ын иргэн W-аас зээлийн гэрээний үүрэгт 253,000 юань буюу 118,694,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн SH-д олгож шийдвэрлэх нь зүйтэй.
Харин нэхэмжлэлийн шаардлагаас алданги 126,500 юань буюу 59,347,475 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Учир нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж заасны дагуу талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр алдангийн талаар харилцан тохиролцоогүй, харин хүүний талаар тохиролцсон байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа хүү нэхэмжлээгүй, харин алдангид 126,500 юань гаргуулах гэж тодорхойлсон байх тул алданги 126,500 юань буюу 59,347,475 төгрөг гаргуулах шаардлага нь үндэслэлгүй байна.
Иймд хариуцагч БНХАУ-ын иргэн W-аас зээлийн гэрээний үүрэгт 253,000 юань буюу 118,694,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн SH-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас алданги 126,500 юань буюу 59,347,475 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч хариуцагч БНХАУ-ын иргэн W-аас 118,694,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн SH-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 59,347,475 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болсугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн SH-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,048,165 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч БНХАУ-ын иргэн W-аас 751,425 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн SH-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ И.АМАРТӨГС